ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ ЦАХИМ ШИЛЖИЛТЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

Өнөөдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулсан “Цахим шилжилт” үйл ажиллагаа боллоо. Уг үйл ажиллагаанд ЭМ-ийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа, ЭМЯ-ны газар хэлтсийн дарга болон харьяа эмнэлгийн удирдлагууд, хамтарч ажилласан байгууллагууд болон Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хамт олон оролцов.

Эрүүл мэндийн мэдээллийн нэгдмэл байдал, хэрэглээг нэмэгдүүлэх, цахим эрүүл мэндийн шийдлүүдийг нэвтрүүлэх замаар эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Монгол улсын Засгийн газраас 2021 онд Цахим эрүүл мэнд-2 төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд  Эрүүл мэндийн хөгжлийн төв 2021 онд тус байгууллагын үндсэн чиг үүргийн хүрээнд

1. Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан

2. Эрүүл мэндийн байгууллагын  магадлан итгэмжлэлийн систем

3. Эрүүл мэндийн статистикийн бүртгэл тайлагналтын H-info програмын вэб хувилбар

4. Эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэлийг мэдээллэх нэгдсэн платформ

5. Төгсөлтийн дараах богино хугацааны цахим сургалтын платформ

6. Эрүүл мэндийн статистикийн нээлттэй өгөгдлийн  сангийн Тableau програм хангамжуудыг хөгжүүлэн ашиглаж эхлэж байна.

Цахим шилжилт хийснээр  эрүүл мэндийн байгууллага, салбарын мэргэжилтнүүдэд хүргэх үйл ажиллагаа орчин үеийн технологид суурилсан, түргэн шуурхай, хялбар, ил тод нээлттэй болох, улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл, ковидын нэгдсэн мэдээлэл болон хүний нөөцийн  дэлгэрэнгүй мэдээний сантай болж байна.

Эрүүл мэндийн хөгжлийн төв нь 2021-2024 онд “Нэг бодлого-Нэгдсэн зохицуулалт” стратегийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд стратегийн дагуу 2021 онд цахим шилжилтийг эрчимжүүлсэн жил байлаа. Бид төрийн үйлчилгээний уламжлалт хэв загвараас дижитал хэлбэрт шилжиж, эрүүл мэндийн салбарын ажиллагсдад хэзээ ч хаанаас ч хөгжлийн төвийн үйл ажиллагааг авах боломжийг бүрдүүллээ.

Салбарын цахимжилтийн бодлоготой уялдуулан Төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай, хүнд сурталгүй, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хүргэх зорилгоор төвийн үйл ажиллагааг цахимд шилжүүлэх ажлыг 2021 онд эхлүүлэн, програм хангамжийн бэлэн байдлыг ханган, ашиглаж эхлэхэд бэлэн болсон бөгөөд өгөөдөр уг үйл ажиллагааны нээлтийг хийлээ.  

Эдгээр програм ашиглалтад орсноор Баян-Өлгийн аймгаас 350 мянган төгрөгийн зардал гарган УБ хотод ирж лицензийн шалгалт өгөх гэж ирдэг байсан зардлыг бууруулж орон нутагтаа интернэтээр 3000 төгрөгний дата нэгжтэй байхад гар утаснаасаа ч шалгалт өгөх боломжтой болсон.

Магадлан итгэмжлүүлэх байгууллага 300 хуудас материал бэлтгэн, магадлан итгэмжлэгдэж батламж авах хүртэл 2.5 сарыг зарцуулж байсныг цахимд шилжүүлснээр 1 сар хүртэл хугацаатай богиносгож зардлыг багасгаж чадлаа.

Статистик тоо мэдээлэл авахаар манай байгууллагад өргөдөл бичиж, утсаар залган ачаалал ихтэй байгаа мэргэжилтэнд ачаалал нэмж статистик мэдээлэл авдаг байсныг халж интернэтээр хүссэн график, хүснэгтээр, олон жилийн динамик оноор, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран авах боломжтой болж байна.

Эдгээр жишээнүүд нь төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай зохион байгуулах, ил тод, нээлттэй ажиллах, үйлчлүүлэгчийг дээдэлж, мэдээллээр хангах, төрийн албан хаагчийн ёс зүй, хуулийг мөрдлөг болгох, сайжруулах зарчмыг баримтлан тасралтгүй хөгжих чин хүсэл эрмэлзлэлийн үр дүн юм.

Мөн бид 2022 онд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааны нэгдсэн систем, судалгааны нэгдсэн мэдээний сан, коронавирусын халдвар (Ковид19)-ын нэгдсэн удирдлага, хяналтын дэд системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)