Ө.Ганзориг: Доллар олж ирдэг үйлдвэр, уул уурхайг дэмжих л эх оронч үзэл
- 2022-02-11
- Эдийн засаг
- 1
Эдийн засагч Ө.Ганзоригтой ярилцлаа.
-ДОЛЛАР ОРУУЛЖ ИРЖ БАЙЖ ОЙРЫН ХУГАЦААНД ИНФЛЯЦИЙН ДАРАМТААС ГАРЧ ЧАДНА -
-Инфляци толгойны өвчин болчихлоо. Инфляцийг бууруулах гарц шийдлээр ярилцлагаа эхлэх үү?
-Ганц Монголын биш, дэлхийн зовлон болчихсон инфляцийн хувьд хоёр шалтгаантай. Ковидын үед улс орнууд эдийн засгаа дэмжихийн тулд төв банкуудаараа дамжуулж зах зээлдээ их хэмжээний мөнгө нийлүүлсэн. Хоёрт, халамж хэлбэрээр иргэддээ буцалтгүй тусламжууд олгож, хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлсэн. Манай улсын хувьд гэхэд л цахилгааны үнийг тэглэх, гурван хувийн хүүтэй зээл өгөх зэрэг хэлбэрээр эдийн засагт их хэмжээний мөнгө нийлүүлснийг та мэдэж байгаа. Мөнгөний нийлүүлэлт сүүлийн арваад жилд байгаагүй өндөр түвшинд нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор инфляци маш өндөр, хоёр оронтой тоонд хүрчихлээ л дээ. том эдийн засагчдын маргаж байгаа нэг өнцөг бий. Өнөөгийн инфляци ковид дуусч улс орнууд мөнгөний нийлүүлэлтээ татаад эхлэхээр алга болох түр зуурын үзэгдэл үү, эсвэл алсдаа эдийн засагт хор нөлөө үзүүлэх эрсдэлтэй зүйл үү гэдэг дээр маргаж байна. Америкийн төв банк өнгөрсөн жил инфляцийг түр зуурын үзэгдэл гэж хараад инфляцийн эсрэг ямар нэг арга хэмжээ авахгүй гэсэн бодлоготой явсан. Үүнээсээ болж нэлээд шүүмжлүүлж, эцэст нь энэ оны гуравдугаар сараас бодлогын хүүгээ өсгөх, зах зээлдээ нийлүүлсэн мөнгийг мөнгөний бодлогын арга хэрэгслээр буцааж татах арга хэмжээнүүд авах төлөвтэй болж эхэлж байна.
-Монголбанк сая бодлогын хүүгээ нэмлээ, энэ шийдлээс нь харахад цаашид ч нэмээд явж магадгүй зураг харагдаад байна л даа. Ингэлээ гээд инфляцийг хазаарлаж дөнгөх үү?
-Ийм аргаар инфляцийг хазаарлах боломжгүй. Бодлогын хүүг дахиад нэмбэл арай гэж буулгаж эхлээд байсан зээлийн хүү өсөх нөхцөл үүснэ. Банкны хадгаламжийн хүү буурч жилийн долоон хувь руу орсон нь сүүлийн гучин жилийн түүхэнд ажиглагдаагүй үзэгдэл. Хадгаламжийн хүүгийн бууралтыг дагаад зээлийн хүү арван хувь руу орчихсон. Зарим хүн зээлийн хүү огт буурсангүй гэж шүүмжилдэг. Мэдээлэл дутуу учраас тэгж ярьж яваа байх. Шинээр жижиг дунд бизнес эрхэлж яваа, санхүүгийн үзүүлэлт сайтай, найдвартай бизнес хийдэг хүмүүст банкууд аль хэдийнэ арван хувийн хүүтэй зээл санал болгоод эхэлсэн. Жилийн 12 хувийн хүүтэй зээл хэвийн үзэгдэл болсон. Бодлогын хүүгээ 10, 11 хувьд хүргээд инфляцийг бууруулж болно л доо. Энэ тохиолдолд арай гэж буулгасан зээлийн хүүгээ буцаагаад хорин хувь руу алдах эрсдэл бий.
-Тэгэхээр төв банк бодлогын хүүг өсгөлгүйгээр өндөр инфляцийг дарж авах шаардлагатай нүүр тулж байгаа юм байна. Яг ямар тактик хэрэгжүүлбэл инфляцийг барьж авч чадах бол?
-Засгийн газартай хамтарч ажиллах хэрэгтэй. Засгийн газар, төв банк хоёр ямар бодлого барих ёстой вэ гэсэн асуултын хариу маш тодорхой. Бодлогын хүүг зургаан хувь дээр нь барингаа инфляциа бууруулах ёстой. Өөр бодлого байх боломжгүй. Бараа бүтээгдэхүүний хомсдол үүссэн гэх мэт шалтгаан бүхий нийлүүлэлтийн чанартай инфляци их байгаа. Нөгөө талдаа эрэлтийн чанартай буюу иргэдийн гар дээрх мөнгөн хэмжээ ихэссэн гэх шалтгаантай инфляци ч бий. Шуудхан хэлэхэд, мөнгө тараасан гэсэн үг л дээ. Цахилгааны үнийг тэглэлээ гэдэг чинь мөнгө тарааж байгаагийн нэг хэлбэр.
-Нийлүүлэлтийн чанартай инфляци голлож байгаа гэж ойлголоо. Ийм инфляцийг хязгаарлахын тулд яах ёстой вэ, яг энэ чиглэлээр төв банк, засаг хоёр хамтарч ажиллаж чадсан жишээ манай өнгөрсөн түүхэнд байна уу?
-Ийм инфляцийг хязгаарлах чиглэлд Төв банк, Засгийн газар хамтарч ажиллаж чадсан түүх байхгүй. Засгийн газрын хувьд мөнгө тараах, хэрэглэх сонирхол нь өндөр байдаг. Улс төрийн зорилгоор мөнгө тараах, хэрэгтэй хэрэггүй барилга байшин сав барих, үргүй зардал гаргах сонирхолтой байдаг л даа, улстөрчид. Нөгөө талд нь Монголбанк мөнгийг зөв зүйлд зарцуулах, мөнгөний, төсвийн зөв бодлого явуулах сонирхолтой ажилладаг. Засгийн газрын тухайд улс төрийн популизмасаа татгалзаад нийлүүлэлтийн чанартай инфляцийг хязгаарлахын тулд урт хугацааны ажлууд эхлүүлэх хэрэгтэй. Хил дээр үүссэн гацааны шалтгааныг яг таг олох ёстой. Тэгээд өртөө, боомтынхоо шалган нэвтрүүлэх чадлыг сайжруулчихад л болчих асуудал.
-Та бид хоёрын сая ярьсан зүйлийг ажил болгоход цаг их орох байх. Ойрын хугацаанд эдийн засгаа сайжруулж, инфляцийн дарамтаас гарахад нөлөөлөх бодитой шийдэл санал болгооч?
-Яг одоо хэрэгтэй зүйл бол доллар. Доллар татахад онцгой анхаарах хэрэгтэй. Учир нь бид өөрсдөө үйлдвэрлэдэггүй, бүх бараагаа доллараар худалдаж авдаг. Долларыг хоёрхон арга замаар олдог. Нэгдүгээрт алт, нүүрс, зэс, төмрийн хүдрээ гадагш нь зарж доллар олдог. Хоёрдугаарт, гадаадаас хөрөнгө оруулалт хэлбэрээр доллар авч байгаа. 2012 онд тухайн үеийн Засгийн газар буруу бодлого баримталснаас болж манай улс гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө нэр хүндээ алдсан. 2011 онд Монгол Улсыг дараагийн Кувейт болно гэж дэлхий даяараа шуугьж байлаа. Тэр үеэс хойш арваад жилийн дараа эргээд харахад гадаадын хөрөнгө оруулалтын сан, гадны уул уурхайн компани Монголыг тоож зүглэхээ больчихсон байна. Гол шалтгаан нь популизм, төрийн залгамж халаагүй байдал. Нэг засгийн гаргасан шийдвэрийг нөгөө засаг нь унагаадаг нь жишиг болчихсон яваа. Гурав дахь шалтгаан нь авлига. Дөрөв дэх шалтгаан нь олон нийтийг гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг турхирдаг нийгмийн популист бүлэглэлүүд. Канадын “Хан ресурс” гэдэг компанийн лицензийг нь булааж аваад арбитрын шүүхэд ялагдаж иргэдийн татварын мөнгөнөөс 80 сая ам.доллар төлсөн жишээ өнгөрсөнд бий. Манайх дэлхийн хууль эрх зүйн конвенцид нэгдээд орчихсон улс, гадаадын хөрөнгө оруулалт олон улсын гэрээгээр хамгаалагддаг. Энд нэг улстөрч популизм хийгээд гадаадын хөрөнгө оруулагчийг дээрэмдлээ. Эцэст нь ирэх төлбөрийг ард түмэн л төлөхөөс өөр гарц байдаггүй.
-Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд бид яах ёстой вэ, яг одоо бидэнд ямар асуудал байна?
-Гадаадын хөрөнгө оруулагчид Монголд мөнгөө хийхийн өмнө төрөөс бүх шатны зөвшөөрлийг авдаг. Монгол Улсын хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Ийм учраас тэд Монголын хуулиар хамгаалагдаж, иргэдтэй нь ижил тэгш эрх эдлэх ёстой. Харамсалтай нь бодит байдал дээр гадны хөрөнгө оруулалттай төслийг янз бүрийн аргаар зогсоох, гацаах, хүндрэл чирэгдэл учруулах ажиллагаанууд эхэлдэг нь жишиг болчихсон. Энэ ажиллагаанууд идэвхжингүүт төрийн дунд шатны дарга нар нь нэмж дарамталдаг. Монголын Засгийн газраас зөвшөөрөл авчихсан хөрөнгө оруулагчид яагаад дахиад зургаа, долоон хүнд мөнгө төлөхөөр болчихов оо гэсэн асуулт амьдралаас урган гарч ирж байна. Хатуухан хэлэхэд, Монгол Улс дээрэмчдийн орон болчихоод байна л даа. Зөгнөлт кинон дээр сансрын колонийн тухай гардаг даа.
Тэнд төр байхгүй, хууль үгүй учраас бүлэглэлүүд оршин тогтнодог. Жишээ нь, та тэр сансрын колонид очиж бизнес хийнэ гэвэл бүлэглэл болгонд нь төлбөр төлөх шаардлагатай болно. Монгол Улс өнөөдөр ийм болчихоод байна. Хуулийнханд, төрийн дунд шатныханд, улстөрчдөд мөнгө төлөх ёстой болчихоод байгаа нь нуух юмгүй ил үнэн. Хуулиа уландаа гишгэсэн, боловсон аргын рекет хөгжсөн улс л болчихоод байна. Ийм газар хэн ч хөрөнгө оруулахыг хүсэхгүй. Тэгэхээр энэ гажуудлаа цаг алдахгүй засах хэрэгтэй.
-Та гадаадаас чамгүй хөрөнгө оруулалтыг улсдаа татаж чадсан залуусын нэг. Нууц биш бол хичнээн ам.долларын хөрөнгө татсан бэ, өнгөрсөн хугацаанд. Хөрөнгө оруулагч танилууд чинь Монголд мөнгөө хийхгүй байгаа шалтгаанаа хуваалцаж байсан уу?
-Нуух юу байхав. Хонконг, Лондон гэх мэт дэлхийн олон төвөөс нийтдээ 70 орчим сая ам.доллар улс руугаа татаж байсан. Тэр утгаараа гадаадын хөрөнгө оруулагчдын зовлон, бэрхшээлийг мэднэ. Барууны хөрөнгө оруулалтын сангийн захирал найз маань манай улс руу хөрөнгө оруулалт хийдэг байснаа больчихсон юм.
Хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлээд хийгээч гэж хүсэхэд мань эр “Ганзориг оо, танай улсад хөрөнгө оруулаад жилд хорин хувийн өгөөж олох боломжтой. Шведэд жилд хоёр хувийн л өгөөж олдог. Гэхдээ би Шведэд хөрөнгө оруулалт хийхийг илүүд үзэж байна. Ядаж л шөнө тайван хононо шүү дээ. Монголд бол би шөнө тайван амарч чадахгүй. Маргааш өглөө юу ч болж мэднэ, хэн ч ирээд эхлүүлсэн төслийг маань гацаах эрсдэлтэй. Ямар ч хэрэг үүсгэж яаж ч гүтгэж магадгүй. Монголын төрөөс зөвшөөрөл аваад, бүгдийг хуулийн дагуу хийж байхад зүгээр нэг байцаагч хүрч ирээд бизнесийг маань бүхэлд нь самрахад бэлэн тийм орчинд хөрөнгө оруулахыг хэн хүсэх вэ дээ ” гэсэн хариу хэлж байсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гадаадын хөрөнгө оруулалтын институциүдийг хүлээж авч “Бид гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө буруу юм хийжээ” гэж мэдэгдээд уучлалт гуйсан нь маш зөв алхам. Одоо энэ мэдэгдэл, уучлал гуйлтаа бодит ажил болгох хэрэгтэй.
-Бодит ажил гэдгээ тодруулаач. Засгийн газар хөрөнгө оруулалтыг татах чиглэлд яг яаж ажиллавал долларын урсгал Монголыг чиглэх бол?
-Төрөөс тусгай зөвшөөрлөө авчихсан, Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулчихсан, Монголын хууль тогтоомжийн дагуу хөрөнгөө оруулаад төсөл хэрэгжүүлж яваа компанийг түрүүн хэлсэнчлэн хэсэг этгээдүүд дарамтлаад ажлыг нь зогсоож байна шүү дээ. Засгийн газрын тэргүүн яг ийм үед нь гарч ирээд “Уучлаарай, бид нэг толгойтой нэгдмэл улс. Бид нэг л хуультай. Орон нутгийн удирдлагууд Засгийн газрын гаргасан шийдвэрийг эсэргүүцэх ёсгүй. Засгийн газраас хуулийн дагуу зөвшөөрлөө аваад ном журмаараа ажиллаж яваа төслүүд дээрх элдэв популизмын эсрэг хатуу зогсоно. Зөвшөөрлөө авч, хуулийн дагуу ажиллаж байгаа ямар ч төсөлд элдэв саад учруулах эрх хэнд ч байхгүй” гээд мэдэгдчих хэрэгтэй. Ингэж чадвал Монголын төр гадаадын хөрөнгө оруулагчдаас жинхэнэ утгаараа уучлалт гуйж, алдаагаа засах бодитой алхам хийчихлээ гэсэн үг. Тэгж байж гадаадын хөрөнгө оруулагчдын сэтгэлийг нааш нь эргүүлж чадна.
-Нээрээ л Засгийн газраас гаргасан шийдвэрийг давсан, эсэргүүцсэн шийдвэр сум орон нутгийн хэмжээнд гардаг тохиолдол ганцаар тогтохгүй анзаарагддаг шүү…?
-Төр бизнесийг дэмжих ёстой болохоос дарамтлагч шантаажлагч байх ёсгүй. Харамсалтай нь бизнесийг дарамтлагч, шантаажлагч болж хувирчихаад байна л даа. Сумын ИТХ уг нь нэгдмэл төрийн нэг хэсэг. Гэтэл төв төрөөсөө тэс өөр юм яриад суудаг нь жишиг болчихсон. Саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр аймгийн Засаг даргад анхааруулга өгсөн байна лээ. Монголын төр ийм түвшинд хүртэл доройтсон нь гунигтай ч гэсэн бодитой үнэн. Өнөөдөр Казахстанд хөрөнгө оруулалт их хэмжээгээр орж байгаа хэрнээ Азидаа ардчиллын баянбүрд гэж өөрсдийгөө дөвийлгөдөг Монголд яагаад хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна вэ? Казахстанд хөрөнгө ороод байгаагийн гол шалтгаан нь хууль бол хууль гэсэн сэтгэлгээ хандлага хүчтэй байдгийнх. Дуртай нь гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмддэг орчингүй учраас хөрөнгө оруулагчид мөнгөө хийдэг. Манайх үнэхээр ардчилсан улс л юм бол ийм орчныг бүрдүүлэх ёстой. Хуулийн дагуу хийж байгаа бизнес бүхнийг төр хамгаалдаг байх учиртай. Хуулиа хамгаалдаг төрийг л хүчтэй төр гэдэг.
-Гадаадын хөрөнгө оруулагчдын ганц хоёрыг нь хөөгөөд гаргахад цаана нь Монголыг сонирхож яваа өчнөөн хөрөнгө оруулагч бий гэсэн хандлага улстөрчдөөс илт анзаарагддаг. Хөрөнгө оруулагчидтай ойрхон харилцдаг хүний хувьд энэ хэр ортой хандлага вэ?
-Манай төрийн хурган дарга нар “Дэлхийн хөрөнгө оруулагчид маш олон, хоёрыг нь хулхидаад дээрэмдээд явуулчихаар цаана нь хоёр сая хөрөнгө оруулагч бий” гэж төсөөлдөг л дөө. Тийм юм огт байхгүй. Дэлхийн хөрөнгө оруулалтын сангууд Лондон, Нью-Иорк, Хонконг, Сингапур гэх мэт дөрөв тавхан хотод төвлөрдөг. Хотын төвийнх нь арваад шилэн байшинд оффислодог. Кофе уух, хоол цайнд орохдоо байнга тааралдаж мэдээлэл солилцож байдаг. Ер нь дэлхийн хөрөнгө оруулагчид гэвэл хэдхэн мянган хүн л байдаг. Нэг нь Монголд хөрөнгө орууллаа гэхэд бусдаасаа байнга асууж лавлаж явдаг. 2012 онд эвгүй ойлголт төрүүлж үргээсэн хөрөнгө оруулалт сүүлийн арван жилд сэргэхгүй байгаагийн шалтгаан ерөөсөө л энэ. Мэдээллээ солилцчихдог учраас хөрөнгөө нааш оруулахгүй байгаа юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол дахь гадны байгууллагуудын төлөөлөгчдийг хүлээж авч уулзсан нь хөрөнгө оруулалт татах ажлын ердөө нэгхэн хувь. Дахиад ихийг хийх хэрэгтэй. Реформ хийх ёстой. Төр нь хуулийн дагуу ажиллаж яваа гадаад дотоодын хөрөнгө оруулагчдынхаа бизнесийг хамгаалж, ном журмаараа хэрэгжиж байгаа бизнес төслүүдийг мэргэжлийн хяналт, хуульч, сэтгүүлч, популист улстөрч, малчин, ер хэн ч зогсоох эрхгүй тийм орчныг бүрдүүлэх хэрэгтэй.
-Яг одоо ийм орчин огт бүрдээгүй явна уу, эсвэл тодорхой хэмжээнд суурь нь тавигдчихсан байгаа юу?
-Яг одоогийн бодит байдлыг харахаар хуулийн дагуу лицензээ авч шударгаар бизнес хийж яваа хүмүүсээ төр хамгаалахгүй байна л даа. Тийм учраас гадаад, дотоодын хөрөнгө оруулагч бизнес эрхлэгчид хэнд хандахаа мэдэхгүй байна. Төрийн албан тушаалтан дээр очоод “Биднийг ингэж дарамтлаад байна” гэхээр “Та нар өөрсдөө л ассан галыг намжаахгүй бол бид зөвшөөрлийг чинь цуцлахаас аргагүй болох нь байна шүү” гэж мөрөө хавчаад сууж болохгүй. Ингэвэл төр гэж оршихын утга байхгүй.
-Оюу толгойн гүний уурхайтай холбоотой сүүлийн мэдээ хөрөнгө оруулагчдад эерэг дохио өгсөн байх…?
-Оюу толгой дээр тохироонд хүрсэн нь баяртай мэдээ. Яг энэ агшныг дагуулаад гаднаас хөрөнгө оруулалт татаж байгаа компаниудтайгаа уулзалт хийж, төрөөс зөвшөөрөл авсан, Монголын хуулийн шаардлагыг биелүүлсэн, Лондон, Нью-Йоркоос хөрөнгө татаад ирчихсэн бизнесүүдээ дэмжих хэрэгтэй. Гаднаас нэг ч долларын хөрөнгө татаж үзээгүй хүмүүс Лондон, Нью-Йоркоос мөнгө олж ирэхийг амархан гэж боддог шиг байгаа юм.
Маш хэцүү. Банк, санхүү, хөрөнгийн чиглэлд ажилладаг бидний хэдэн залуус 2002, 2003 оноос хойш дэлхийн хөрөнгө оруулалтын төвүүдэд очиж улсдаа мөнгө татах гэж маш олон жил ажилласан. Арваад жилийн эцэст арай гэж хорь, гучин сая ам.доллараар нь Монгол руу мөнгө татдаг болгоод байтал хоёр хөлдүү улстөрч гарч ирээд сүйрүүлчихэж байгаа юм. Домогт хөрөнгө оруулагч Уоррен Баффетийн “Сайн нэр хорин жилд бий болно. Муугаар солиход хоёрхон секунд л хангалттай” гэсэн алдартай үг бий. Бид тэр алдаагаа 2012 онд хийчихсэн. Хөрөнгө оруулагчид 2011, 2012 онд арав, хорин саяыг өгчихье гэдэг байсан бол өнөөдөр тэр тоо тэг руу уруудчихсан. Тэгж сүйрүүлсэн хүмүүс нь улстөрд улам дэвшиж, том дарга болоод яваа нь эгдүүцмээр санагддаг. Бид нэг зүйлийг ойлгох ёстой. Гадаадын хөрөнгө оруулагчдад дэлхийн 200 гаруй улсын сонголт бий гэдгийг. Энэ сонголтын эхний хорь гучид жагсч явсан түүх бидэнд бий. Харин одоо бол сүүлийн хорь, гучид яваа. Шулуухан хэлэхэд дайн дажинтай улсуудын түвшинд очсон.
-Хошин егөө шиг сонсогдох байх л даа, гэхдээ таны яриаг анзаарах нь ээ УИХ-ын гишүүдэд хөрөнгө оруулалт татахад ямар процесс өрнөдөг энэ тэр гээд хөрөнгийн захын цагаан толгойг мэдрүүлж ойлгуулахгүйгээр гадна, дотны хөрөнгө оруулалт дахь популизм зогсохгүй юм байна даа...?
-Гадаадаас хөрөнгө оруулалт татаж үзээгүй, экспорт хийж доллар олж байгаагүй хүмүүс УИХ-ын гишүүн олноороо болчихоод, дураараа ярьдаг байдал хэрээс хэтэрчихлээ л дээ. Доллар байхгүй бол монгол төгрөгийг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй. Монгол төгрөгийн худалдан авах чадварыг төв банкинд байгаа долларын нөөцөөр л баталгаажуулдаг. Манай долларын нөөц өнөөдөр дөрөвхөн тэрбум. Гэтэл манайх шиг дөрөвхөн тэрбум ам.долларын нөөцтэй улс маш ховор. Монголын иргэн бүр нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Аль болох их долларыг улсдаа оруулж ирэх ёстой. Энэ л эх оронч үзэл.
-Эх оронч байхын тулд улсдаа доллар оруулж ирэх ёстой гэдэг санаа онцолж хүргэмээр хэрэгтэй өнцөг байна шүү…?
-Эх оронч үзэл ийм энгийн. Доллар оруулж ирдэг үйлдвэрүүдийг, уул уурхайг дэмжих л эх оронч үзэл. Түүнээс биш хувьдаа ашиг олох өчүүхэн хүслээр гадны хөрөнгө оруулалтыг сүрэглэж дайрдаг байдал өнөө цагт хоцрогдсон. Үүнийг залуус дэмжихгүй. Монголын ард түмэн юм ойлгодог болсон. Солонгосчууд 1997 оны хямралаар алтан ээмэг, бөгжөө хайлуулаад улсдаа доллар авчирч байсан шиг монголчууд тийм эх оронч байх цаг нь иржээ л гэж харж байна.
Төрийн нэгдмэл бодлоготой байгаад, дураараа улсаа хорлож суудаг улстөрчдийг хязгаарладаг, хариуцлага тооцдог системтэй болчихвол хөрөнгө оруулалт татаж эдийн засгаа тэлэх асуудал биш.
Сэтгэгдэл (1)
Иргэн (202.126.90.79)
Ингэж хэлчихээд дотооддоо доллараар гүйлгээ хийж болохгүй гээд жирийн ард иргэдийг хавчаад байдаг биз дээ.