П.Бадамдорж: Эрдэнэбүрэнгийн УЦС төсөл дээр “Иваны дуу”-г түрж байгаа нь гэрэл цохисон, энэ дуу явахгүй ээ

Монгол Улсын зөвлөх инженер, Усны барилга, байгууламжийн инженер, Удирдахуйн ухааны магистр П.Бадамдоржтой ярилцлаа.


-Таныг усны мэргэжлээр төрийн яам, газар, хэлтсүүдэд олон жил ажилласан гэдэг. Манай улсын хувьд Усны нөөц зохистой хэрэглээ ямар түвшинд байгаа вэ?

-Монгол Улсад анх удаа 1938 онд Усны аж ахуйн яам байгуулагдаж байсан. Усны аж ахуйн яам хоёр удаа байгуулагдаж, гурван удаа татан буугдаж байсан. Хамгийн сүүлд 1986 онд татан буугдсан байдаг. Угтаа бол устай холбоогүй дэд бүтцийн салбар гэж хаана ч байхгүй. Усан цахилгаан станц, барилга, уул уурхай, хөдөө аж ахуй, байгаль орчинд усгүй зүйл гэж үгүй. Би усны чиглэлээр 4-5 яаманд нийт 40 гаруй жил ажилласан.

Дэлхийн усны нөөцийг хэрэглээтэй нь харьцуулбал хязгаарлагдмал байдаг. Ялангуяа Монгол Улсад усны нөөц хязгаарлагдмал, хэрэглээ нь хязгааргүй. Хүн ам өсөөд л байна, үйлдвэр аж ахуйн нэгжүүд нэмэгдэхийн хэрээр усны хэрэглээ өдөр ирэх бүр нэмэгдсээр л байна. Харин цаана нь байгаа нөөц нь хязгаарлагдмал. Гэхдээ талархууштай нь усны нөөцийг нэмэгдүүлж болдог. Манайхан усны нөөц гээд ярихаар ашигт малтмалынхаа нөөцтэйгөө дүүцүүлж ойлгоод байдаг. Жишээлбэл, төчнөөн тонн алтны нөөц, нүүрсний нөөцтэй гэх мэтээр ярьдаг шигээ усны нөөцийг тэр ухагдахуунаараа сэтгээд байдаг. Байгалийн баялгууд тогтмол хэмжигдэхүүнтэй, харин усны нөөц бол хувьсах хэмжигдэхүүнтэй. Усыг зүй зохистой ашиглах юм бол нөхөн төлждөг. Яг л хүн 5-6 литр цустай хэрнээ донорууд 20 литр цус хандивлачихсан байдагтай адил. Үүнтэй адилхан усны нөөцийг тогтоогоод энэ сав газраас, энэ голоос, горхиос өдий хэмжээний ус хоногт аваарай гэж тогтоодог. Жишээ нь, Оюу толгойд секунд тутамд болон хоног тутамд хэрэглэх усны куб хэмжээг тодорхойлсон байдагтай адилхан. Өнөөдрийн байдлаар манай улс усны нөөцөө буруу ашиглаж байна. Үүнийг зөвөөр зохицуулдаг бодлого гэж алга.

-Тэгвэл бид усаа хэрхэн үр дүнтэй ашиглаж, нөөцлөх вэ?

Хамгийн түрүүнд усаа хуримтлуулах хэрэгтэй. Ус ашиглалттай холбоотой төрийн бодлого, судалгаа шинжилгээнд суурилсан зохицуулалт нэн шаардлагатай байна. Мөн туурга тусгаар улс гэдэг утгаараа усыг Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэж, энэ тал дээр төрийн хар хайрцагны бодлого гаргаж, усаа хоёр хөршөөсөө хараат бус байдлаар захиран зарцуулах, хуримтлуулах хэрэгтэй. Наад зах нь Усан цахилгаан станц барьж байгуулах байдлаар усны нөөц бүрдүүлэх, түүгээрээ дамжуулж усны эрчмийг ашиглаж эрчим хүчнийхээ асуудлыг шийдвэрлэх нь зөв. Бид эрчим хүчээ дотооддоо бүрэн шийдэж чадаагүй байна.

-Усны зүй зохистой хэрэглээ нөөцийг гадны улс орнуудад хэрхэн хэрэгжүүлж байна вэ?

-Аливаа улс орон валютын нөөцөө, алтны нөөцөө л ярьдаг, зарладаг түүгээрээ эдийн засгийн чадамж, хөгжлөө тодорхойлоод байдаг. Харин ил зарладаггүй нэг зүйл байдаг. Түүнийг хар хайрцагны бодлогоороо зохицуулдаг. Тэр нь юу вэ гэвэл нутаг дэвсгэр дээрээ хэчнээн хэмжээний ус хуримтлуулсан бэ гэдгээ зарладаггүй л байхгүй юу. Аль 1960-аад оноос хойш бүх л өндөр хөгжилтэй орнууд энэ асуудлыг чухалчилсаар ирсэн байдаг.

Маш олон тооны далан, боомт бариад усаа хуримтлуулчихсан. Зарим нь Усан цахилгаан станц барьж эрчим хүчээ 100 хувь шийдэж байна. Нөгөө хэсэг нь газар тариалан усжуулалтад ашиглаж байна, харин зарим нь эрт орой хэзээ нэгэн цагт угаасаа хэрэгтэй гэдэг утгаараа усаа хуримтлуулж байна. Турк улс яагаад Ойрхи Дорнодын улсууд дундаа нөлөөтэй байна вэ гэхээр их хэмжээгээр усаа хуримтлуулчихсан. Манайхны Сэлбэ голоос жижигхэн горхин дээр хүртэл боомт бариад усаа хуримтлуулаад эхэлчихсэн. Далан нь 37 жилийн дараа дүүрнэ, 53 жилийн дараа дүүрнэ гэх мэтчилэн бүр тооцоолол гаргачихсан байх жишээтэй. Энэ нь ирээдүйд усны хомсдол дутагдал болно гэдгийг маш сайн мэдэж байгаатай холбоотой. Цаашлаад ус гэдэг зүйл өөрөө амьдралыг тэтгэгч гол зүйл. Ус байгаа газар уур амьсгал, хөрс шороо, ургамал ногоо гэх мэт экологийн таатай нөхцлүүд өөрөө бүрдэж байдаг.

-Мэргэжлийн хүний хувьд манай улсын усан хангамж яг ямар байдалтай байгааг бодитой дүгнэж яривал сонин байна?

-Аливаа улс оронд хөгжлийн үндсэн тулгын гурван чулуу байдаг. Нэгдүгээрт эрчим хүч, Хоёрдугаарт, зам тээвэр, харилцаа холбоо, Гуравдугаарт, усан хангамж л байдаг. Манай улс дээр аваад үзэхэд эрчим хүч харьцангуй нэг үеэ бодвол сайжирсан. Аймаг, сум бүр эрчим хүчээр хангагдсан. Мөн замаар холбогдчихсон. Албан газрууд байтугай айл өрхүүд шуудан харилцаа холбоо, интернэт, утасны сүлжээгээр холбогдчихлоо. Харин усан хангамж байхгүй. Тэгэхээр өнөөх тулгын гурван чулууны нэг нь байхгүй гэсэн үг. Өнөөдрийн байдлаар хот суурин, үйлдвэр аж ахуйн нэгжүүд, уул уурхай, албан байгууллага, айл өрхүүд ч тэр газрын хэвлийгээ өрөмдөөд л явцуу эрх ашгийнхаа хүрээнд усан хангамжаа шийдээд байдаг. Энэ асуудлыг судалгаа шинжилгээнд тулгуурлаж төрийн бодлогоор, мөн дээр нь байгалын хуулинд зохицуулж хэрэглэх болохоос биш нийгмийн хэрэгцээгээрээ шийдэж болохгүй. Учир нь Монгол орон маш онцлогтой. Дэлхий дээр усны хагалбарын таван ай сав байгаагийн Номхон далайн ай сав, Хойд мөсөн далайн ай сав, Төв Азийн гадагш урсгалгүй ай сав гэсэн гурван ай сав Монголд Улсад төвлөрч байна. Гэтэл Монгол Улсын усны нөөцийн 80 орчим хувь нь нийт нутаг дэвсгэрийнхээ 20 хувь дээр бүрддэг. Үндсэндээ хангайн бүсэд л усны нөөц бүрдэж байна. Үлдсэн 80 хувьд нь ус огт бүрддэггүй. Ялангуяа манай улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл болсон уул уурхайн цөм нь усны нөөц огт бүрддэггүй Говийн бүсэд буюу Дэлхийн бөмбөрцгийн 47-р өргөргөөс урагш 90 гаруй хувь нь нь байрлаж байна. Тэр ч утгаараа бид усан хангамжаа зүй зохистойгоор ашиглахгүй бол ирээдүйд усны хомсдолд орох өндөр магадлалтай. Алт, зэс, нүүрс, валют бидэнд их хэмжээгээр төвлөрлөө гээд усгүй бол яах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Буутай цэрэг хилээ манадагтай адил багажтай инженер усаа манах цаг ирчихээд байна.

-Усаа хоёр хөршөөсөө хараат бус байдлаар захиран зарцуулах шаардлагатай гэж та түрүүн хэлсэн. Энэ тухайгаа дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?

-Намайг 1988 онд Хөдөө Аж Ахуйн Яаманд ажиллаж байхад Хилийн усны хэлэлцээрийн асуудал яригдсан. Тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн орлогч дарга бөгөөд Хөдөө аж ахуйн сайд Ш.Гунгаадорж, Усны аж ахуйн сайд З.Жанжаадорж нар намайг өрөөндөө дуудаад Хилийн усны хэлэлцээрийг маш няхуур хандаж, болгоомжтой байдлаар бэлдэх үүрэг өгсөн.

Энэхүү хэлэлцээрийн боловсруулалтанд ХААЯ-аас миний бие, яамдын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэгт орж ажилласан юм. Гэтэл энэ баримт бичиг огт сураггүй алга болсон байдаг. Хэн хэзээ хүчингүй богосон нь тогтоогддоггүй. Үүний дараагаар 1996-1997 оны хооронд манай улс хоёр хөрштэйгөө “Хилийн усны хэлэлцээр” байгуулсан байдаг. Хэн байгуулсан нь бас л тогтоогддоггүй. Гарын үсгийн тайлал нь байдаггүй. Энэ хэлэлцээрийг ОХУ-ын талаас өнөөдрийг хүртэл бариад дайраад байдаг. Өмнө нь 1988 онд боловсруулсан хэлэлцээрээс тэс өөр хэлэлцээр хийчихсэн байдаг. Сүүлд хийсэн хэлэлцээрийн агуулга нь “Устай холбоотой асуудлаа хоёр хөршөөсөө асууж байя” гэчихсэнтэй ялгаагүй зүйл баталчихсан байдаг. Үндсэндээ бол устай холбоотой Стратегийн бодлогоо манай улс хоёр хөршдөө найр тавиад өгчихсөн гэсэн үг.

Тиймдээ ч Эгийн голын УЦС, Орхоны УЦС гэх мэт төслүүд явахгүй байна. Дөргөн, Тайширын УЦС-ийг барихад хүртэл асуудал үүсч байсан. Одоо ч Эрдэнэбүрэнгийн УЦС-ийн төсөл дээр ОХУ-аас эсэргүүцэл мэдрэгдсээр байна.

-Таныг Дөргөний УЦС-ийг барих төслийн удирдагчаар ажиллаж байх үед дотоодын эсэргүүцэл маш их байсан санагдаж байна. Хэрхэн ард нь гарч чадсан бэ?

-Тухайн үед асар их эсэргүүцэл гарч байсан. 2004 оны УИХ-ын сонгуультай жил байсныг ч хэлэх үү. Дөргөний УЦС баригдснаар Хар-Ус нуур, Далай нуурын дэргэдэх 40,000 га талбайг хамарсан Монголын хамгийн том арал тэр чигээрээ живнэ. Ойр орчмыг усны аюул нөмрөнө, иргэд нутаггүй болно, наадах чинь ажиллахгүй, Монголд УЦС гэж юу байдгийн, өвлөө тооцсонгүй, хөлдчихнө гэх мэт одоогийн Эрдэнэбүрэнгийн УЦС төслийг эсэргүүцээд байгаа нөхдүүдтэй өнгө ижил эсэргүүцэл маш их гарч байсан. Тэр бүү хэл одоо ч УИХ-ын гишүүний алба хашиж байгаа эрхэм хүртэл хуруугай гозойлгож байгаад дайрч байсан удаатай. Тухайн үеийн хэвлэл мэдээлэл бараг тэр чигээрээ эсэргүүцсэн мэдээлэл гаргаж байсан. Гэтэл УЦС баригдаад нэг ч айлын хаваржаа усанд автаагүй. Угаасаа энэ төрлийн төсөл гадна дотны мэргэжилтэнгүүдийн олон жилийн судалгаа шинжилгээн дээр суурилж явагддаг. Тухайн үед Дөргөний УЦС-ыг барьж байхад Ховд аймгийн сумд бүхэлдээ шахуу эрчим хүчгүй харанхуй л байсан. Одоо гэтэл баруун бүсийн гурван аймгийн дийлэнх сумдуудыг цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Нэг жилд 39 сая кВт цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай УЦС маань 42 сая кВт цаг эрчим хүч үйлдвэрлэж байна. Сүүлийн хоёр жил 50 сая кВт цаг үйлдвэрлэсэн гэсэн тооцоо судалгаа байна. Өртгөөр нь тооцоолох юм бол өөрийнхөө өртгийг дөрөв дахин нөхчихсөн. Мэдээж анхны өртөг өндөр байдаг ч гэлээ дөрөвхөн жилийн дотор өртгөө нөхчихсөн гэсэн үг. Төсөл хэрэгжисний дараагаар эсэргүүцээд байсан нөхдүүд, хэвлэл мэдээллүүд тухайн үед төөрөгдөж байжээ, буруу эсэргүүцэл илэрхийлж байжээ гэх мэтээр бүгд уучлалт гуйсан байдаг. Саяхан Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг эсэргүүцээд Хяргас нуур алга болно, Үүрэг нуур алга болно, өөр юу юу ч устаж үгүй болно гэцгээж байна. Энэ төсөл хэрэгжснээр хаа байсан Увс, Завхан аймгийн нуур алга болно гэж ямар тооцооллоор ийнхүү эсэргүүцээд яваад байгааг үнэхээр ойлгохгүй юм. Дараагаар нь Тайширын УЦС баригдахад мөн л адил эсэргүүцлүүд гарсан. Гэвч үндэслэлгүй нь эсэргүүцэл гэдгийг үйл ажиллагаагаараа баталсан байдаг. Дэлхийн газрын зураг дээр байдаггүй Монгол Улсын газрын зураг дээр цоо шинэ нуур бий болсон. Тэр нь Говь-Алтай аймгийн Тайширын Усан цахилгаан станц дахь Гэгээ нуур.

Нутгийн ард түмэн нь бэлэгшээгээд Гэгээн нуур гэж нэрлэсэн юм байна лээ. Наро Банчэн хутагт хүртэл 100 гаруй жилийн өмнө хэлэхдээ “Энэ газрыг Улаан боом гэж нэрлэхээ болио. Эндээс гэрэл цацрах газар байна. Гэрэлт боом гэж нэрлэ” гэж байсан гэдэг. Үнэхээр 100 гаруй жилийн дараа гэрэл цацарсан шүү. Бид усан цахилгаан станц гэж хэрэглээ талаасаа яриад байгаа боловч үнэн хэрэгтээ байгал дээрээ ус тогтоож нуур болгож байгаа юм.

-Мэргэжлийн хүний хувьд Эрдэнэбүрэнгийн УЦС төслийг эсэргүүцээд байгаа нөхцлүүдийг та юу гэж харж байна?

-Ер нь УЦС барья гэхээр эсэргүүцлийн дууны аяыг алсад нэг Иван зохиогоод түүнийг нь дагаж манайхан дагаж дуулаад байгаа гээд хатуухан хэлчихэд болно. Эсэргүүцлийн дуу Эгийн голын УЦС, Орхоны УЦС, Шүрэнгийн УЦС зэрэг төслүүд дээр хүчтэй эгшиглэсэн байдаг. Гацааж зогсоож чадсан. Одоо Эрдэнэбүрэн дээр бол “Иваны дууг түрж байгаа нь гэрэл цохьсоон”, энэ дуу явахгүй ээ. Эрдэнэбүрэнгийн УЦС төслийн талаар орон нутгийн иргэдийн хэлэлцүүлэгт оролцсон. Нутгийн айл өрхүүдийн гэрт нь ороод УЦС-ийн төслийг ярихаар бүгд л маш сайхнаар дэмждэг. Хурлын зааланд орохоороо дуу нь гарахаа байчихдаг. Зарим нь бүр эсрэг үндэслэлгүй юм ярьчихсан сууж байдаг. Хурал дээр ердөөсөө хэдхэн хүний дохиураар эсэргүүцэл үүсдэг гэж хэлж болно. Бүр Улаанбаатар хотод сурдаг Анагаахын оюутан Увс аймгийн Өмнөговь сумын хуралд оролцчихсон орилж явах жишээтэй. Юу хийж явааг нь нутгийн иргэдээс асуухаар “сайн хэрэлддэг, хэл амтай учраас бид сумын төвөөс авч ирсэн” гэх. Эдгээр эсэргүүцээд байгаа хүмүүс ойлгохгүйдээ биш. Ойлгохыг хүсэхгүй байгаадаа, бэлэн зохиогдсон “Иваны ая дээр” дуулж байгаа гэж харж байна. Өмнөговь сумын нийт нутаг дэвсгэрийн 1,4 хувь дээр л энэ төсөл хэрэгжих гэж байгаа. Үндсэндээ 100 хониноосоо нэг төлөг өгчих, ирэгний үнээр худалдаж аваад буцаагаад хотонд нь тавьчихъя, хохирох юм юу ч байхгүй гэхээр эсэргүүцээд байгаа нь маш сонирхолтой. Тухайн бүс газар зохион байгуулалтаараа усны сан бүхий газар. Хуулиараа тэнд хэнд ч газар өгөхгүй хэн ч авахгүй, иргэний эзэмшил, өмчлөлгүй байх учиртай. Төр өөрөө стратегийн өндөр ач холбогдлоор нь үнэлээд төсөл хэрэгжүүлэхдээ тусгай хэрэгцээнд авсан газар дээр нь амьдарч байсан иргэдээ нөхөн төлбөр олгоод, нүүлгэн шилжүүлье гэхээр хаа газрын Иваны зохиосон дууны ая дээр орилоод байдаг нь утгагүй зүйл.

-Та мэргэжлийн хүний үүднээс Эрдэнэбүрэнгийн УЦС-ийн төсөл хэрэгжснээр ямар давуу байдлууд үүснэ гэж үзэж байна вэ?

-Эрдэнэбүрэн гэдэг өөрөө их гоё нэр. Манай монголчууд газар усны нэрийг оноож өгөхдөө цаанаа заавал учир агуулгатай нэрлэдэг. Эрдэнэтийг л харахад Монгол Улсыг эрдэнээрээ маш олон жил тэжээж байна.Оюу толгой гээд л бөөн оюу байж байна. Тэгэхлээр Эрдэнэбүрэн гэдэг бол тэнд бүх төрлийн Эрдэнэ байгаа юм байна лээ. Нутгийн ард иргэд мэддэг ч учраас газар усаа хөндүүлэхгүй гээд байх магадлалтай. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц бол уул уурхай биш. Экологийн төсөл. Байгалын төсөл. Монгол Улс сүүлийн 2200 гаруй жилийн турш хот тосгодуудыг эзэлж байсан, газар нутгаа өргөтгөж байлаа, байшин барилга барьж байсан. Харин нуур цөөрөм хийж байгаагүй л байхгүй юу. Монгол Улсын газар нутаг дээр байгалаасаа унаган төрхөөрөө заяасан нуур ус, булаг шанд нь байгаад тэр нь харин жилээс жилд ховордсоор ирсэн. Үүнд байгалын насжилт, хүний буруутай үйл ажиллагаа гэх мэт олон шалтгаанууд бий. Харин УЦС бол усны экологийн төсөл учраас нуур цөөрөм бий болгож байгаа. Үүнийг дагаад байгал экологи, эдийн засагт асар их ач холбогдолтой талаар өмнө дурьдсан.

-Та мэргэжлийн хүний хувьд цаашид энэ талаар юу хийх ёстой гэж бодож явдаг вэ?

-Манай улс 1 кВт цахилгааныг ОХУ-аас 285 төгрөгөөр авдаг хэрнээ УЦС-аасаа 37 төгрөгөөр авна гээд байдаг. Энэ нь өөрөө энэ салбарын хөгжлийг гацааж буй үндэслэл. Цаашлаад УЦС төсөл өргөжих боломж олгохгүй байгаа гадны сонирхлыг дотоодод гүйцэлдүүлж байгаа хэлбэр гэж бодож байна. Тиймээс энэ тал дээр төр “хар хайрцаг”-ны бодлого баримталж ажиллах ёстой.

 

 

Нийтлэлч

У.ОРГИЛМАА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Zochin (202.126.88.208)

    2021-12-28

    УЦС-н ажил хэрэг болбол монголчуудад маш хэрэгтэйдээ эсэргүүцээд байгаа гарууд эх оронч биш жинхэнэ бие биенээ хужаа гээд хараагаад байдаг троллууд байх.