Монголчуудыг Бурханы шашин л нэгтгэж байна
- 2021-12-29
- Нийтлэл
- 0
Одоо монголчуудыг нэгдмэл болгож байгаа ганц зүйл нь Монголын Бурханы шашин болчихоод байна. Социализмын үед нийгмээрээ, нийтээрээ социалист гэх үзэл санаан дээр хүчээр шахуу нэгдэж байлаа. Юу бодох, яаж амьдрахаас нь эхлүүлээд бүх юмыг үзэл сурталдаж нэгдмэл болгож хайрцагладаг байв. Харин дараа нь ардчилсан нийгэмд шилжиж хүмүүнлэг, энэрэнгүй нийгэм байгуулна гэсэн боловч одоогоор тэр нийгэм нь бүрэлдэж хараахан чадаагүй байна. Дур дураараа ярьж, нутаг довоороо талцаж юун нэгдэх манатай арвалзаж байна шүү дээ. Оюун санаа байтугай үг хэлээрээ ч аятайхан нэгдэх чадвар хувь хүмүүст алга. Харин одоо бидний хувьд хүссэн, хүсээгүй үндэсний шашин дээрээ нэгдэхээс өөр сонголт үлдсэнгүй. Гэтэл дэлхий даяар тахалтай, эдийн засгийн хямралтай, хаа сайгүй үхэл хагацал нүүрлэж, соён гэгээрэл, боловсролын байгууллагууд, сургууль цэцэрлэг нь хаагдчихаад байгаа энэ цөвүүн цагт монголчуудыг Бурханы шашин л оюун санааны хувьд нэгтгэж байна. Хөл хорионд сууцгааж байсан ард түмэн Гандангийн лайвын дор нэгдэж, муу муухай бүхэн холуур өнгөрөг, тахал дарагдаг хэмээн залбирч нэгдмэл байгаагаа илэрхийлсээр байна. Дэлхий даяараа хямралтай байгаа ийм үед шашин хагаралдах нь ёстой хэрэггүй. Шашин шүтээн нь хагаралдчихаар монголчууд юун дээр нэгдэх болж байна аа? Шашин нь хямарвал бид цаашид нэгдмэл улс болж чадах уу? гэсэн асуултууд гарч ирнэ. Д.Урианхай гуайн нийтлэлд, монголчууд түүхийн бүхий л үедээ үзэл санаагаараа нэгдмэл биш явж ирсэн гэж бичсэн нь эргэлтгүй үнэн.
Хувьсгалаас өмнө Буддын шашин бол монголчуудыг нэгтгэж байсаан. Монголчууд шашнаараа нэгдмэл аж төрж байв. Тийм учраас энэ эмзэг цэг рүү оросууд овоо хараагаа тааруулсан л даа. Хэрэв тухайн үед шашин Монголын нийгмийг зангиддаггүй, ард түмнийг нэгтгэдэггүй байсан бол тэгж сүм хийдүүдийг нурааж, эрдэм номтой лам нарыг сорчлон толгой дараалан буудах байсан гэж үү. Эв нэгдлийг нь сарниаж, хүчийг нь сулруулаад савартаа атгах гэсэндээ Монголын ард түмнийг нэгтгэж байсан шашныг нь газрын хөрснөөс арчихын тулд аймшигт хядлага эхлүүлсэн. Хамгийн эрдэм номтой, олонд шагшигдсан лам хуваргуудыг нь эхний ээлжинд хэлмэгдүүлэх замаар бусдыг нь айлгаж байгаад хуйгаар нь алчихаар өнөөх атгасан гар шиг оюун санааны нэгдэл яалт ч үгүй суларч, задарчихсан юм. Социализмын үед Богд хааныг хамгийн ихээр шившиглэсэн, зориудаар шившиглүүлсэн. Тэр үеийн уран зохиолын гол сэдэв нь ерөөсөө л лам хуваргууд, Богд хаан, мөн баячуудыг үзэн ядуулах захиалгатай байсан нь харамсалтай. Богд хааныг 1990 он хүртэл тэмбүү гэх өвчинтэй, сохор хүн байсан гэж ташаа ойлгож ирсэн нь социализмын үед орос ах нарын хийсэн захиалгат уран зохиолын нөлөө. Ингэж л Монголын Бурханы шашин, Богд хаан, монголчуудыг нэгтгэж байсан шашныг бүдүүлгээр доромжилсон ажил нь 60, 70 жил үргэлжилсэн билээ. Ардчилал гарснаар шашин дахин сэргэсэн. Дахин сэргэх явц нь удаашралтай байсан ч 1990-ээд оны сүүлчээс Энэтхэг, Төвөд рүү эрдэм ном сурахаар явсан залуу лам нар хэдэн жилийн өмнөөс эрдмээ дүүргээд Монголын соён гэгээрэлд хувь нэмрээ оруулахаар эргэж ирээд, монголчуудыг оюун санаагаараа нэгдэхэд нь тусалж байна.
Сайны хажуугаар саар гэгчээр сэргэлт, дэвшил, хөгжлийн явцад аль л болж бүтэхгүй байгаа зүйл ил гарч, яваандаа алга болдгийн адилаар Монголын Бурханы шашныг эсэргүүцэж, дотроос нь хагалах гэж, ард түмний итгэл үнэмшлийг сулруулах гэсэн оролдлогууд яваад байх шиг байна. Ер нь юу ч болж байсан монголчууд минь Монголын Бурханы шашнаа л дэмж. Тэр өргөх бичиг бариад байгаа лам нар наадхаа боль оо. Үе үе эгзгийг нь тааруулж гэнэт гарч ирж, Монголын Бурхан шашны төв рүү, түүний тэргүүн рүү дайрдаг ийм асуудлаа цэглэ. Лам хүнээс гарахааргүй их уур хилэн, нүгэл хилэнцээр “Өөрийгөө шатаана” гэж ширүүн үг хэлж, нүгэл үйлдэж байгаа чинь эргээд ёс зүйгүй, шагшаабадгүй үйлдэл болж харагдаад байна. Сүүлдээ гадна, дотны хөл гар ороод ирчихсэн байх вий гэсэн хардлагыг нийгэмд төрүүлээд эхэллээ. Та нарын ямар ч эрх ашиг зөрчигдсөн бай Монгол Улсын эрх ашгийн хажууд бол хумхын тоос юм. Энэ хагарал, будлиан үүсгэх гээд байгаа зөрчилд монголчууд, Монголын сүсэгтнүүд өөр үзлээр хандаж хатуу хариу өгөх хэрэгтэй. Үзэл бодлоороо нэгдмэл байхын тулд, үзэл бодол руугаа нулимуулахгүйн тулд зохих хариуг нь дор дор нь өгч, хүлцэнгүй байдлаасаа хааяа ч болов гарч байх хэрэгтэй. Аливаа үндэстний үзэл бодол хамгийн нарийн, нандин байх ёстой. Түрүүчээсээ тэр нарийн нандин зүйл, шүтээн рүүгээ нулимаад эхэлчихсэн. Удаж ч байна. Нэгэн жишээ байна л даа.
2008 оны Бээжингийн олимпийн үеэр Найдангийн Түвшинбаяр биднийг яаж нэгтгэлээ. Долдугаар сарын нэгний үймээний дараа Улаанбаатарын гудамж, талбайд танк, хуягтууд гарч, зэвсэгтэй цэргүүд бүх хөдөлгөөнийг хянаж, Үндэсний телевизээс бусад бүх хэвлэл мэдээллийн байгууллагыг хааж, олон зуун хүүхэд, залуусыг жагсаалд оролцсон гэдэг нэрийдлээр шоронд хориод галуун цувуугаар дэглэж, тамлаж байсныг ихэнх нь мартчихсан л явж байгаа байх. Ийм хүйтэн, аймшигтай өдрүүдийн уйтгар гунигийг Булган аймгийн Сайхан сумын харьяат Найдангийн Түвшинбаяр гэж залуу жүдо бөхийн алтан медалиараа үргээж, хоёр тийш харчихсан байсан улс төрийн голлох хоёр хүчнийг эвлэрүүлж, уйлуулж, Монгол даяараа нэгдэж байлаа. Тэр биднийг яаж зоригжуулж байлаа даа. Н.Түвшинбаяр төдийгөөс өнгөрсөн хавар хүртэл монголчуудын шүтээн, даган дуурайдаг, хайрладаг ганц хүү нь байлаа. Гэхдээ түүний хэргийг, үйлдлийг огтоосоо зөвтгөх гэсэнгүй. Хэн ч өмөөрөх боломжгүй нөхцөл байдалд тэр орсон ч бид 14 жил оройдоо өргөж, биширч, залж ирсэн энэ залуугаа, шүтээнээ нулимахаа байг гэхэд чимээгүй өнгөрчихөж болох л байсан.
Яг үүнтэй адил оюун санааны нэгдэл рүүгээ, Монголын Бурхан шашин руу нулимах гэж байна. Нэгнийхээ дээр гарах гэж шарын шашныг элдвээр хэлнэ ээ, тэр тодорхой. Тийм учраас ийм дайралт ирэх учир үүн дээр ард түмэн хатуу байр суурьтай байх ёстой. Нэгдмэл, хатуу байр суурьтайгаар үндэсний шашнаа, Бурханы шашнаа хамгаалж авч үлдэх нь эргээд үндэсний нэгдлийн асуудал юм шүү. Юу ч болж байсан бүгдээрээ шашин дээрээ нэгдмэл байя. Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Чойжамц хамбыг Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба хэвээр нь байлгахад буруудах юм ер байхгүй. Тэр эсэргүүцээд байгаа хүмүүст буруу мэт харагдаж байгаа ч ард түмний хувьд энэ асуудал дээр нэгдмэл байх хэрэгтэй. Ард түмэн шашны хүрээнд болж буй энэ үйл явдалд хатуу хариу өгөх хэрэгтэй байна. Хууль хүчний байгууллага ч үүнд анхаарал хандуулж, хаанаас шидсэн чулуу вэ гэдгийг тодруулчихад ч гэмгүй.
ҮАБЗ ч үүн дээр анхаар. Монголчууд бид ороо бусгаа энэ хэврэг цаг үед үзэл бодлоороо нэгдэж буй үнэт зүйлээ хамгаалж авч үлдэх ёстой. Монголчууд олон жил ингэж үнэт зүйл рүүгээ шүлсээ хаяж ирсэн. Одоо шүлсээ хаяхаа больж, оюун санааны нэгдлээ хамгаалах цаг нь ирчихээд байна.
Сэтгэгдэл (0)