Ш.Насанбат: Богдын Засгийн газрын уян хатан бодлого, нууц тагнуулын ажиллагаа Монгол Улсын тусгаар тогтнолыг бэхжүүлсэн

Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан түүхт өдрийн тохиолдуулан ТЕГ-ын Тусгай архивын ахлах судлаач, түүхийн ухааны доктор Ш.Насанбаттай ярилцлаа.

 -Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Хоёулаа яриагаа Богд Хаант Монгол Улс тусгаар тогтноход тагнуулын гүйцэтгэсэн үүрэг юу байсан бэ гэдгээс эхлэх үү?

-Баярлалаа. Одоогоос 110 жилийн өмнөх түүхт үйл явдалтай холбогдуулан сонирхолтой асуулт тавилаа. Тусгаар тогтнолын бэлтгэл ажил 1900 гаад оны үеэс анх тавигдаж, тагнуулын шугамаар бэлтгэл ажил хийгдэж байсан. Үүнийг манайхан Богдын хувийн тагнуул гэж нэрлээд байгаа юм. Манж гүрэн барууны орнуудын түрэмгийлэлд өртөн “шинэ засгийн бодлого” явуулж, Монгол орныг хүчээр хятадчилж эхэлснээр, монголчуудын эсэргүүцэл тэмцэл өрнөж, салан тусгаарлах арга саамыг эрэлхийлсэн байдаг. Тухайн үеийн олон улсын нөхцөл байдал, Манжийн төрөөс явуулж байсан бодлогыг үнэн зөв тодорхойлоход ар, өвөр Монголыг төлөөлж Бээжинд сууж байсан Наянт ван, Ширнэндамдин ван зэрэг хүмүүс чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Тийм учраас үйл явдал өрнөхөөс арваад жилийн өмнө Бадамдоржийг Петербург хотноо илгээн, Хаант Оросын байр суурийг тодруулаад, эгзэгтэй чухал мөчийг хүлээж байгаад боломжоо бүрэн дүүрэн ашигласан. Бээжинд байрлах монгол лам нар голдуу суудаг Юнхэгүн хэмээх сүмд Монголоос очсон болон тэнд суурин сууж буй төлөөлөгчид голдуу уулзаж нууц мэдээлэл солилцдог  байсан. Энэ хийдийг нууц уулзалтын газар болгож, хожим Богд Хаант Монгол Улсын үед олон удаа ашигласан байдаг.

 

-Богд Хаант Улс байгуулагдсаны дараа ДИУ-ын зүгээс Монголчуудын тусгаар тогтнох хөдөлгөөнийг няцаах зорилгоор нууц ажиллагаа явуулж байсан гэдэг. Энэ талаар сонирхуулахгүй юу?

-Чин гүрнийг уламжилсан ДИУ-д олон арван жилээр монголын сурвалжит язгууртнуудыг эд хөрөнгө, эрх сүрээр урвуулан татаж бий болгосон тагнуулын сүлжээ, Монгол дахь цагаач хятад иргэд гэсэн  хүчирхэг бааз суурь байсан. Дээрээс нь хятадууд өөрсдийн тагнуулын технологи, ур чадвараа сайжруулж, өрнөдийн орнуудын жишиг туршлагыг нэвтрүүлсэн. Юань Шикайн  улс төрийн зөвлөхөөр ажиллаж байсан АНУ-ын иргэн Моррисон тагнуулын ажлыг зохион байгуулах тал дээр идэвхтэй дэмжлэг үзүүлж, монголыг нэвтэрхий мэддэг гэсэн шалгуураар  худалдаачин, шашны номлогч, швед Ф.А.Ларсоныг хятадын тагнуул болгож байсан нь нэг л жишээ. ДИУ-ын ерөнхий сайд Сюн Силинь Монголд холбогдох бүх мэдээллийг Монгол дахь туршуулууд илгээж байсныг харгалзан үзэж дахин 40 туршуулаар нэмэгдүүлэх хөтөлбөр боловсруулж санхүүжилтийг баталж байсны зэрэгцээ Монголчуудыг цэрэг зэвсгийн хүчээр нухчин дарахын тулд  ДИУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий штабаас Гуа, Хуан Сяо нарын гурван түшмэлийг Монголын нутаг дэвсгэрийг судалж, газрын зураг бүтээлгэх зорилгоор 1912 онд илгээхэд 1913 оны 3-р сард Бээжинд эргэн ирж, ДИУ-ын ерөнхийлөгч Юань Шикайд нууц даалгавраа гүйцэтгэснээ илтгэн, Монголын газар нутгийг  нарийвчлалтайгаар дүрсэлсэн газрын зургийг өгч байсан гэх зэрэг олон баримтыг дурдаж болно.

-Монгол талаас  ч бас хариу арга хэмжээ авч байсан л байх?

-Монголчууд ч хятадуудтай олон зуун жил зэрэгцэн оршин амьдарч байсны хувьд тэдэнтэй тэмцэх тагнуул сөрөх тагнуулын бүтэц, зохион байгуулалтыг хийсэн байдаг. Энд зөвхөн хятадын төдийгүй Хаант Оросын тагнуулын сүлжээ Монгол оронд идэвхтэй ажиллаж байсныг дурдах хэрэгтэй. Хаант Оросын консулын  бие хамгаалах баг цэргийн захирагч нар  орон тооны бус туршуулын журмаар  ажиллаж байсны зэрэгцээ томоохон худалдаа арилжааны пүүсийн  албан хаагчид ч  эл үүргийг давхар гүйцэтгэж, нутгийн оршин суугч нарт  50-75 рублийн урамшуулал өгч байсан. Оросын тагнуулын сүлжээ идэвхтэй ажиллаж байсны нэгэн баримт бол Хаант Оросын жанжин штабын удирдах газраас Монголд ажилладаг 20 дугаартай тагнуулчийн жилийн төсөвт зориулан дөрвөн мянган рублийн зардал гаргах болсон явдал. Энэ бол тухайн үед асар их мөнгө бөгөөд Монголын Засгийн газрын үйл ажиллагаанд нөлөөлөх хэмжээний тагнуулын хүч хэрэгсэлтэй байсныг харуулж байгаа юм. Орос болон хятадын тагнуул орчин үеийн тагнуулын ажил явуулах технологийн дагуу ажиллаж, санхүү хөрөнгө мөнгөөр дэмжиж байсан бол Монголчууд тусгаар тогтносон үндэсний улсаа байгуулах итгэл үнэмшлийнхээ төлөө амь өрссөн үүрэг гүйцэтгэж байсан гэж хэлж болно.

-Монголын тагнуул тэдний эсрэг хэрхэн тэмцэж байв?

-Тагнуулаар явуулах хүний зардал, мэдээллийг Сангийн яамаар батлуулж байснаас улбаалж, тагнуул аюулгүй байдал судлаачид нууцлалын зарчмыг баримталж байгаагүй гэж үздэг нь харьцангуй ойлголт шиг санагддаг. Учир нь  тухайн үеийн яам тэргүүн болон дэд сайд эрхэлсэн ба ба дэс түшмэл гээд үндсэндээ 5-7 хүний хэмжээнд бодлогын асуудлаа ярьдаг. Ингэхлээр 5 яам нийлээд 30-аад хүний хүрээнд улс орны аюулгүй байдлын асуудал яригдаж байхад хоорондоо санал солилцох шаардлага байлгүй яахав. Тэрнээс биш энэ тэр хүнийг тагнуулаар явуулна гэж хамааралгүй хүмүүст зарлаад байсан баримт байдаггүй. Харин ажил үүргийн хувьд мэдсэн улсын нууцыг хувийн зорилгод ашиглах явдал бол өөр хэрэг. Ийм явдал ялангуяа Өвөр Монголоос ирсэн ноёдоос 1915 оны Хиагтын хэлэлцээрийн дараа их гарсан. Энэ байдлыг засч сэргийлэхийн тулд улсын хурлаар төрийн түшмэдээр улсын нууц задруулахгүй байх тангараг өргүүлэх асуудал яригдсан ч ажил хэрэг болоогүй.  Ерөнхийдөө монголын тагнуул энэ үед Манжуур, Өвөрмонгол, Хятадын нутгаас шаардлагатай мэдээллийг олж, гадны тагнуул туршуулын илрүүлэх чиглэлд ч үр бүтээлтэй ажилласан байдаг. Ганц жишээ дурдахад, Өвөр Монголын Зостын чуулганаас ирүүлсэн тагнуулын эх сурвалжийн мэдээнд, хятадын болоод олон улсын нөхцөл байдлыг дүгнээд, дэлхийн дайн өрнөж, хоёр хөрш дайн самуунтай байгаа энэ үед Япон улстай харилцаа тогтооход нэн тохиромжтой тул, нууц элч илгээвэл туслан дэмжих бололцоотой гэж илэрхийлсэн байдаг. Мөн ДИУ-ын дотоодын зөрчил тэмцэл, монголын асуудлаарх Япон, Хятад, Орос улсуудын хооронд хийгдэж байсан нууц яриа хэлэлцээрүүд, хятадын цэргийн хөдөлгөөний талаар мэдээлэл цуглуулдаг байжээ. Эцсийн дүндээ ДИУ-ын эрхшээл доорх Автономит нэртэй хэрэг дээрээ бие даасан бодлого явуулж байсан Богдын Засгийн газрын уян хатан бодлого, нууц улс төр-тагнуулын ажиллагаа Монгол Улсын тусгаар тогтнолыг бэхжүүлсэн юм шүү дээ. Тэрнээс биш манайхан дан цэргийн хүчээр юмуу, эсрэг талынхаа далд ашиг сонирхлыг үнэн зөв тодорхойлгүйгээр тусгаар тогтнох боломжгүй л байж.

-Ардын Засгийн жилүүдэд хойд хөршийн дэмжлэг, хамгаалалтад орсноор Монгол орны нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байв?

-Зөвлөлт засаг 1946 он хүртэл Монгол Улсыг тусгаар тогтнуулах санаагүй хөзөр болгон ашиглаж байснаас нөхцөл байдалд үндсэн өөрчлөлт ороогүй. Чан Кайши 1927 оны эцсээр засгийн эрх мэдлийг авсны дараагаар, хятадад цорын ганц үндэстэн байх бөгөөд тэр бол хятадын язгуур угсаа мөнийг мэдэгдсэний дараа  хан бус угсааныхан, түүний дотор  монголчуудыг уусган устгах бодлого явуулж, Монгол Улсын эсрэг цэргийн түрэмгийллийг  шатлан өргөжүүлсэн. Ялангуяа улаан армийг Монголоос гарсны дараа хил дагуу хятадын цэрэг, зэвсэг техникийг  улам зузаатгасан. Иймээс 1922 онд Дотоодыг хамгаалах газар байгуулагдсан цагаасаа хятадын эдийн засгийн нөлөөллийг эрс бууруулж, Монгол нутагт олноороо  суурьшсан хятад иргэдийн тоо хэмжээг багасгах, тэдний зүгээс гаргаж тагнах, хорлон сүйтгэх ажиллагааг таслан зогсооход үйл ажиллагаагаа чиглүүлсэн. Яг энэ үед  Зүүн хойд хятадын цэрэг, тагнуулынхан, Дорнодын Санбэйсийн орчим суурьшуулсан тагнуул, туршуулын ажиллагаагаа идэвхжүүлж, Хайлаарын цагаантан, хятад иргэдээс бүрдсэн хорлон сүйтгэх бүлгүүдийг хэсэг, хэсгээр  Хэнтийн чиглэлд илгээх,  Манжуур дахь цагаантнуудаас шилж сонгон,  нэг мянган хүнийг зэвсэглэн, монголын хилээр сэм нэвтрүүлэх зэрэг арга хэмжээ төлөвлөсөн нь манай талд мэдэгдсэн.

Манай тагнуулчид хятадын цэргийн түрэмгийллийн хүчийг сулруулах зорилгоор  Барга, Өвөр Монгол, Хөх нуур, Шинжаан зэрэг бүс нутгийн монголчуудын дотор, Монголын тусгаар тогтнолын асуудлаар сэм ухуулга хийхийн зэрэгцээ, хятадын коммунистуудын байр суурийг бэхжүүлэхэд, төрөл бүрийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Ийнхүү ажилласны гол учир шалтгаан нь,  хятадын коммунист, хувьсгалт хэсгийнхний хүчин чадлыг зузаатгаснаар, хятадын гомиьданы цэргийн эрхтэнд  цохилт өгч, Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалж болно гэж үзэж байсанд оршдог. Мэдээж дотооддоо Зөвлөлтийн тусламжаар батлан хамгаалах хүчин чадлаа бэхжүүлж байсан. Хятадын болзошгүй түрэмгийллээс сэргийлж Зөвлөлтийн тал буриад халимагуудаас бүрдсэн цэргийн ангийг монголд нууцаар үлдээсэн. Хятадын тагнуулын алба  Монголд хүчирхэг сүлжээтэй хэвээр байсан тул манай  төр, засгийн бодлогод нөлөөлөхийг оролдсон нь 1930-1940-өөд оныг хүртэл үргэлжилсэн. ДХГ дараа нь ДЯЯ-наас хятадын тагнуул, туршуулыг сөрөн зогсохын зэрэгцээ зөвлөлтийн дэмжлэгээр цэрэг-тагнуулын шийдэмгий ажиллагааг удаа дараа  хилийн чинадад явуулах болсон.

-1930-аад оноос Япончууд Манжуур, Солонгост нэвтрэн байр сууриа бэхжүүлсэн шүү дээ. Энэ нь Монголчуудад ч  бас нөлөөлсөн нь дамжиггүй?

-Японы мэргэжлийн тагнуулч Моришимо, “...Халх Монголыг дайн байлдаангүйгээр эзлэн авахыг оролдвол зохино... Монгол Улсын дотор элдэв цуурхал тараах, хорлон сүйтгэх, бутарган сарниулах, үзэл суртлаар төөрөгдүүлэх ажиллагааг тагнуулын арга хэрэгслээр явуулж, эв нэгдлийг нь бусниулж, хүчийг туйлдуулах хэрэгтэй...Ийм аргаар Монголыг эзэлбэл амар хялбар болно” гэж хэлсэн үг нь Японы тагнуулын албадын баримтлан ажиллах гол чиглэл болж, тэдгээрийн хэрэгжилтийн үр дагавар, Монголчуудад ихээхэн хохирол учруулсан. Тухайлбал,  япончууд Гэндэн, Дэмид нарын замаар явахыг ил далд замаар ахин дахин ухуулж сурталчилснаараа тэд японы талыг баримтлагч тагнуул төлөөлөгч байсан мэт ойлголтыг Монголын нийгмийн гүнд улам бат шингээж, зөвлөлтийн большевикүүдийн хардлагыг дэвэргэж, цуст хэлмэгдүүлэлт өргөжихөд хүргэсэн байдаг.

-Хятад болон Японы тусгай албадын үйл ажиллагаа ямар түвшинд явагдаж байв?

-Ур чадварын хувьд япончууд илүү байсан. Арга ч үгүй биз. Япончууд Германтай цуг дэлхийд жанжлахыг эрмэлзэж, Англи, Америк, Зөвлөлт гээд дэлхийн томоохон гүрнүүдтэй сөргөлдөж байсан улс шүү дээ. Гэтэл ДИУ дотроо учраа олох гээд сандарч байсан үе. Гэхдээ Монголыг өөрийн нэг хэсэг гэсэн бодлогоосоо алхам ухраагүй. Япончууд Монгол Улсын эсрэг явуулах цэрэг-тагнуулын ажлаа нарийн төлөвлөсөн байдаг. Тухайлбал, Монголд тусгай ажиллагаа явуулах, хорлон сүйтгэгчдийг олноор бэлтгэж,  японы цэргийн анги, салбараас шилж сонгосон хүмүүсийг  элсүүлж, сургалт явуулсан. Энэ ажиллагаандаа буриад, барга, өвөр монгол иргэдийг олноор татан оролцуулсан. Ялангуяа Хятад дахь Шинэхэний буриадуудыг орос монгол хэлтэй, бас Монгол болон Зөвлөлтөд хамаатан садан нь байдаг гэсэн үндэслэлээр ихэд сонирхон талдаа татдаг байсан. Япончуудын Монгол Улсын эсрэг хорлон сүйтгэгчдийг бэлтгэх төв сургууль нь Завсар хотод байрлаж төлөвлөсөн ёсоор, байлдааны тушаал авмагц, эхний ээлжинд 12 бүлэг  Жанчхүүгээс Улаанбаатарын чиглэлд гарахдаа бүлэг дарга, ухуулагч, холбоочин, шифрлэгч, жолооч, хорлон сүйтгэгч гэх мэт өөр өөрийн чиг үүрэгтэй  19 хүнээс бүрдэж, зөвлөлт маркийн ачааны машинтай, хүн бүрийн хоол хүнс, хорлон сүйтгэх багаж, зэвсэг хэрэглэлтэйгээр Замын-Үүдээр Монгол Улсад нэвтэрч, Улаанбаатарт үүрэг гүйцэтгэх маш нарийн төлөвлөгөө гаргасан байдаг.

Дайны үед Монголд суурьшсан болон хилээр түр нэвтэрсэн японы туршуулын олонх нь, цэргийн анги, салбарыг тасралтгүй хянаж, монголын цэргийн ерөнхий штабын зохион байгуулалт, цэргийн бүх анги салбарын байрлал,  хүч хэрэгсэл, ар тал, аж ахуй зэвсэг, техник, бензин шатахууны нөөц, зам харилцаа,  монгол цэргийн давуу болон сул тал, дарга захирагчдын мэдлэг чадвар,  дадлага туршлага зэргийн талаар  дэлгэрэнгүй мэдээлэл олох үүрэгтэй ажиллан энэ даалгавраа ч муугүй биелүүлж байжээ. Тухайлбал,  монголын гүнд суурьшсан японы тагнуулч, “Монголын нэг морин дивиз нь ачааны 21, суудлын нэг машинтай, зэвсэг техник, бензин шатахуун тээвэрлэх 2 мянган машинтай болно. Дайчилгаагаар 5-6 мянган машин бэлэн болгох боломжтой, цэргүүдийн санал сэтгэгдэл тогтворгүй” гэж төвдөө мэдээлсэн байдаг.

-Японы тагнуулууд бас манай оронд тагнан турших ажиллагаа явуулж байсан гэлээ. Монголчууд хэрхэн сөрөг арга хэмжээ авч байв?

-Японы тагнуулын албадын манай оронд хэрэгжүүлэх тагнан турших, хорлон сүйтгэх ажиллагааны явц, төлөв байдлын талаар Монголын тагнуулчид тухай бүр мэдэж байсан. ДЯЯ-ны гадаад тагнуулын алба Монгол Улсын эсрэг хамгийн идэвхтэй ажиллаж байсан японы тагнуулын  анги, салбарыг устгах зорилгоор  1938-1944 онд Чилхаа, Рэнцэн, Санжаажамц, Наваан, Дэндэв, Жамьян, Балдан, Майлаахүү зэрэг тагнуулчдын группийг удаа дараа хилийн чинадад илгээж, хамгийн идэвхтэй ажиллаж байсан японы тагнуулын салбар, тагнуулч, мэдээлэгчдийг  устгах тусгай арга хэмжээг удаа дараа зохион байгуулснаар бүрэн устгаж чадаагүй ч,  үйл ажиллагааг нь тасалдуулсан. Японы тусгай алба хөрөнгө мөнгө, хүн хүчний хувьд монголын тагнуулын байгууллагаас хэт илүүрхэж байсан бол  монголчууд харин тагнуулын ажлын арга мэх, дадлага туршлагаараа  ялгарч байсан. Японы тагнуулчид, “..Монголын тагнуул, туршуулууд олон удаа хилээр сэм орж, даалгавраа биелүүлээд баригдалгүй буцсан, овсгоо самбаатай чадварлаг тагнуулчид Баянтүмэн Тамсагийн орчинд нилээн байна....Монгол Улсаас илгээсэн тагнуулчид, Хайлаар зэрэг томоохон хотуудад шургалан, бусдын бичиг баримтыг завсарлан ашиглаж, суурьшдагаас илрэхгүй байна...” гэх мэтээр бичиж, дээд удирдлагадаа танилцуулсан байдаг. Монголын тагнуулчид Квантуны армийн эрх баригчид Жанчхүүгийн даваа, Чуулалт хаалга, Халуун рашаан, Далай нуур зэрэг 17 дүүрэгт  томоохон хамгаалалт бэхлэлт олноор барьсныг илрүүлж, тэдгээрийн зохион байгуулалт, бүтэц, цэргийн хүч, галын цэгүүдийг судлан тогтоосон явдал, монгол зөвлөлтийн цэрэг  чөлөөлөх дайны үеэр уг бэхлэлтийг эвдэж, японы цэргийн бүлэглэлийг устгах боломжийг бүрдүүлсэн зэрэг олон баримтыг дурдаж болно.

-Бидний яриа Богд Хаант Монгол Улсаас социализмын үед ороод ирлээ. Үүнээс цааш хамаагүй ярьж болох эсэхийг би мэдэхгүй байгаа тул хариултыг танд үлдээе.

 

-Ирэх 2022 онд Тагнуулын байгууллагын 100 жилийн ой болно. Гэхдээ шинэ үеийн, орчин үеийн гэж тодотгох ёстой. Тэрнээс биш Монголчуудын тагнуулын уламжлал түүх гэвэл анхны төрт улс Хүннү дараагийн залгамжлагч улсууд, Их Монгол Улс, Чингис хаан гээд урагшаа болоод явчихна.

Энэ түүхэн ойг тохиолдуулан байгууллагын зүгээс өнгөрсөн түүхээрээ дамжуулан өсвөр үеийнхэн, олон нийтэд тусгаар тогтнолын үнэ цэн, тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хамгаалахад иргэн бүрийн оролцоо чухал байдгийг таниулан  сурталчлах цөөнгүй арга хэмжээ зохион байгуулж байна. Жил бүр нийт ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Эх оронч үзэл-Үндэсний аюулгүй байдлын баталгаа” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулж байгаа бөгөөд жил ирэх бүр оролцогчдын тоо нэмэгдэж байна. Тагнуулын байгууллагын түүхээр 100 аудио сонсдог зохиол хийгээд дуусч байна. Мөн ойд зориулж, тагнуулын байгууллагын түүхээр эрдэмтэн судлаачдаар баг бүрдүүлж ном бичих ажил ид явагдаж байна. Энэ бүтээлүүдээрээ урьд өмнө олны хүртээл болж байгаагүй олон баримт материалыг дэлгэнэ гэж төлөвлөж байна Хэрэгжээд 3 жилийн нүүр үзэж байгаа “Монгол Улсын төрийн болон албаны нууцын тухай хууль”-ийн дагуу энэ бүхэн ил болох учиртай юм.

Олон нийт тагнуулын байгууллагын үйл ажиллагаа нууц байдаг болохоор үнэн зөв баримт материал гэхээсээ хардлага сэрдлэг, таамаглалаар үнэлж дүгнэх нь түгээмэл байдаг. Гэтэл энэ бүхний ард үе үеийн эх орончдын амь өрссөн ажил үйлс, Монгол Улсын тусгаар тогтнолын далд түүх оршдогийг төдийлөн анзаардаггүй.  Дээрээс нь ТЕГ-ын Тусгай архив бол сонирхсон эрдэмтэн, судлаач бүр нэвтрээд байдаггүй хаалттай орчин. Иймд бид түүхэн цаг хугацаа, нөхцөл байдлаа улирч өнгөрөөсөн баримт материалуудыг ил болгож, олон нийтэд түүхийн үнэнийг хүргэх, хүртээл болгоход анхаарч байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)