Орос: Бээжин чимээгүй байна, хий шинэ замаар ази руу гарах уу
- 2022-01-04
- Топ сэдэв
- 0
Эдийн засгийн шинжээч, газрын тос, байгалийн хийн зах зээлийн мэргэжилтэн, орчуулагч, сэтгүүлч, түүхч, Дорно дахины судлаач Михаил Крутихин "Gas & Money"-д нийтлэл бичжээ. Нийтлэлийг сийрүүлэн хүргэж байна.
Хятад улс “Сибирийн хүч-2” төслийн талаар зөвшөөрлөө өгсөнгүй. В.Путин, Ши Жиньпин нар арванхоёрдугаар сарын 15-нд болсон видео уулзалтын үеэр албан ёсны мэдээллээр энэ сэдвийг зөвхөн "хөндөөд" орхисон гэсэн мэдээлэл бий. Оросын байгалийн хийг Хятадад нийлүүлэх талаар ямар ч тохиролцоонд хүрээгүй байна.
“Сибирийн хүч-2” нь байгалийн хийн гол ордууд төвлөрсөн Ямало-Ненецкийн автономит тойргоос Монгол руу, тэндээс Хятад руу хийн хоолой татах маш нарийн төвөгтэй, цаг хугацаа шаардсан, өндөр өртөгтэй төсөл юм. Хийн хоолойн нэвтрүүлэх чадвар жилд 50 тэрбум шоо метр, өргөтгөх боломжтой, Оросын нутаг дэвсгэрээр дамжих урт нь 2700 км. 2020 оны хавар В.Путин "Газпром"-ын маршрутын зураг төслийг боловсруулж эхлэх саналыг зөвшөөрчээ. Үүнээс сарын дараа тус компани төслийн ТЭЗҮ-ийг баталсан. Барилгын ажил эхлэх хугацааг мөн 2024 он гэж зарласан.
Дахин нэг удаа сануулахад санал болгож буй маршрутын дагуу хий импортлох талаар хятадуудтай тохиролцоонд хүрээгүй байна. Түүгээр ч зогсохгүй энэ талаар Оросын эрх баригчид болон "Газпром"-ын удирдлагуудын Хятадтай хийсэн олон жилийн хэлэлцээний явцад (эсвэл ятгалгын) Оросоос Монголоор дамжин өнгөрөх хоолойн санааг Бээжин нэг бус удаа эрс няцаасаар ирсэн. Энэ байр суурь хараахан өөрчлөгдөөгүй байна.
Төсөлтэй санал нэг байгаа хүмүүс бол монголчууд. Тэд Оросоос Ямалын хий нийлүүлэх саналыг баяртайгаар хүлээж аваад зогсохгүй, хийн хоолойн маршрутыг тохиролцон, өөрсдийн нутаг дэвсгэр дээгүүрх хэсгийг "Союз Восток" гэж нэр өгсөн. Гэсэн хэдий ч байгалийн хийн хэрэглээ багатай Монгол Улс "Сибирийн хүч-2”-ыг барих асар их зардалыг (хэдийгээр албан ёсоор зарлаагүй) зөвтгөж чадахгүй. Хятад улс хэд хэдэн шалтгааны улмаас Москвагийн гол зорилго хэвээр байна.
Ирээдүйд Оросын баруун, зүүн хийн дамжуулах системүүдийг хооронд нь холбож, зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан хийн экспортын урсгалыг Европоос Ази руу болон Азиас Европ руу буцаах боломжтой болгоно гэж ОХУ-ын ерөнхийлөгч нэг бус удаа мэдэгдсэн.
Ийм боломж нь Оросын удирдагчдын төлөвлөгөөний дагуу хий хүлээн авч буй орнуудад нөлөөлөх нэмэлт хөшүүрэг болж өгдөг тул арилжааны төдийгүй геополитикийн чухал ач холбогдолтой юм. Европ руу 2006, 2009 онд хий шахахаа зогсоож, 2014-2015 онд нийлүүлэлт хоёр дахин буурч, Европ дахь газар доорх агуулахыг дүүргэхээс татгалзаж, 2021 онд нэмэлт гэрээ байгуулснаас үзэхэд, энэ нь "Газпром"-ыг цэвэр арилжааны зорилготой гэж бас тайлбарлах боломжгүй юм. Москвагийн Европыг эсэргүүцэгчдийн геополитикийн төлөвлөгөөнд хятадууд ороход бэлэн биш байгаа бололтой. Оросууд БНХАУ-д нийлүүлэх хэмжээгээ Оросоос баруун руу чиглэсэн экспорттой тэнцэх хэмжээнд хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа. Кремлийн амласан урсгалыг "солих" боломжид Бээжин хариу өгөхгүй байна.
2014 оны тавдугаар сард В.Путин Шанхайд айлчлах үеэр Оросын хэлэлцээрт оролцогчид одоогийн “Сибирийн хүч” төслийг хэрхэн тулгаж, ямар их хүч чармайлт гаргаж байсныг санах нь зүйтэй. "Газпром" гэрээ байгуулахдаа ямар хүнд нөхцөлөөр тохиролцсоныг ойлгохын тулд Хятад одоо Оросын хийг хямд үнээр авч байгааг харах хэрэгтэй. Энэ хийг Хятадын хилээр гаргах нь арилжааны ашиггүй харагдаж байгаа бөгөөд дамжуулах хоолой барих зардлыг зөвтгөх үндэслэл болохгүй.
Хятадууд Оросын байгалийн хийг шинэ замаар импортлох арилжааны таатай нөхцөлийг дахин хүлээж авна гэж найдаж, гэрээгээ зүгээр л сунжруулж байна гэж таамаглаж болно. Гэсэн хэдий ч, ийм хувилбарын эсрэг хэд хэдэн ноцтой баримтууд байна. Нэгдүгээрт, Бээжин улс төрийн шалтгаанаар Монголоор транзит тээврийн асуудлыг тохиролцоход бэлэн биш хэвээр байна. Хоёрдугаарт, Хятад улс “Сибирийн хүч-2”-ын шаардлагагүйгээр хийн балансаа тэнцвэржүүлж чадаж байна.
Хятадууд энэ хоолойг өөрсдийн нутаг дэвсгэр дээр хүлээн авахаас татгалзаж байгаа ч, практикаас харахад "Газпром"-ыг шинэ амбицтай төсөлд хэдэн арван, бүр хэдэн зуун тэрбум ам.доллар зарцуулах хүсэлд нөлөөлж чадахгүй байх магадлалтай. Оросын байгалийн хийг зүүн тийш тэлэх “арилжааны” төлөвлөгөөг улстөржүүлсний үр дүнд компанийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр улам өсөх бололтой.
Эх сурвалж: www.gasandmoney.ru
З.БАТЦЭЦЭГ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (0)