Ил захидал
- 2022-02-09
- Нийтлэл
- 0
Ил захидал
Төр, засгийн эрх барьж байгаа, тэр тусмаа төрийн эрхэнд олон жил, олон сонгууль дамнан байрлаж байгаа нам бол “хамгийн оюунлаг нам” гэх маргаангүй үнэлгээ, имижтэй байх ёстой. Мөнхүү намаас нэр дэвшигдэн сонгогдсон УИХ-ын гишүүд, томилогдсон Засгийн Газрын гишүүд нь “Түмэнд зартай, төрд нэртэй, салбартаа бүтээлтэй, гавъяатай” хүмүүс байх учиртай. Улс нийтэд, мөн тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүний хүмүүсийн том нөөцийг нам бодлогоор бэлтгэж чадсан байх ёстой. Энэ бол эрх барьж байгаа том намын удирдлагын хийх учиртай хамгийн чухал ажлын нэг нь. 1990 оноос хойш МАН-ын удирдлага энэ чухал үүргээ бараг л хөсөр хаячихжээ. Ингэсний цаад шалтгаан бол намын удирдлага өөрөө мэдлэг, чадвар, туршлагаар үнэнхүү сул, дээр нь эх орон, ард түмнээ гэсэн чин сэтгэлгүй болсны гай, үр дагавар юм. Товчхондоо бол намаа нам шиг нам байлгах чадавхи тэдэнд байсангүй. Намын удирдлаганд байсан хүмүүсийн зарим нь ихэд хоцрогдсон, зарим нь шунал, авилгад автагдсан, зарим нь улстөрийн намд тавигддаг болзол, шаардлагын талаар ямар ч ойлголт, мэдлэггүй, намын амьдралын амин чухал талуудад “хоноцын сэтгэлээр” ханддаг тохиолдлын, болчимгүй, хуурамч дүртэнгүүд, хоёр нүүртэнгүүд байсан нь одоо нэгэнт ил болжээ. Тэдний дундаас олон хүн гэмт хэрэгтэн болж ял зэмлэл хүлээлээ. Илчлэгдээгүй гэмт хэрэгтнүүд ч бас цөөнгүй буй.
Намын удирдах бүрэлдэхүүний хамгийн чухал үүргүүдийн нэг бол улс орны амьдралын салбар нэг бүрд оройлон ажиллаж чадах мэдлэг, туршлага, бүтээл, нэр хүнд бүхий боловсон хүчинг бэлтгэх зорилт юм. Дэлхий дахины тэргүүний туршлагаар бол намын гишүүдийн дунд нийгмийн амьдралын онц чухал салбар нэг бүрийг судалдаг, бодлого боловсруулдаг секцүүд ажилладаг, тэнд техник, технологи, удирдлагын хамгийн орчин үеийн асуудлуудтай танилцдаг, шинэ сэргэг бодлого боловсруулдаг, шинийг сурталчилдаг, салбаруудад зөвлөмж хүргүүлдэг ажээ. Гэтэл МАН-ын хувьд дотор нь ажил хэргийн, салбаруудаарх бодлого, шинэчлэлтийн сургалт, сурталчилгаа, семинар, ярилцлага, мэтгэлцээн бараг л алга бололтой. Сайдаар ажиллах, Төрийн Нарийн Бичгийн даргаар ажиллах боломж, бэлтгэлтэй шинэ хүмүүс секцүүдийн үйл ажиллагааны явцад л танигдах, тодрох учиртай. Гэтэл тухайн салбарт ер ажиллаж байгаагүй, салбарын амьдралтай танилцаа ч үгүй, тулгамдсан асуудлуудаар нь ганц, хоёр өгүүлэл, зөвлөмж ч бичээгүй, тэр салбарт хамаарагдах сургууль ч дүүргээгүй хүн сайдаар томилогдож л байх юм. Салбарын олон нийт үүнийг яагаад ч таашаахгүй шүү дээ...
Өндөр дээд албан тушаалд аль нэгэн замаар томилогдоод амжилттай ажиллаагүй, бүр авилга мэтэд холбогдсон хүнийг түүх ч өршөөхгүй, шүүх ч өршөөхгүй нь тодорхой юм. Сургалт, судалгаа, маргаан мэтгэлцээн, семинар, нийтлэл, зөвлөмж, шүүмж мэтийн арга хэрэгслүүдээр шалгагдаагүй хүн хол явахгүй, зөв шугаман дээр итгэлтэй зогсох боломжгүй, бусдаа манлайлах, үлгэр жишээ болох эрх, нэр хүндгүй байдаг. Намынхаа итгэл хүлээж салбарын сайдаар томилогдох хүн онолын мэдлэгтэй, практик туршлагатай, салбартаа танигдсан, шилдгийн шилдэг мэргэжилтэн байх ёстой.
Мерит зарчим, шатлан өгсүүлж итгэл хүлээлгэх аргын зохистойг дэлхий нийтээрээ баримтлах болсон өнөөгийн нөхцөлд Ерөнхий сайдын ганцаарчлан шийдсэн шилэн сонголт, томилолтын нэр хүнд унасаар байгааг анхаарах, тооцох нь мөн чухал байна. Ялангуяа шинэ, залуу Ерөнхий сайдууд энэ талаарх шийдвэрүүдээ ул үндэстэй гаргаж, нийтэд сурталчлах нь чухал юм.
Сүүлийн 30 жилд ажиглагдсан нэг баримт дурьдая. МАН-ын удирдлага Шинэ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, нэмэлт хийх зорилгоор хэд хэдэн комисс томилж ажиллуулаа. Тодорхой даалгавар биелүүлэх үүрэг бүхий багийг хэрхэн бүрдүүлж байв аа? Зөвхөн энэ баримтаас харахад л уг намын удирдлагын ажил хэргээ ойлгох, зөв арга барилаар ажиллах, даалгавар биелүүлэх хүмүүсийг хэр зэрэг оновчтой сонгодог болох нь нийтэд ил болж байв. Комисст ажиллуулахаар сонгон авсан хүмүүсийн хагасаас илүү нь Үндсэн хуулийн эрх, онцолж ардчилсан Үндсэн хуулийн эрхийн философи, 2-3 орны энэ талаарх туршлага, Монголын нийгмийн уламжлал, эдүүгээх байдалтай уялдуулан чухам юуг онцлох, ямар байр, сууринаас хандах нь чухал болох гэх мэтийн талаар наад захын бэлтгэл, мэдлэггүй, Үндсэн хуулийн асуудлаар ядаж 1-2 өгүүлэл ч бичиж үзээгүй хүмүүс байв. Насны бүтцийн хувьд ч оновчтой хандаж чадаагүй, намд нь бодитой байгаа нөөцөө ч ойлгож, ашиглаагүй нь харамсмаар байлаа. Наад зах нь л 30-40 насны мэрэгжлийн гэхээр хүмүүс, мөн 40-60 насны мэрэгжлийн гэхээр хүмүүс, бас 60-90 насны мэрэгжлийн гэхээр хүмүүс МАН-д уул нь бэлхнээ байгаа билээ. Комисст орсон, мэрэгжлийн бус, популист хүмүүсийн амнаас гардаг нийтлэг үг нь “сонгодог парламент” гэх үг, түүнд ойртуулах нь зүйтэй гэсэн шаардлага байв. Гэтэл яг хэрэг дээрээ бол энэ үг, энэ шаардлагын цаана юу ойлгож, юунд тэмүүлээд байгаагаа тэд өөрсдөө ойлгоогүй, яг тийм гээд хэлчих чадваргүй байлаа.
Үнэндээ бол парламентын засаглалын сонгодог хэлбэр гэх шилдэг, шилмэл, цэвэр загвар хаана ч байхгүй юм. Бүх улс орон л өөр өөрийн онцлогийг тусгасан төрийн тогтолцоотой, өөрт нь тохирно гэж сонгож авсан өвөрмөц засаглалтай, бүгд л сонгож авсан төрийн тогтолцоогоо боловсронгуй болгохыг эрмэлзэцгээж байна. Ийм нөхцөлд Монголчууд бид толгойгоо л ажиллуулах хэрэгтэй. Гэхдээ бидний толгой мэдлэгтэй, онолтой, бусдын туршлагыг судалсан, өөрийнхөө онцлогийг таньж тооцсон, бусад холбогдох мэдээллүүдтэй байж л зөв ажиллана, үнэнд ойр дүгнэлтүүд хийнэ. Үндсэн хуулиа сайжруулж чадна. Ингэхлээр Үндсэн хуулийн эрхийг өргөн, гүнзгий судлах үүрэгтэй эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулах талаарх Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга тун зөв, цагаа олсон шийдвэр мөн юм. Бүгд найрамдах улс, ардчилсан төр мөнхөд байх үзэгдэл мөнийн учир ардчилсан Үндсэн хуулийн эрхээр мэрэгжсэн судлаачид байнгад л хэрэг болно. “Засгийн газрын сайдуудыг УИХ-ын гишүүдээс томилох, хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын зааглагдах ёстой үүргүүдийг нэг хүн хамтатган, хавсран гүйцэтгэх” талаарх санал, оролдлого, хэрэгжилт бол уг нь бусад орны туршлагаар буруушаагдсан, няцаагдсан зүйл юм. Франц улс энэ саналыг туршиж үзээд, бурууг нь нотлоод, хуулиар хориглосон түүхтэй. Энэ сургамжийг судалж, таньж, өөртэйгээ холбон үзэж, нягталж байж л шийдвэр гаргах нь зөв болно. Бусдын алдаан дээр суралцах нь ухаалаг, оюунлаг хандлага, уян хатан сэтгэлгээ, зөв тактик, зохистой технологи мөн билээ.
УИХ-ын гишүүн хүн сайдын суудал руу тэмүүлнэ гэдэг бол тэрээр мөнгө хөрөнгө рүү, их мөнгө захиран зарцуулах эрх рүү зүтгэж буй үзэгдэл. Тухайн салбарт бодлого, санаачилгаараа туслах, нөлөөлөх боломж уг гишүүнд бэлхнээ байгаа шүү дээ. Гэтэл тэрээр их мөнгө зарцуулах эрх (гарын үсэг, тамга руу), боломж руу л (Үндсэн хуулийг өөрчилж байгаад ч болов) хөл тавьчих санаатай, бүр сэрүүн зүүдлээд, хамсаатнуудаараа ил, далд дэмжүүлээд зүтгээд байх нь зүй бус, ёсзүйгүй үйлдэл мөн юм. Зарим гишүүдийн тиймэрхүү санаархал нь удахгүй оролдлого болж хувирах байх. Энэ нь нийгмээ хорлосон үр дүнг л авч ирэх болно.
Шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажилд зөвхөн, ганцхүү нарийн мэргэжлийн хүмүүс, судлаачид, туршлагатай улстөрчид л оролцох ёстой. Харин мөнхүү төслийг нийтээр хэлэлцүүлэх, батлахын өмнөх шатны арга хэмжээнүүдэд хүн амын бүх давхрааны төлөөлөл, лам хувраг, гадны ажиглагчид хүртэл оролцох нь чухал болно. 1991 онд Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгүүдэд оролцох хүмүүсийг сонгон авахдаа дээр хэлсэн зарчмыг ч тооцож чадаагүй байв. Тийм дээрээс уг ажилд дайчлагдсан зарим хүн нэг, хоёр үзэгдээд л алга болж байлаа. 1999 онд Ерөнхийлөгч Н.Багабандийн захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн зарим гишүүд бүр анхнаасаа ер үзэгдээгүй, оролцоогүй тохиолдол ч бас гарсан юм. Энэ хоёр комиссын аль алинд нь оролцож байсан хүний хувьд би яг л үнэнийг хэлж байна. Гэрчүүд бүгд амьд сэрүүн байгаа. Салбар салбарын ажил, үйлсийг мөнхүү салбарын шилдэг мэрэгжилтэнгүүд, тэргүүний хүмүүс л урагшлуулж, хөгжүүлж чадна. Иймд салбар нэг бүрийн тэргүүний бүтээлч, шинэчлэгч мэрэгжилтэнгүүд л салбараа толгойлох ёстой, сайд болон төрийн нарийн бичгийн даргаар ажиллах учиртай. Дэлхийд танигдсан, өргөнөөр мөрдөгддөг энэ зарчмыг яахлаараа, юуны учир зөрчдөг байна аа? Зөрчөөд томилогдсон хүмүүсээс хэн нь ч сайн нэртэй, цагаан мөртэй үлдсэнгүй шүү дээ!
Сайд нарыг УИХ-ын гишүүд дундаас тодруулж томилох нь үр дүнтэй талаар их яригдах болов. Парламентад олон суудалтай болохын тулд чадварлаг, нэр хүндтэй, тэргүүний хүмүүсээ нэр дэвшүүлж сонгуульдчихсан тохиолдолд сайдуудын үүрэгт ажилд яг таг тохирох хүн цөөхөн байж болно. Ийм тохиолдолд сонгуулийн хуулийг өөрчилж можаритар, пропорционал холимог болгох хэрэгтэй. Тэгээд сайдаар томилогдсон гишүүний орыг намын жагсаалтнаас нөхөх нь зүйд нийцнэ. Эсрэг тохиолдолд хууль тогтоох, хянах эрх мэдэл нь гүйцэтгэх эрх мэдэлтэйгээ холилдож “засаглал хуваарилах, тэнцвэржүүлэх, харилцан хяналт тавих” зарчим ноцтой зөрчигдөж олон сөрөг үр дагаврыг үүдэх болно. Ардчилсан төрийн язгуур шинж бүүдгэрч, төрийн бүх эрх зөвхөн л эрх барьж байгаа намын удирдах бүлэглэлийн гарт далдуур шилжинэ. Энэ нь улстөрийн байдлыг тогтворгүй болгодог.
Хашир суух, холыг харах, нарийн чанд, тооцоотой төлөвлөх чадавх хараахан олоогүй байгаа залуус төр, засгийн эрхэнд гарч ирснээс улс орноо, нийгмээ эрсдүүлж, сөхрүүлж байсан жишээ тун ч олон. Их санаж, эсвээс амрыг бодож, мөн ашиг, хонжоо харж том том зээл аваад улс орноо өрөнд бариулж үлдээсэн жишээ мөн их бий. Залуу удирдагчдын сэдсэн, санаачилсан бүхнийг намын ахмад, туршлагатай хүмүүсийн хяналтанд заавал оруулж байж л ойрын зорилт болгон дэвшүүлж байх нь зөв болно.
Парламентын засаглалын дэлхийд танигдсан нэг дутагдал бол “эрх барьж байгаа намын дарга-Ерөнхий сайдын алдаатай шийдвэрийг цаг алдалгүй, газар авахуулахгүй засаж, залруулж байх боломж бараг байхгүй” гэж үздэгт оршдог ажээ. Энэ дутагдлаас ямагт сэргийлж байхыг хашир улстөрчид, судлаачид онцлон сануулсаар ирсэн түүхтэй. Өмнө яригдсантай холбогдуулаад салбарын сайдын ажлын байрны тодорхойлолтын талаар цөөн зүйл өгүүлье. Сайдаар ажиллах хүн тухайн салбарын чиглэлээр их, дээд сургууль төгссөн, гүнзгийрүүлэх сургалтанд хамрагдаж магистр (боловсролын доктор) болсон, мөнхүү салбартаа таваас арван жил ажиллаж туршлага хуримтлуулсан, салбартаа танигдсан, салбарынхаа тулгамдсан асуудлуудыг тов тодорхой ойлгосон, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар зөв үзэл, бодолтой, мөн тухайн салбарын үйл ажиллагааны онолын орчин үеийн асуудлуудыг XXI зууны 30-аад оны түвшинд мэддэг, дээр нь тухайн салбарт ажиллаж буй тэргүүлэх ажилтнууд, ахмад үеийнхэнтэйгээ танил, холбоотой байдаг, эцэст нь хүнтэй ажиллах, тэднийг хөдөлгөх хувийн өндөр чадавхтай байх ёстой.
Дээрх шаардлаганд ядаж 60-70 хувь нийцэхгүй хүн салбар тэргүүлэх аваас салбараа өөд татах биш, харин салбарын төсөв дээр ажилласаар эцэсдээ авилга мэтэд орооцолдож намынхаа нэр хүндийг унагаадаг. Ингэсэн баримт ч цөөнгүй. Парламентын засаглалын нэр төрийг салбарын сайдууд нь авч явдаг гэж үздэг. “Сайдын суудлын үнэ цэнэ нь Засгийн газрынхаа нэр төртэй тэнцдэг” гэсэн үг ч байдаг ажээ. Сайдын суудлыг бодлогогүй тараах, үнэлж худалдах, дотны нөхөддөө бэлэглэх, популистуудад өгөх зэрэг нь сонгогчид, иргэд Ерөнхий сайд руугаа “түүхий өндөг шидэхийн” эхний шалтгаан болж байсан тохиолдол, баримт олон буй.
Намын дарга нь оюунлаг, эх оронч, чадварлаг, идэвхи санаачлагатай хүн байх аваас тэрээр намын гишүүдээсээ мөн л тийм байхыг шаардана. Сайд нартаа бүр ч онцгой хатуу байж, хариуцлага тооцно. Ийм нам, ийм Засгийн газрыг 10-20, бүр 20-50 жил ч болов байж л байг гэж ард түмэн, сонгогчид шийднэ, дахин давтан сонгоод л байх болно. Ялангуяа Ардчилсан нам золбин ноход шиг л болчихсон ийм нөхцөлд ард түмэн, сонгогчид “оюунлаг, эх оронч, чадварлаг, идэвхи санаачлагатай МАН”-аас өөр хэнийг хань татах билээ дээ? Цаана нь бас 33 нам байгаа л даа. Тэдний ихэнх нь нялх, нойтон, зарим нь бүр нялхаараа “өтөлчихсөн, өтчихсөн” болохоор найдлагагүй... Ийм тов тодорхой нөхцлийг тооцож үзээд нилээд зусардангуй байр сууринаас энэхүү ил захидлыг бичлээ. Танилцаж болгооно уу.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл (0)