Бүгд Найрамдах Казахстан Улсад үүсээд буй нөхцөл байдлын тухай

 Бүгд Найрамдах Казахстан Улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас гаргасан мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Казахстан Улсын Засгийн газар 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн шингэрүүлсэн хийн үнийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасантай холбогдуулан эсэргүүцлийн жагсаал Мангистау мужийн Жанаозен болон Актау хотуудад 1 дүгээр сарын 2-ны өдөр  гарч, Алматы, Нур-Султан зэрэг хотуудад тэлж, улмаар шаардлага нь зөвхөн хийн үнийн асуудал бус, эрх баригчдын үйл ажиллагааг шүүмжилсэн хэлбэрт шилжив.

Нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхийлөгч К.Ж.Токаев 1 дүгээр сарын 4-ний өдөр Мангистау муж болон Алматы хотод, 5-ны өдрийн 16.00 цагт Нурсултан хотод онц байдал зарлаж,  дараах арга хэмжээ авч эхлээд байна:

  1. Нийтийн хэв журам сахих, онцгой чухал объект, иргэдийн амь нас, нийтийн тээврийн үйл ажиллагааг хангах байгууламжийн хамгаалалтыг бэхжүүлэх;
  2. Алматы, Нурсултан хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөг хязгаарлах;
  3. Иргэний үнэмлэхийг баталгаажуулах, биечлэн шалгах, эд зүйл, тээврийн хэрэгслийг шалгах;
  4. Алматы, Нурсултан хот руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах;
  5. Тайван жагсаал, спортын болон бусад төрлийн олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглох;
  6. Ажил хаялт, хуулийн этгээдийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, зогсоох зэргийг хориглох;
  7. Зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодис, тусгай хэрэгсэл, хортой бодис худалдахыг хориглох, эм, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодис, түүнчлэн этилийн спирт, согтууруулах ундааны бүтээгдэхүүний эргэлтийн тусгай дэглэм тогтоох;
  8. Хувь хүн, хуулийн этгээдээс зэвсэг, сум, хорт бодисыг түр хураан авах, зэвсэг, сум, хорт бодис, түүнчлэн цэргийн болон сургалтын техник, тэсэрч дэлбэрэх бодис, цацраг идэвхт бодисыг түр хураах, зэрэг болно.

Ерөнхийлөгч К.Токаев 20.00 цагт /орон нутгийн цагаар/ ард түмэндээ хандаж “Төрийн тэргүүний хувьд, мөн өнөөдрөөс Аюулгүй байдлын зөвлөлийн даргын хувьд ард иргэдийн энх амгалан, аюулгүй байдлыг хамгаалахын төлөө бүхий л арга хэмжээг авна” гэж мэдэгдсэн. Тэрээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын үүргийг 5-ны өдрийн 16.00 цагт тус улсын Ерөнхийлөгч асан Н.Назарбаеваас аваад байгаа аж.

/Жич: Казахстаны анхны Ерөнхийлөгч Н.Назарбаев 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Казахстаны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд Ерөнхийлөгчийн албаа өгснөөс хойш Аюулгүй байдлын зөвлөлийн дарга, эрх баригч “Нур-Отан” намын даргын албыг нэг хэсэгтээ хашсан хэвээр байсан.  2021 оны 11 дүгээр сард тэрээр намын даргын албаа Казахстаны Ерөнхийлөгч К-Ж.Токаевт шилжүүлж, 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл Аюулгүй байдлын зөвлөлийн дарга байв./

Түүнчлэн Ерөнхийлөгч К.Токаев 20.00 цагт нөхцөл байдалтай холбогдуулан Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас тусламж хүссэн тухай мэдээлж байна.

1 дүгээр сарын 5-ны байдлаар Казахстаны Нур-Султан, Алматы Актау, Жанаозен, Атырау, Кызылорда, Исатая, Махамбета, Таразе, Шымкенте, Кокшетау болон бусад хотуудад томоохон жагсаал гарсан. Жагсагчид Алматы хотын захиргааны байр, нисэх онгоцны буудлыг эзэлсэн байна. Харин орон нутгийн хэвлэлээр цагдаагийн албан хаагчид жагсагчдын үйлдлийг таслан зогсоож тус байрыг чөлөөлсөн гэх мэдээлэл гарч байна.

1 дүгээр сарын 5-ны өдөр тус улс интернэт сүлжээг хязгаарлаж Facebook, Viber, WhatsApp, Instagram зэрэг нийгмийн сүлжээг хааж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон. Харин 6-ны өдрийн өглөө интернэт сүлжээг сэргээж эхлээд байна.

Олон улсын хэвлэлээр нийт 10 гаруй хүн амиа алдаж, зарим газар цагдаа нар жагсагчдын талд орсон тухай мэдээлэл ч гарч байна. Японы Никкэй сонины мэдээлснээр, 100 гаруй цагдаагийн ажилтан бэртэж, 200 гаруй иргэнийг хорьж саатуулаад байна. Мөн 190 иргэн эмнэлгийн тусламж авснаас 137 нь цагдаагийн албан хаагчид байсан гэх мэдээлэл байна. Мөн Аэрофлот зэрэг гадаадын компаниудын нислэгүүд зогссон, иргэд банкнаас их хэмжээгээр мөнгөө татан авч байна, ихэнх телевизийн сувгууд нэвтрүүлгээ зогсоосон гэх мэдээллүүд цахим орчинд гарч байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)