Амьд биетүүдийн хувьсал, хөгжлийн философи

Анхны амьд биет гаднаас, өөр эрхэсээс ирсэн үү, дэлхий дээр шинээр үүссэн үү, эсвэл аль нэгэн байдлаар манай гариг дээр анхнаасаа хадгалагдаж байсан уу гэдэг нь яг таг тодорхой биш билээ. Гэвч нэг зүйл үндсэндээ тодорхой болжээ. Энэ бол одоо манай дэлхий дээр байгаа амьд биетүүдийн анхны өвөг бол бактериуд, вирус, замаг юм. Олон тэрбум жилийн хувьслын үр дүнд нүдэнд үл үзэгдэх амьд биетүүдээс өнөөгийн бүх амьтан, бас хүмүүс буй болжээ. Дэлхий дээр амьд биетүүд буй болж, тэдний оролцоотойгоор биосфер (шим мандал) цогцлон бүрэлдэж, эцэсдээ биологийн нэгэн зүйл болох хүмүүс үүсчээ. Энэ бол хувьслын үр дүн, хувьсах замаар буй болсон хөгжил, дэвшлийн үр дүн мөн юм. Амьд биет бүхэн ёстой л түмэн шидээр хувьсах, өөрчлөгдөх боломжтой ажээ. Тэдгээрийг өөрчлөгдөхөд хүргэдэг дотоод хүчин зүйлүүд ч тоймгүй олон, мөн гадаад гэхээр хүчин зүйлүүд бас тоймгүй олон байдаг. Тоймгүй олон хүчин зүйлүүд нь тоймгүй олон чигт, тоймгүй олон янзаар, тоймгүй их хувьслыг үүдсээр иржээ. Ийм процесс олон тэрбум жил үргэлжилсэн байна.

Орчны өөрчлөлтийг дагаж, хэрэгтэй шинжүүдээ удамшуулж, хэрэггүй шинжүүдээ гээж, орон зай ба цаг хугацааны олгодог хязгааргүй боломжийг хэрэгжүүлж, амьд биетийн өөрөө бүтэх төгөлдөржихийн “ид шидийг" үзүүлсээр шим мандал өнөөгийн дүр төрхөө олж, өнөөгийн бүрдэл, бүтцээ бүтээжээ.

Амьд байгалийн орших, тархах орон зай нэн их, амьс биетийн тоо, хэмжээ хязгааргүй олон, шим мандлын нөхцөг орчин мөн хязгааргүй олон янз байсан нь амьд биетүүдийн хувьсалд хязгааргүй боломжийг олгожээ. Бүх тал, бүх нөхцөл, бүх хүчин зүйлийн мөнхүү хязгааргүй шинж, байдал нь байгалийн шалгарлын явцад амьд биетүүд хэдийд ч  гэсэн бүрэн мөхөх, устахад хүрэх боломжийг байнгад хааж ирсэн бололтой. Тиймээс манай дэлхий дээрх амьд биетүүд хэзээ ч бүрэн устаж, байсангүй, оргүй болон мөхөж байсангүй. Ямар ч хүнд бэрх үед ургамал бас амьтдын аль нэг хэсэг нь, аль нэг бүлэг нь шим ертөнцийн хаа нэгэн цэгт тэсэн үлдсээр, ахин дахин олшрон тархсаар л байжээ. Өөрөөр хэлбэл байгалийн шалгарал нь олон олон цэгт амжилт гарсаар байхаас өөр аргагүй тийм олон орчин нөхцөлд тасралтгүй явагдсаар, олон зүйл амьтан ч дараа дараагийн шалгаруулалтанд бэлтгэгдэн, дасгалжин үлдсээр л байв. Хязгааргүйд хязгаар гэж үгүй нь амьд биетүүдийн хувьслын хязгааргүй чадавхаар ийнхүү жишээлэгдэн ойлгогдож болох ажээ. Ингэхлээр бүх хэмжүүр нь, илрэл нь, боломж нь хязгааргүй байнгын хувьслын явцад, үр дүнд юунаас юу ч үүсчихсэн байхыг үгүйсгэх, гайхах зүйл огтхон ч үгүй юм. Эгэл бөөмтнөөс олон тэрбум жилийн хувьслын явцад хүн, хүмүүс үүсэн гарсанд ч гайхах зүйл алга байна.

 

 

 

Амьгүй байгаль өөрөө, сулдаа олон янзын нөлөө, үйлчлэлд өртөж байнгад хувьсаж, өөрчлөгдөж байдаг. Амьгүй байгалийн мөнхүү хувьсгал, өөрчлөлт нь амьд биетүүдэд нөлөөлж тэднийг бас өөрчилж, хувьсахад хүргэдэг. Ийм шүтэлцээ мөнхөд оршиж иржээ. Гадны нөлөөг тусгаж, түүнд хариу үйлдэл үзүүлдэг амьтны чадавх нь хэдэн тэрбум жил дамнан боловсронгуй болсоор эцэстээ бүр оюун ухаантай амьтныг буй болгож чадсан нь бид, хүмүүс юм.

 

 

 

Амьд биетүүд олон хүчин зүйлийн нөлөөллийн ачаар элдэв байдлаар өөрчлөгдсөний үр дүнд нэг зүйлээс олон зүйл салбарлан гарч организмуудын хэлбэрүүдийн төрөл олширсоор байжээ. Шинэ төрөл, зүйл нь шинэ орчин, нөхцөлд илүү их зохицсон, амьдрах чадавх өндөртэй байдаг. Шалгарал, хувьслын ачаар амьтдын бие, эрхтэн,тэдгээрийн чадавх ихэд сайжирч, боловсронгуй болж, уураг тархины нь хөгжил шинэ, дээд шатанд шилжсээр иржээ.

Амьд биетүүдийн хувьсал, дэвшлийн бүхий л түүхийн туршид түүний хөдөлгөгч хүч нь амьдралын төлөөний тэмцэл, байгалийн шалгарал байжээ.

Байж байгаад сөнөсөн, мөн одоо хүртэл байсаар буй, бас буй болоод удаагүй байгаа бүх амьд биет нь хоорондоо гарал, үүслийн талаар холбоотой юм.

 

Амьгүй байгаль нь материаллаг нэгдэлтэй, төсөөтэй бүтэцтэйн нэгэн адилаар амьд байгаль ч мөн материаллаг нэгдэлтэй, төсөөтэй бүтэцтэй юм. Амьгүй хийгээд амьд байгалийг бүтээсэн химийн элементүүд ч бас адилхан ажээ. Амьд биетүүдийг төсөө ба ялгаанд нь тулгуурлан яаж ч ангилж, бүлэглэлээ гэсэн тэдгээрийн үүсэл, гарвалын уялдаа, холбоо үл тасрах байдлаар, тод томруунаар ажиглагдсан хэвээрээ л үлддэг байна. Газрын гадаргуйн давхраа нэг бүрийн бүрэлдэж тогтсон насыг геологичид тогтоож чаддаг болсноор тухай тухайн давхраанд үлдэж хоцорсон чулуужсан амьд биетүүдийн амьдарч байсан түүхэн цаг үеүүдийн үл тасрах гинжин хэлхээ ч мөн танин мэдэгджээ. Чингэснээр амьд биетийн хувьсал, хөгжлийн философи үндсэндээ тодорхой болсон юм.

 

Амьд биетүүдийн хэлбэр, дүрс, эрхтнүүдийн чадвар өнгө зүс, жин, хэмжээ үнэхээр хязгааргүй олон янз ажээ Нэгэн зүйлд хамаарагдах олон амьтан дотор ч гэсэн яг адилхан хоёр бодгал байхгүй юм. Организм нэг бүр хувирах чадвартай, хувь хувийн онцлогтой байдаг нь амьд биетүүдийн түгээмэл шинж, аливаа шалгарлыг даван туулж байх төрөлх шинж болно.

 

Амьд биет бүхэнд гол чухал шинжүүдийг нь удамшуулан зөөдөг материал бий. Мөн хувьсал, өөрчлөлтийг шингээж үлдээдэг материал ч бас бий. Чингэж удамшил ба хувьсал нь материаллаг зүйлсээр дамжин зөөвөрлөгдөж, мөн материаллаг зүйлсээр тэмдэглэгдэн бэхжиж иржээ. Ийм өөрчлөлт хуримтлагдсаар эх зүйлээ үгүйсгэж шинэ зүйлийг бүтээсээр байв.

 

Амьтанд зүйлийн нь шинжүүд, эцэг эхийн нь шинжүүд удамшихын дээр тухайн бодгалд өөрт нь шинээр буй болсон удамших хувьсал ч мөн хадгалагддаг. Удамшсан бүхэн нь амьдрах орчинтойгоо зохилдож байвал уг амьтан амьд үлдэж, үржиж, популяциа тэтгэдэг ажээ. Тухайн зүйлийн тухайн популяцид хамаарагдах бүх бодгалууд бүгд хоорондоо адил биш, элдэв ялгаатай байдаг нь орчны өөрчлөлтөд зохицох тэдний чадварыг мөн ялгаатай болгодог байна. Чингэж зүйл бүрийн дотоодод, өөрт нь хувьсах, зохицох, дэвших нөөц, боломж байнгад хадгалагдсаар иржээ.

Хувирсаар, өөрчлөгдсөөр, “шаардлага нь өндөржсөөр” байгаа орчин, нөхцөл, өрсөлдөөн, тэмцэл л бодгалын бие, организмд нөлөөлж “өөрчлөлтийг даган өөрчлөгдөхөд” хүргэдэг. Амьтны эрхтэн бүхэн “өндөр шаардлагын эрхээр” дасгалжин чадавх нь сайжирч, хэрэг болох шинж нь багассан эрхтэн байваас суларч мөхөж эхэлдэг.

 

Амьтны бие, эрхтний өөрчлөгдөх, хувьсах, хувьсал нь удамших гайхамшигт чадварын жишээ, нотолгоо эдүгээ гэхэд тун олон болжээ. Жишээ нь одоо бидний мэдэх том жижиг, урт богино, сүүлтэй сүүлгүй, үстэй хожгор, элдэв өнгийн гэх мэт ялгаатай 100 гаруй үүлдрийн ноходыг ердөө л 2-3 зэрлэг өвгөөс уламжпуулан хүмүүс гаргаж авсан байна. Үхрээр жишээлэх аваас ердөө л 3-4 зэрлэг өвгөөс уламжлан зориудын шалгарлаар буй болгосон 400 гаруй үүлдэр бий юм.

Амьд биетийн хадгалагдах, зохицох, хувьрах, өөрчлөгдөх гайхамшигт чадавх нь амьдрал аль нэгэн хэлбэр, илрэлэээрээ сансар хорвоод түгэн тархсан байж болохыг харуулдаг. Амьдрал (нөхцөл бүрдсэн үед) хаа нэгтээ шинээр үүсэж болох хэдий ч аль хэдийнээ үүсэж бас тархаж чадсан түүний нүдэнд үл үзэгдэх хэлбэр, дүрсүүд сансар хорвоогоор аль хэдийнээ дүүрчихсэн байж ч бас болох юм.Хаана тааламжтай нөхцөл бүрдэж байна тэнд тэдгээр микробиетүүд үлдэж, төвхнөж, гайхамшигтай хувьсал, хөгжлөө эхэлдэг байж ч магадгүй...

 

Манай гариг, дэлхийн оршин тогтнолын эхний нэгэн тэрбум жилийн дотор амьгүй биетүүдээс амьд биет, амьдрал үүссэн байж болох тухай үзэл, онол нь хангалттай хэмжээнд нотлогдохоос нааш эргэлзээ төрүүлсээр байх нь тодорхой байна. Өмнө өгүүлсэн зүйлүүд ч ингэж эргэлзэхэд хүргэж байгаа болно. Бичил биетний элдэв омгийн төлөөлөгчид сайтар хамгаалагдсан байдалтайгаар хаана ч зөөгдөн, тээгдэн, нуугдан явж байж болохыг үгүйсгэх аргагүй юм. Амьгүй бодис, юмсыг ашиглан амьд биетийг гаргаж авсан туршилт, сорил хийгдэж, түүний механизм, технологи танин мэдэгдсэн цагт л өмнөх эргэлзээний учир тайлагдах бизээ. Хүмүүсийн мэдлэг, мэдээлэл бага, хязгаарлагдмал, дутуу, хомс нөхцөлд амьд биетийн үүсэл, гарвалын асуудлыг нотлогдсон, туршилтаар батлагдсан гарвалын онолоор тайлбарлах боломжгүй юм. Амьд биетийн үүсэл, гарвалын асуудлыг хүмүүс эдүгээ хүртэл археологийн олдворуудыг ашиглан шийдвэрлэх гэж оролдсоор иржээ. Зөвхөн үлдэгдлээр нь байсныг нь тодруулах, таних арга бол мэдээжээр өрөөсгөл юм. Үлдэгдэл нь хадгалагдаагүй, чулуужаагүй нөхцөлд яах болж байна аа? Өөр онол, таамаглал нэг бүрийг эргэж нягтлах. шалгах хэрэгтэй болж байна.

 

Бүх амьтан бүгдээрээ нэг л өвөг дээдсийн удам судар нэг л модны салаа мөчир болох нь ХҮIII, XIX, XX зуунь туршид бүх талаар нотлогджээ. Бүх амьтны бие, эрхтэн эсээс бүтдэг. Эсийн бүтэц нь адилхан. Ихэнх амьтнь эрхтэний бүтэц, байрлал, үүрэг бас адилхан. Сайтас нягтлах аваас ялгаа нэг бүр нь төсөөтэй шинжрүү л хөтөлдөг. Эрхтэнгүүдийн мөхөж буйг нь сэргээгээд, дутаж буйг нь нөхөөд, ихэд өөрчлөгдсөнийг эхний нь байдалд оруулж дүрслэх аваас биологийн ангилал нэг бүр нь өвөг хэлбэрээ олж, тэдгээр нь чулуужсан үлдэгдлээрээ давхар баталгаажиж байна. Харин нүдэнд үл үзэгдэх бичил амьд биетүүдийн гарвал ба хувьслын талаар өмнөхтэй адил ноттой, баттай зүйлүүдийг хэлэх бололцоо үгүй юм.

 

Хүний дээд өвөг нь одоогоос 3 тэрбум гаруй жилийн өмнө гэхэд амьтны аймаг, хөвчтөний хүрээ, сээр нуруутны хүрээний хэмээн ангилагддаг бүдүүлэг амьтад байжээ.Энэ хүрээний амьтадаас хөхтөн амьтад, тэднээс ихэстэний доод ангийн хөхтөнүүд, ихэстэн хөхтөнүүдээс мичний баг, тэднээс мичний овог, энэ овгийн бичүүдээс хүний төрөл, мөнхүү төрлийнхнөөс ухаант хүмүүс гэсэн биологийн нэгэн зүйл (Хомосапиенс сапиенс) үүсчээ. Хүний үр хөврөл эхийн хэвлийд бойжихдоо 10 сарын дотор дээрх ангилал дахь ерөнхий хэлбэр, дүрсүүдийг биеэрээ товчлон дамжиж хөгждөг. Чингэж эртний өвгүүдийн нь шинж, тэмдэг үр хөврөлийн өсөлтийн эхний шатанд удамшин илэрч, бас тасалдан зогсож байгаа нь удамших хувьслын түүхэн явцыг ямраар ч ангилж, хувааж, бүлэглэлээ гэсэн удамших шинжийг нь хэрэгжүүлэгч материал нь (ген, хромосом) адилхан юм.

 

Бүх зүйлийн амьд биетүүдийн хэлбэр, төрх, өнгө, зүс, жин, хэмжээ зэрэгт хүчтэй нөлөө үзүүлсэн нэгэн хүчин зүйл бол дэлхийн хуурай гадаргуйн хуваагдал, холдолт, сарнил, дахин нэгдэл, ойртолт болно. Одоогоос 250 орчим сая жилийн өмнө дэлхийн хуурай гадаргуй ердөө л нэгэн том эх газар байжээ. Гэвч 180 орчим сая жилийн өмнөөс энэ том эх газар эквадор орчмоор 2 хуваагджээ. Дараа мөнхүү хоёр хэсэг уртраг дагуу олон хуваагдаж, өргөрөг дагууд салж, хоорондоо холдож, бүр далайгаар зааглагджээ. Далай бол шувуудаас бусад амьтдын хувьд гэтлэшгүй том саад юм. Одоогоос 10 орчим сая жилийн өмнө гэхэд хойд туйл, өмнө туйл, хойд Америк, өмнөд Америк, Африк, Ази-Европ, Австрали, Энэтхэгийн хойг, Мадагаскар бүгд л тус тусдаа том, жижиг арал болон усаар тусгаарлагдсан байжээ. Дараа нь зарим нь хоорондоо ойртож, зарим нь бүр холдож, бас зарим нь хоорондоо мөргөлдөж уулс үүсгэн нийлсэн байна.

 

Жишээ нь Энэтхэгийн хойг том арал байснаа 100 сая жилийн өмнө Евро-Азитай ирж нийлжээ. 80 орчим сая жилийн өмнө Африк ч бас Евро-Азитай хамт байв. 180 орчим сая жилийн өмнө Австрали тив эх газраас салсан ба 60 орчим сая жилийн өмнө Хойд Америк Азитай цуг байжээ. Энэ бүх салалт, нийлэлт, холдолт, ойртолт амьтдын хувьсалд ул мөрөө гүнзгий үлдээсэн юм. Хойд Америк Азиас салаад нэг сая орчим л жил болж байна. Ингэж тодорхой утгаар Евро-Ази үндсэндээ дэлхийн хуурай газрын түүхэн Төв, амьтадын тархалтын түүхэн Төв, ихэнх хөхтөн амьтадын үүсэл, оршлын түүхэн Төв, уур амьсгалын олон янз, олон бүс, бүслүүрт байдлаараа биогеографийн их хувьсал, өөрчлөлтийн түүхэн Төв мөн болно. Хойд туйл орчмоос дахин давтан нүүрэлж байсан их мөсдөлтийн үед Евро-Азийн бүх амьтад аргагүйн эрхээр Хойд Африк ба Энэтхэгийн хойгруу шахагдан нүүдэллэж байсны ул мөр амьтадын нь төсөөтэй байдлаас тодорхой харагддаг юм. Ялангуяа Эфиоп орчмын болон Баруун өмнөд Ази орчмын амьтад ихээхэн төстэй байдаг. Амьтадаар зогсохгүй ургамал нь ч бас ихээхэн ойролцоо байна. Ээлжпэн солигдож ирсэн олон удаагийн их мөсдөлт ба дулаарал нь эн тэргүүнээ хөхтөн амьтадын хувьсал, хөгжилд хүчтэй нөлөөлжээ. Тиймээс мөсдөлт ба дулаарлын бүс нутагт л чухамхүү оюун ухаант хүн үүсэх процесс байн байн ихэд идэвхийжиж, удамших хувьсал хүчтэй явагдаж ирсэн байна. Хүний өвөг дээдсийн хувьсал, хөгжлийн хурдац нь Зүүн хойд Азиас Зүүн хойд Африк хооронд харьцангуй их, үр дагавар нь ч мөн харьцангуй их байжээ гэж дүгнэж болох юм. Одоогоор буй болсон археологийн олдворуудын шинж, байдал ч ингэж хэлэхэд харшлахааргүй байгаа болно.

 

Өнөөдөр дэлхий дээр оршин байгаа амьд биетүүд бол ойролцоогоор 3-4 тэрбум жилийн туршид манай гариг дээрх нэн таатай нөхцөлд (шим мандалд) хувьсаж хөгжсөөр ирсэн амьд микробиетүүдийн үр хойчис, хувьсаж хөгжсөн үр дүн нь юм. Жишээ нь хөхтөн амьтад үүссэн үеийн (нилээд хожуу үе гэсэн үг) зааны дээд өвөг нь орчин үеийн үхэр огдооны хэрийн жижиг амьтан болно. Халимны мөнхүү үеийн дээд өвөг нь мөн л тиймэрдүү нэгэн хөхтөн ажээ. Харин хүний нэн эртний анхдагч өвөг дээдэс бол мэдээжээр нэгэн зүйлийн бактери болно. Сайтар харьцуулах, нягтлах, ургуулан бодох аваас орчин үеийн хүнд байгаа ихэнх гол эрхтэн анхдагч бүдүүлэг хэлбэрээрээ эртний бактериудад мөн байжээ. Бактериуд нь гонзгойдуу биетэй, арьс маягийн бүрхүүлтэй, тулгуур ханатай, дээд хэсэгдээ удмын материалтай (плазмид), биеэ тойрсон тэмтрүүлүүд болох сормуустай, мөн сүүлтэй, бэлгийн болон бэлгийн бус аргаар үржих чадвартай, өсөх үржих хурд нь нэн өндөр эгэл бөөмтөн билээ.

 

 

Судлаач, профессор Д.Чулуунжав

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)