Баабар: Дэлхийн дайн болбол...?

Дэлхийн хоёр дайныг өдөөгч нь Герман байсан бол өдгөө дэлхийн III дайн болдог юм гэхэд өдөөгч нь Орос болох магадлал илүү байна. Хүйтэн дайн төгссөнөөр эзэнт гүрэн нь нуран унасанд туйлаас харамсан гашуудаж, эзэнт гүрнийг дахин сэргээх хэнээрхэлд нийт ард түмнээрээ автчихаад буй нь Вэрсалийн гэрээнд туйлаас хорсож Ариун Ромын эзэнт гүрнийг дахин сэргээж өшөөгөө авах хийрхэлд автсан Гитлерийн Германтай тун төстэй болжээ.

Дэлхийн өнөөгийн байдал дэлхийн хоёрдугаар дайны өмнөхтэй улам төстэй болж байх шиг. Хоёрдугаар дайнд хүргэсэн шалтгаан 1929 онд Нью Йокт болсон биржийн дэлбэрэлтээс эхэлсэн юм. Энэ нь АНУ-ын эдийн засгийг сүйрүүлж Их хямрал буй болгон энэ нь даруй 10 жил үргэлжилсэн. Их хямрал тэр дороо дэлхийг бүрхэж Ази, Европын ихэнх орны эдийн засгийг, үргэлжлээд улс төрийг тогтворгүй болголоо. Чухам үүнээс болж Германд Гитлер, Италид Муссолини, Японд Араки, Испанид Франко гарч ирсэн төдийгүй Хятадад нийгмийг тогтворгүйжүүлсэн Маогийн бүлэглэл толгойгоо өндийлгөж, Орост Сталин дотоодын терророо гааруулж, Унгарт Хорти чангарлаа. Салан тусгаарлал эргэн амь орж Версалийн гэрээний шийдвэрийг дахин хянах оролдлого энд тэндгүй хүчээ авав. Чехословакаас Словак, Югославаас Хорват бие даахыг илээр тунхаглах болов. 

Энэ үеэс түрэмгийлэгч улсууд хөрш зэргэлдээ орон руугаа халдах, газар нутгийг нь аннекс хийн булаан авах, дэлхийн нэгдүгээр дайны хонзонгоо сэргээх, олон улсын өмнө хүлээсэн үүргээ санаатайгаар хөсөрдүүлэх, дотооддоо цэргийн дэглэм тогтоох зэрэг балмад ажиллагаа өргөжив. Герман, СССР, Итали, Япон гэсэн дөрвөн улс дэлхийн байдлыг тогтворгүйжүүлэх гол хүчин боллоо. Италийн Муссолиний дэглэм өнгөрсөн түүхийн сурвалжийг гул барин Этиопыг эзэлж, Албанид халдлаа. Япон Хятадад түрэмгийлж дайн эхлүүллээ. Гитлер Австрийг аннексаар өөртөө нэгтгэв. СССР Балтын гурван улсыг аннексаар өөртөө нэгтгэж, Гитлертэй хуйвалдан Румынаас Бессарабийг, Польшоос ихээхэн газар нутгийг булаан авсан төдийгүй жижигхэн хөрш Финландаас Кареллийг булаан авахдаа хилийн зурвас Ленинградтай хэтэрхий ойрхон байна гэсэн ичгэвэргүй зөвтгөлөөр дайн өдөөлөө. Испаний иргэний дайн нь дэлхийн дайны сургуулилт болж Европын ихэнх орон хөндлөнгөөс оролцон цэрэг техникийнхээ чадавхийг сорив. ЗХУ, Японы хоорон дахь хэд хэдэн удаагийн хилийн будилаан даамжирсаар сүүлдээ Монголын эзэнгүй уудам талд нэг мөсөн чадал тэнхээгээ шалгахаар бараг дайны хэмжээний том мөргөлдөөн зохион байгуулжээ.

Өрнөдийн ардчилал арчаагүй байдалд орлоо. Дэлхийн дараагийн дайныг гаргахгүйн тулд хамтран ойлголцох байгууллага болох Лиги Нацийг Версалийн гэрээний үндсэн дээр байгуулсан юм. Гэтэл ердөө арав гаруйхан жилийн дараанаас энэ байгууллагыг үл тоох хандлага газар авч, зарим нь эндээс түрэмгийлэл үйлдсэн шалтгаанаар хөөгдөж, зарим нь ерөөсөө л нулимаад өөрснөө хаяж одох нь тэр. Дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ мөнөөх л хувиа бодсон бодлогоороо Ази, Европт болж буй эдгээр самууныг далайн чанадаас ажиглан сууж байв. Тэд дайны өмнө зэвсэгт хүчний чадвахиар Румыны дараа 16-р байрт орж байлаа. Ерөнхийлөгч Вильсоны зоригтой санаачлагын ачаар дэлхийн нэгдүгээр дайн дуусч байхад шахам энэ дайнд татагдан орсон ба хэрэвзээ япончууд унтаж буй арсланг өшиглөж сэрээгээгүй бол магадгүй дэлхийн хоёрдугаар дайныг хөндлөнгийн ажиглагчаараа үдэх байсан ч юм билүү? 

Өрнөдийн доройтсон ардчилал эцэст нь дарангуйлалт дайны хэнээтнүүдэд бууж өгөн 1938 онд Гитлертэй хэлэлцээрт орж тэдний нэхээд байгаа Чехословакийн Сүдэтийг Германд бэлэглэв. Бууж өгсөн шившигт гэрээ Гитлерийг зоригжуулж ердөө хойтон жил нь тэд Польшид гэнэт халдсанаар дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн юм. 1939.9.1-ээс 1945.9.2 хүртэл үргэлжилсэн энэ дайнд дэлхийн ихэнх орон татагдан орсон ба 60 сая хүний амь насаар тоглож, үй олон хот тосгон, хүн төрлөхтний иргэншлийн зургаан мянган жилд бүтээсэн асар их баялагийг үнсэн товрог болгосон билээ.

Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш 70 жилийн турш хүн төрлөхтөн дайн дажингүй амар амгалан амьдарсаар өдий хүрлээ. Мэдээж орон нутгийн болон бүс нутгийг хамарсан дайн байлдаан тулалдаан мөргөлдөөн тасраагүй ч гэлээ. Юутай ч дэлхийн улс орнууд Каир, Тегеран, Ялт, Подстамын гэрээний үндсэн зарчмыг өдий хүртэл ямар нэг хэмжээгээр сахьсаар ирсэн юм. Энэ хооронд колонийн систем задарч Ази Африкийн олон орон тусгаар тогтнолоо зараллаа. Мөн коммунизм нурснаар цөөнгүй улс орон тусгаар боллоо. Маш олон оронд төрийн эргэлт, иргэний дайн, дарангуйлалт тогтолцоо, бүс нутгийн маргаан болон байлдаан гарч, заримдаа бүс нутаг болон үндэстэн дамнасан талбайг эзэлсэн терроризм байнга гарч байсан боловч ерөнхий утгаараа хүн төрлөхтөн улам бүр нэг зарчим дээр тулгууралсан ёс суртахуунд ойртсоор ирсэн. Өдгөө дэлхийд 200 орчим тусгаар улс орон буй бөгөөд түүний тал нь ардчилсан тогтолцоотой, гуравны хоёр нь ядахнаа л сонгуульт ардчилсан зарчмыг бариталдаг.

Коммунизм мөхснөөр Хантингтоны “иргэншил хоорондын мөргөлдөөн” гаарлаа. Яг иргэншил хоорондын мөргөлдөөн мөн үү? Лал иргэншлийнхэн бусадтай гэхээсээ хоорондоо сунит, шийт болон үхэх сэхэхээ үзэж байна. Христосын үнэн алдарт мөргөлт Орос Европтой дайсагналцах төдийгүй ах дүү украинчуудтайгаа байлдаад уналаа. Иргэншлийн хувьд яг таг нэг ангид хамаарах хятадууд, вьетнамчуудын зөрчил юунд ч хүргэж болох юм. Нарийн ярих юм бол хүн төрлөхтний түүхийг харахад нэг гарал үүсэлтэй соёл иргэншлүүд бусадтай гэхээсээ хоорондоо илүү дайсагналцдаг. Ингэхээр иргэншил хоорондын мөргөлдөн гэхээсээ дэлхийн дайны дараах хуваагдлыг хянан үзэх, болбол өөрчлөх сонирхол энд тэндгүй буй болсонтой холбоотой мэт. Дайны дараа шийдвэрлэгдээгүй, эсвэл бүрхэг үлдсэн, эсвэл маргаантай асуудлууд хүйтэн дайны дараа эргэж сэдрэн гомдол санал төдийгүй дайсагналцал энд тэндгүй үүсэх боллоо.

Номхон далайн олон аралд Хятад гомдол гаргах болов. Курылын арлууд Япон, Орос хоёрын олон жилийн маргаан. Югослав задарснаар газар нутгийн маргаан тасрахаа болив. Латин Америкийн орнуудын газар нутгийн маргаан ч шинэ зуун гарснаар идэвхижив. Колоний задралын дараах Африкийн асуудлыг яриад ч хэрэг алга. Колони орнуудын дураараа буй болгосон Африк дахь шинэ улс орнуудын хуваарилалт 100 жил үргэлжилсэн Балканы хойгийн асуудлаас ч хурц, заавал тайллаа хүлээж буй уурхай мөн. Далим л хүлээж байгаа. Энэтхэг ба Пакистаны, Камбож ба Тайландын гээд цааш үргэлжлүүлбэл дуусашгүй. Үүнээс гадна далим гарвал хүчээ авах салан тусгаарлалтын өмнө Энэтхэг, Хятад, Индонез, Шри Ланка, Пакистан, Афганистан, Испани, Орос, Их Британи, Канад гээд олон орон байна. Ойрхи Дорнодыг тоочоод ч хэрэггүй. Дээр нь овог овгоороо тусгаарлах сонирхолтой Африкийг нэмбэл тооцоолж байгаагаар 600 орчим шинэ улс гүрэн буй болох аж. Энэ бүх асуудал зөвхөн дэлхийг хамарсан шинэ дайнаар л шийдэгдэх боломжтой.

Дэлхийн хоёр дайныг өдөөгч нь Герман байсан бол өдгөө дэлхийн III дайн болдог юм гэхэд өдөөгч нь Орос болох магадлал илүү байна. Хүйтэн дайн төгссөнөөр эзэнт гүрэн нь нуран унасанд туйлаас харамсан гашуудаж, эзэнт гүрнийг дахин сэргээх хэнээрхэлд нийт ард түмнээрээ автчихаад буй нь Вэрсалийн гэрээнд туйлаас хорсож Ариун Ромын эзэнт гүрнийг дахин сэргээж өшөөгөө авах хийрхэлд автсан Гитлерийн Германтай тун төстэй болжээ. Иймээс тэд дэлхийн дайны дараа тогтсон дэг журмыг дураар зөрчиж, урьд нь харъяалалд нь байсан тусгаар орнуудыг дарамтлан, газар нутгаас нь булаах буюу тусгаарлах ажиллагааг идэвхитэй явуулах боллоо.

Путины дайснаар зарлаад байгаа нөгөө тал болох ЕХ болон НАТО нь Оросоос хүн амаараа дөрөв дахин олон, үндэсний баялагаараа арван тав дахин их, батлан хамгаалан зардал нь мөн арван тав дахин их, технологийн хувьд бүтэн үе түрүүлчихсэн, соёл, шинжлэх ухаан, зэвсэглэл, баялагаар бүх дэлхийг тэргүүлчихээд байгаа этгээд юм. Нэг үгэндээ соёл иргэншлийн төвшин, сэтгэлгээний өндөрлөгийн хувьд XIX зууны Орос, XXI зууны Европ, Америктай тулчихаад байна. Хүч тэнцвэргүй энэ дайсагналцалд Путин дайсныхаа өрөөсөн нүдийг үүрд юм харахгүйгээр таг сохолж болох ч хариу нь энэ хүчирхэг түүхэн орныг газрын мөч мөчөөр нь хэсэглэн хуваах аюултай. СССР-ийн үед улс орон нь дэлхийн хоёр дахь хүчирхэг зэвсэгт гүрэн, дэлхийн хоёр дахь том эдийн засаг байсаан. Одоо бол эдийн засгийн хувьд гаргаж зарж буй юмных нь 80 хувь нь байгалийн түүхий эд учир томосгосон Саудийн Араб. Хүйтэн дайны үеэс үлдсэн цөмийн нөөц нэлээдтэй учир үүгээрээ бусдыг айлгадаг томосгосон Хойд Солонгос. Биенийхээ үүдэн дээр зэвсэг хангинуулан шавж дэвэн, өрж  загсох нь хөндлөнгөөс харахад ч аймаар. Магадгүй өнөөдөр хүн төрлөхтөн Карибийн хямралын томосгосон бодит хувилбарын өмнө ирчихээд ч байж болох. Түүх давтагдах дуртай. Гэхдээ спираль хэлбэрээр давтагддаг гэж зарим нь нотлох. Маркс бичихдээ “түүх давтагдах дуртай. Эхнийх нь эмгэнэл болдог, дараагийнх нь фарс болдог”. Уг нь гамшиг талаас нь бодвол трагедиас фарс нь дээр л дээ.

Аль Их Пётрийн үеэс л оросууд Газар дундын тэнгист гарцтай болох гэж үзэлцсэн боловч одоо болтол бүтээгүй. Үүний тулд Түрэгтэй 300 жилд 13 удаа байлджээ. Газар дундын тэнгист ноёрхож чадвал Европыг байтугай дэлхийг ноёрхож болно гэсэн тэдний ойлголт байдаг учир Их Пётр, Их Екатрина, I Николай, II Александр, Сталин, Хрущёв гээд Путин хүртэл үүнийг гол зорилгоо болгож байна. 

Путин шууд НАТО-той зэвсэг хангинуулан тулалдах магадлал тун бага. Иймээс өнөөдөр гүн хямралд ороод буй Ойрхи Дорнодоос дайныг эхлүүлэх нь дээр. Америкийн гар хөл болсон Ираны Шахын дараа гарч ирсэн шийтийн тулгар үзэлтнүүдтэй оросууд хэл амаа ололцож чадахгүй байсан бол Путины үеэс тэд тун ойртсон. Арабын хувьсгал гэгчээс хойш Ойрхи Дорнод үндсэндээ хоёр фронтод хуваагдсан. Чухам энэ бужигнаанд оролцсоноор Өрнөдтэй асуудлаа нэг тийш болгож болно гэж Путин шийджээ. Магадгүй эндээс Молотов-Риббонтропын гэрээ маягийн шинэ хувилбар гарч ирж болох. Өөрөөр хэлбэл Өрнөдтэй түр зуурын холбоо тогтоож болох. Сталин Ваймарын бүгд найрамдах улстай маш дотно байсан, Гитлерийг засагт гарч ирэнгүүт үзэл суртлын дайсан болсон, Европыг хуваах болохоор эргээд сайн түнш нь болсон, гээд дараа нь байлдсан, дайнд харин ялсан.

СССР бутарсныг ХХ зууны хамгийн том эмгэнэл гэж Мюнхэнд Путин мэдэгдсэн. Их Орос улсыг холбооны улс болгож өөрчилснөөр ирээдүйн задарлынх нь үндэс суурийг тавьсан хэмээн тэрээр ил тодоор Ленинийг буруутгах боллоо. Хүний түүхэнд хамгийн том хуурай газар захирч байсан нь Чингис хаан, хоёрдугаарт нь 1913 оны II Николай хаан ордог. Ингэхээр Их Оросыг эргэж босгоно гэсэн үг. Бололцоотой юу? Зөвхөн дайнаар. Явц өдгөө хэтэрхий явчихсан учраас үүнээсээ гэнэт татгалзвал түүнийг оросын ард түмэн өршөөхгүй. Иймээс тэрээр Гамлетийн “оршиж ч болдоггүй, оршихгүй байж ч болдоггүй” гацаанд ороод сонголтгүй болжээ. Бууж өгөх үү, амиа хорлох уу? Украин, Гүржийг бүх талаар дарамтлах, газар нутгаас нь булаах зэргээр СССР-ийн хэлбэрт шахан оруулах болохоос эдний газар нутгийг тэр чигээр нь дайны полигон болгохгүй болов уу? 

Асуудал даамжирсаар дэлхийн дайнд хүрвэл яах вэ? Цөмийн дайнд ч хүрч болох, учир нь Путинд өөр сөргүүлэх зэвсэг байхгүй. Юу юугүй хоёр талаас Москва, Парисыг газрын хөрстэй тэгшлэх нь юу л бол! Их бодоход Екатринбург, Канзас гэсэн хоёр хотод цөмийн сүйрэл болж болох юм. Өнөөгийн XXI зууны нөхцөлд юутай ч фронтын дайн болохгүй. Сансар болон агаарт хэн ноёлохоос хамаарна. Хариу нь тодорхой. Дайн болбол Орос ялагдана. Хэрэв үүнд хүрвэл Их Оросын гурав дахь задрал эхлэх болно.

Большевикууд засгийн эрх авснаар Оросын анхдугаар задрал болж Польш, Финланд тусаарлаж, Украин, Кавказ бие дааж, Манжуурт хяналтаа алдаж байсан ч сүүлд нь Сталин түр зуур үүнээс ч ихийг эргүүлж олж байсан. Харин хүйтэн дайны дараах СССР-ийн задралаар хүн ам нь хоёр дахин, газар нутаг нь таван сая ам км-ээр хорогдсон билээ. Хэрэв одоо дайн болбол тэд юун түрүүн Кавказыг тэр чигээр нь алдах болно. Үүн дээр Татарстан, Башкир гэсэн нефтиэр баялаг газар салан тусгаарлана. Энэ нь ялагдсаны гор болж ялсан талын шахалтаар гүйцэтгэгдэх эд. Үүнээс гадна хөгжингүй орнуудтай хил залгадаг Приморье, Калиниград мужууд салах магадлалтай. Яг л англосаксоны англи хэлт Шинэ Зеланд, Австрали, Канад маягийн тусгаар улсууд шиг. 1998 оны гэнэтийн хямралаар эдгээр мужууд эдийн засгийн тусгаарлалаа зарлана гэж сүрдүүлж байсан. Гэхдээ гуравдугаар задарлаар Баруун, Зүүн Сибирь алдагдах магадлал бага, учир нь хэтэрхий хоцрогдсоноос гадна хүн амын нягтаршил дэлхийд хамгийн сийргийн нэгд тооцогддог. Тува салж магадгүй ч хүн амын дөнгөж хорь гаруй хувийг нутгийн уугуул иргэд эзэлдэг Буриадын хувьд салан тусгаарлал болохгүй. Гэвч Сибирийн цөөнх уугуул иргэд өнөөгийн Кавказ болж дараагийн дөрөв дэхь задарлыг хүлээн бужигналдах магадлалтай. Өдгөө жилд 400 мянган слав үндэстэн Сибирь, Алс Дорнодоос нүүн Уралын чанд руу шинэ амьдралаа сонгож байна гэсэн статистик бий.

Дэлхийн шинэ дайн болдог юм гэхэд гол полигон нь Ойрхи Дорнод, тулалдагч талууд нь НАТО болон түүний холбоотнууд, нөгөө талд ньОрос. Харин Хятад, Энэтхэг, Бразил гэх мэтийн том орнууд уулын оройгоос барын зодоон үзэж суудаг ухаант сармагчингийн дүрд орон, дайнаа зогсоохыг уриалж, “сэтгэл санаагаар” Оросыг хий л өмөөрнө. Ийм дайнд гар бие оролцох нь эдний хувьд дэндүү аз туршсан явдал болно, харин ч дайнаас ашиг гаргахыг илүүтэй сонирхох болов уу. Эдгээр орнууд дэлхийн хоёрдугаар дайны үр дүнгийн статус квогоо хадгалахыг л бодно.

Түүхээс харахул алив дарангуйлагч төр голдуу нэг хүнээс бүрэн хамаарсан байдаг ба дарангуйлагчийн дараа ард түмэн түүнийг огт байгаагүй юм шиг бодлогоо шулуухан эрс өөрчилдөг. Напольоны дараах Франц, Хабсбургийн дараах Австри, Гитлерийн дараах Герман, Тожогийн дараах Япон, Сталины дараах Орос, Маогийн дараах Хятад, Франкогийн дараах Испани, Иди Амины дараах Уганд…

2015.1.24

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • mokey mind (103.10.20.57)

    2022-02-08

    shit

  • (88.116.92.142)

    2022-02-07

    Мундаг хүн ,толгойг н ашиглахсан

  • (49.0.135.184)

    2022-02-07

    Муу эр дайнд хөөрнө гэдэг шиг,,,,