Сан ч үгүй, хүүхдийн мөнгө ч үгүй болох вий дээ

УИХ-ын нэгдсэн чуулган 2021 оны долдугаар сарын 1-ний өдөр хуралдаж,  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022- 2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Ирээдүй өв сан”-гийн хуримтлалын мөнгийг 2030 он хүртэл зарцуулахгүй байх хуультай. Миний тооцож байгаагаар 7 их наяд болох ёстой. Гэтэл гурван их наяд болчихсон байна лээ. Ковидын хуулиар 2030 он хүртэл ашиглахгүй гэдэг үйлчлэлийг зогсоочхоод байгаа юм уу” гэж асуухад ажлын албаныхан “2030 он хүртэл зарцуулахгүй хууль хэвээрээ. Харин 7 биш 1.6 их наяд төгрөг байгаа” гэж хариулж байсан. Хариуд нь Ц.Даваасүрэн гишүүн “Яагаад ч 1.6 их наяд байх ёсгүй. Та нар зарцуулсан байна. Төсвийн гүйцэтгэлийг чинь хараад би мэдэж байна” гэж ярьж байсан юм. Энэ үед “Ирээдүйн өв сан” бусад сангууд шиг л хошин шог болж хувирч байна уу гэж сэрдэхээр байв. Гэтэл энэ сэрдэлтийг одоо өрнөж байгаа асуудал улам батлах шиг.

2022 онд хүүхдийн мөнгийг “Ирээдүйн өв сан”-гаар дамжуулж өгөх шийдвэрийг УИХ өнгөрсөн жил гаргаад, баталчихсан. Энэ санд татвараас 1.4 гаруй их наяд төгрөг хуримтлуулаад, буцаагаад хүүхдийн мөнгөнд зарцуулна гэсэн үг. Нөгөө 2030 он хүртэл сангийн мөнгө зарцуулахгүй гэдэг хууль гууль болоод дуусаж.  Уг нь санд орлого оруулж болох ч зарлага гаргах ёсгүй байсан юм. Одоо тийм биш болсон. Тэр ч битгий хэл дотор нь байгаа хэдэн төгрөг нь энэ ондоо дуусахыг ч үгүйсгэх аргагүй. Манай дарга нар сан “дэлбэлж” сурсан. Энэ удаа “Ирээдүйн өв сан”-гийн “Алтан хайрцаг”-ийг нээхээр шийдэж. Дагаварт нь хүүхдийн мөнгөөр тоглоод дуусах шинжтэй.

Өнөөдөр 10 настай хүүхэд хүүхдийн мөнгөнийхөө 50 хувийг хуримтлалд өгч эхэллээ гэж бодъё. Энэ оны хагас жилд 300 мянгыг хуримтлуулна. Ирэх оноос 100  мянга хэвээрээ байвал жилдээ 600 мянгыг хураачих боломжтой. 18 нас хүрэхдээ авахад ямар ч байсан 4.5 саяыг авчихна. Тэгвэл энэ онд төрсөн хүүхэд 18 нас хүрэхдээ 10 гаруй саяыг авах боломжтой болох нь. Тэр мөнгө “Ирээдүйн өв сан”-д хуримтлагдвал хэдэн их наяд болно. Хүүхэд бүрийн мөнгийг 18 нас хүртэл нь яг бат сар болгон дансанд нь хийгээд, “Ирээдүйн өв сан”-д хадгалж чадах уу. Боломжтойгийн хувьд боломжтой. Харин манай улстөрчид тэгтлээ л өдий байна. Энэ жил гэхэд сангийн мөнгөөр хүүхдийн мөнгө тарааж, төсвийн ачааллаа багасгах гэж байж магадгүй үйлдэл хийж буй тэд хүүхдийн мөнгө хураагаад байж байтал лай ч байна, зай ч байна.

Мөнгө хураагдсан ч гэсэн дунд нь ямар байдлаар зарцуулаад, төсвийн алдагдлаа нөхөөд, элдэв амлалтаа биелүүлэх гэж цацаад дуусвал яах юм. Энэ жил төрсөн хүүхдүүд 18 нас хүрээд мөнгөө авах гэтэл хуримтлал нь байхгүй бол яана. Тэр үеийн иргэдийн татварын мөнгөнөөс нөхөж өгнө гэвэл яах вэ. Яг л хамтын тэтгэврийн тогтолцоо гэдэг шиг. Бидний ирээдүйдээ зориулж төлсөн НДШ-ээр одоо бүх асуудлаа шийдчихээд, дараа нь бусдын татварын мөнгөөр зохицуулж өгдөг шиг болбол яах юм. Юун “Ирээдүйн өв сан”. Өрийн сан л болж хувирна.  Яг л ийм шинж рүү орчихлоо.

“Хуримтлалтай хүүхэд” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа бол мөнгийг хуримтлуулах ёстой. Түүнээс биш өгч байгаа мөнгөнийхөө 50 хувийг “хураагаад”, нэг газар хийж хав дарахыг хэлэхгүй. Ямар ч хүүгүй, үр ашиггүй. Наанадаж банкны хадгаламжийн данстай, жилдээ 8-9 хувийн хүүтэй бол тэр мөнгө өснө, жинхэнэ утгаараа хуримтлал болно. Үгүй бол зүгээр л “тоглоом” төдий. Тиймээс хүүхдийнхээ мөнгийг эцэг, эхчүүд нь аваад, банкинд хадгална уу, амьдралдаа хэрэглэнэ үү,хөрөнгө оруулалт хийнэ үү, яана хамаагүй, сонголтыг нь үлдээ. Үгүй юм гэхэд санд хуримтлуулах уу үгүй юу гэдэг сонголтыг нь байнга үлдээ. 

Банкинд мөнгө хадгалуулаад ч инфляци давсан хүүний ашиг олж чадахгүй байгаа энэ үед хүүхдийн мөнгөө та нарын төсөв нөхөх хэрэгсэл, сан “цөлмөх” тоглоомын хэсэг болгомооргүй байна. Энэ янзаараа явбал “Ирээдүйн өв сан” ч үгүй, хүүхдийн мөнгө ч үгүй л болох вий.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)