Ардчиллын салхи

Аль эрт өнгөрсөн ардчиллын тухай дурсаж, хуучнаа санагалзаж байна гэж зэмлэвэл зэмлээрэй. Зөвхөн ардчиллын эхний хэдэн жилд улс оронд минь тохиолдсон үйл явдлуудыг үнэн байдлаар нь дурсан саная. Өнгөрсөн түүхээ үе үе эргэн санаж, ололт амжилт, алдаа дутагдлаа дүгнэх нь зайлшгүй хэрэгтэй билээ.

 

Түүх хуучирдаггүй, түүхийг засварлаж болдоггүй нь туйлын үнэн. Өнгөрсөн түүхээ мартаж болохгүй нь бас л үнэн юм. Одоогоос 30 гаруй жилийн тэртээ ардчиллын хөдөлгөөн манай оронд хэрхэн өрнөсөн, тэр үед нийгэм, улс төр, төлөвлөгөөт эдийн засгийн байдал, улс орны бүтээн байгуулалт, соёл, шинжлэх ухааны хөгжил, ард түмний аж амьдралын түвшин хэр зэрэг байсныг өнөөгийн залуус төдийлөн мэдэхгүй. 

 

 

 

 

Өнгөрсөн хугацааны түүхийг ойрхноос нь хойч үедээ ойлгуулахыг хичээх нь ахмад үеийнхний үүрэг хэмээн бодож явдгийн учир энэ. Ардчиллын хүчтэй салхинд ЗХУ хэд хэд хуваагдаж орхив. “Могой хэд тасравч гүрвэлийн дайтай үлдэнэ” гэгчээр Орос орон том хэвээрээ л үлдлээ. Тарж хуваагдсан тусгаар улсууд нь тус тусдаа нийгэм, улс төр, эдийн засгийн шинэ замаа сонгон, хөгжиж эхлэв. Ардчиллын энэ салхи Монгол орныг чиглэн, эрч хүч нь чангарч, хуйлран дэгдсээр орж ирсэн. Салхины чиглэл Засгийн газрын ордны зүг эргэж, хаалга, цонхыг нь балбаж, хамаг дарга нарыг сандаргалаа. Ардчиллын салхийг өдөөгчид ард олныг уриалан дуудаж, Сүх жанжны талбайд сүржин жагсаал цуглаан зохион байгуулж, янз бүрийн туг лоозон барьсан хүмүүс хоолойныхоо чадлаар орилж, хэдэн хүн өлсгөлөн зарлав. Төдөлгүй ордны хэдэн дарга нар (Улс төрийн товчоо) бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохоо зарлаж, шинэ Засгийн газар байгуулагдсан. Салхи улам ширүүсэж, улс төр, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт хийж, хүмүүнлэг ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгэм буй болгох нэрийдлээр, эх орныхоо тусгаар тогтнолыг баттай хамгаалж, иргэн бүрийг ижил тэгш эрхтэй, баян хоосны ялгаагүй нэг түвшинд байлгахын төлөө, ард түмнийхээ аж байдлыг бүх талаар сайжруулахын төлөө 40 гаруй жил шаргуу тэмцэн, тууштай ажилласан гарамгай удирдагчийг хүртэл “эсэргүү” хэмээн нэрлэж, хэлмэгдүүлэн буруутгаж, гадаад орон руу цөлж, амийг нь егүүтгэв.

Өнгөрсөн 70-аад жилийн хугацаанд улс төрийн гол хүчин байсаар ирсэн МАХН-ын дэргэдүүр цөөнгүй нам, эвсэл байгуулагдаж, олон ургалч үзэлтнүүд уралдан гарч ирцгээлээ. 1960- 1970-аад оны үед Монгол эх орныг минь аюулаас хамгаалж, хилийн дагуу бат цайз болон байрлаж байсан ЗХУ-ын армийн 100 000 гаруй дайчин, мөн манай улсын анхны үйлдвэр, завод, барилга байгууламж, тээвэр холбоо, шинэ үеийн соёл, шинжлэх ухааны их бүтээн байгуулалтад монголчуудтай хамтран ажиллаж байсан олон зуун орос нөхөд салхинд хөөгдөн, арга буюу нутаг буцав. Ардчиллын энэ хүчтэй салхинд аж үйлдвэрийн салбар (аж үйлдвэрийн комбинат, арьс, ширний үйлдвэр, авто засварын завод, ноосон нэхмэлийн үйлдвэр, байшин үйлдвэрлэх комбинат зэрэг) айхавтар нэрвэгдсэн юм. Ганцхан архи, пивоны завод л амь бөхтэй үлдсэн. Үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан олон мянган залууч ажилгүй хоцорч, амьдрахын эрхээр алсын орныг зорьцгоов.

 

Хүчтэй салхи хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар луу зүглэлээ. Малчид хамтын хүчний давуу талыг ойлгож, хоршоо нэгдэлд хамрагдаж, төр, засгаас мал аж ахуйн материаллаг баазыг бэхжүүлэхийн тулд их хэмжээний хөрөнгө гаргаж, төв суурин байгуулан, хашаа саравч барьж, худаг гарган, хадлан, тариалангийн ургацын сайжруулах зорилгоор услалтын систем олныг байгуулсан. Гэсэн ч тэдгээрийг ардчиллын салхи оргүй болтол үлээв.

Услалтын системийн газрын гүнд байрлуулсан олон мянган метр бүдүүн, нарийн ган хоолойнуудыг хүртэл ил гаргаж, хил давуулан хийсгэж орхисон. Газар тариалангийн салбар эрчимтэй хөгжиж, олон сангийн аж ахуй байгуулан, шаардлагатай машин техникээр бүрэн хангаж, атар газар эзэмшин, арвин ургац хураан авч, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, үлдэгдлийг нь экспортолж байсан үед бүх зүйл ардчиллын салхины хөлд нэрвэгдэж, эзгүй хоосон, тоос манарсан тал үлдэв.

Ардчиллын салхи байгаль орчны салбар луу бүр хүчтэй шуурч, онгон төрхөөрөө байсан унаган байгалийг “урвайлгаж” орхилоо. Эрт дээр үеэс өвөг дээдэс минь үр хойчдоо өвлүүлж үлдээсэн газрын доорх баялаг хар салхины нөлөөгөөр ил гараад ирснийг ихэс дээдсүүд хувьдаа ашиглаж баяжихаар өөр хоорондоо өрсөлдөж, ханцуй шамлан орцгоов. Энэ их баялгийг урьд нь мэдээгүй байсан юм биш ээ. “Барж идэхээс илүүтэй мэрж идэх”-ээр хадгалсан, Монголын бүх ард түмний үндсэн, нөөц хөрөнгө байсан билээ. Эх дэлхийн эрүүл хөрст газрыг олон янзын аргаар онгичин ухаж, овоолсон шороо, онгорхой нүх бүх нутгийг хамарлаа. Ганцхан жишээ дурьдахад, Баянхонгорын нутаг баян, хонгор толгод байжээ. Эрт үеэс эрхэмлэж өгсөн, эрдэнэсийн баялаг ихтэй нутаг гэсэн утгатай нэр. Гэтэл баяныг балаг дагана гэгчээр байгалийг нь харамсалтайгаар сүйрүүлж эхлэв. Нутгийн ард түмэн энэ их баялагтай онгон газар нутгаа олон үеэрээ хамгаалсаар ирсэн. Гэсэн ч орчин үед олз хайсан хүмүүс нутгийн иргэдээс олон болсон. Нутгийнхан энэ талаар төр, засагтаа удаа дараа мэдэгдэж, тусламж хүссээр байна.

Ардчиллын салхины нөлөөгөөр газар дэлхий сүйдэж, түүний доорх баялаг зөвхөн улс төрийн эрх мэдэлтнийг баяжуулж, ард түмэнд хүртээлгүйгээр, буруу замаар барагдаж эхлэв. Газрын дээрх амьд баялаг ч ялгаагүй салхинаас зугтаж чадсангүй. Ан амьтны гаралтай түүхий эд, ой мод, самар жимс, ховор ургамлын эрэлт маш ихээр нэмэгдэж, хууль бусаар, хулгайн аргаар хилээр гаргаж, орлого олохыг санаархагчид олширлоо. Ардчиллын салхийг өдөөсөн төрийн эрх баригчид, нийгмийн баялгийг бүтээгч, хөдөлмөрлөгч жирийн ард иргэд сайхан амьдрах хүний нийгмийн жам ёсны зарчмыг өөрчлөв. Улмаар зөвхөн эрх мэдэл, албан тушаалын хүчээр баяжихын төлөө улайран тэмцэж, авлига хэмээх нэгэн шинэ арга дээр, дооргүй дэлгэрч, салхины хүчээр маш хурдацтайгаар түгж, жирийн иргэдийг бухимдуулах боллоо. Төр, засаг Авлигатай тэмцэх газар нэртэй нүсэр байгууллага байгуулаад ч үр дүнд хүрч чадаагүй. Энэ айхавтар ноцтой хэрэгтэй хүн бүр, олон нийтээрээ улам хүчтэй тэмцвэл зохино. Хөгжлийн банкийг зээл нэртэй хувааж идсэн луйварчид, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн түүхий эд болох төмрийн хүдрийг хэдэн мянган вагоноор зөөж, урд хөршид гаргасан этгээд гэмгүй царайлаад явж буйг олон түмэн харж л байгаа. Үүнийг төр, засаг анхааралдаа авч, хариуцлага тооцож, зээлийн төлбөр, олсон орлогыг нь тооцож, улсын төсөвтөө хуримтлуулмаар байна.

Орон нутагт ажил, амьдралгүй болсон хэсэг хүн хот суурин газарт төвлөрлөө. Орох оронгүй зарим нь орон сууцын орц, хонгил, газар доорх дулааны шугам дагаж хоног төөрүүлэх болов. Тэднийг траншейныхан гэж нэрлэнэ. Бас болоогүй өдөр бүр өглөө, оройд хуучнаар шар дэлгүүрийн ойролцоо хэсэг хүн цуглаж, өмнөд хөршөөс оруулж ирсэн өвгөний дүрстэй, жижигхэн савтай ундаагаар хоолойгоо зайлж, халамцана. Тэднийг “өвгөнтийнхөн” гэж цоллоно. Ажил, амьдралгүй, ядарч зүдрэн, сэтгэл санаагаар гутарч гуньсан хэсэг залуус хар наймаачдын золиос болж 20-иод чингэлэг дүүрэн спиртээр ундаалж, архин далайд живэн, олон хүн архичин болов. Мөн охид, эмэгтэйчүүдийг гадаадад “хөдөлмөрт зуучлагч” нэртэй хүмүүс ч гарч ирсэн. Цэвэр ариун охидыг тэд элсүүлэн авч, биеийг нь үнэлүүлж, ихээхэн ашиг олж, хүн худалдаалах хууль бус ноцтой хэрэг ч гарах болов. “Сонссон газар жаргалтай, суусан газар зовлонтой” гэж буруугаар ойлгодог гэнэн сэтгэлт залуус ямар ч аргаар хамаагүй гадаадад явахыг мөрөөдөх болсон.

 

Нэг гэрийн бүлийн хоёр залуу гадаадад явж мөнгө олохыг хүсэн, өр тавьж, гэрээ зараад, өвөр дүүрэн мөнгө олохоор Өмнөд Солонгост эхнэрээ явуулжээ. Хоёр жил сураггүй болсон эхнэр нь Өмнөд Солонгосоос мөнгө биш, манцуйтай хүүхэд тэвэрсээр иржээ. Энэ бол шог зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн И.Цэрэнжамцын “Уран шор” номоос авсан үнэн дүр. Ийм л амьдрал үргэлжлэх болсон.

 

Ардчиллын салхинд нэрвэгдэж аргаа барсан иргэдийн санаа сэтгэлийг засаж сэргээхээр янз бүрийн шашны сүм, хийд аймаг, сум, хотын төвийн сайхан газруудыг эзлэн суурьшиж, түр зууртаа ядарсан олны тархийг угааж эхлэв. Учир нь олдохгүй олон зуун сүм хийдэд залуус амьдрахын эрхээр дэмий л амаа ангалзуулж суух боллоо. Янз бүрийн сүм хийдийг цөөрүүлж, тэнд дэмий цаг өнгөрөөж суугаа олон залуусыг улсынхаа хөгжлийн төлөө хүчин зүтгэж амьдраач гэж уриалмаар санагдана. Манжийн хааны үед олон сүм хийд байгуулан, ард олныг нийгмийн төлөө тэмцэлгүй, номхон хүлцэнгүй байлгахыг хичээж, элдвээр мунхруулж байсныг санаж байна. Ардчиллын энэ айхавтар салхи түүх, соёлын өв болсон хөшөө дурсгалыг хүртэл хийсгэн, сүйтгэв. Жанжин Сүхийн хөшөөг хүртэл ганхуулж үзлээ.

 

Салхины нөлөөгөөр хүн амын олонх нь хотод бөөгнөрч, нарийхан гудамжиндаа багтахаа болив. Гадаадын олон төрлийн хуучин машины зах манай улсад нээгдэж, хотын гудамж, зам, талбайд түгжрэл үүссэн. Үүнээс гадна хөдөөд машин тэрэг олширч, малчид морь, тэмээгээ унахаа болилоо. Малынхаа бэлчээрийг машины замаар цоохорлож, байгаль орчин, газрын хөрсийг сүйтгэж эхлэв. Уг нь морьтон монголчууд морио унаж, мапаа адгуулж байсан үндэсний сайхан уламжлалтай сан билээ. Ингэж ардчиллын салхины анхны жилүүдэд чөлөөт зах зээлийн харилцаанд шилжиж байна гээд “чөлөөт замбараагүй харилцаанд” шигдэв. Аргагүйн эрхэд олон мянган хүн урд хөршийн бараа, бүтээгдэхүүн борлуулагч, сайн дурын үйлчлэгч, худалдагч болцгоосон.

 

 

Эх орныхоо баялгийн буянаар баяжсан, төр, засгийн өндөр албан тушаал хашиж байсан хэсэг хүн, газар нутаг, уул уурхайг зарж, барьцаалсан олон хэргийг хуулийн байгууллага ард олны шаардлагаар хагас дутуу шалган, шийдвэрлэж байна. Зарим этгээд гадаадад зугтан, амь хоргодож буй нь даанч гутамшигтай.

 

Харин сүүлийн жилүүдэд салхи намдан, манан арилж алсын бараа үзэгдэж, тэнгэр цэлмэж байна. Гэсэн хэдий ч үндэсний сэтгэлгээ бөхөж, үндэсний бахархал буурах хандлага ажиглагдах боллоо. Монголчууд хэдий цөөхүүлээ ч хүн төрөлхтний чихийг дэлдийлгэж, нэр алдраа мандуулан гайхуулсаар байгаа олон баримт бий. Урлаг спорт, оюун ухааны өрсөлдөөн, шинжлэх ухааны салбарт гээд олныг нэрлэж болно. Хүн төрөлхтөн нэг л дэлхийтэй. Энэхүү дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалж, түүнийхээ нөөц баялгийг зохистой ашиглах нь хүн бүрийн ариун үүрэг. Хүлэмжийн хийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах зорилгоор тэрбум мод тарьж, ногоон орчин бий болгох сайхан зорилт Монгол Улсын Ерөнхийлөгч дэвшүүлсэн нь цаг үеэ мэдэрсэн чухал үйл хэрэг.

Цаашид цаг алдалгүй шийдвэрлэх гол асуудал нь монгол хүн бүр үндэсний бахархал болсон хэл, өв соёлоо дээдлэн, хүүхэд багачуудаа уламжлалт зан заншлаар сурган хүмүүжүүлж, дэлхий дахинд эрчимтэй хөгжиж байгаа цахим сүлжээг зөвөөр ашиглан, ямар үед, хэдэн наснаас хэрэглэж болохыг ухаалгаар зохицуулж сурах юм. Бага насны хүүхдээ хүртэл гар утсаар саатуулдаг. Сурагчид хүртэл дэвтэр, үзэг, номтой биш, гар утастайгаа зууралдаж, хамаг цагаа өнгөрүүлэн, зурагтаар янз бүрийн кино, мэдээлэл үзэж, буруу хүмүүжилд донтож болзошгүйг эцэг, эхчүүд, төр, засаг ч онцгой анхаарах шаардлагатай болжээ. Бид ирээдүйнхээ нийгмийг гардан байгуулах өсвөр үеийнхээ төлөө юу юунаас илүү анхаарах ёстойг иргэн бүр ойлгож л байгаа.

Түүнчлэн монгол хүн бүр эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө бүх хүч бололцоогоо дайчлан, өөрсдийнхөө амьдралыг чадах хэмжээгээр шийдвэрлэхийн төлөө чармайн ажиллах нь зүйтэй. Эрх чөлөөгөө дээдлэхийн зэрэгцээ хувийн үүрэг хариуцлагаа өндөрт өргөж, үндэснийхээ үйлдвэрлэгч, бүтээгчдийг бүх талаар дэмжих ёстой. Түүхий эд, баялгаа түүхийгээр нь гаргахаа зогсоож, бүтэн, эсвэл хагас боловсруулан борлуулж, экспортын нэр, төрлийг нэмэгдүүлэн, импортыг аль болох багасгаж, бэлэн бүтээгдэхүүний хараат байдлаас яаралтай гарахын төлөө идэвхтэй мэрийхийг уриалж байна.

 

Байгаль орчны гавьяат ажилтан, Олон улсын “Тахь” группийн зөвлөх О.Доржраа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)