Хаан одох цагт…

Нийгмийн тэгш бус байдал газар авч, үнийн өсөлт, ажилгүйдэл, ялангуяа өмнөд нутгийн залуучуудын дунд ажилгүйдэл, нийгмийн шударга бус байдал, түүний дотор боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний ялгаа улам бүр тэлсээр, цар тахлын үеэр байдал бүр хурцдаж олон жилийн тэвчээрээ иргэд алджээ.

Шинэ, 2022 оны эхний өдрүүдэд Казахстанд бослого, үймээн гарч 1-р сарын 9-ний байдлаар 169 хүн амиа алдаж, 2000 гаруй хүн бэртэж, 5 мянган хүн баривчлагдаад байна. Жагсагчид Алматы хотын засаг захиргааны байруудыг эзлэн авж, олон дэлгүүр тонож, арваад барилга, гучаад тээврийн хэрэгслийг галдан шатаажээ. Дэлбэрэлт, буун дуу хэд хоног тасрахгүй байлаа. Жагсагчид онгоцны буудлыг эзлэн авсанаас олон нислэг зогсов. Шөнө нь эрх баригчид энэ буудлыг чөлөөлжээ. Зарим хотод Назарбаевын хөшөөг нураан унагав. 

Шингэрүүлсэн хийн үнийг хоёр дахин нэмснээс үүссэн эсэргүүцлийн хөдөлгөөн, төдөлгүй улс даяар эмх замбараагүй байдал болж хувирав. Ерөнхийлөгч Токаев Засгийн газраа огцруулж, Аюулгүйн зөвлөлийн даргаас Нурсултан Назарбаевыг буулгаж, эрх мэдлийг өөртөө авчээ. 

Энэ бослогыг "урьдаас нарийн төлөвлөж, санхүүжүүлсэн террористууд, хуйвалдагчид, гэмт хэрэгтнүүдэд хатуу арга хэмжээ” авна гээд, эсэргүүцсэн этгээдийг сэрэмжлүүлэхгүй буудах тушаал Токаев өглөө. Тэр мөн Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас /ХАБГБ/  гишүүн орны хувиар тусламж хүссэнээр Орос, Армени, Беларусь, Киргизийн 3000 гаруй энхийг сахиулагчид Казахстанд ирээд байна. 

Интернетийн сүлжээг хязгаарлав. Ерөнхийлөгч нэгдүгээр сарын 19-нийг хүртэл улс орон даяар онц байдал тогтоож, 23:00-07:00 цагийн хооронд хөл хорьж, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах, болон хүн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлав. 

Назарабаевын итгэлт хүн, Ерөнхий сайд асан Карим Масимовыг Үндэсний Аюулгүй байдлын хорооны (ҮАБХ) даргаас халж, эх орноосоо урвасан хэрэгт сэжиглэн баривчлав. Орлогчоор нь ажиллаж байсан Назарбаевын дүүгийн хүү Самат Абиш, түүний ах, олигарх Кайрат Сатыбалды нарыг мөн баривчилсан бөгөөд Елбасы (Үндэсний удирдагч гэж түүнд хуулиар олгосон цол) Назарбаев өөрөө Хятадад байгаа гэж Төв Азийн эксперт Аркадий Дубнов мэдэгдэв.

Үймээн гарсан үндсэн шалтгаан

Ерөнхийлөгч Назарбаев улс орноо гучин жил удирдахдаа эдийн засгаа сайн хөгжүүлж чадсан ч, төрийг дарангуйлагч хааны засаглал болгож, авлига газар авчээ. Хааны гэр бүл, хамаатан, хамсаатануудын хөрөнгө орлого асар их нэмэгдэхийн хирээр энгийн иргэд улам бүр ядуурсаар иржээ. Форбес сэтгүүлийн Казахстаны хамгийн том баячуудын 2021 оны жагсаалтанд Назарбаевын охин Динара Кулибаева, хүргэн Тимур Кулибаев тус бүр 2.9 тэрбум долларын хөрөнгөөрөө эхний 2 ба 3-р байранд оржээ. 4.1 тэрбум долларын хөрөнгөөрөө тэргүүлсэн Владимир Кимийг Назарбаевын гэр бүлийн “түрийвч” гээд, Лондонгийн хамгийн үнэтэй орон сууц авч Елбасы-д бэлэглэсэн тухай хэвлэлийн БАСЕ агентлаг мэдээлжээ. Казакстаны эрх баригчид зөвхөн Лондонд 520 сая фунтын үндсэн хөрөнгө эзэмшиж буйгаас 330 сая фунтын байшин, орон сууц нь Назарбаевын гэр бүлийнх гэж Chatam House-ийн тайланд бичжээ. 

Дэлхийд газар нутгийн томоороо 9-рт ордог, бараг 20 сая хүн амтай Казахстан ураны үйлдвэрлэлээр 1-рт, бит койны олборлолтоор 2-рт, газрын тосны нөөцөөр 11-рт ордог боловч байгалийн баялагийн хуваарилалт дэндүү тэгш бус явж иржээ. Нэг хүнд ногдох ДНБ 8500 доллар болсон ч, иргэд болон элитийн амьдралын түвшин тэнгэр газар шиг холдсоор байна. 

Нийгмийн тэгш бус байдал газар авч, үнийн өсөлт, ажилгүйдэл, ялангуяа өмнөд нутгийн залуучуудын дунд ажилгүйдэл, нийгмийн шударга бус байдал, түүний дотор боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний ялгаа улам бүр тэлсээр, цар тахлын үеэр байдал бүр хурцдаж олон жилийн тэвчээрээ иргэд алджээ. Төр засгаа шүүмжилсэн, Назарбаевын гэр бүлтэй шөргөлцсан олон хүн (Алтынбек Сарсенбаев, Заманбек Нуркадилов ба бусад хүмүүс) алагдсан юм. Лалын нөлөө улам хүчтэй болж, төр засаг нь шашинтайгаа гүн гүнзгий холилдсон байна.

Улс оронд Назарбаевын зөвшөөрөлгүй бол том бизнэс явахгүй, хэн ч өндөр албан тушаалд томилогдохгүй болжээ (Айдос Сатыков). Цэрэг, цагдаа, хүчний байгууллагууд, шүүх, прокурор бүгд улс орныг биш, Назарбаевын гэр бүлийг хамгаалахад үйлчилж ирсэн гэж Ерөнхий сайд асан Акежан Кажгельдин хэлжээ. Сөрөг хүчний тэргүүн гэх, сайд асан Мухтар Аблязов 2019 онд Назарбаев Токаевт Ерөнхийлөгчийн албан тушаалаа шилжүүлсэн боловч ямар ч эрх мэдэл өгөөгүй, бүх шийдвэрийг хөшигний цаана өөрөө гаргаж ирсэн, Токаев бол “тавилга” гэжээ.

Зарим улс төр судлаачдын үзэж буйгаар 81 настай Назарбаев өтөлсөн, бие нь тааруу, бүх эрх мэдэл Токаевт гэнэт шилжихэд хүрээд байгаа нь “гэр бүлийн” болон олигархуудын бүх бизнес, хөрөнгө мөнгөнд ноцтой үр дагавар авчрах учраас, эдийн засгийн үүсэлтэй жагсаалыг тусгай бэлдсэн хүмүүсийг авчиран жагсагчдын дунд оруулж эмх замбараагүй байдал үүсгэн, маш түргэн улс төрийн бослого болгож, олон цагдааг зэрлэгээр алжээ. Энэ бол эртнээс бэлдсэн, нэгдсэн удирдлагатай төрийн эргэлт хийх оролдлого гэж Токаев өчигдөр хэлэв. 

Ямар ч л гэсэн өнөөдөр 1-р сарын 10 ны байдлаар Казахстанд улс төрийн бүх эрх мэдэл Ерөнхийлөгч Токаевын гарт дефакто төвлөрлөө. Харин тэр нийгэм нь хурцаар шаардаж байгаа улс төрийн дэглэмийг өөрчилж, шударга сонгууль явуулж, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдэж чадах уу? Хэзээ энэ улс парламентийн засаглал, шудараг шүүхтэй болох бэ? Үнэхээр гадны оролцоо байсан уу? Монголчууд бид ах дүү казахстаны ард түмэн, улс орноо богино хугацаанд эмхлэн цэгцлүүлж чадна гэдэгт найдах л үлдлээ.

Монголын авах сургамж

Казахстанд өрнөж буй энэ бүх үйл явдал Монголын хувьд тодорхой хэдэн сэрэмжлүүлэг өгч байна. Дээрх асуултыг Монголчууд ч өөрсддөө тавих, хариулах шаардлагатай. 

Монгол хэдийгээр ардчилал, хүний эрх, эрх чөлөөний хувьд харьцангуй нээлттэй, парламентын засаглалын олон жилийн туршлагатай ч гэсэн бид хийж чадаагүй, яаралтай хийхгүй бол Казахстан шиг тогтворгүй байдал үүсэх магадлалтай, төсөөтэй хэд хэдэн асуудал байгааг төр засаг, иргэний нийгэмд дахин сануулах хэрэгтэй байна. Үүнд:

Нэгдүгээрт, улс төрийн тогтвортой байдал онц чухал. Үүнийг зөвхөн улс төрийн тэнцвэрээр хангадаг. Эрх баригчид ба сөрөг хүчний зохистой харилцааг бүрдүүлэх систем байгуулна гэсэн үг. 

Энэ нь улс төрийн бүх эрх мэдэл нэг намд төвлөрсөн өнөөгийн нөхцөлд эрх баригч МАН дотроо бодитой, ажил хэрэгч, нээлттэй, шүүмжлэлтэй ажиллах, нөгөө талаас улс төрийн хүчтэй сөрөг хүчнийг бойжуулах, ялангуяа бүх суманд салбартай, түүхэн сөрөг хүчин байж ирсэн боловч одоо хагарч бутраад буй Ардчилсан Намыг нэгдэж, төвлөрөхийг иргэд шаардаж, төр дэмжих хэрэгтэй боллоо. 

Хоёрдугаарт, Монголын төр засаг авлигаа ялах, нийтийн өмч хөрөнгийг завшсан этгээдүүддээ хариуцлага хүлээлгэж чадах шаардлагатай байна. Гэмт хэрэгтэнүүд ял шийтгэлгүй авахгүй, хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь дуусах, мартагнуулах жишиг тогтсоор байна. 

Төр захиргааны ажилтнуудын ил далд орлого улам бүр өссөөр, харин иргэдийн амьдрал, орлого буурсаар байгаад онц анхаарах ёстой. Эрх баригчид төрийн нууц нэрээр маш олон үйлдлүүдийг нуусан хэвээрээ байна. Төмөр замын төслүүд, Эрдэнэтийн 49 хувийг төрийн мөнгөөр авсан хэргүүд гэх мэт. Улс төрийн намуудын болон сонгуулийн санхүүжилт ил тод биш хэвээрээ. Авлигын хэрэгт хөөн хэлэлцүүлэх хугацаа үйлчилэх ёсгүй. 

Гуравдугаарт, бүх шатны, шударга бус шүүгч, прокурорт хариуцлага тооцох, шүүх засаглалаа хараат бус, эрх мэдэлтэнд бус иргэдэд үйлчилдэг болгохгүйгээр нийгмийн шударга ёс тогтоохгүй юм. Яамны болон харьяа бүх байгууллагын ажилтан бүрт үндсэн үүргийг нь өдөр тутам сануулдаг байхын тулд англи нэрийнх нь дагуу Хууль зүйн яамыг Шударга ёсны яам гэж нэрлэх нь оновчтой.

Дөрөвдүгээрт, төр ба хувь хүний хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд хүний эрх, үг хэлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг тууштай, сахин хамгаалах, иргэдээс төр засгийг хянах боломжийг хангасанаар нийгэмд сөрөг энерги ихээр хуримтлагдахгүй болно. Засгийн газар ялихгүй шалтгаанаар огцрох нь нийгмийн хариуцлаггүй үйлдэл юм.

Тавдугаарт, байгалийн баялагийн хуваарилалт шудараг, тэгш байх, хөдөлмөрийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалт хийх

Зургадугаарт, нийгмийн халамжийг хавтгайруулахгүй байх, хөдөлмөрлөхийг дэмжих, цалинг нэмэгдүүлэхийн тулд чөлөөт өрсөлдөөнийг тогтоох, төр зөвхөн хувийн хэвшил хийх боломжгүй бизнест орох, үнийг аажмаар чөлөөлөх тус тус шаардлагатай байна.

Эдгээр ажлыг энэ тэргүүнд хийж байж, улс төрийн тэнцвэртэй байдал тогтон, Монголчууд эвлэлдэн нэгдэж, ажил амьдралаа хамтран дээшлүүлж чадна.

Нийтлэлч Д.Жаргалсайхан

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)