ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЦАХИМ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
- 2021-11-06
- Сурталчилгаа
- 0
Тусламж, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих, эмнэлгийн мэргэжилтнүүдийн судалгаа хийх ур чадварыг сайжруулах зорилгоор Магадлан итгэмжлэлийн албанаас 2021 оны 11 сарын 3-ны өдөр эрдэм шинжилгээний цахим бага хурлыг зохион байгууллаа.
Цахим бага хуралд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн шинжээч Ц.Тунгалагтамир, ДЭМБ-ын зөвлөх Ч.Оюун, ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа, Зөвлөх О.Чимэдсүрэн, ЭМЭЗБСА-ны дарга Д.Баттулга нар оролцлоо.
ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа цахим хурлыг нээж хэлсэн үгэндээ “Тус төвийн зүгээс тусламж, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын чиглэлээр хийж буй ажлын ололт амжилт, цаашид хийхээр төлөвлөж буй ажлын талаар танилцуулж, цар тахлын хүнд хэцүү үед тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх зорилгоор судалгааны ажил хийн энэхүү цахим бага хуралд бүтээлээ хэлэлцүүлж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүдэд талархал илэрхийлсэн.” АХБ-ны ЭМСХХТөслийн мэргэжилтэн, АУ-ны доктор, Эрүүл мэндийн удирдлагын магистр их эмч Л.Хандсүрэн ”ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР САЙЖРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГ ХАНДЛАГА, ТӨЛӨВ” сэдэв бүхий зочин илтгэлээр оролцсон.
Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн ЭМТҮЧАБА-ны дарга их эмч М.Энхтуяа “COVID-19 ХАЛДВАРТАЙ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭГСДИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА”, УГТЭ-ийн Мэдрэлийн төвийн дарга их эмч Н.Лхамцоо “УГТЭ-ИЙН ХАРВАЛТЫН ТАСАГТ ТАРХИНЫ ЭДИЙН ДОТОРХИ ЦУС ХАРВАЛТЫН УЛМААС НАС БАРСАН ӨВЧТНҮҮДЭД ТАРХИНЫ ҮХЭЛТЭЙ ДОНОР БОЛОХ БОЛОМЖИЙГ ЭМНЭЛЗҮЙ БОЛОН СУУРЬ ШИНЖИЛГЭЭНҮҮДЭЭР ТООЦООЛСОН НЬ”, Интермед эмнэлгийн мэдрэлийн эмч Г.Үүрцайх “КАРДИОЭМБОЛИЙН ШАЛТГААНТ ТАРХИНЫ ЦУС ТАСАЛДАХ ХАРВАЛТЫН ҮЕИЙН ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛС БА ЭМНЭЛЗҮЙН СУДАЛГААНЫ ҮР ДҮН”, Увс аймгийн НЭ-ийн Амбулаторийн тасгийн нүдний их эмч Б.Мөнхсоёл “УВС АЙМГИЙН ХҮН АМЫН ДУНД НҮДНИЙ ӨВЧНИЙ УЧИР ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫН БАЙДАЛД ХИЙСЭН СУДАЛГАА”-ны ажлуудаа тус тус танилцууллаа. ЭМХТ-ийн зөвлөх О.Чимэдсүрэн эдгээр судалгааны ажлуудын талаар санал, дүгнэлт хэлж, цаашдын судалгааны ажил хийхэд анхаарах зүйлсийн талаар зөвлөгөө өгсөн болно. Эрдэм шинжилгээний бага хуралд нийслэл, орон нутгийн анхан болон лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж буй 120 гаруй эмнэлгийн мэргэжилтнүүд цахимаар оролцож судалгааны ажлуудын хэлэлцүүлэгт идэвхтэй хамрагдсан.
Бага хурлын 2 дугаар хэсэгт ЭМХТ-ийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба, Эрүүл мэндийн мэдээллийн алба, Эрүүл мэндийн эдийн засаг, бодлогын судалгааны алба, Магадлан итгэмжлэлийн албанаас хийсэн нийт 5 судалгааны ажлыг танилцуулсан. Бага хурлыг хааж ЭМХТ-ийн Магадлан итгэмжлэлийн албаны дарга М.Одгэрэл үг хэлэхдээ “Уг эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцсон судлаачид, эмнэлгийн мэргэжилтнүүдэд талархал илэрхийлээд энэхүү бага хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар хичээн ажиллах талаар” онцолсон.
Сэтгэгдэл (0)