Ж.Дэлгэрсайхан: Өнөөгийн бодлогоо хэвээр үргэлжлүүлбэл оны эхний хагасаас төгрөгийн ханшин дээр дарамт мэдэрч эхэлнэ
- 2022-01-05
- Эдийн засаг
- 0
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.
- Өнөө жил ковидын дараах огцом сэргэлт бий болох найдлага байхгүй-
-Хил хаагдсан энэ өдрүүдэд улсаараа үйлдвэрлэгч байсансан бол гэсэн харамсал олон хүнд төрж байна л даа. Үйлдвэрлэгч байхын тулд бид яах ёстой юм бол, ер нь тийм боломж бидэнд байна уу?
-Бид эдийн засгийн бүтцээ алдчихаад байна л даа. 2021 оны гуравдугаар улирлын ДНБ-ий 60 гаруй хувь нь хөдөө аж ахуй, уул уурхайн олборлолт, үйлчилгээнд ногдож байна. Таны асуултын хариулт эндээс харагдана. Бид үйлдвэрлэгч болох, нэмүү өртөг шингээх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох гэх мэтээр хичнээн олон жил ярьсан ч үр дүн нь ерөөсөө л энэ. Товчхондоо бид XXI зуунд үйлдвэрлэлийн бүтэц багатай, уул уурхай, хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээний орон болчихоод байна. Хэдэн тонн нүүрс гаргах, эрдсийн бүтээгдэхүүний үнэ ямар байх л манай эдийн засгийг тодорхойлж яваа нь бодитой үнэн. Ядаж эдийн засгийн гол тулгуур болсон уул уурхайн салбартаа нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн бий болгомоор байгаа юм. Даанч энэ тал дээрээ ч маш удаашралтай яваа. Би хувьдаа улс оронд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх үе шат байх ёстой гэж боддог. Дэлхийн өндөр хөгжилтэй бүх орон энэ үе шатыг туулж эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулсан. Өөрсдөө хийж чадах зүйлсээ хамгийн сайн хийж, түүгээрээ өөрсдийгөө болон бусдыг хангаж эдийн засгийн тэнцвэрээ хангах суурь нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Ингэхийн тулд бид шинжлэх ухаанч бодлого тодорхойлж, түүнийгээ хэрэгжүүлэх чадамжтай засагтай байх ёстой.
-Үе үеийн Засгийн газар үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэээд өчнөөн гоё төлөвлөгөө гаргадаг хэрнээ өнөөг хүртэл тэр засгийн үед энэ том үйлдвэрийг барьсан даа гэх том бүтээн байгуулалт алга. Таны хэлээд байгаа шиг засагтай болж чадахгүй яваагийн хамгийн гол шалтгаан нь юу юм бол?
-Өнгөрсөн 30 жилд ийм засагтай болж чадаагүйн үндсэн шалтгаан тодорхой л доо. Улс төрийн нөхцөл байдал доройтсон, намуудын төлөвшил сулаас шалтгаалж сайн засаглал бүрдээгүйтэй холбоотой гэж би хувьдаа ойлгодог. Сайн засаглал байвал бидэнд бусад бүх боломж нь байгаа. Тэр сайн засаг нь хувийн хэвшлийг ажиллах зөв бодлогоор дэмжиж, эрх зүйн орчин, дэд бүтцээр нь хангаж, төрийн эдийн засаг дахь шууд оролцоог хасчихвал байдал эерэг тийшээ хандах боломжтой.
-Өнөө жил эдийн засаг ямаршуухан өрнөх зурагтай байна вэ. Эдийн засагчдын яриаг анзаарах нь ээ таатай өнгө харагдахгүй байна л даа. Наад зах нь инфляци огцом цойлох нь тодорхой болчихлоо...?
-Тантай санал нэг байна. Миний хувьд өнөө жил ковидын дараах огцом сэргэлт бий болох боломжгүй гэж харж байгаа. Энэ оны эдийн засгийн өнгөө зөв тодорхойлохын тулд өнөөдөр хаана байна вэ гэдгээ зөв дүгнэх хэрэгтэй. Өнгөрсөн жилийн эхний хагаст уул уурхайн салбараас шалтгаалсан эдийн засгийн огцом сэргэлт ажиглагдаж, түүнээс үүдэж төсвийн орлого, гадаад худалдаа гэх мэт гол макро үзүүлэлтүүд эерэг харагдсан ч эдийн засгийн суурь асар хүчтэй эвдэгдсэн байдалтай байна. Өрхийн орлогын доройтол, бүтцийн алдагдал, хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд их эргэлзээтэй байна. Дээр нь таны дурдсан инфляци болон урсгал дансны алдагдал, валютын нөөц зэрэг дээр анхаарах зүйлс олон байгаа. Инфляцийн тухайд сүүлийн 4-5 сар өндөр байлаа. Цаашид ч инфляцийн өсөлт үргэлжлэх хандлагатай. Тэр хэрээр өрхийн амьжиргааны үзүүлэлтүүд улам л муудна. Товчхондоо бид их л зөв хөдлөхгүй бол энэ онд бас л хатуу жилийг туулах болно.
-Төгрөгийн ханшид тулгарах эрсдэл гэвэл та юуг онцлох вэ?
-Бид өнөөгийн бодлогоо хэвээр үргэлжлүүлбэл оны эхний хагасаас төгрөгийн ханшин дээр дарамт мэдэрнэ. Бүр тодруулж хэлбэл, өнөөдөр явуулж байгаа цар тахлын үеийн хөтөлбөрүүд, нийгмийн халамж, тэлсэн төсөв, мөнгөний тэлэх бодлогоо үргэлжлүүлсээр байвал ханшин дээр дарамт мэдрэгдэнэ. Товчхондоо одооноос урьдчилсан арга хэмжээнүүд авч төсөв, мөнгөний чиглэлдээ бодлогын тохиргоо хийж эхлэх хэрэгтэй. Харамсалтай нь аль ч институцийн зүгээс энэ чиглэлд алхам хийх хандлага ажиглагдахгүй байна.
-Нүүрс, зэсийн хувьд гол асуудал нь хил гааль, тээвэрлэлтийн асуудал. Өнгөрсөн жилийн тухайд тээвэрлэлт том сорилт байлаа. Өнөө жил яах бол?
-Нүүрсний экспортод голлож нөлөөлсөн гэх тээвэрлэлтийн асуудлын дийлэнх нь бидний урт, богино хугацааны бодлогын алдаанаас үүдэлтэй. Төмөр зам, боомтын нэвтрүүлэх чадвар сулаас гадна өнгөрсөн жилийн хувьд цар тахалтай тэмцсэн тэмцэл маш дорой байснаас бид боломжоо алдсан. УОК цар тахлын удирдлагыг хэрэгжүүлсэн субьектийн хувьд үнэхээр муу ажиллаж олон хүний амь нас, эдийн засгийн томоохон эрсдэлийг бий болголоо л доо. Энэ жилийн хувьд бас л эргэлзээтэй. БНХАУ-ын зүгээс биднээс цар тахлаа дотооддоо намжаах, эрсдэл багатай тээврийн сонголтыг түлхүү хэрэглэхийг цар тахал бүрэн намжтал, наад зах нь өвлийн олимп дуустал шаардах байх. Бид үүний эсрэг юу хийж чадах, хоёр талын гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд ямар дэвшил гарах зэргээс их зүйл шалтгаалах болов уу.
-Ковидын нэг том сөрөг нөлөөлөл нь ажилгүйдэл болчихлоо. Ажилгүйдэл ирэх онд буурах боломж харагдаж байна уу, эсвэл өнөө жилийнхээс ч өсөх эрсдэл байна уу?
-Ажилгүйдлээс гадна нийгмийн халамжийн хавтгайрал цар тахлын үеийн бодлогын томоохон ул мөр болчихлоо л доо. Энэ сөрөг нөлөөнүүдийг арилгахад их чармайлт хэрэгтэй. Ажилгүйдэл өсөх, буурахыг хэлэхэд ихээхэн эргэлзээтэй нөхцөл байдалд улсаараа орчихоод байна. Таамаглал хэлэхэд миний хувьд эдийн засаг ямартаа ч эрчимжинэ гэсэн хүлээлт байна. Төр засгийн зүгээс хавтгайрсан халамжаа эрхбиш оны эхний хагасаас хойш зогсоох болов уу. Хэрвээ тэгж чадвал ажилгүйдэл ямартаа ч буурах хандлага ажиглагдах байх. Бодлогын хувьд нэг эерэг зүйл бий. Төсвийн хүрээнд халамжаас, хөдөлмөрт гэсэн чиглэл барина гэж байгаа.
-Эдийн засгийг сэргээхийн тулд Засгийн газар юунд яаж анхаарч ажиллах ёстой гэж та харж байна вэ?
-Засгийн газар, эрх баригч намын зүгээс нийгэмд өгч буй мэдээллүүд энэ зунаас хойш маш эерэг байгаа. Хамгийн сүүлд зууныг эхлүүлэх зургаан сэргэлт гэсэн бодлогын төсөөллөө зарлалаа. Одоо таны асуултад хариулъя. Юуны өмнө цар тахлын үзүүлсэн нөлөө, үр дагаврыг үнэлэх хэрэгтэй. Мөн өнөөг хүртэл хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ үр дүнг тодорхойлох шаардлагатай. Ингэхгүйгээр цааш хэрхэх вэ гэдгээ тодорхойлох ямар ч боломжгүй. Миний хувьд эдийн засаг руу мөнгө оруулах хэрэгтэй гэж уржнан жилийн сүүлээр байр сууриа илэрхийлж явсан. Энэ агуулгаар Засгийн газрын 10 их наядын хөтөлбөрийг агуулга, чиглэлийн хувьд маш зөв гэж үзэж байсан юм. Гэхдээ одооны нөхцөлд бол мөнгөний захаар дамжсан энэ их нийлүүлэлт, цар тахлын хуулийн хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд, төсвийн тэлэлтээ эргэн харах шаардлагатай гэж бодож байна. Цар тахал бидний хувьд эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн асар том сөрөг үр дагаврыг бий болгож эдийн засгийн суурь төр, хувийн хэвшил гэлтгүй ихээхэн эмзэг болчихлоо. Одоо л цаг алдалгүй бодлогоо зөв чиглүүлж, зарим бодлогын хувьд тохиргоо хийхгүй бол эдийн засаг, эрүүл мэндээс гадна нийгмийн асуудал болох хандлагатай. Хэрвээ миний саналаар болдог бол төсөв, мөнгөний бодлогыг хумих, халамжийг багасгаж, бий болсон орон зайг бүхэлд нь эдийн засгийн одоогийн суурийг сэргээх, шинэ тэлэлт бий болгох чиглэлд хандуулмаар байгаа юм.
-Сүүлийн үед иргэд койн руу нэлээд хошуурч байна. Койны зах зээлийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Би сүүлийн 20 гаруй жил санхүүгийн зах зээлийг судалж, хичээлийг нь зааж, мөн ажиллаж байна. Энэ агуулгаараа, чиглэлийн мэргэжилтний хувьд блокчейн, койны талаар өөрийн боломжийн хүрээнд судлаад нэг дүгнэлтэд хүрсэн. Технологид суурилсан энэ шинэ боломж нь санхүүгийн төдийгүй бусад салбарт түрэн орж ирэх нь тодорхой болчихсон. Тэр нь ч батлагдаж дэлхийн олон улсад хүлээн зөвшөөрөх хандлага нэмэгдэж байна.
-Гэхдээ учир мэдэх хүмүүсийн зарим нь энэ зах зээлээс болгоомжлох хэрэгтэй, эрсдэлтэй гэсэн сэрэмжлүүлэг өгч байгаа...?
-Үнэндээ одоогоор энэ зах зээлд боломж, эрсдэл аль аль нь өндөр байгаа нь үнэн. Иймээс энэ зах зээлийг зөв зохицуулах, иргэд олон нийтийг хохироохгүй бодит үнэ цэнэ бүхий сайн бүтээгдэхүүн байх нь хамгийн чухал зүйл. Учир нь өнөөдөр дэлхий нийтээр блокчейн технологид суурилсан бүтээгдэхүүний үнэ цэнэ юунд оршиж байгаа вэ гэдгийг ихээхэн судалж байна. Дахиад хэлэхэд, гол эргэлзээтэй асуудал нь үнэ цэнэд байх шиг. Блокчейн технологи өөрөө гайхалтай ч дангаараа юу ч бүтээж чадахгүй. Харин түүн дээр суурилсан сайн бүтээгдэхүүн, тодорхой үнэт зүйлтэй холбосон байдал, санхүүгийн загвар л илүү чухал. Ийм зүйл байхгүй бол койн гэх зүйл нь цаг зуурын үзэгдэл байх магадлалтай. Учир нь одоогоор дэлхий дээр байгаа хэдэн мянган койны дийлэнх нь хоосон зүйлийг үнэ цэнэтэй мэт харагдуулж, түүнийгээ зах зээлд удаан байлгахыг оролдож байна. Энэ зах зээлийг сонирхож байгаа иргэдийн гол анхаарах зүйл нь энэ болов уу. Үүнээс гадна манай улс энэ талаар хууль гаргасан эхний хэдэн орны нэг болсонд би хувьдаа таатай байгаа. Ингэснээр энэхүү зах зээл дээр яг тухайн технологийн ололтыг бодит үнэ цэнэ болгож чадах компаниуд койн гаргаж чанартай бүтээгдэхүүн бий болох боломж бүрдэнэ.
-Ковидын үеийн эдийн засаг өнөө жил ч үргэлжлэх нь тодорхой байна. Засгийн газар цар тахлын хууль нэрээр төрийн оролцоог өндөр хэвээр байлгаад байна л даа, эдийн засагт. Хүн төрөлхтөн цаашид ковидтой хамт амьдрах нь бараг тодорхой болчихлоо. Төрийн эдийн засагт үзүүлэх нөлөө бага тусмаа сайн гэж бодох юм. Энэ тал дээр байр сууриа хуваалцаач, дахиж хөл хорио тогтоох шаардлага байна уу, ер нь?
-Цар тахлын үеийн хуулийг үргэлжлүүлэх шаардлагатай эсэх нь үнэндээ эргэлзээтэй. Өнөөдөр бид бараг л цар тахалтай зохицон амьдарч эхлээд байна. Цаашид ч ингэх шаардлага бий болох байх. Мөн эрх баригч намын бүлгийн даргын тайлбараас харвал тухайн хуулийн хүрээнд маш олон хүн төрийн албанд ердийн нөхцөл дэх эрх зүйн орчныг зөрчиж томилогдоод энэ нь хуулийг цуцлахад саад болсон гэх тайлбар сонсогдсон. Ийм үндэслэлээр бол хуулийг бүр үргэлжлүүлж боломгүй. Бид одоо цар тахлын хуулийг үргэлжлүүлэх эсэхэд бус эдийн засаг, иргэдийн амьдралдаа илүү анхаарах хэрэгтэй. Би хувьдаа төрийн эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл, оролцоо бага байх тусмаа сайн гэж үздэг. Ялангуяа хөгжиж буй засаглал муу манайх шиг оронд авилга зэрэг буруу явдал нэмэгдэх эрсдэлтэй.
-Хөл хорио тогтоох тал дээр таны байр суурийг сонсъё?
-Дахин хөл хорио тогтоох шаардлага байхгүй. Сүүлийн үед УОК-ын гаргаж байгаа зарим санал шийдвэр их эргэлзээтэй харагдах болсон. Зарим баярыг хавтгайруулан тэмдэглээд, заримыг нь хорих гэх мэт шийдвэр гаргахаар ойлгох аргагүй болчихож байгаа юм. Нийгмийн массын хандлагад суурилсан байдлаар дийлэнх шийдвэр нь гараад байх шиг. Хэрвээ бид дахин хөл хорио тогтоох нөхцөлд очвол хөл хориог тэсэж гарахад нийгэм, эдийн засаг талаасаа маш хүнд байх болно.
-Дэлхийн эдийн засаг энэ жил ямархуу байх төлөв ажиглагдаж байна вэ?
-Дэлхийн эдийн засгийн талаар голлох талуудын байр суурь харьцангуй эерэг байна. Би хувьдаа өнгөрсөн жилээс илүү өөдрөгөөр харж байгаа. Тээврийн сүлжээний доголдлоос шалтгаалсан нийлүүлэлтийн хязгаарлалт, үнийн өсөлт зэрэг дарамт багасах, эрүүл мэндийн шалтгаантай хорио цээрийн дэглэм сулрах нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Гэхдээ цар тахлын нөлөө, үр дагаврыг бид 2022 онд бүрэн арилгаж чадахгүй болов уу
Сэтгэгдэл (0)