С.Молор-Эрдэнэ: Монгол Улс биш, Малчин улс гэж нэрлэх ёстой
- 2021-12-28
- Өөр өнцөг
- 0
Философич С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа.
-Одоо тэгээд хэдүүлээ хонио л өсгөөд байж байх уу?
-Хонийг орлуулах үнэт зүйл одоогоор монголчуудад алга.
-Үнэт зүйлтэй болох цаг нь болоогүй гэж үү?
-Болоогүй байх аа. Бид 1921 онд л эсгий гэрээсээ гарч ирсэн. 13 дугаар, 14 дүгээр зуун, монголчууд бид гэж ярих чинь ямар ч утгагүй байгаа юм. Бид Ази, Төв Ази руу орж ирсэн янз бүрийн малчин ард түмнүүд л байхгүй юу. Киргиз, Манж, Төвд, Халимаг, Торгууд, Халх гээд малчид л явж байгаа. Монгол Улс гэсэн улс тэртэй тэргүй байх боломжгүй юм байгаа юм. Монгол үндэстэн ч байх боломжгүй. Бид чинь малчин ард түмэн байхгүй юу. Монгол Улс биш, Малчин улс гэж нэрлэх ёстой байхгүй юу. Малчдын улс. Бидний нэгдэл бол малаар, малчнаараа л нэгдэх нэгдэл. Тэгэхдээ бүгдээрээ малчин бол гэж байгаа юм биш л дээ. Анхдагч маань л малчин. Бид япон үндэстэн, хятад үндэстэн, орос үндэстэн гэсэн тийм оюуны нэгдмэл үндэстэн биш байхгүй юу. Бид чинь талаар нэг тархсан, эсгий гэртэй ард түмэн. Гадаа хонь, ямаа хоёр нь майлж байхад л тайван унтдаг ард түмэн. Гэрийн гадаа хонь, ямаа нь майлахгүй бол унтаж чаддаггүй байхгүй юу, монгол хүн.
-Тийм.
-Хонь, ямаа нь майлалдахад сэтгэл нь сайхан болдог. Хүүхдүүдээ, авгайгаа, нөхрөө хараад баярлахгүй. Хонин сүргээ харж баярладаг. Хот ороод буцахдаа малаа л түрүүлж асуудаг. Хотод байхдаа гар утсаараа малаа л асуугаад байдаг. Тийм л ард түмэн.
-Газрын зураг дээр Монгол Улс Ази, Европ гэсэн хоёр соёлын дунд оршдог?
-Яг зааг дээр нь байдаг.
-Хоёр өөр соёл иргэншлийн зааг дээр ингэж амьдрахад зөрүү нь бидэн дээр хэр хүчтэй тусдаг вэ?
-Маш хүчтэй тусна. Залуучууд ерөнхийдөө орчин үеийн, анархист, шинийг хүсдэг. Хурдан өөрчлөгддөг. Тиймээс залуу хүмүүсийг ойлгох хэрэгтэй. Хурдан, түргэн өөрчлөх гэсэн, шинэчлэх гэдэг. Хөгшин хүмүүс ерөнхийдөө удаан, дандаа хачин бүтэхгүй юм ярина, “Тэгж болдоггүй юм даа, хүү минь” гэсэн дандаа зогсоосон, барьсан, хориглосон сэрэмжилсэн хүнийг урагшлуулахгүй хойшоо татдаг. Ер нь хөгшин хүн бол тэртэй тэргүй тийм байдаг. Хөгшин хүнтэй уулзсаны дараа сэтгэл нэг л хачин болно. Нэг л тавгүй болно. Хүний хорвоо. Зөвхөн Монгол хүн ч тийм биш.
-“Тэгдэг ч үгүй юм даа”, “Чам шиг байхдаа би...”, “Одооны залуус ч дээ...” гэсэн зуулттай харилцаатай?
-Ёстой тийм. Энэ чинь хөгшин хүний үргэлж уншиж байдаг амнаас нь гардаг маани байхгүй юу. Залуу хүн үргэлж шинэчлэх гэж, өөрчлөх гэж жаахан ууртай, бухимдалтай, ярвагар алхдаг чинь зөв. Тэгэх ёстой.
-Юм бодож яваа хүн юм байна.
-Тийм шүү дээ. Хүний хорвоо. Хөмсөг нь зангирсан хүн асуудалтай л явж байна. Юм бодож байна. Хүнд стресс хэрэгтэй. Хүн өдөржин стресстэх хэрэгтэй байхгүй юу. Ялангуяа энэ 21 дүгээр зуунд дандаа стресстэнэ. Гол нь стрессээ депресс болгож болохгүй. Тэр чинь өвчин болчихож байгаа юм. Үдээс өмнө стресстэй байж байгаад үдээс хойш тэр стресс нь гарчихдаг. Орой жаахан стресстэй байлаа. Унтаж амарлаа. Өглөө нь стрессгүй сэрдэг. Депресс чинь олон хоногоор үргэлжилдэг. Би стрессийг маш зөв гэж боддог. Стресстэй бай, стресстэй бай. Стрессгүй байна аа гэдэг чинь хэтэрхий тайван байна гэсэн үг. Юу ярьж байгаа юм. Энэ амьдралд стресстэй байж байж л юм бүтээнэ шүү дээ. Стресстэй байхад ажил бүтдэг. Өөрийгөө стресстүүлэхээр гоё гоё санаа толгойд ороод ирдэг.
-Соёлын тухай яриандаа эргэн оръё?
-Яахав дээ, бид саяхан эсгий гэрээс гарсан гэж ярилаа. Эсгий гэрээсээ гараад шоконд орсон. Уурласан, бухимдсан, зугтаасан, оргож дүрвэсэн зөндөө л юм болсон. Шинэ үе нь гарч ирээд шинэчлэх гэтэл зарим нь хүсээгүй. Тиймээс монголчууд хоорондоо зодоон нүдээн болсон. Манай дотоодод болсон асуудал. Оросууд “Шашинаа жаахан хязгаарлаарай” гэснийг манайхан “Шашинаа устга” гэлээ гэж буруу орчуулсан. Тийм л юм байхгүй юу. Монгол хүн чинь сонсох гэснээ л сонсдог хүмүүс шүү дээ. Өөр юм байхгүй. Нөгөө талд бол мэдээж социализмыг буруу ойлгож, нэгэндээ хэтэрхий өндөр шаардлага тавьсан, боломжгүй байхад нь. Хоёр, гурван хүүхэдтэй хүн чинь яаж багшлаад явах юм бэ. Гэртээ хүүхдүүдээ харахгүй бол бас болохгүй. Европын нийгэмд эмэгтэй хүн ажиллаж болдог. Яагаад вэ гэвэл ихэнх нь хүүхэдгүй. Монголын нийгэм чинь 3-4 хүүхэдтэй. Зарим нь бүр 6, 7, 8 хүүхдийн ажил хийхэд хэцүү. Европчуудыг дуурайж гэрийн эзэгтэйг ажил хий гэдэг чинь буруу, социализмын үед. Тэгэхээр хүүхдүүд нь зэрлэгшчихгүй юү дээ. Гэртээ хүүхдүүд нь л үлдээд, ах нар нь дүү нараа загнаад л, гараад ирэхээр орцны атаманууд нь мөнгийг нь булааж хармаалаад л. Ээж аав нь гэртээ байхгүй, эзгүй. Социализмын үед гэр орон жаахан эзгүйрсэн. Ээжүүд ажиллах нь буруу байсан. Эмэгтэй хүн үр хүүхдээ хараад, гэр орноо авч явж, үр хүүхдийнхээ ирээдүйд хувь нэмэр оруулах ёстой байсан юм. Социализмын үед тэр нь алдагдсан. Хүүхдүүд нь хаягдсан нь том алдаа байсан. Энэ бол социализмын алдаа. Харин боловсрол, эмнэлэг хурдацтай хөгжсөн, бүгдээрээ гайхамшигтай боловсроод, бүгдээрээ арван жилийн сургуульд хамрагдаад, бүгдээрээ эрүүл мэндээ үзүүлдэг болсон. Бүгдээрээ гэр орондоо ор, хөнжлийн цагаан даавуутай болсон нь гайхамшиг байсан. Бүгдээрээ усанд орж, ариун цэвэрдээ анхаардаг болсон нь мундаг том соёл болсон. Тэр соёл өнөөдөр ч монголчуудад хэрэг болж байгаа. Гадаадад очоод ямар ч асуудалгүй тухайн орныхоо амьдралд яваад л орчихож байна. Ямар ч асуудалгүй. Энэ бол бидний ололт.
Харин худлаа түүх ярихаа болих хэрэгтэй. Бидэнд тийм том түүх байх ямар ч боломжгүй. Энд байгуулсан том том хот алга, өндөр урт хэрэм алга, байгуулсан том соёл алга байна шүү дээ. Энэ чинь муудаа биш. Энэ нутагт энд тэндээс ирсэн малчид л байхгүй юу. Тэд чинь түүхтэйгээ, номтойгоо, хүнтэйгээ ирсэн. Энд ирээд үлгэр, домгоо ярихаар нь “Аа тэр нь манайх юм байна” гээд ойлгочихдог. Гэтэл тэр нь Хорезм, Төв Ази, Япон, Солонгос, Энэтхэгийн ч юмуу түүх, үлгэрүүд л байдаг. Тэрийг нь бид өөрсдийнхөө гээд ойлгочихдог. Тэд манайхаас авсан юм байна гээд туйлшраад явчихдаг. Гаднаас энэ бүх соёлууд хүнтэйгээ, номтойгоо, үлгэр домогтойгоо ирсэн. Бид бол тэр сонин сонин газруудын бөөгнөрсөн, нягтарсан ардуудын нэгдэл. Бидний хэлний ихэнх нь түрэг язгуурынх, бас ихэнх хэл минь Манж байна шүү дээ. Муудаа биш. Энэ л ард түмнүүдийн онцлог.
Ийм хүйтэн газарт тэгж их өндөр соёл ч үүсэх боломжгүй. Даараад юун байшин барих, философидох вэ (Инээв).
-Тийм ч юм уу.
-Эсгий гэр дотор юу гээд уран зураг зураад сууж байх юм бэ (Инээв). Оросууд чинь л бидэнд дулааны цахилгаан станц барьж өгч байж би энд дулаахан байшин дотор Оросуудынхаа ачаар философидоод сууж байна шүү дээ. Дулаан ийм байшингүй бол би эсгий гэртээ хэдэн хонь, ямааныхаа майлах дууг сонсоод л дээшээ хараад орон дээрээ хэвтэж байгаа шүү дээ. Авгайгийнхаа сүүтэй цайг уугаад л. Өөр юм байхгүй (Инээв).
-Амиа хорлолт ихсээд байгаа нь нийгмийн бас л нэг эмзэг сэдэв болоод байна?
-Нийгэмд амиа хорлолт тодорхой нэг хувиас л дээш болчихвол асуудал болдог болохоос биш хэвийн тоондоо байж байхад асуудалгүй. Япон, Солонгост хэвийн тооноосоо ихэсчихсэнд л асуудал болоод байгаа юм. Манай хувьд эрэгтэй хүмүүс голдуу амиа хорлоод байгаа нь асуудал болоод байгаа юм. Тэр чинь том асуудал. Эрэгтэй хүн амиа хорлох нь барууны орнуудад байдаггүй. Ихэнх нь эмэгтэйчүүд байдаг. Гэхдээ тэр болгонд ард түмний, шашны онцлог, мухар сүсгийн онцлог, мөнгө төгрөгийн онцлог, өрөнд орсон эсэх, ирээдүй, ажил мэргэжлийн онцлог зэрэг өчнөөн шалтгаанууд байгаа. Тэр психологийн асуудлуудыг тухайн хүнд нь ярина уу гэхээс нийт нийгэмд хувь хүний психологийг буулгах хэцүү. Нийгэм бол тэгээд л урагшилна шүү дээ. Философийн академи урагшлаад л явж байна. Хүмүүсийн уурлах нь уурлаад л явж байна. Дэмжих нь дэмжинэ. Асуудалгүй. Яагаад вэ гэвэл үнэнийг хэлэхэд асуудалтай. Хүмүүс үнэнийг жаахан хэцүү сонсдог. Тэгэхдээ явцын дунд, цаг хугацааны явцад үнэн хэлсэн нь дээр санагддаг, хүмүүст. “Тэр үед үнэнийг нь хэлсэн нь болжээ, яахав цаг хугацааны хувьд жаахан эрт байсан” ч гэдэг юм уу. Хоёр жилийн өмнө, дөрөв, таван жилийн өмнө чи бид хоёр ингээд ярилцаж байлаа шүү дээ. Нэлээд үнэн байсан. Хэцүү байсан. Чи ч шоконд орж цочиж байсан. Одоо бол чи чинь бүр сайхан болчихсон ирж байна. Энийг чинь л хөгжил гэж нэрлэж байгаа юм.
-Таны “Орчин үеийн асуудал 1, 2,3 гэсэн” цуврал ном гарчээ. Монголын өнгөрсөн, өнөөдөр, маргаашийн асуудлыг хөндөж?
-“Монголын орчин үеийн асуудал” гэсэн гурван асуудал бий. Эхлээд бид өнөөдрөө ойлгох хэрэгтэй. Өнөөдөр бид яг ямар байдалд байна вэ. Монгол гэсэн улс дотор, хилийн дотор цөөн хэдэн хүний асуудал биш болчихоод байна. Өчнөөн зуун мянган хүн гадаадад байна, тэдэнтэйгээ үргэлжийн холбоотой байна, тэднээс маань мөнгө төгрөг ирж байна. Гадаадын мэдээ, сонин интернэтээр дүүрэн байна. Бүгдийг нь уншиж байна. Өдөржингөө мэдээ уншиж байна, өдөржингөө хүний хэрэгт дурлаж байна, өдөржингөө фэйсбүүкт хэн ямар тоорт идэж, ямар палааж шинэ жилээр өмсч вэ, палааж нь зохиогүй байгаасай, оёдолчин нь амжаагүй байгаасай гэж боддог ч наанаа “Миний найз ёстой залуухан, сайхан харагдуулдаг палааж өмссөн байна, хөөрхнөө” гэнэ. Хөөрхнөө гэсэн мөртлөө дотроо бол “Палааж нь зохиогүй л байна ш дээ” гэдэг.
Энэ бол бидний өнөөдрийн дүр төрх. Ийм олон юман дунд өнөөдрийг ойлгох, дэлхийг ойлгох, коронаг ойлгох, Америкийг ойлгох хэрэгтэй болоод байна. Америкт сонгууль болох гэж инээдэмтэй юм боллоо шүү дээ. Яасан хөгжөөгүй орон бэ гэмээр л байлаа шүү дээ. Өчигдөр гэдэг бол цаг хугацааны хувьд өнгөрчихсөн. Малчид нэг их том түүх яриад байх нь ичмээр ээ. Маргааш бидэнд хамгийн чухал. Маргааш гэдэг бол зөвхөн залуучуудын асуудал биш. Хөгшин хүмүүсийн ч асуудал. Хөгшин хүнд ч маргааш бий.
Сэтгэгдэл (0)