Хөрөнгө оруулалтын орчинд хавар болох уу?
- 2022-01-10
- Эдийн засаг
- 0
“Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулна” гэх үгийг олон даргын амнаас сонсож болно. Гэхдээ энэ бол хэтэрхий ерөнхий, ойлгомжгүй мэдэгдэл. Үнэндээ манай улсын хөрөнгө оруулалтын хууль тийм муу хууль биш. Гэхдээ “Эрх зүйн орчин”, “Хууль” хоёр нь нэг зүйл биш гэдгийг анхаарах ёстой. Хууль нь гадны хөрөнгө оруулагчидтай ажиллах үндсэн тоглоомын дүрэм байдаг бол эрх зүйн орчин нь хуулиа хэрэгжүүлэх систем, тэрхүү системийн ажиллах зарчмыг хамаардаг. Тэгэхээр сайн хууль байгаад хангалттай биш.
Эдүгээ гадны хөрөнгө оруулалттай холбоотой ихэнх асуудлын гогцоо хөрөнгө оруулалтын талаарх эрх зүйн актуудын хэрэгжилттэй холбогддог. Гадны хөрөнгө оруулагчид болон Монгол дахь олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид энэ талаар хэлэхдээ “Хууль хэрэгжүүлэх институцийн чадавх сул” гэж дүгнэдэг.
Үндэсний аюулгүй байдал уу эсвэл дотоодын аюултай хандлага уу?
Монголчууд гадны хөрөнгө оруулалт нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэж боддогоос тун эмзэг ханддаг. Гэхдээ ийм зүйлд мэдээлэлтэй, ажил хэрэгч хандаж чадахгүй бол гаднаас ирэх аюул гэхээс илүү дотроосоо ирэх балаг нь их. 2012 онд УИХ-ийн сонгуулийн өмнөхөн үндсэрхэг үзлийн шахалтан дор хөрөнгө оруулалтын хуулиа өөрчилж стратегийн ач холбогдолтой (уул уурхай, банк санхүү, харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл) салбарын гадаадын хөрөнгө оруулагчдад томоохон хязгаарлалт хийсэн нь хөрөнгө оруулалтыг зогсоосон. Алдаагаа ойлгосон эрх баригчид таван сарын дараа дээрх хуулиа цуцалж байв.
Гадаадын хөрөнгө оруулалтын асуудалд мэдээлэлтэй, ажил хэрэгч хандаж чадахгүй бол гаднаас ирэх аюул гэхээс илүү дотроосоо ирэх балаг нь их. Дараа нь 2013 онд шинэ хууль баталж, хөрөнгө оруулагчид үзүүлэх дэмжлэгийг татварын ба татварын бус хэмээн ангилж, хөрөнгө оруулагчийн татварын орчныг тогтвортой байлгах баталгааг төр гаргаж өгсөн, уул уурхайн бус хөрөнгө оруулалтыг дэмжсэн заалт оруулсан зэргээр хуулиа сайжруулсан. Гэхдээ татвар, гааль, шүүх засаглал зэрэг хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад нэн шаардлагатай бусад салбарын хуулийн шинэчлэл хэт удаан байгаа нь дээрх хуулийн үр дүнг бүрэн гаргах бололцоо олгохгүй байна.
Тоо баримтаас харахад өнөөдөр 2011 оноос хойш гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 хувийг уул уурхай, олборлох салбар эзэгнэж, худалдаа, нийтийн хоолны салбар 17.3 хувийг эзэлж, бусад салбар нийлээд 12.7 хувийг бүрдүүлж байна. Эндээс нийт хөрөнгө оруулалтын 40 хувь нь Оюутолгой төсөлд ногддог. Хөрөнгө оруулагчдын тооны хувьд гэвэл Гадаадын иргэн, харъяатын газрын мэдээгээр 1834 гадны хөрөнгө оруулагч Монголд бүртгэлтэй байгаа нь цөөхөн. Одоогоор Монголд 1834 гадны хөрөнгө оруулагч бүртгэлтэй байна.
Эндээс харахад гадаадын хөрөнгө оруулалт үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэсэн дүгнэлт хийх нь хэтэрхий туйлширсан хэрэг болно. Өнөөдөр хөрөнгө оруулалтын хуультай холбоотой нийтийн дунд маргаан дэгдээсэн гадаадын хөрөнгө оруулагчийн Монгол Улсад оршин суух эрхийн талаарх асуудал бол үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх зүйл биш гэдгийг судлаачид хэлж байна. Тэгээд ч хүн амын дунд гадны иргэдийн эзлэх хувь, оршин суух горимыг зохицуулсан бусад хууль тогтоомжууд хангалттай бий.
Хөрөнгө оруулалтын тэгшитгэл
Өнөөдөр хөрөнгө оруулалтын хуулинд орох гээд байгаа хамгийн гол өөрчлөлт бол хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоодоор нь ялгаварлан авч үздэг заалтуудыг өөрчлөх. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар гадаадын хөрөнгө оруулагч Монголд аж ахуйн нэгж байгуулахын тулд хамгийн багадаа 100.000 ам.долларын хөрөнгө оруулалт хийх ёстой. Харин дотоодын хөрөнгө оруулагчдад ийм шаардлага байхгүй. Тиймээс хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалсан зохицуулалтыг одоо боловсруулж буй нэмэлт, өөрчлөлтөд нэмж тусгана гэж Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал ярив. Мөн хуулийн төсөлд “тэргүүлэх салбар” гэсэн нэр томъёог оруулж байгаа аж. Уул уурхай, аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэл, дэд бүтэц, хөдөө аж ахуй, мэдээллийн технологийг гадаадын хөрөнгө оруулалт татах тэргүүний салбар болгож, татварын болон татварын бус дэмжлэгийг үзүүлнэ.
Хөрөнгө оруулагчдын хамгийн эрсдэлтэй гэж үздэг зүйл нь улс төрийн тогтворгүй, бодлогын савлагаатай байдал. Олон улсын жишгээр төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих томоохон төслүүдийг ном ёсоор нь үнэлээд, бэлдээд, шалгаруулахад гурван жилийн бэлтгэл шаардлагатай. Гэтэл манай Засгийн газрын дундаж наслалт хоёр жил болохоор институцийн ой санамж байдаггүй, том төсөл хэрэгжүүлэх чадавхигүй. Ийм байдал дахин давтагдахгүй гэдгийг дарга нар давтан ярьсаар байгаа бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчидтай хийсэн уулзалт дээр “We are very sorry” гэж хүртэл хэлсэн.
Хөрөнгө оруулагчдын хамгийн их айж, болгоомжилдог өөр нэг зүйл бол маргаан шийдвэрлэх процесс. Монголд бизнесийн маргааныг шүүхээр шийдвэрлэхэд ч тэр, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхэд ч тэр маш уддаг. Харин цаг хугацаа бол бизнесийн хувьд мөнгөнөөс ч дутуугүй үнэт нөөц. АНУ-ын Монгол дахь Элчин сайдын яамны сайт дээрх хөрөнгө оруулагчдын дүгнэлтээс харвал шүүгчид бизнесийн маргаантай холбогдох шийдвэрүүдээс байнга зайлсхийж, шүүх хуралдааныг аль болох удаан, заримдаа хэдэн жилээр хойшлуулах хандлагатай гэжээ. Зарим тохиолдолд хэргүүд хэтэрхий удаж, тэр хооронд хариуцагч тал хөрөнгөө зарж борлуулаад алга болсон байх жишээтэй.
Шүүгчид бизнесийн маргаантай холбогдох шийдвэрүүдээс байнга зайлсхийж, шүүх хуралдааныг аль болох удаан, заримдаа хэдэн жилээр хойшлуулах хандлагатай.
Түүнээс гадна нийслэл, аймаг, сум, дүүргийн түвшинд хуулийг ижилхэн хэрэглэхгүй байх тохиолдол цөөнгүй. Татвар, мэргэжлийн хяналт, эрүүл мэнд, аюулгүй байдал хариуцсан орон нутаг дахь улсын байцаагч нар дээр ийм байдал илүүтэй ажиглагддаг байна. Мөн улс болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын эдлэх эрх мэдлийг тодорхой зааж ялгаж өгөөгүй байгаа нь өмч хөрөнгө, ашиглалтын эрхээ алдахад хүргэж буйд санаа зовдог гэж хөрөнгө оруулагчид үзэж байна. Жишээ нь, Ашигт малтмалын тухай хуулиар газар ашиглах зөвшөөрөл, тусгай зориулалтын эрх олгох чиглэлээр сум, аймаг орон нутаг, улсын эрх мэдлийн зааг ялгааг тодорхой заагаагүй байдаг аж.
Засгийн газартай холбоотой хэрэг маргаан дээр зарим том албан тушаалтан, улс төрчид захиргааны болон шүүхийн маргаан шийдвэрлэх явцад хөндлөнгөөс оролцдог тухай хөрөнгө оруулагчид мэдээлдэг. Тухайлбал, хөрөнгө оруулагчид болон Монголын засгийн газар хоорондын шууд маргаантай үед төрийн албан тушаалтнууд олон нийтэд ил болгоогүй бизнесийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэхийг оролдож, холбогдох дүрэм журам, хууль тогтоомжийг мөрддөггүй. Ингэхдээ Засгийн газрыг нэрийг барьж бизнесийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох бүрэн эрхтэй гэгдэх төрөл бүрийн төрийн өмчит компанийн шугамаар дамжуулан тэрхүү ашиг сонирхлоо хэрэгжүүлдэг. Мөн шүүх хурлаас өмнө засгийн газар, шүүх, хууль сахиулах байгууллага, хэвлэл мэдээлэл, прокурорын байгууллагууд дахь өөрсдийн танил тал, харилцаа холбоог ашиглан гадны бизнес эрхлэгчдээс шаардлагыг нь хүлээн зөвшөөрөхийг албадаж болзошгүйг хөрөнгө оруулагчид бие биедээ анхааруулдаг байна. Энэ байдлыг засах хэрэгтэй гэдгийг олон улсын байгууллагуудын зөвлөмжид, судлаачдын бүтээлд байнга бичдэг. Иймээс маргаан шийдэх шатны хүнд суртал, авлигын эрсдлийг арилгах заалтуудыг хуулийн төсөлд тусгаж байгаа гэдгийг Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал хэллээ.
Хөрөнгө оруулалтын хуулийг сайжруулах ажилд Засгийн газар санаа тавиагүй гэвэл худлаа болно. Холбогдох яам, агентлагууд хөрөнгө оруулалтын орчны талаар янз бүрийн судалгааг олон улсын байгууллагуудаар хийлгэж, гарсан дүнг хуулийн төсөлд тусгах аж. “Хөрөнгө оруулалтын нэг цонхны бодлого” бий болгохыг хичээж, Үндэсний хөгжлийн газар гэдэг Засгийн газрын агентлагт гадаад хөрөнгө оруулалтын бодлогын хэрэгжилтийг даалгаж өгсөн. Хөрөнгө оруулалтын орчинд юу нь болж, юу нь болохгүй байгааг гадна, дотны байгууллагууд хангалттай судалсан судалгааны бааз аль хэдийнэ бий болсон. Түүний нэг Дэлхийн банктай хамтарч хийсэн “Хөрөнгө оруулалтын шинэтгэлийн зураглал” юм. Үүгээр Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын эрх зүйн болоод эдийн засгийн орчныг бүхэлд нь хамарсан тайлан гарсан. Энэ бол дарга нарын аваад ашиглаж болох бэлээхэн гарын авлага.
Хоёрдугаарт, аливаа улсын засгийн газар хөрөнгө оруулалтын орчны талаар мэдэгдэл гаргаж, гадны хөрөнгө оруулагчдад “Бид та нартай ингэж хамтармаар байна” гэсэн ойлгомжтой мэссэж өгдөг практик бий. Монголын Засгийн газар одоогоор ийм мэдэгдлийг гаргахаар боловсруулж байгаа байгаа бөгөөд Ерөнхий сайд уучлал гуйсныг эс тооцвол өөр ойлгомжтой мэссэж гараагүй.
Гадаадын хөрөнгө оруулалтад нөлөөлөх зарим хүчин зүйлс
Мэссэж ойлгомжтой бол түүнийгээ дэмжсэн хуультай, хэрэгжүүлэх байгууллагатай, гол нь хэрэгжилтээ хангах институцийн чадамжтай байх нь чухал. Ингэснээр бодлогын тогтвортой байдал хангагдах учиртай. Энэ бүхний ачааллыг өөр дээрээ авах газар нь Үндэсний хөгжлийн газар болж таарч байна. Удахгүй яамны түвшинд ажиллах энэ газар хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад зарим ажлыг амжуулаад байгаа. Тухайлбал, 2016 онд Засгийн газар Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг байгуулж, ҮХГ-ын даргыг Нарийн бичгээр нь томилсон.
Мөн хөрөнгө оруулагчдын гомдлыг барагдуулах механизмын цахим системийг (SIRM) ажиллуулаад эхэлжээ. Тус газрын мэдээлж буйгаар хөрөнгө оруулагчдаас ирсэн хэд хэдэн гомдлыг шийдвэрлэж, буцаан татагдах эрсдэлд ороод байсан 3.2 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалтыг Монголд хадгалан үлдээсэн гэжээ. Түүнчлэн хөрөнгө оруулагчдад зориулсан “Нэг цонхны үйлчилгээ”-г ажиллуулж зөвлөгөө, лавлагаа, бүртгэл, татвар, нийгмийн даатгал, виз гэх мэт бүх хэрэгцээтэй үйлчилгээг нэг дор өгөхөөр зорьж байгаа гэлээ. Энэ дундаас нэг авууштай зүйл нь үйлчилгээг цахимжуулж байгаа явдал. Жишээ нь, өмнө нь 15 өдрийн хугацаа ордог байсан процессыг 8 цагт багтаадаг болсон тухай ҮХГ-ын дэд дарга Б.Булганчимэг ярьж байв.
Монгол ба гадаадын хөрөнгө оруулалт
Эх сурвалж: ҮХГ
Ийнхүү хөрөнгө оруулалтын орчин өмнөхөө бодвол улс төрийн хувьд арай тогтвортой, найдвар төрүүлэхүйц болж ирж байна. Гэхдээ дээр хэлсэнчлэн сайн хууль гарсан ч энэ бол зөвхөн ажлын эхлэл юм. Одоогоор хаалга тогшоод дараалалд зогсож буй хөрөнгө оруулагчид байхгүй ч тоглоомын дүрмээ ойлгомжтой болгож, түүнийгээ нэг шөнийн дотор өөрчилчихгүй яваад байвал гадагшаа очих мэссэж сайжирна, хөрөнгө оруулах сонирхол өснө.
Цаашдаа хөрөнгө оруулагчид эргэн ирэх, ялангуяа уул уурхайн бус салбарт орох хөрөнгө оруулалтыг нэмэхэд бидэнд хийх ажил уул шиг их байгаа. Хөрөнгө оруулах хэмжээ бол хөрөнгө оруулагчдын шийдвэрт нөлөөлөх олон хүчин зүйлсийн зөвхөн нэг нь. Цаана нь ямар горимоор татвараа авах, шүүх засаглалаа сайжруулах, дэд бүтцэд хөрөнгө оруулах, ажиллах хүчний боломжийг тодорхойлох, зах зээлийн боломжуудыг судлах, гаалийн бодлого болон чөлөөт бүсийг олон улсын стандартад нийцүүлэх гэх мэт урт жагсаалт үүснэ. Хөрөнгө оруулагч энэ бүх хүчин зүйлсийг тооцсон тэгшитгэлийг бодсоны эцэст л Монголд мөнгөө оруулах уу үгүй юу гэдгээ шийднэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (0)