Монголын гарц бол төрөө зөв төвхнүүлэн засах явдал
- 2021-12-28
- Нийтлэл
- 0
Гарц
Сүүлийн 10-20 жилийн туршид монголчууд Монголын гарцыг зөндөө хайж байна. Нэг үе ТВ- ийн сурвалжлагч, хөтлөгч нарын жижүүрийн асуулт нь: Монголын гарцыг та юу гэж бодож байна? Монголд ямар гарц байна? - гэсэн асуулт байв. Тэд энэ асуултыг монголын нэр хүнд бүхий бараг бүх хүнээс л асуудаг байв. Гэвч олигтой хариулт авч чадалгүй өдий хүрлээ. Хариулж байгаа этгээд нь нэг бол хадуураад алга болно, үгүй бол уг асуултанд огт хариулахгүй дүйвүүлээд л өнгөрнө. Харин сүүлийн үед энэ асуултыг нэг их тавихаа болио юу даа? Залхаа биз дээ хөөрхийс?
Тэгвэл би энэ асуултанд Монголын гарц бол төрөө зөв төвхнүүлэн засах явдал гэж хариулмаар байна.
Төр нь сайн, чадвартай, зөв мэргэн бодлого явуулбал Монгол Улс хөгжиж ядах юмгүй билээ. Бидэнд хангалттай баялаг байна. Нөөц бололцоо нь ч бий. Хангалттай боловсон хүчин, ухаалаг, ажилсаг ард түмэн байна. Гагцхүү тэднийг зөв мэргэн удирдан залах л хэрэгтэй. Баялаг гэх зүйлгүй Өмнөд Солонгосын 30 жилд олсон ололт амжилтыг бид 10 хүрэхгүй жилд л олох боломжтой. Монголчууд дэлхийн хамгийн хангалуун амьдралтай хүмүүс болох бүрэн боломж бий. Гэтэл бид яаж байна? Баялгаа гадныханд ухуулж цөлмүүлэх хэрнээ өдрөөс, өдөрт өрөнд орон дампуурч байна. Ашиггүй уул уурхайг хаах хэрэгтэй. Оюу Толгойн гэрээг цуцлах нь зөв. Бид Рио Тинто гэгч луйварчингаас салах хэрэгтэй. Бид гэрээний бүх луйврыг илрүүлж, шудрага бус гэрээнээс болсон бүх алданга, хохирлоо зөв тооцож олон улсын шүүхэд Рио Тинтогийн эсрэг нэхэмжлэл гаргавал асар их алдсан хөрөнгөө олж авах боломжтой гэж бодогдох юм.
Ер нь бид үр ашиг нь мөд гарахгүй уул уурхай, хүнд үйлдвэр мэтийн салбарт дааж давагдашгүй их хөрөнгө мөнгө зарцуулж өр ширэнд дарагдахын оронд байгаа нөөц бололцоогоо зөв зүйтэй ашиглан, түргэн ашгаа өгөх хөдөө аж ахуй, аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь зүйтэй. Хүн бүрт нөөц бололцоогоо бүрэн ашиглаж хөдөлмөрлөх боломжийг нь нээж өгөх хэрэгтэй. Монгол хүмүүс мөнгө олохын тулд гадагшаа гарч хүний нутагт хөдөлмөрлөн гадны улсыг хөгжүүлэхийн оронд эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулбал хичнээн их үр өгөөжтэй байх билээ? Ингэвэл бид түргэн босно.
Бидэнд зөв мэргэн бодлого явуулж чадах чадвартай төр дутагдаж байна. Тийм төргүйгээр бид ямар ч үр дүнд хүрэхгүй.
Муу төртэй болохоор л бид ингэж дампуураад байна. Шалтгаан нь манай өнөөгийн улс төрийн тогтолцоонд байна. Өнөөдөр улс төрийн тогтолцоог өөрчилж, төрөө засах талаар их ярих боллоо. Гагцхүү үүнийг яаж хэрэгжүүлэх арга замын талаар зөв оновчтой санал бодол, бодлого, төлөвлөгөө яригдахгүй байна.
Бидэнд улс төр, нийгэм эдийн засгийн бүрэн шинэчлэл хийх шаардлагатай байна. Үүний тулд нэн тэргүүнд төр, засгаа зөв төвхнүүлэн засах шаардлагатай. Төрөө зөв төвхнүүлэхийн тулд одоогийн ялзарсан улс төрийн тогтолцоог нурааж, жинхэнэ ардчилсан, шудрага сонгуультай болох хэрэгтэй. Бид сонгуулийг улс төрийн нам гэгч хуйвалдааны бүлэглэл, мөнгөний нөлөөллөөс бүрэн чөлөөлөөгүй цагт төрөө зөв засаж, шударга ёсыг тогтооно гэж горьдох хэрэггүй. Одоогийн байгаа улс төрийн тогтолцоо, сонгуулийн хууль нь төрд зөвхөн хамгийн зальтай, ашиг хонжоо хайгчид, мөнгөтэй хүмүүс гарах л боломж олгодог. Төрийн эрх мэдэл нь хулгай, луйвар хийж баяжих хэрэгсэл арга зам болоод байна. Үүнийг таслан зогсоохын тулд бид үндсэн хуулиа жинхэнэ ардчилал, шудрага ёсыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрэн хангахуйцаар шинэчлэн засварлаж, төрөө зөв сонгох боломжийг бүрдүүлсэн цоо шинэ сонгуулийн хуультай болмоор байна.
Энд би жинхэнэ ардчилсан шудрага сонгууль ямар байх нь зүйтэй талаар товчхон санаагаа илэрхийлье. Юуны өмнө нэгэн зүйлийг онцлон хэлэхэд: Бид амьдралдаа бүх л зүйлд ямар нэгэн шалгуур тавьж амьдардаг. Сургуульд орох, ажилд ороход тодорхой шалгуурт тэнцэж байж л бүтнэ. Гэтэл улс орны хувь заяаг шийдэх төрийн түшээдийг сонгоход ямар ч шалгуур үгүй болж байна. Мэргэжил, мэдлэг чадвар огт хамаагүй болж байна. Тавигдах шалгуур нь хамгийн худалч, хуйвалдагч, мөнгөтэй байх явдал болж байна. Бид энэ тэнэглэлээс салах цаг болсон.
Бүх шатны сонгуульд мэргэжил боловсрол, мэдлэг чадвар тэргүүн зэргийн шалгуур, шаардлага байх ёстой. Хэн дуртай нь төрийн эрх мэдлийг ашиглан баяжих бус хэн чадвартай, шудрага, эх оронч нь төрөө зөв удирдан залах ёстой.
Сонгуулийг улс төрийн нам бүлэглэл, мөнгөний нөлөөллөөс чөлөөлөхийн тулд бид жинхэнэ чөлөөт, ил тод сонгууль явуулах хэрэгтэй. Бүх шатны сонгуульд хэн хүссэн нь хэнээс ч хараат бус, мөнгөний ч хэрэггүйгээр өөрөө өөрийнхөө нэрийг дэвшүүлэх эрхтэй болох нь зүйтэй. Ингэхдээ тухайн албан тушаалд тэнцэх тодорхой шаардлагуудыг хангасан байх ёстой. Мэргэжил боловсрол, ажлын туршлага, насны хязгаар гэх мэтчилэн. Тухайлбал Монгол Улсын Их Хуралд 45-70 насны, хууль эрх зүйн өндөр боловсролтой, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, урьд өмнө авилга, албан тушаалын хэрэгт холбогдож байгаагүй, Монгол Улсын иргэн хэн боловч өөрөө өөрийнхөө нэрийг дэвшүүлэх эрхтэй. Энэ шаардлагыг хангаагүй хүн нэрээ дэвшүүлбэл төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан хэргээр хуулийн хариуцлага хүлээнэ гэх маягтай.
Нэр дэвшигчдийг зохих ёсоор шалгаж, судалсны эцэст бүгдийг нь хууль эрх зүй, монгол хэл, ерөнхий мэдлэгийн шалгалтад оруулж хамгийн дээд оноо авсан тодорхой тооны хүмүүсийг сонгуулийн тойргуудад нэг мандатад 5-10 хүн (хэд байх нь сонгуулийн хэдэн тойрог байх, хэдэн нэр дэвшигчдийг сонгуульд өрсөлдүүлэхээс шалтгаална) өрсөлдөх байдлаар хувиарлаж ард түмний сонголтоор шийдвэрлэж болно. Ингэвэл сонгуульд үргүй зардал их гаргахгүй. Нэр дэвшигчдийн хэн нь ч ард түмний өмнө өөрийгөө сонгуулах гэж, худлаа сурталчилгаа явуулж, хоосон амлалт хийж, мөнгөөр худалдан авах гэж оролдох боломжгүй болно.
Их хуралд сонгогдох хүн бүхэл бүтэн улс орны хэмжээний асуудлыг шийдвэрлэх гэж сонгогдох ёстой бөгөөд аль нэг тойрогт өөрсдийнхөө хийх ёсгүй ажлыг хийх гэж сонгогдож байгаа юм биш. Сонгуулийн ерөнхий хороо нэг сарын өмнө ч юм уу хуульд заасан хугацаанд тухайн тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсийн тухай ижил хэмжээний танилцуулга материалыг хэвлэн тараагаад л болоо. Хэдэн настай хэн гэгч, ямар ажил алба хашдаг, гэр бүлийн байдал, гарал үүсэл, шалгалтын оноо гэх мэтчилэн мэдээлэл байхад л болно. Сонгогчид тэднийг нь уншаад л сонголтоо хийнэ.
Санал хураалт ил тод байх ёстой. Нууц санал хураалт нь сонгуулийг будлиантуулж, луйвардах боломжийг гаргадаг. Сонгуулийн санал хураалтыг ямар ч будлиангүй тоолох нь маш энгийн. Тухайн тойрогт нэр дэвшигчийн тоогоор гаднаас нь нэвт харагдах шилэн хорго мэт санал хураалтын хайрцаг байрлуулах хэрэгтэй. Хайрцаг бүрийн өмнө нэр дэвшигчийн нэр бүхий саналын хуудсууд байна. Мэдээж сонгуулийн тойрог бүрт ажиглагчид байхын зэрэгцээ, камержсан байна. Сонгогч чухам хэний төлөө саналаа өгч байгаа нь бүгдэд ил тод байх болно. Тоолж ядах зүйлгүй биз дээ? Хар хайрцагны тухайд бол түүнээс татгалзаж түүнийг зарсан компанид гомдол гаргаж хохирлоо нөхөн төлүүлж болно.
Засгийн газар, шүүх, прокурорыг дээрээс томилох бус дороосоо чөлөөт сонгуулиар сонгох нь зүйтэй. Ер нь бол бүх шатны сонгууль доороосоо чөлөөтэй сонгогдох зарчмаар явагдаж, дээд шатны байгууллага нь тэрхүү сонголтыг баталгаажуулахад л болно.
Жишээ нь эрүүл мэндийн сайдыг зөвхөн эрүүл мэндийн салбарт ажиллагсад дотроосоо өөрсдөө сонгох эрхтэй байх жишээтэй. Зөвхөн тэр салбарт ажиллагсад л хамгийн шилдгээ сонгох чадвартай. Үүнд бол тухайн салбарт ажилладаггүй хэн боловч оролцох шаардлагагүй.
Бүх яамдын сайд нарыг дороос нь хамт олноороо сонгоод их хуралд уламжлан их хурал түүнийг нь баталгаажуулах жишээтэй.
Энэ маягаар Засгийн газар бүрэлдэхэд засгийн газрын гишүүд дотроосоо ерөнхий сайдаа сонгож болох юм. Түүнийг нь бас Их хурал баталгаажуулна. Суларч онгойсон яамны сайдыг тухайн салбарын дэд хүн нөхөн орлох жишээтэй.
Ерөнхийдөө сонгуулийн зарчим нь ийм байх юмаа гэж бичихээс сонгуулийн хуулийг бүхэлд нь бичиж тайлбарлах боломжгүй юм.
Энэхүү санал болгож буй зарчимыг баримталж сонгуулийн хуулийг боловсруулан баталж, амьдралд хэрэгжүүлбэл олигархи төргүй болж, жинхэнэ ардчиллыг хөгжүүлэх боломжтой болно. Төр засаг маань мэргэжлийн бөгөөд чадвартай болно. Сонгууль улс төрийн нам бүлэглэл, мөнгөний нөлөөллөөс бүрэн ангижирч, сонгуулийн үргүй зардал үгүй болно. Төрийн албаны авилга, хээл хахууль устана. Шудрага ёс тогтож, жинхэнэ ардчилал цэцэглэн хөгжих болно. Үүнээс илүү нурших боломж алга. Бичээд барагдахгүй сэдэв. Ойлгож хүлээн авах эсэх нь та бүхний хэрэг.
Төрөө засах нь Монголын гарц. Төрийг засахдаа зөв зүйтэй хуулийг нь боловсруулж, хувьсгалын замаар л хэрэгжүүлнэ!!!
Нийтлэлч Гочоогийн Ламжав (Эрдэнэт)
Сэтгэгдэл (0)