Агаарын бохирдлын тунарал ба байгалийн салхины хамаарал
- 2022-01-25
- Нийтлэл
- 0
(Асуудал дэвшүүлсэн өгүүллэг)
Агаар мандал бол энэ дэлхий дээрхи хамгийн нягтрал багатай молекулуудаас бүрдсэн асар том ай сав.Тэр дэлхийн татах хүч, агаарын даралт, цаг уурын хэлбэлзэл, нарны гэрлийн цацрагийн альбедо ба термо- динамикийн хүчнүүдийн үйлчлэлээр хамгаас хялбар нэгдэж, задарч, сэлгэгдэж байдаг.
АГААРЫН СЭЛГЭЭ АГААР МАНДЛЫН ЦЭВЭРШИЛТИЙН ҮНДЭС БОЛДОГ
Улирал бүхэнд гаргадаг агаарын хамгийн их бохирдолтой хотуудын жагсаалтад манай нийслэл өвлийн улиралд тэргүүлэх байрыг тогтмол эзлэж байдаг. Харин агаарын дулаарал ба чийгшил харьцангүй нэмэгдсэн болон сэвшээ зөөлөн салхитай үеүүдэд энэ байр хойшлон хойшилсоор дэлхийн хотуудын дундажын хэмжээнд хүрэх нь бий. Харин хур тундасны хэмжээ элбэгших саруудад хамгийн цэвэр агаартай хотоор нэрлэгдэх ч боломжтой. Дээр дурдсан эдгээр үзүүлэлтүүд агаарын бохирдлын хэмжээ нь агаар сэлгээний үзүүлэлттэй шууд холбоотойг харуулж байдаг.
11-р сарын дунд үе-ээс хойд туйл ба сибирын хойд хэсэгт бүрэлдсэн эсрэг циклоны хүйтэн цүлс хүрээгээ аажмаар тэлсээр нийслэл хот орших “газар зүйн тогооны” баруун хойд болон хойд талаар шилжин ирж нягт ба жин ихтэй хүйтэн агаар хамгийн нам дор газруудаар голомтлон тунарна. Температурын бага хэлбэлзлээс шалтгаалж дүн өвлийн энэ цагт зонхилох чиглэлийн салхинаас бусад бүх төрлийн салхи бүрэн зогссон байдаг тул утаа ба хүйтэн агаар холимогжин хонхор хотгор газруудад улам өтгөрөн тунарч байдаг.
АГААРЫН СЭЛГЭЭ (КОНВЕКЦИ) ХОЁР ТӨРӨЛД ХУВААГДДАГ
1.”ЛАМИНАР” урсгалт салхи нь эгц шулуун замаар янз бүрийн хурдтай явагддаг. Ийм салхи 6- 8 м/с хурдтай бол агаарын цэвэршилт ба сэлгээнд эерэг сайн нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл ийм салхи агаар мандлын доод давхаргад бий болсон агаарын бохирдлын тунралыг саринуулан хөөж дэлхийн агаар мандлын давхаргуудад тараан замхруулдаг.
Дэлхийн тэнхлэгийн эргэлтээс эх үүсэлтэй кориолус буюу зонхилох чиглэлийн салхи нь ламинар урсгалтай салхи мөн. Гэвч тэр нь дэлхийн бөмбөрцгийн тэнхлэгээ тойрох эргэлтийн хурд буюу туулах замаас шалгаалж хурдны хэмжээ нь янз бүр байдаг. Дэлхийн тэнхлэгээ тойрох эргэлтийн туулах замын хэмжээ (24 цагт) экваторын орчимд 1670 км, харин 30-р өргөрөгт 1460 км,60-р өргөрөгт 830 км хурдтай болж буурдаг. Үүнээс шалтгаалж зонхилох чиглэлийн салхи өргөрөгүүдийн экватораас алслагдах зайнаас хамаарч ( 6) м/с -ээс илүү хурдтай байж чаддаггүй. Ийм салхи уулсын хярын дээгүүр явагддаг тул “газар зүйн тогоо” -нд (котловинд) хуралдсан агаарын бохирдлын тунаралд эерэг нөлөө үзүүлж чаддаггүй байна. Үүнийг дүн өвлийн хүйтний үед уулсын орой цэвэр цэлмэг харагдах атал нийслэлийн “газар зүйн тогоо” өтгөн утаа бохирдолд умбаж байдаг дүр зургаас тод харж болно.
2. “ТУРБУЛЕНТ” (чиглэл нь хувирамтгай) салхи нь агаар мандлын доод хэсэгт тунарсан агаарын бохирдлыг өөр хооронд нь хутган холимогжуулж улам өтгөрүүлж байдаг. Газар зүйн рельефээс үүсэх орон нутгийн чиглэл нь тогтворгүй явган салхи улирлын ялгаваргүйгээр байнга явагдаж байдаг. Гэвч эдгээр салхи нь агаарын бохирдлын тунралд эерэг нөлөө үзүүлдэггүй бөгөөд харин сөрөг үзүүлэлтүүдийг л нэмэгдүүлж байдаг. Ялангуяа авомашины хөдөлгөөнөөс үүсэх явган салхи нь газрын гадаргуугийн орчмын нам өндөрт байгаа утааны бохирдол ба газарт буусан тоос тортгийг бага өндөрт дахин дахин хөөргөж хөдөлгөөнд оруулж байдгаараа хамгаас хортой байдаг. Харин температурын интервалын эрс зөрүү болон их хэмжээний газар нутгийг хамарсан хүйтэн ба дулаан фронтын ялгавараар бий болдог улирлын “муссон” салхи нь хурд хүч ихтэй, хамрах хүрээ нь өргөн байдаг тул агаарын бохирдлын тунралыг бага хугацааны дотор хялбархан хөөн зайлуулдаг.
Газар зүйн рельефийн уруудам дагасан уул хөндийн салхи ба зонхилох чиглэлийн салхины харилцан тулгарлтаас бий болох салхины инерцийн хүчний мөргөлдөөн нь агаарын бохирдлын голомтолсон тунралтад эерэг сөрөг нөлөө үзүүлдэггүй.
Агаарын даралт ба татах хүчнээс үүсэх орон нутгийн салхи нь Туул голын гольдролыг дагуу хэвгийн уруудам чиглэлд явагдаж байхад, зонхилох чиглэлийн салхи баруун хойноос зүүн урд буюу сөрөг чиглэлд байна. Үүний улмаас нийслэлийн нутаг дэвсгэр дэх хүйтний оргил хэмжээ Яармаг, Сонгино хайрхан уулын хоорондох хамгийн нам дор цэгт бүрэлддэг байх магадлалтай.
ЭШЛЭЛ
Улирлын “муссон” салхи бүрэн зогссон дүн өвлийн цагт дөрвөн уулаар хүрээлэгдсэн “газар зүйн тогоондоо” нийслэлчүүд хатуу түлшний мянга мянган зуух галлаж,дотоод шаталтын хөдөлгүүрт мянга мянган автомашин хөлөглөн амьсгалах агаарын амин эрдэнэ болсон, дэлхийн агаар мандлын (21) хувийг эзэлдэг ХҮЧИЛТӨРӨГЧӨӨ завсарлаггүй шатааж утаа тортог болон хорт хий болгон хувиргана. Эцэст нь амьсгалын замын өвчлөлтийг анагааж чадахгүй байгаа эрүүл мэндийн ажилтнуудаа буруутгаж сууна.
ЭШЛЭЛ
Өрөө тасалгааны агаарын бохирдлын ихэнх нь органик гаралтай байдаг бөгөөд тэр нь хүмүүсийн эрүүл мэндэд зохисгүй нөлөө үзүүлж байдаг. Харин гадна агаарын бохирдол нь хатуу ба шингэн түлшний шаталтаас бий болдог хими ба эрдэс бодисын гаралтай бохирдол тул хүмүүсийн эрүүл мэндэд илүү хорт нөлөө үзүүлдэг.Тэгэхээр бид гаднах агаарын бохирдол ихссэн үед салхивчаа нээн агаарын сэлгээ явуулж байгаа нь тасалгаанд хуралдсан органик гаралтай бохирдлоо гаднах орчны илүү бохирдолтой агаараар сэлгэж байгаа хэрэг болно. Агаарын сэлгээний “ламинар” урсгал нь агаарын бохирдлыг арилгах үндсэн хүчин зүйл болдог.
САЛХИНЫ ХҮЧИН ЗҮЙЛ БҮРМӨСӨН ЗОГССОН ДҮН ӨВЛИЙН ЦАГТ 6 М/С - ЭЭС ИЛҮҮ ХУРДТАЙ ЛАМИНАР УРСГАЛТАЙ САЛХИ ХЭРХЭН БИЙ БОЛГОХ ВЭ ГЭДЭГ ТҮЛХҮҮР АСУУДАЛ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА.
Үүнийг зарим мэргэжлийн хүмүүс дэлхийн цаг уурын глобал хэмжээний асуудал мэт үзэж боломжгүй гэж хариулдаг. Гэвч энэ бол 35-40 км урт, 10 км орчим өргөн 600 м хүртэл зузаантай “газар зүйн тогоонд” бий болсон агаарын бохирдлыг анхнаас нь өтгөрүүлэн тунраахгүй байх, хуралдаж өтгөрөх үед нь бага багаар сэмлэн зайлуулах чиглэлээр хэрэгжүүлвэл биелэгдэх боломжтой гэж би үздэг.
Дулааны интервалын зөрүү буюу агаар сэлгээний хэлбэлзэл далай тэнгисын орчимд 1-1,5 %, өндөрлөг бүсүүдэд 10-15 %, говь цөлд 30 % хүрдэг.
Нарны гэрлийн цацрагийн Альбедогийн ойлтын үзүүлэлт нь ойролцоогоор шинэ цастай үед 80-90 %, хуурай элсэн гадаргууд 40 %, ургамалан бүрхэвчтэй бол 10 - 20 %, усан мандалд 2-5 % байдаг. Харин selective coating гадаргуутай туйлын хар өнгийн материалын ойлтын үзүүлэлт нь 5 хувиас ихгүй, шингээлтийн үзүүлэлт нь 95 хувиас багагүй байдаг.
Энэ бүхнийг үндэслэж нийслэл хотын зонхилох чиглэлийн салхины гарах нээлхий болох Хоолтын давааны өндөрлөг хэсэгт температурын интервалыг нэмэгдүүлэх зориулалттай,нарны гэрлийн альбедод үндэслэсэн дулаан үйлдвэрлэх “пассив” станц байгуулна. Нарны цахилгаан станцтай төстэй энэ станцын дэлгэцүүдийг туйлын хар өнгөтэй, нийлэг мяндсан хийцтэй, selecfive coating гадаргуутай нэхмэл материалаар хийсэн байна. Ийм дэлгэцүүд нь нарны гэрлийн цацрагийн энергээр орчны агаарын температураас 28 хэм хүртэл илүү дулааныг гаргаж чаддаг байна. Түүнийг “пассив”станц гэж нэрлэсэн нь үйлдвэрлсэн дулаанаа байгаа орчиндоо шууд алдагдуулж байгаатай холбоотой болно. Станц байрлах талбайд салхины хонгил маягийн байнгын урсгал бий болгож улмаар агаарын бохирдлын өтгөн тунаралыг нэг захаас нь аажмаар сэмлэн татах маягаар саринуулах болно. Цаг уурчдын “инверсийн судал давхрага” гэж нэрлээд байгаа үзэгдэл нь мөн чанараараа нарны гэрлийн нийлмэл цацрагийн нэвтрэлтийг эрс багасгаж байдаг утааны тунралт давхрага байдаг. Түүний өтгөрлийг зогсоосноор хотын нутаг дэвсгэрт нэвтрэн ирэх нарны гэрлийн нийлмэл цацрагийн хэмжээ өсөж, “газар зүйн тогоон” дахь (термо-динамикийн) агаарын хөөрөх урсгал идвэхжин улмаар салхины ламинар урсгалын хүч нэмэгдэнэ. Цаашид энэ станц шинээр үүсч бий болсон агаарын бохирдлыг өдөр өдрөөр аажмаар сэмлэн зайлуулж агаарын бохирдлын тунралын хэмжээг багасгах болно. Энэ байгууламжтай холбоотой сэдвүүдийн дэлгэрэнгүй тайлбарыг (АЛТАН ТЭВШИЙН ХӨНДИЙГӨӨС АГААРЫН БОХИРДЛЫГ ЗАЙЛУУЛЖ БОЛНО) сэдэвт өгүүллэгээс бүрэн танилцаж болно.
Ахмад настан Л.Лхагва
(2022 оны 1-р сар)
Сэтгэгдэл (0)