Шахмал түлшний үйлдвэрийн технологийг өөрчлөн сайжруулж, хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалъя
- 2022-01-19
- Нийтлэл
- 0
Хамгийн гол нь сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг анх шинээр барихдаа баримтлах ерөнхий зарчим, технологийн зөв оновчтой шийдэл, аюулгүй байдал, ялангуяа барьцалдуулагч материал, түүний орц нормонд мөрдөх шаардлагуудыг хангасан эсэх, гэрийн хорооллын зуух, пийшингүүдийн хийцийн онцлогт тааруулж, сонгож чадсан уу гэдэг талаас нь авч үзэхгүй зөвхөн лабораторийн шинжилгээгээр хэвийн гарсан гэсэн үгээр халхавчилдаг явдал цаашид үргэлжилсээр байх төлөвтэй байгаа нь сэтгэл зовоож байна.
Чухамдаа шахмал түлшний үйлдвэрийг шинээр барихдаа бодлогын, судалгаа шинжилгээний, техник технологийн, мэргэжил мэдлэгийн, орц найрлага, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагуудыг баримтлаагүйгээс агаарын бохирдлыг бууруулаагүй бүр аюултай, хортой зэрэглэлийг улам нэмэгдүүлсэн. (Энэ тухай 2021 оны 02-р сарын 01-ны “Өдрийн сонин”-ы 022 дугаарт нийтлүүлсэн болно)
ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРИЙН ӨӨРИЙНХ НЬ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД АЛДАА ДУТАГДАЛ ИХ БАЙНА
Шахмал түлшний үйлдвэрийг зориулалтаар нь үйлдвэрийн, ахуйн хэрэгцээний гэж хоёр ангилдаг. Мөн барьцалдуулагчтай, барьцалдуулагчгүй гэж байдаг. Манай сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн зорилго, зориулалт нь гэрийн хорооллын айл өрхүүдийн зуух пийшинд бүрэн шатах, илчлэг сайтай, үнс багатай, амьдралын аюулгүй байдлыг хангасан ахуйн хэрэгцээний нүүрс үйлдвэрлэх ёстой байсан. Ахуйн хэрэгцээний шахмал түлш буюу гэрийн хорооллынхонд зориулагдсан түлшинд дурын холбогч, барьцалдуулагч ашиглахыг хориглодог. Зарим ном хэвлэлд ахуйн хэрэгцээний түлшинд барьцалдуулагч хэрэглэхийг зөвшөөрөхгүй гэсэн заалт ч байдаг. Гэтэл үйлдвэрийн зориулалттай шахмал түлшийг хэдэн зуун мянган тонноор үйлдвэрлэж гэрийн хорооллын айлуудад албадлагаар түгээсэн. Үйлдвэрийн зориулалттай түлш ахуйн хэрэгцээний шахмал түлшнээс үйлдвэрлэх арга, шинж чанар, аюулгүй хортой байдлаараа эрс ялгаатай. Монгол гэр, жижиг орон сууцны хүмүүс зуухтайгаа хамт “амьдардаг" онцлогтой учир ахуйн хэрэгцээний шахмал түлш үйлдвэрлэх арга технологи.аюулгүй байдлыг хангахад тавигдах стандарт, норм, бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтүүд маш өндөр шаардлагыг хангасан байх ёстой. Хэрэв одоо үйлдвэрлэж байгаа шахмал түлшийг гэрийн хорооллынхонд хэрэглүүлье гэвэл нүүрсний шаталтыг дэмжих сэнсийг айл бүрийн зууханд нэмж суурилуулах ёстой. Ингэж байж эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах бололцоо нээгдэнэ.
Манай улсад орц найрлага нь үл мэдэгдэх Хятад улсын барьцалдуулагчаас илүү сайн байгалийн цэвэр, аюулгүй байдлыг хангасан холбогч материалын нөөцийг ашиглаж болох байсан.Үйлдвэрийн зориулалттай шахмал түлшийг тусгай байранд сэнстэй, утааг татах, зайлуулах сорогч төхөөрөмжтэй зууханд түлдэг учир хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах нь бага байдаг.
Бодит байдал дээр айл бүртсэнс суурилуулах бололцоо байхгүй учраас аюулаас сэргийлэхийн тулд утаа мэдрэгчээс авахуулаад яндан хөөлөгч мэргэжилтэн бэлтгэх, хяналтын төв байгуулах, 102 дугаартай мэдээлэл авах утас ажиллуулах, МХГ, ОБГ, цагдаа, байцаагчуудыг ээлжлэн ажиллуулах зэрэг асар их зардал, чирэгдэл учруулсаар байна.
БОАЖЯ-ны сайд Н.Уртнасан утаанд хяналт тавих үүрэгтэй 4500 гаруй гэрээт ажилтан байдаг гэсэн. 1 хүнийг сарын 500000 төгрөгөөр цалинжуулдаг гэвэл 2,25 тэрбум төгрөг болж байна. Энэ бол ганцхан жишээ. Аливаа төслийг шинжлэх ухааны үндэслэлтэй, мэдлэг, ур чадварыг чухалчилсан, хүрэх зорилтынхоо онцлог, аюулгүй байдлын эрсдлийг үнэлж эцсийн ур ашиг, ач холбогдлыг тооцон цогц арга хэмжээгээр хэрэгжүүлдэг болохоос албадсан, хүчилсэн арга замаар цааш явахгүй ээ. Үйлдвэрлэл хэрэглэгчдийн дунд тулгамдсан бэрхшээлтэй асуудал гардаг. Түүнийхээ учир шалтгааныг зөв тодорхойлж, гарах гаргалгаа шийдлээ боловсруулж гэр хорооллынхонд заавал шахмал түлш гэхгүйгээр экологийн цэвэр түлшээр хангах үүрэгтэй гэдгээ ухамсарлах цаг болсон.
ЦААШИД ЯМАР БОДЛОГО, АРГА ХЭМЖЭЭ ТӨЛӨВЛӨЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?
Нэгдүгээрт, “Таван толгой түлш" комланийн үйлдвэрийн зориулалтаар шахмал түлш үйлдвэрлэж буй технологийг ахуйн хэрэгцээний нүүрс үйлдвэрлэх зорилгод нийцүүлж техник эдийн засгийн үндэслэл боловсруулах шахмал түлшний үйлдвэрт реконструкц хийх.
Хоёрдугаарт, Улсын мэдлийн сайжруулсан түлшний үйлдвэрийн монополь эрхийг цуцлах, өрсөлдөөнийг бий болгох, өмнө нь шахмал түлш үйлдвэрлэж байсан, үйлдвэрлэх гэж байсан хувь хүмүүс, компаниудын үйл ажиллагааг бодлогоор дэмжих, шахмал түлшний үйлдвэрийг ЖДҮ-ийн хэлбэрт оруулж байгалийн хатаалгын аргыг ашиглаж зардал, өртгийг хямдруулах.
Гуравдугаарт, Ахуйн хэрэгцээний нүүрсний стандарт, тохирох технологийг нүүрсний төрөл, шинж чанараас хамааруулан тогтоож туршсаны дараа үйлдвэр байгуулах, хүний эрүүл мэндэд аюулгүй байгалийн цэвэр холбогчийг ашиглах, барьцалдуулагчгүй тулш үйлдвэрлэх технологийг судалж нэвтрүүлэх, улсын хэмжээнд бүсчилсэн шахмал түлшний үйлдвэр байгуулах төслийг үйлдвэрийн зөв технологи, аюулгүй, хоргүй барьцалдуулагч материал сонготол түр хойшлуулах.
Дарөвдүгээрт, Таван толгойн угаасан, буталсан, хатаасан нүүрсийг шууд шахмал хэлбэрт оруулж, үнэ өртгийг нэмэгдүүлж байгааг эргэж харах, гэрийн хорооллын ахуйн хэрэгцээнд ашиглах боломжийг судлах, турших.
Хүний амь нас, эрүүл мэндэд хамгийн их хамаатай шахмал түлшний үйлдвэрт гарч буй техник технологийн тулгамдсан асуудлыг өөрчлөн сайжруулах талаар мэргэжлийн үүднээс цаг хугацаа зарцуулж үзэл санаа, санал зөвлөмж боловсруулж танай сониноор дамжуулан нийтэд түгээхийг хичээлээ.
Монгол Улсын Эрчмийн салбарын зөвлөх, мэргэшсэн инженерүүдийн холбооны тэргүүн, Зөвлөх инженер Л.ГЭНДЭНСҮРЭН
Сэтгэгдэл (0)