“ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗҮҮЛЭЛТ”- 2020 ЭМХЭТГЭЛ ХЭВЛЭГДЛЭЭ

Тус төвөөс жил бүр албан ёсны статистик мэдээллийг нэгтгэн боловсруулж мэдээлэл хэрэглэгчдэд эмхэтгэл хэлбэрээр хүргэдэг бөгөөд 2020 оны “Эрүүл мэндийн үзүүлэлт” нь нийт 16 бүлэг, 65 дэд бүлгээс бүрдэж байна.  Эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг боломжит албан ёсны статистик бүртгэгдсэн оноос эхлэн харьцуулан гаргасан ба  хэрэглэгчдэд ойлгомжтой хүргэх зорилгоор зураг, дүрслэл, хүснэгт хэлбэрийг түлхүү ашиглаж бэлтгэн мэдээлэл хэрэглэгчдэд түгээгээд байна.

2021 онд Эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд тухайн жилийн эмхэтгэлд 1921 оноос Монгол улсын хүн амын тооны өсөлт, эрүүл мэндийн байгууллагын ажиллагчдын мэдээллийг  эх сурвалжуудаас авч оруулсан.

Тогтвортой хөгжлийн зорилтын эрүүл мэндийн үзүүлэлтүүд, Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтын үзүүлэлтүүдийг дэлхийн болон бүсийн дундаж үзүүлэлтүүдтэй харьцуулан гаргасан болно. Эрүүл мэндийн салбарт Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдаж 2020 оны байдлаар хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа 7 үндэсний хөтөлбөрийн  шалгуур үзүүлэлтийн мэдээллийг тооцоолон орууллаа.

Монгол улсын хүн ам 1921 онд 649.9 мянга байсан бол 1962 онд 1 сая хүн амтай болсон. 1988 онд 2 сая дахь иргэнээ өлгийдөн авсан бол 2015 онд 3 сая болсон байна. 2020 онд 3 сая 357.5 мянга болж, сүүлийн 60 жилийн хугацаанд 2.3 саяар нэмэгдсэн байна. Төрөлтөөс тооцсон дундаж наслалт 2020 онд улсын хэмжээнд 70.7 болж өмнөх оноос 0.3 пунктээр өссөн бөгөөд эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76.2, эрэгтэйчүүдийнх 66.7 жил болсон байна. Монгол хүний эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 1965 онд 2.3 байсан бол 2020 онд 9.5 жил болж 55 жилийн хугацаанд 7.2 жилээр нэмэгджээ.

Монгол улсад 1925 онд шинжлэх ухааны үндэстэй европ эмнэлгийг анх 8 ортойгоор байгуулж, дараа нь 15 ортой болгож “Ардын эмнэлэг” байгуулан ажиллаж байсан бол 2020 оны байдлаар Монгол улсын хэмжээнд төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг 12, тусгай мэргэжлийн төв 14, бүсийн оношилгоо эмчилгээний төв 5, аймгийн нэгдсэн эмнэлэг 16, дүүргийн нэгдсэн эмнэлэг 4, нийгмийн эрүүл мэндийн төв 9,  хөдөөгийн нэгдсэн эмнэлэг 6, сумын эрүүл мэндийн төв 322, өрхийн эрүүл мэндийн төв 209, хувийн ортой эмнэлэг 241, хувийн клиник 1491 зэрэг эрүүл мэндийн байгууллагууд хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

2020 оны байдлаар эрүүл мэндийн салбарт нийт 56.5 мянган ажиллагчид Монгол улсад оршин суугаа 3.253.3 мянган хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. 2000 онтой харьцуулахад нийт ажиллагчдын тоо 24.9 мянгаар буюу 10 000 хүн амд 40.8-оор, өмнөх онтой харьцуулахад 3.8-аар нэмэгдсэн байгаа болон эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээний мэдээллийг сүүлийн 10 жилээр харьцуулан гаргасан мэдээллүүдтэй  хэвлэмэлээр болон тус төвийн цахим хуудснаас танилцаарай.

2020 оны эмхэтгэлд шинээр Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааны мэдээллийг тооцоолон оруулсан бөгөөд 2020 оны жилийн эцсийн байдлаар бөөр шилжүүлэн суулгах мэс засал 230, элэг шилжүүлэн суулгах мэс засал 112, ясны чөмөг үүдэл эс 22, нүдний эвэрлэг 24, арьс шилжүүлэн суулгах мэс засал 735, шөрмөс шилжүүлэн суулгах мэс засал нийт 22 эмчилгээг тус тус амжилттай хийгээд байна гэх мэт албан ёсны статистик мэдээллийг энэхүү эмхэтгэлээс авч, судалгаа, шинжилгээ, үйл ажиллагааны төлөвлөлт, шийдвэр гаргалтад ашиглах боломжтой юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)