“Сайжруулагч” хэмээх усан бар жил нь идэр залуу хүмүүст ээлтэй, өндөр настан, ихэс дээдэс нарт хатуу жил болох төлөвтэй
- 2022-01-19
- Үнэн
- 1
Монголын бурханы шашинтны шинэ төвийн тэргүүн, Монголын их хүрээ хийдийн хамба номун хан, зурхайч, З.Санждорж "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн өнгийг тодорхойлж байна.
Морилон ирж буй "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн хаврын урь орох өдөр нь 2022 оны 02 сарын 04-ний өдөр буюу шинийн 04-ний шар хулгана өдөр тохиож байна. Дөрвөн ногоон мэнгэтэй, гал суудалтай баасан гарагт хаврын урь орох нь. Урь орох энэ өдрөөр тэр жилийн ерөнхий төлөв байдлыг шинжин үздэг зурхайн уламжлалтай. Үүгээр шинжвэл хаврын улиралдаа салхи, шуурга багатай, баяр баясгалантай, зундаа өвс ногооны гарц сайн, хур бороо элбэг, намар цагтаа Монгол орны өмнө зүгийн хил хязгаар орчмоор гандуу боловч үр тариа арвин, өвөлдөө цас багатай, өнтэй сайхан жил болно. Хаврын урь орох өдөр тэнгэр цэлмэг бол түмэн бодис дэлгэрнэ. Тэнгэр бүрхэг байвал үер усны аюул болно.
Тэнгэрт хуримтлагдах үүл зүүн зүгт ихээр бөөгнөрч байвал өнтэй сайхан жил болно. Энэ өдөр зүүн зүгээс салхи ихтэй бол будаа тариа боловсроход муу нөлөөтэй, харин баруун зүгээс салхи ихтэй бол хур тунадас арвин байх магадлалтай гэж Монголчууд үздэг.
Зурхайн зарим ном сударт "Сайжруулагч" хэмээх усан бар жил алт мөнгө элбэгтэй, ард олон амгалан жаргалтай хэмээн айлдсан буй.
Хаврын урь орох өдрөөр жилийн “Шороон үхэр” хэмээх дүрслэлийг тодорхойлвол, шар хулгана өдөр тохиож байгаа учраас үхэр хариулаач нь шар дээлтэй, шар малгайтай, дөрвөн ногоон мэнгэтэй өдөр таарч байгаа учраас үхрийн биеийн ихэнх хэсэг нь ногоон өнгөтэй, гал суудалтай учраас үхрийн дөрвөн туурай, омруу нь улаан өнгөтэй дүрслэгдсэн. Үхэр хариулаач нь үхрийнхээ хойно алхан явж байгаа нь энэ жилийн хаврын урь орох өдөр нь цагаан сарын хойно буюу шинийн 4-ний өдөр таарч байгаатай холбогдуулан дүрслэгдсэн болой.
Иймээс “Шороон үхэр” хэмээх дүрслэлээр “Сайжруулагч” хэмээх усан бар жил нь идэр залуу хүмүүст ээлтэй сайн, нялхас хүүхэд багачуудад ширүүн, өндөр настан, ихэс дээдэс нарт хатуу жил болох төлөвтэй.
XVII жарны Усан барс жилийн ёгт нэр нь Төвдөөр “ Дагжэд буюу “Сайжруулагч” гэсэн утгатай. Харин Төвдөөр “Гэжэд” буюу “Буян үйлдэгч” гэдэг нь ёгт нэр биш. Тухайлбал: “Шороон барс” жил нь “Олон үрт” хэмээх ёгт нэртэй, “Төмөр барс” жил нь “ Тийн урвагч” хэмээх ёгт нэртэй, “Модон барс” жил нь “ Хотол баясгалант” хэмээх ёгт нэртэй, “Гал барс” жил нь “ Барагдагч” хэмээх ёгт нэртэй байдаг. “Усан барс” жил нь “Сайжруулагч” хэмээх ёгт нэртэй юм.
Онцолбол, VII жарны “Барагдагч” хэмээх улаан барс жилд (1206 он) Их Монгол улсыг байгуулан тунхаглаж Чингис хааныг залсан. “Олон үрт” хэмээх “Шар барс” жил (1638 он) Өндөр гэгээний дайхийг үргээж “Гэнэн” санаваар хүртээж Ишдорж хэмээх нэр өгсөн. Өндөр гэгээн Занабазар “Барагдагч” хэмээх улаан барс жил (1686 он) 52 сүүдэртэйдээ алдарт Соёмбо үсгээ зохиосон. Өндөр гэгээн “Сайжруулагч” хэмээх усан барс жил (1722 он) 88 сүүдэртэйдээ Бээжинд морилон очсон гэх мэт түүхэн үйл явдал барс жилүүдэд тохиож байжээ.
VII-р жарны Улаан барс жил (1206 он) их хуралдайгаар хэлэлцэн “Их засаг хууль” батлагдсан. “Их засаг хууль”-д (…Аливаа шашин суртахууныг хүндэтгэмой. Гэвч аливаа нэгэн онц эрхийг эдэлж үл болмой...) хэмээн заасан байдаг.
“Арван буяний номын цагаан түүх” хэмээх номонд заасан төр, шашин хоёрыг тэгш хослон явуулах үзэл санаа бол төрийн албыг олон түмний итгэлээр дамжуулан зүй зохистой хэрэгжүүлэх, төр ба шашины харилцааг үндэснийхээ иргэншилийн онцлогт нийцүүлэн үр нөлөөтэй зохион байгуулах талаар хүн төрөлхтөний төр, иргэншилийн сан хөмрөгт Монголчуудын оруулсан гайхамшигт хувь нэмэр мөн.
Үүнээс үзвэл, XVII жарны “ Сайжруулагч” хэмээх усан бар жил Монголын бурхны шашны шинэчлэл бодит үр дүнд хүрэх магадлалтай гэж үзэж байна.
Монголын бурханы шашинтны шинэ төвийн тэргүүн, Монголын их хүрээ хийдийн хамба номун хан, зурхайч, З.Санждорж
Сэтгэгдэл (1)
зочин (202.9.46.244)
амныхаа зоргооор бурах юмаа.