Монгол Улсад сорилтын жил тохиож байна

2020 оны эхээр ковид-19 халдварт цар тахал эрчимтэй дэгдэж, дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засагт урьдчилан тооцоолох боломжгүй эрсдэл тулгарав. Монгол Улсын эдийн засаг гэхэд л сүүлийн 25 жилд анх удаагаа -5.3 хувь хүртэл агшив. Нэгдсэн төсвийн алдагдал ДНБ -12 хувьд хүрсэн нь  4.6 их наяд төгрөгтэй дүйцэж байна.

Энэ нь манай улсын түүхэнд байгаагүй муу үзүүлэлт. Харин 2021 оны хувьд олон улсын санхүүгийн байгууллагууд, Монголбанкны таамаглалаар манай ДНБ буюу эдийн засгийн өсөлт ойролцоогоор 4-6 хувийн өсөлт үзүүлнэ гэж тооцсон байдаг. Цар тахлын хүнд үед эдийн засгаа өсгөж чадсан улс олон бий. Жишээ нь, Ирландын эдийн засаг 2021 онд 13 хувь өсжээ. Чили 11, Перу 10, Хятад 8 хувийн өсөлттэй байна. Өмнөд Америкийн хоёр улсыг онцолсон нь учиртай. Манай улстай ижил зэс экспортлогчид. Тэд Хятад улс руу тив дамнан зэсийн хангалттай экспорт хийжээ.

 

Монгол Улсын эдийн засаг зэс, нүүрс гэсэн уул уурхайн хоёр бүтээгдэхүүнээс шууд хамаардаг. Яагаад гэвэл манай улсын валют олдог экспортын 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, 70 орчим хувийг зэс, нүүрс дангаараа эзэлдэг. Өнгөрсөн жил зэс, нүүрс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнүүд дэлхийн зах зээл дээр асар өндөр үнэ хүрлээ.  2020 оны хагас жилээс эхлэн  зэсийн үнэ тонн  тутамдаа 5 мянган ам.доллароос 10 мянган доллар давж нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл зэсийн экспорт хийдэг улс оронд эдийн засгаа өсгөх сайхан боломж гарч ирсэн гэсэн үг. Үүнийг Чили, Перу зэрэг улс орнууд ашиглаж эдийн засгаа тэлж чаджээ.

 

 

Нүүрсний хувьд ч ялгаагүй.  Гэвч бид нүүрсний үнийн супер циклийг огт ашиглаж чадсангүй. Коксжих нүүрсний үнэ өмнөд хөршид 600 ам.доллар давсан ч манай төрийн өмчит компаниуд хэд дахин хямдаар борлуулалт хийсэн. Хамгийн урт хуурай замаар хиллэж, 13 боомтоор холбогддог атлаа хөршийнхөө хаяанаас экспортоо хийж чадахгүйд хүрсэн нь нэн харамсалтай. Хэрэв Монголын экспортын гол бүс нутаг болох Өмнөговь аймаг  ковидгүй байсан бол түүхий эдийн үнийн өсөлтийн супер цикл манай эдийн засгийг хэд дахин тэлэх байв. Харамсалтай нь, бид ховорхон тохиох алтан боломжоо  ийнхүү алджээ.

Монгол Улсын төсвөөс гадна төсвийн орлогоос давсан хэмжээ¬ний санхүүжилт бүхий хоёр ч томоохон хөтөлбөр хэрэгжүүллээ. 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн “Ажлын байрыг хадгалж, иргэдийн амьжиргааг хамгаалах”-д чиглэсэн гэх тодотголтой, 5.1 их наяд төгрөгийн багц арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Тус хөтөлбөрт аж ахуйн нэгжийн НДШ (нийгмийн даатгалын шимтгэл)-ээс чөлөөлөх, ажилтан, албан хаагчдын цалин, хөлсөнд ХХОАТ (хувь хүний орлогын албан татвар) ногдуулахгүй байх, ноолуурын зээл олгох, 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс бензин, шатахууныг литр тутамд нь 300 төгрөг, түүнээс дээш төгрөгөөр бууруулах зэрэг долоон арга хэмжээг хэрэгжүүллээ.

Гэвч цар тахлын хямралыг даван туулахаас илүүтэй УИХ-ын сонгуульд зориулсан байсныг  хөтөлбөр хэрэгжиж эхэлмэгц анзаарагдсан юм. Тухайлбал, 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө ямааны кг ноолуур тутамд 20 мянган төгрөг байхаар тооцоолж тэрбум тэрбумаар малчдад мөнгө тараав. Шатахууны үнийг сонгуулийн өмнө хүчээр тогтворжуулж бууруулсан нь хожим ямар их хор хохирол дагуулав. Дурдвал ийм жишээ бий.Гэтэл бусад орны төр засгийн хэрэгжүүлсэн хөтөлбөр манайхаас эрс ялгарч байна. Дэлхийн хэмжээнд нийт ажил эрхлэлтийн талаас илүү хувь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд оногдож байна. Хөгжиж буй орнуудын жижиг, дунд үйлдвэрлэлийн хэмжээ ДНБ-ийх нь 40 орчим хувь, хөгжингүй орнуудын хувьд 55 хүртэлх хувийг эзэлдэг. Энэ нь аливаа улс орны эдийн засгийг жижиг, дунд үйлдвэрлэлгүйгээр төсөөлөх аргагүй гэсэн үг юм. Цар тахлын хямралд санхүүгийн нөөц нь хязгаарлагдмал, үйл ажиллагаа нь банкны санхүүжилтээс шууд хамаардаг жижиг дунд үйлдвэр¬лэгчид хамгийн түрүүнд өртсөн. Тиймээс ихэнх улсын Засгийн газар хөнгөлөлтийн багцаа энэ салбарын  үйл ажиллагааг дэмжихэд зориулжээ.

 

Өнгөрсөн оны эхээр байгуулагдсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар  “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Өмнөх хөтөлбөрт хаягдсан зарим чухал арга хэмжээг нөхөн оруулж хэрэгжүүлж эхэлсэн нь сайшаалтай. Үүнд репо санхүүжилт, гурван хувийн хүүтэй аж ахуй нэгжүүдийг дэмжих зээл, ипотекийн хөтөлбөрүүд багтсаныг онцолмоор байна. Гэхдээ энэ арга хэмжээнүүдийг Монголбанк хэрэгжүүлээд эхэлчихсэн байсныг санах хэрэгтэй. Мөн дөрөвдүгээр сараас хүн амын зорилтот хэсгийг эрчимтэй вакцинжуулж хол хориог үе шаттай сулруулснаар аж ахуйн нэгж, бизнесийн үйл ажиллагаа сэргэх хандлага анзаарагдсан юм.

 

2021 оны эхээр Калифорнийн Их Сургуулийн профессор Пьер-Оливье Гуранчесийн ахласан эрдэмтэн судлаачдын баг дэлхийн улс орнууд хямралын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр дүн, цаашид дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар хийсэн судалгааны тай¬лан¬гаа нийтэд танилцууллаа. Судлаачид дэлхийн нийт ДНБ болон гадаад худалдааны 90 орчим хувь нь оногддог 64 улсын өгөгдөлд шинжилгээ хийжээ. 2020 онд дэлхийн эдийн засаг -3.6% буурсан. Хэрвээ Засгийн газрууд ойролцоогоор ДНБ-хээ 11 хувиар хэмжигдэх санхүүжилтийг цар тахлын эсрэг зарцуулаагүй тохиолдолд дэлхийн эдийн засгийн уналтын хэмжээ ердөө 0.67% нэмэгдэх байсан гэх дүгнэлт хийжээ. Өөрөөр хэлбэл, нэг долларын дэмжлэг эдийн засгийн гарцыг дөнгөж 6-7 центээр дэмжсэн байх юм. Цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг багцлан тооцвол, хөгжингүй орнууд ДНБ-нийхээ 16.6 хувь, хөгжиж буй улсууд 5.9 хувийг зарцуулжээ. Харамсалтай нь, хөнгөлөлттэй санхүүжилтийн 40 орчим хувийг санхүүгийн боломжтой компаниуд авсан гэх баримт бий.

Монгол Улсын Засгийн газар нийтдээ 15.1 их наядаар хэмжиг¬дэх хоёр томоохон хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Донор улс орон, санхүүгийн олон улсын байгууллагуудаас нэг тэрбум ам.долларын буюу бараг 3 их наяд төгрөгийн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авч ашиглаад байна. Айл өрх ААН-үүдийн цахилгаан, дулаан уур, цэвэр бохир ус, хогны мөнгөний 13 сарын төлбөрийг төлөхөд нэг их наяд орчим төгрөг. /Төсвөөс гадуур Эрдэнэт үйлдвэрээс гаргуулсан/, иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмжид 1.2 их наяд төгрөг/ Оюу Толгой ХК-ний арбитрын шүүхийн барьцаанд байсан/, Эрдэнэс силвер компаниас ахмадуудын өрийг тэглэхэд 695 тэрбум төгрөг /Эрдэнэс бонд/…гэх мэтээр ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулсан нь дэлхийн дунджаас хавьгүй өндөр хувь эзэлнэ.

2021 оны 12 сарын дүнгээр улсын хэмжээнд инфляцын түвшин 13.4 хувь, Улаанбаатар хотод 14.8 хувьд хүрчээ. Энэ нь Монголбанкны зорилтот түвшнээс хоёр дахин давсан үзүүлэлт юм. Үнийн өсөлт буюу инфляц өссөн шалтгааныг тээвэр ложистикийн гацалт, шата¬хууны  үнэ нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байгаа. Энэ нь үнэний хувьтай боловч суурь шалтгаан нь тухайн улс орны эдийн засгийн бодлогод оршиж байгаа юм.Энэ жил Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын ажлыг шалгах хамгийн хүнд үе байх болно. Дэлхийн зах зээл дээрх уул, уурхайн эрдэс бүтээгдэхүүний үнэ өсөж, эрэлт нэмэгдсэн таатай цаг үе хэдий ч ковид-19 цар тахлын элдэв хувилбаруудын нөлөөгөөр хилийн боомтууд дээр хүндрэл үүсэж түүхий эдийн экспорт гацах нь. Хятадын  сүүлийн 3 сарын статистик харвал (Sxcoal news), Ганц модны боомтоор өнгөрсөн жилийн 11 сард өдөрт дунджаар 398 нүүрс тээврийн авто машин гарч байсан бол 12 сард 99, шинэ оны эхний сард 97 болж цөөрчээ. Зэсийн баяжмалын экспортын хувьд ч байдал тийм сайнгүй байна. Гэтэл төсвөө бид өөдрөг төсөөлсөн. Төсвийн зардлаа 18.2 их наяд төгрөг байхаар тооцоолсон. Экспортод 36.7 сая тн нүүрсийг 132.1 ам.доллароор гаргаж, уул уурхайгаас 4.2 их наяд төгрөг төсөвтөө төвлөрүүлэхээр тооцсон. Гэвч энэ жилийн төсөв хүндрэх төлөвтэй байна.

Монгол Улс 2021-2024 онд нийт 13 орчим тэрбум ам.долларын гадаад өрийн үндсэн болон хүүний төлбөр төлнө.

 

Тухайлбал, Засгийн газар, Монгол Улсын Хөгжлийн банк 5.7 тэрбум ам.доллар төлөх ёстойгоос 2.8 тэрбум нь Засгийн газрын гадаад бондын хүү болон үндсэн төлбөр, 1.8 тэрбум ам.доллар нь Засгийн газрын гадаад зээлийн хүү болон үндсэн төлбөр, 1.1 тэрбум ам.доллар нь Хөгжлийн банкных байна. Монголбанк  2023 онд  Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хоёр тэрбум орчим ам.доллар, хувийн сектор нийт 5.5 тэрбум ам.долларын үндсэн болон хүүгийн төлбөр төлөхөөр байна. Өөрөөр хэлбэл, ирэх жилүүдэд өрийн дарамт ч хүчтэй мэдрэгдэнэ.

 

Үүнээс гадна, цар тахалтай холбоотой аж ахуй нэгжүүд хаалгаа барьж олон иргэд ажил, орлогогүй ядуусын эгнээнд шилжиж байгаа. Энэ бүхэн эдийн засгийн өсөлтийн хурдцыг сааруулж, жилийн эцсээрх ДНБ-ийн хэмжээнд нөлөөлж таарна. Засгийн газар төсөв, мөнгөний шийдвэрүүдээ эргэн харах, ажлын байр олноор бий болгох, гадаад өрийн асуудлыг анхааралдаа авах, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, шата¬хууны үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг бодитой ажил хийх шаардлагатай байна.

 

Эдийн засгийн ухааны доктор Р.ДАВААДОРЖ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)