Б.Даш-Ёндон: Үндсэн хууль бол нийт ард түмний маань оюуны бүтээл
- 2022-01-07
- Топ сэдэв
- 0
Одоогоос 30 жилийн өмнө 1992 онд өнөөгийн шинэ Үндсэн хууль батлах үйл хэрэгт гар бие оролцож явсан Бүдрагчаагийн Даш-Ёндонтой ярилцлаа. Тэрээр тухайн үед МАХН-аас сонгогдсон АИХ-ын депутатуудын бүлгийн даргаар томилогдож, 1991-1996 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, даргын албыг хашиж явсан нэгэн юм.
-Шинэ Үндсэн хууль батлах явцын талаар та манай уншигчдад дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?
-БНМАУ-ын Ардын Их хурлын депутатуудын 12 дахь удаагийн сонгуулиар сонгогдсон Ардын их хурлын анхдугаар чуулган 1991 оны есдүгээр сарын 3-нд нээгдсэн юм. Энэ анхдугаар чуулган ер нь бол хоёр үе шаттай болсон. Нэгдүгээрт, анхдугаар чуулганаар Ардын их хурлын өмнөх үйл ажиллагаануудын тайланг сонсож, хоёр дахь шатны чуулганы бэлтгэлийг хангасан. Үүн дотроо Үндсэн хуулийн төсөл ямар байгаа тухай хүртэл яригдаж, хэлэлцэх асуудалдаа орсон. Үүнийг нь би хоёр дахь шат гэж хэлээд байгаа юм. Ингэж л дал гаруй хоног үргэлжилсэн түүхэн чуулганы хурал болсон.
-Чуулганы хуралдаанаар хамгийн түрүүнд ямар асуудлыг хэлэлцэж байв. Нийт хэдэн төлөөлөгч оролцож байсан бэ?
-Эхлээд Үндсэн хуулиа “Их цааз” гэж нэрлэе, улсаа юу гэж нэрлэх вэ гэдэг дээр нэлээд ярьсан. Мөн хоёрдугаар шатны чуулганыг даргалах хүнээр н.Уртнасан гэж хүнийг сонгосон. Энэ хуралд нийт 450-аад депутат оролцсоноос 30-аад нь шинэ улс төрийн хүчнүүдийн төлөөлөл байсан. Харин бусад нь тэр үеийн МАХН-ын гишүүд. Эхний удаагийн чуулганыг манай намаас намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Гомбожавын Очирбат гуай удирдсан.
Хоёр дахь чуулган хуралдах завсар манай намын 21 дүгээр Их хурал хуралдаад намайг Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгож, чуулганд оролцох намын бүлгийн даргаар мөн томилсон юм. Харин шинэ улс төрийн хүчнүүдийн төлөөлөл болсон 30-аад хүн 3-4 намын төлөөлөл, бие даагчид байлаа. Тэдгээр нь ч эвсэж бүлэг байгуулсан. Ер нь аль аль нь намын бүлэг байгуулах эсэх тухай ярилцаж байгаад байгуулахаар шийдвэрлэсэн. Ингээд хуралдахад Үндсэн хуулийн үзэл баримтлал, гол гол зүйл заалт дээр ихэд маргаж, зөрөлдөж эхэлсэн. Ер нь тэр их маргааны дотроос “Үндсэн хуулиа баталж чадахгүй юм байна, хуучнаараа байж л байг” гэсэн санал хүртэл гарсан.
Харин манай нам ямар ч байсан Үндсэн хуулиа өөрчлөх ёстой гэсэн байр суурьтай байсан л даа. Яагаад гэхээр дэлхий дахинд өөрчлөлт гарч байхад хуулиа өөрчлөх хэрэгцээ, шаардлага байсан. Олон ч зөрөлдөөнтэй санал гарч, маргаж мэтгэлцэж байсан ч тэр 450-аад төлөөлөгч ямар ч байсан 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хуулиа баталж чадсан юм шүү дээ.
Ингээд тухайн жилийнхээ хоёрдугаар сарын 12 буюу сарын дараагаас дагаж мөрдөж эхэлсэн. Чуулганаар тухайн үеийн Сонгуулийн комиссын даргаар ажилласан сансрын нисэгч Ж.Гүррагчаа хэдэн депутат сонгогдсон, хэдэн тойрог хүчингүй болсон, ямар зүйл дээр маргаан гарсан зэрэг тайланг тавьж, 422 депутатын бүрэн эрхийг шууд баталж байсныг санаж байна.
-70 гаруй хоног хуралдсан гэсэн. Яагаад тийм олон хоног хуралдах шаардлагатай болсон юм бэ?
-Эхэндээ бол АИХ-ын Тэргүүлэгчдийн газрын дарга байсан П.Очирбат, МАХН-ын дарга байсан Г.Очирбат хоёр 10 хоног дотор Үндсэн хуулиа хэлэлцээд баталчихна гэж бодож, тооцсон байгаа юм. Яагаад гэвэл өмнө нь зүйл, зүйлээр нь орон даяар бүх ард түмнээрээ хэлэлцүүлж, Үндсэн хуулийн эх барьж байсан Б.Чимэд багш, бусад хуульч залуучууд, ялангуяа АИХ-ын Тэргүүлэгчдийн газрынхан маш их ажил хийсэн байсан.
Ингээд чуулганы хуралдаанд оруулаад шулуухан явчихна гэж тооцсон боловч гацаж эхэлсэн. Энэ нь ч аргагүй байсан. Тэр чуулганд сонгогдсон төлөөлөгчид манай улсын нийгмийн амьдралын бүхий л салбараас сонгогдсон. Улстөрч, хуульч, багш, эмч, соёл урлагийнхан, шашныхан, малчин гээд зохион байгуулчихсан юм шиг л цаанаасаа санал аваад сонгогдоод ирцгээсэн.
Энэ дотор урлаг соёлынхон их яруу тод ажилласан. Дээрээс нь шинэ улс төрийн хүчнүүд төдийгүй манай намынхан хүртэл дотроо зөрчилтэй байсан нь чуулганы хуралдаан ингэж олон хоногоор сунжрахад нөлөөлсөн. Манай нам дотор мал аж ахуй, газар тариалан дээр алдаа гарах гээд байна гэж үзээд “Хөдөө аж ахуйнханы бүлэг” гэж хүртэл байгуулагдаж байлаа шүү дээ.
-Яг ямар зүйлүүд дээр маргаан гарч байсан бэ?
-Улсын нэрнээсээ л эхэлсэн. БНМАУ гэсэн нэрийг хуучнаар нь үлдээе гэсэн нэг хэсэг, ялангуяа манай намынхан ийм бодолтой байсан. Хоёрдугаарт, “Ард” гэдгийг нь хасаад Бүгд найрамдах Монгол Улс, гуравдугаарт, Монгол Улс гэж нэрлэе гэсэн санал гарч, маш удаан маргасан. Сүүлдээ Үндсэн хуулийнхаа оршилд Бүгд найрамдах улс мөн гэдгээ оруулж, улсынхаа нэрийг Монгол Улс гэж нэрлэе гэж тогтсон.
Өөрөөр хэлбэл, “Монгол бол парламентын бүгд найрамдах улс мөн” гэж Үндсэн хуульдаа заасан. Мөн Үндсэн хуулиа юу гэж нэрлэх дээр ч маргаан гарсан. Эхний төсөл дээр нь бол “Их цааз” гэж орж ирсэн. Гэвч хэт хуучинсаг нэр байна гэж үзээд олон улсын жишгийг дагаж Үндсэн хууль гэж нэрлэх дээр санал нэгдсэн. Үүнээс гадна маргааны бас нэг үндэс нь Монгол Улсын сүлд байсан. Шонхор шувуугаар хийе, хуучнаараа буюу 1960 оныхоор нь үлдээе, бүр шинэчлэе гэсэн саналууд гарч байлаа.
Харин сүүлдээ 1960 оны сүлдээ жаахан янзалж, шинэчлээд одоогийн сүлд дээрээ тогтож байсан юм. Гэхдээ энэ бүх өөрчлөх саналуудад ямагт агуулагдаад, орхигдохгүй яваад байсан ганц зүйл бол соёмбо байсан.
-Соёмбо дээр ямар нэгэн маргаан гараагүй гэсэн үг үү?
-Ер нь гарч болохгүй зүйл байгаа юм. Шонхор шувуугаар сүлдээ солиход соёмбыг хийж болохгүй байхгүй юу. Тийм учраас соёмбоо гол болгож явахаар болсон. Соёмбо бол хаа байсан Өндөр гэгээн Занабазараас явж ирсэн “Монголын тусгаар тогтнол” гэсэн утгатай үг учраас бүгд харилцан зөвшөөрсөн. Гэтэл Үндсэн хуулийн гол заалтууд болсон газрын тухай, уул уурхай, мал аж ахуйн асуудал, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал гээд бүхий л зүйл дээр санал санаачилга гарч байсан.
-Зүйл заалт бүр дээр нэг бүрчлэн хэлэлцэж баталсан гэдэг бил үү?
-Тэгсэн. Зарим нэг дээр нь 7-8 цаг, нэг өдөртөө багтааж яриад шийдэлд хүрдэг байсан бол зарим дээр нь бол маргаан гараад болдоггүй юм билээ. Арга ч үгүй биз, олон салбараас төлөөлөгч сонгогдоод ирсэн болохоор тэр бүхнээс санал гардаг. Дээрээс нь олон намын бүрэлдэхүүнээс тогтсон анхны чуулган учраас тэр шинэ залуу намууд өөрийн хэлэх бодол, үзэлтэй ч байсан биз. Энэ нь ч сайн хууль батлах үндэс болсон.
Тус чуулганы эхэнд би тэмдэглэлийн дэвтэр дээрээ бодлоо бичсэн байдаг юм. Тэнд юу гэж бичсэн гэхээр “Асуудлыг шийдье гэхэд цаад асуудал нь дотроо ямар зөрчилтэй байгаагаас шалтгаалан маргаан их гардаг юм байна” гэсэн байдаг. Дэвшүүлээд тавьж байгаа төсөл нь хэдийгээр бүх нийтийн саналыг авсан ч гэсэн томьёолоод гаргаад ирэхээр зөрчил гарч, үгийн сонголт дээр хүртэл маргаан гарна шүү дээ. Жишээлбэл, медаль, командлагч гэсэн үгнүүд дээр их маргасан. “Ерөнхийлөгч бол Зэвсэгт хүчний ерөнхий командлагч мөн” гэдгийг монголоор хэлье гэсэн санал гарсан ч үнэхээр болохгүй юм билээ.
-“Үндсэн хуулийн эцэг” гэгддэг Б.Чимэд агсан тухайн үед онцолж юу ярьж байсан бэ?
-Б.Чимэд багш тэр үед Үндсэн хууль гэж юу вэ гэдэг дээр ч юм уу онцолж юм хэлээгүй. Тэгэх ч хэрэг байгаагүй. Б.Чимэд багш АИХ-ын Тэргүүлэгчдийн Хуулийн хэлтсийн дарга байсан учраас Үндсэн хуулийн төслийг боловсруулалцсан. Нэг ёсондоо хүлээсэн үүрэг, эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу энэ бүхнийг хийсэн. Их сургуульд багшилж байхдаа хуулийн чиглэлийн 13 эрхзүйн хичээлийг зааж байсан хүн.
Тийм болохоор бусдыгаа бодоход хуулийн талын мэдлэг, чадвараараа хамаагүй өндөр байсан. Үндсэн хуулийн эх баригч нь байсан учраас чуулганы хуралдаанд хамгийн эхэнд уншиж танилцуулаад хамгийн сүүлийн уншлагыг ч өөрөө хийж, батлуулж байлаа. Цаана нь олон хүний хүч хөдөлмөр байсан ч гэсэн маш идэвхтэй ажиллаж, их юм хийсэн учраас Б.Чимэдэд анхдугаар чуулганы дундуур депутатуудын саналаар Монгол Улсын гавьяат хуульч гэдэг цол өгсөн юм.
-Таны бодлоор ингэж 70 гаруй хоног хуралдаж байж баталсан энэ Үндсэн хуулийн хамгийн чухал зүйл, заалт юу вэ?
-Нэг талын, ягшсан үзэл баримтлалыг бариагүй, өөрчлөлт шинэчлэлтийг дэмжсэн, агуулсан тийм хууль болсон. Энэ бол хамгийн гол зүйл нь гэж би боддог. Энэ чанараараа маш сайн хууль болсон. Зөвшилцөл дээр тогтсон, нэлээд судалгаатай хэлэлцсэн, бүх ард түмний маань оюуны бүтээл юм шүү дээ. Гэхдээ 100 хувь төгс төгөлдөр юм гэж хаа байх билээ. Алтыг хүртэл шүүж тунгаадаг шүү дээ.
-Үндсэн хууль хэлэлцэж байхад та ямар нэгэн зүйл, заалт, үгийн сонголт дээр өөрийн саналаа хэлж байв уу?
-Тийм юм байхгүй ээ. Намын бүлгийн дарга байсан учраас хамаагүй дуугараад байж болохгүй. Нөхөд маань л санал, шүүмжлэлээ хэлнэ. Зарчим нь тийм юм. Ер нь би л энэ заалтыг оруулчихсан гэж хэлэх юм хэнд ч байхгүй. Бүгд л ухаан, бодлоо уралдуулцгаасан. Яахав, манай нам гишүүддээ санамж бичиг маягийн зүйл бичиж тарааж байсан. Тэр дотор нь улсын болон нийслэлийн нэр, сүлдийг хуучин хэвээр нь үлдээх гэх зэрэг тодорхой хэдэн зүйл л байсан юм.
Харин үүнийг нь сөрөг хүчний талаас “МАХН өөрийн гишүүддээ заавар өгч байна” гэсэн яриа хүртэл гаргаж л байлаа. Тэр үед нь би олон ургалч үзэл гэдэг чинь объектив үндэстэй юу, субъектив үндэстэй байх юм уу гэж С.Зоригт хэлж байлаа. Ер нь С.Зориг бол шинэ байгуулагдсан улс төрийн хүчнүүд дотроо хамгийн нөлөө бүхий нэгэн байсан. Бид ч хоорондоо нэлээд сайн ойлголцдог байсан юм шүү дээ.
-Манай улс өнгөрсөн 2019 онд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ?
-Би хуулийн төсөлд нь оролцоогүй учраас сайн мэдэхгүй юм. Гэхдээ зарим нэгэн чухал өөрчлөлтүүд орсон байна лээ. Ер нь Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах, засвар хийх, зарим заалтыг нь хасах бол нэгдүгээрт, тухайн улс орныхоо дотоод байдлын хөдөлгөөн, өөрчлөлтийг мэдэрч, хоёрдугаарт, гадаад байдлаа сайтар судалж, мэдсэний дараа хийх хэрэгтэй. Гэхдээ Үндсэн хууль бол үүрд мөнх байх ёстой гээд тогтоочихсон зүйл биш. Нэг л улсын гол хууль шүү дээ.
Сэтгүүлч Т.Дарханхөвсгөл
Сэтгэгдэл (0)