Гашуунсухайт дахь алдагдсан тусгаар тогтнол

Нэгэн жишээнээс эхэлье. 2020 онд төр нийгмийн гарамгай зүтгэлтэн, Шадар сайд Ө.Энхтүвшин “Цагаан хад”-ны дөрвөн хятад компанид нүүрс тээвэр хийхийг зөвшөөрч, бусад бүх монгол компаниудын үйл ажиллагааг төрийн нэр барьж журамлан зогсоож “Цагаан хаданд хорио тогтоож ногоон бүс болголоо” гэж зарлан тунхаглаж байв. Ямар учраас монгол нутагт монгол компаниудыг хорьж зогсоочихоод хятад компаниудад давуу эрх олгон хэвийн ажиллуулдаг билээ. Эх орныхоо эрх ашгийн эсрэг ажиллаж, эх орноосоо урвасан байна. Хятадад бол шууд цаазлуулна. Гэтэл ОХУ-д Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайд болж дэвшээд явсан. Юу ч мэддэггүй мэдрэл муутай хүн нам дагаж бялдуучилж явсаар дарга болсон ч гэсэн яагаад АТҮТ, ЗТХЯ-ны мэргэжлийн хүмүүс энэ энэ компаниуд Хятадынх, тэр тэр компаниуд Монголынх гэж хэлдэггүй билээ.

“Та нар яагаад хэлж тайлбарлаж өгдөггүй юм бэ" гэж би асуусан. Бүгдээрээ л адилхан монгол дугаартай машинууд шүү дээ” гэж надад хариулсан. Таван толгойн захын жолоочоос “Энэ компани Монголынх уу, Хятадынх уу” гэж асуувал өчүүхэн ч түгдрэх зүйлгүй шууд хэлээд өгнө. Ингэж ярьж байгаа төрийн албан хаагч хийж байгаа ажилдаа дэндүү хайнга, мэдлэггүй, Монголын төрд ажиллах шаардлага хангахгүй байна. АТҮТ, ЗТХЯ-ны хүмүүст хятад компаниуд үхнэ үү, сэхнэ үү ямар ч падлийгүй. Монголын татвар төлөгчдөөс цалин авч, Монголын төрд ажиллаж байгаа бол эх орныхоо компаниудыг дэмжиж ажиллах үүрэгтэй. Эргээд монгол компаниуд хөл дээрээ босч улсынхаа төсвийг бүрдүүлэн хөгжөөд явах ёстой. Өнөөдөр ч ямар нэгэн хязгаарлалт байхгүй хятадуудын машиныг оруулж, номер дугаар чөлөөтэй олгосоор байгаа тул одоо машины тоо дэндүү олон болж толгой нь эргээд яахаа мэдэхгүй, менежмэнт хийх боломжгүй, Цагаан хад-Ганц модны нүүрс тээвэрлэлт мотор нь цохисон шалаанз машин шиг нам гацжээ. Нам зогсож менежмэнт хийж чадахгүй байдалд хүрнэ гэдэг нь анхнаасаа ямар ч тэнэг хүнд ойлгомжтой байсан. Гэсэн ч төрийн албаныхан маань нүдэн балай чихэн дүлий үргэлжлүүлээд байсан. Маш олон удаа амаар хэлж, хэвлэл мэдээллээр төр засгийн удирдлагуудад хүргэсэн боловч Төр засаг. АТГ, ТЕГ, Хууль хүчнийхэн ямар ч арга хэмжээ аваагүй.

Сүүлийн жилүүдэд Таван толгойгоос Цагаан хад, Чойр, Мааньт, Ханги чиглэл рүү нүүрс тээвэрлэхэд монгол компаниуд ажилгүй, жолооч нар тоосонд дарагдсан бор гэрээ налаад, тээвэр хийж байгаа хятад машинууд руу харж, наранд гялбан нүдээ анивчаад горьдон зогсож байхад хятад компаниуд зав чөлөөгүй тээвэр хийгээд явж байдаг болсон. Нөгөө горьдогчид болох монгол компаниуд хятад компаниудаас “Манай компаниар нүүрс зөөлгөөч” гэж царайчлан гуйхад “Бид өөрсдийн машинаар тээврээ хийнэ” гэж хэлнэ. Ингээд цэвэр монгол компани, жолооч нар нутагтаа ажилгүй горьдлогын хашаа руу шилжжээ. Хилийн “0” цэг хүртэл монголчууд нүүрсээ контейнерт хийн хүргэж өгөх, “0" цэгээс цааш хятадууд татан авч байхаар хоёр улс тохирч гэрээ хийсэн. Энэ өвөл 20 орчим хоног терминал тээвэр туршилтаар явуулсан. Гэвч “Цагаан хад''-нд байгуулагдсан батгана шиг багширсан олон төрийн байгууллагууд монгол компаниудад ямар ч мэдээлэл өгөхгүй нууцалж, хятад компаниудыг явуулж бидний боломжийг булааж хятадуудад өгч хариуд нь хээл хахууль авч байна, эсвэл эх орноосоо урважээ гэж үзэхээс өөр аргагүй байлаа. Бас өнөө маргаашгүй терминал тээвэр эхэлнэ гэж яригдаж байгаа ч “Эрдэнэс Таван толгой” ХХК, “Цагаан хад''-ны тоолж барамгүй олон төрийн байгууллагууд монгол компаниудад ямар ч мэдээлэл өгөхгүй нууцалж хятадуудыг явуулахаар зэхэж байна.

 

 

Өнөөдрийн байдлаар Таван толгойд нүүрс тээвэрлэдэг 18 мянган машинаас 600 орчим нь л цэвэр монголчуудын машин. 2022 оны 1 дүгээр улиралд нийт 3011 ширхэг С зөвшөөрөл олгож байгаагаас 134 ширхэгийг л цэвэр монгол компаниудад олгож байна. Энэ тоонууд Монголын нүүрс тээвэрт тусгаар тогтнол алдагджээ гэдгийг батлаад өгнө.

 

 

ЯАГААД МОНГОЛЫН НҮҮРС ТЭЭВЭР ИЙМ ЁРЫН МУУ БОЛОВ

 

Шалтгаан нь хятадуудын машиныг хэмжээ хязгааргүй хилээр оруулан ирж, номер дугаар олгон, “С” зөвшөөрлийн бичгийг монгол компаниудаас булаан тэдэнд өгч авлига аван, монгол компаниудын ажлыг зогсоож, оронд нь хятад компаниудыг явуулж байгаа явдал юм.

Цагаан хаданд байн байн том дарга нар ирнэ. Нэг шийдвэр гаргасан болоод буцаад явдаг. Хэд хоногийн дараа байдал улам мууддаг. Энэ асуудлыг Сангийн яамнаас нэг ажлын хэсэг ирж шалгаад юмуу, “Цагаан хад"-нд нэг төрийн байгууллага нэмж байгуулаад шийдэж чадахгүй. Асуудлын мөн чанар юунд оршиж байгааг ойлгохгүй “Цагаан хад”-нд “Боомтын зөвлөл”, “Шуурхай штаб”, ХБОБЭЗ, “Хилийн 031 дүгээр анги", “ГС дахь Гаалийн газар”, МХГ, ГИХГ, АТҮТ, “Боомтын бүрэн эрхт захиргаа”, “Төрийн бүрэн эрхт биет төлөөлөгч”, “Цагдаагийн тасаг” гэх мэтийн маш олон учир утгагүй төрийн байгууллагууд байгуулж, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй үрж байна. Эдгээр байгууллагууд хийх ажил байхгүй, ажил үүргийн хуваарь тодорхойгүй, юу хийхээ мэдэхгүй тул бүгд хоёр төрлийн ажил хийдэг.

 

Нэгдүгээрт, ААН-үүдийг баруун солгойгүй, өдөр шөнөгүй шалгаж, хэнд ч хэрэггүй материал нэхнэ.

Бараг л нэг жолооч нэг хувийн жорлонтой байх ёстой, нэг хувийн угаалтууртай байх ёстой, компани болгон эмчтэй байх ёстой...гэх мэтийн тэнэглэлүүд. Шалгуулахгүй өдөр гэж бараг байхгүй. УБ-аас, Өмнөговь аймгаас ямар олон ажлын хэсэг гарч ямар их үр бүтээлгүй, хоосон зардал, цаг зарцуулаад, компани болгоныг шалгаж байна гээд өвчин тараагаад явж байна вэ. Улсын төсөв маань, төрийн алба маань ийм үр бүтээлгүй хоосон тэнэглэлээр яваад байвал улс орон мөхөхөөс өөр ямар ч зам байхгүй.

 

Хоёрдугаарт, Хэнд ч хэрэггүй дүрэм журам гаргана. Ямар ч мэдлэг боловсролгүй хүн сүргүүд учраас Цагаан хаднаас гарч явах журам гэж мэдрэл мэдрэл юм биччихээд орж ирэх журам байхгүй, эрэгтэй хүний тухай биччихээд эмэгтэй хүнийг орхичихдог. Өөрөөр хэлбэл, төгс юм хийж чадахгүй хэнд ч хэрэггүй, ямар ч асуудлыг шийдэж чадахгүй дүрэм журам нэртэй тэнэглэлүүд хийж суудаг.

 

Би хоёр жилийн өмнө ЭТТ-н борлуулалтын мэргэжилтнүүд дотор ороод яахаараа зөвхөн хятад компаниуд нүүрс зардаг, яагаад монголчууд ЭТТ-оос нүүрс худалдаж аваад Хятад руу зарж болдоггүй юм бэ гэв. Тэгтэл монголчууд болохгүй, зөвхөн хятадууд болно гэв. Яагаад гэсэн чинь монголчууд бол ченжүүд, хятадууд бол биш гэнэ. Өө, Чалко ЭТТ-оос нүүрс худалдаж аваад цааш нь зарахгүй, зөвхөн өөрийнхөө зууханд л түлдэг гэж бодоод байна уу гэв. Болохгүй гэж хэлж байна, “Тийм журамтай юм” гэж уурлан намайг загнасан. Үүнийг сонсоод би өөртөө ч итгээгүй шоконд орсон. Үүний үр дүнд ЭТТ-оос хятад тэрбумтан (Winsway) төрж байна. Хятад компаниуд ЭЭТ-оос худалдаж авсан нүүрсээ өөрсдийнхөө машинаар зөөнө гээд монгол компаниуд нутагтаа гологдон, ажилгүй, горьдлогын хашаа руу шилжицгээсэн. Ингэж өөрсдийгөө боомилсон хятад компаниудад ашигтаи давуу байдал үүсгэсэн дүрэм журам нэртэй мэдрэл мэдрэл юм хийж монгол компаниудыг чөдөрлөн хойш нь чангааж сууна. Эдгээр олон төрийн байгууллагууд нүүрсний экспортыг нэмэгдүүлж монгол компаниудыг дэмжиж ажиллах үүрэг хариуцлагаасаа нүүр буруулжээ. “Уулын бугыг үзээд унасан морио хаяв” гэгчээр монгол компаниудаас авлига нэхвэл баригдах эрсдэл өндөр тул хятад компаниудаас мөнгө аваад монголчуудын эрх ашгийн эсрэг ажилладаг ердийн жишиг тогтжээ.

 

“ЦАГААН ХАД”-НД УЧИР УТГАГҮЙ ОЛОН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД НЭМЖ БАЙГУУЛААД ЯМАР ҮР ДҮНД ХҮРЭВ

 

1.Нүүрсний экспорт нэг граммаар ч нэмэгдээгүй, харин муудсан.

 

Төр ер нь баруун солгойгүй, өдөр шөнөгүй шалгахаас өөр юу хийсэн бэ. “Цагаан хад”-нд өнөөдөр ч гэрэл цахилгаан байхгүй. Тэгсэн мөртлөө “компани бүр гэрэлтүүлэгтэй, камертай байх ёстой” гэж шалгана. “Компани бүрийг бохироо соруулдаг машинтай байх ёстой” гэж шалгадаг. 179 компани байгаа болохоор 179 бохирын машин хэрэгтэй болж байна. “Цагаан хад”-нд бохирын машинуудын түгжрэл үүсээд нүүрс тээвэрлэлт нам гацна. "Компани болгон эмчтэй, эмч нь дээд зэргээр тохижуулсан байртай байх ёстой” гэж шалгана. 179 эмч хэрэгтэй болж байна. Тийм олон эмч Монгол Улсад байгаа бил үү.

 

Ковидийн үед эмч, эмнэлгийн ажилтнууд улсад маань хүрэлцэхгүй байна шүү дээ. Бүх компани заавал эмчтэй байх шаардлагатай юм бол 150 мянган компанитай Монгол Улс 150 мянган эмч улс орны бүтээн байгуулалтад оролцохгүй ямар ч утга учиргүй сууж байх болж байна уу. Төр нэг ч эмнэлэг байгуулаагүй байж компани болгоныг эмнэлэгтэй бай гэж шаарддаг ямар гаж дон бэ. Цар тахлын улмаас хорио цээр тогтоогоод бүх замыг хаачихсан, ямар ч бараа материал байхгүй байхад Нью-Йоркоос гоё тохижуулсан байх шаардлага тавьж шалгана. Төмөр зам орохоор авто тээвэр явах явахгүй нь тодорхойгүй байхад яагаад монгол компаниудыг заавал кэмп байгуул, газар тодорхой бус нөхцөл байдалд шахаж эрсдэлд оруулаад байна. Ажил зогсчихсон орлого байхгүй байхад яах гэж сөхрүүлж, дарамтлаад байна. Төр дэд бүтцээ байгуулсны дараа хувийн компаниуд төрийн дэд бүтэцтэй холбох ажлыг хийх ёстой. “Соруулдаг бохирын савтай бай” гэж шалгачихаад соруулсан бохироо хаана боловсруулах бүтэц байхгүй бол нэг газар л асгана шүү дээ. “Хогоо ангилж тавь” гэж шалгачихаад ангилсан хогийг тус тусад нь боловсруулдаг дэд бүтэц байхгүй бол нэг л газар асгана шүү дээ. Өөрөөр хэлбэл “Цагаан хад”-ны төрийн байгууллагуудын тэнэглэл хэрээс хэтэрч, цэвэр монгол компаниудад нэрмээс болж байна.

 

2. Ямар асуудлыг ямар байгууллага шийдэхийг хэн ч мэдэхгүй болсон. 

 

Ямар асуудлыг ямар байгууллага шийдэхийг жолооч нар ч, тээврийн компаниуд ч, нөгөө тоолж барамгүй олноор байгуулагдсан төрийн байгууллагууд ч мэдэхгүй болсон. Яах учраа мэдэхгүй, дэмий цаг хугацаа алдаж алмайрлын байдалд орцгоосон. Үүнээс болж ямар ч шийдвэр гарахгүй, ямар ч асуудал шийдэгдэхгүй болжээ.

Маш олон монгол эрчүүд асар олон сараар ямар ч зорилго, үр бүтээлгүй хорио цээр нэртэй хашигдаж байна. Төрийн байгууллагууд маань удахгүй бөмбөлөг үүсгэж тээвэрт явуулна, жолооч нараа Цагаан хад руу тат" гэдэг. Компаниуд  маш олон жолоочийг дуудаж тусгаарлалтад байршуулсан боловч төр засгийн олон байгууллагууд шийдвэрээ байн байн өөрчилж бие биеэ үгүйсгэн тодорхойгүй байдалтай болж зургаан сар ямар ч ажил орлогогүй хоригдож байгаа өрхийн тэргүүлэгч болох монгол эрчүүд уурлаж бухимдаад сууж байна. Төрийн байгууллагууд хэд хэдэн удаа буруу шийдвэр гаргасныхаа дараа зориглож шийдвэр гаргах хэн ч байхгүй болж хөх мах нь чичрээд таг зогсчихсон.

 

 

“Цагаан хад”-ны төрийн байгууллагаад шуурхай ажиллах биш, харин эсрэгээрээ бие бие рүүгээ чихэж, эзэн хариуцагчгүй, асуудлыг огт шийдэж чадахгүй болсон. Асуудал яриад очиход хүлээж авдаг байгууллага байхгүй, холбоо барих утас байхгүй. Хятад компаниудад ашигтай, давуу байдал бий болгосон, цэвэр монгол компаниудад хохиролтой шийдвэрүүдийг амралтын өдөр шөнийн цагаар хулгайн аргаар гаргадаг байгууллагууд болж хувирсан.

 

 

 

3. ХӨСҮТ-ийн эрүүгийнхэн 0461-т тавтай морилно уу.

 

ХӨСҮТ-ийн эмч нэртэй алиа салбадай нар тангараг өргөсөн мөртлөө эрүүл хүнийг өвчтэй гэж дүгнэлт гаргаж, жолооч нар болон компанид асар их нөхөгдөшгүй хохирол учруулж байна. Хэнд ч ойлгомжтой баталгаа нотолгоотой эрүүгийн хэрэг юм.

Бодоод үзье л дээ. Тухайн компани 40 жолоочтой байж. Түүн дотроос нэг жолооч ковид тусаад бусад нь эв эрүүл байж болох уу. Ковид чинь амьсгал болон ахуйн замаар маш хурдан халдварладаг шүү дээ. Тэгээд хотод ирээд ХӨСҮТ-д дахин шинжилгээ өгөхөөр зүгээр гэж гардаг. Ингээд жолооч нар “но’’-г нь мэдээд хэл ам хийнэ. Одоо хотод ирээд ХӨСҮТ-д шинжилгээ өгье гэхээр “Өө чи Цагаан хаданд шинжилгээнд орсон байна" гээд шинжилгээ авахаа больсон. ХӨСҮТ-ийн хийж байгаа энэ эрүүгийн гэмт хэрэг нь жолооч нарын аж амьдрал болон компанийг сүйрүүлж байна. Хохирлоо нэхэж байна. Төлж чадахгүй бол тийм хүмүүсийг бүү ажиллуул. Араа дааж чаддаг байж тэнэг тэнэг юм хий.

Дахиад бодоод үзье. Би сая буруу бодсон байж мэднэ.

40 жолоочоос нэг жолооч нь ковид тусаад бусад нь ковид тусахгүй гэж бодъё. Гэтэл явсан жолооч нь хотын ХӨСҮТ дээр шинжилгээнд ороход ковидгүй гэж гардаг. Тэр жолооч гэрийн зүг хөлгийн жолоо залсны дараа үлдсэн жолооч нараас дахин дахин шинжилгээ авахад нэг ч халдваргүй. Бүүр эцсийн вариантаар нотолъё гэвэл олон сар ажил, цалингүй хоригдож авгай хүүхдийнхээ найдварыг бүрэн алдаад банкны өрөнд шаналж, шөнө унтаж чадахгүй болчихоод “ковидтой” гэж ХӨСҮТ-өөр цоллуулаад гэрийн зүг хөлгийн жолоо залсан жолоочийг дуудаж авчраад дахин шинжлээд үзэхэд эв эрүүл гарна.

 

Ковид туссан хүнээс дахин шинжилгээ авахад эерэг л гардаг шүү дээ. Ингэж хөдөлшгүй батлагдаад байхад яагаад ХӨСҮТ-ийнхэн 0461-т морилохгүй “Цагаан хад”-нд морилоод байна. За ТЕГ-ынхаан, Хууль хүчний байгууллагынхаан 461 рүү нь хүргэж өгөөрэй.

Нүүрсний тээвэр хийх хуваарьт хугацаа болж компанийн жолооч нар шинжилгээнд орохоор “Цагаан хад”-ны ХӨСҮТ тухайн компанийн жолооч нарын нэгийг ковидтой байна гэж худал дүгнэлт гаргана. Нэг жолоочийг тусгаарлахад өдөрт 160 000 (нэг зуун жаран мянган) төгрөг бид зарцуулсан. 40 жолооч гэж бодоход 160 000 *40 *28 (хоног)= 179 200 000 мянган төгрөг. 82 300 (ПСР шинжилгээ) *3 (удаа) *40 (жолооч)= 9 876 000 төгрөг. Сардаа хоёр явах байсан рейсээ алдлаа гэж үзье. Хоёр (удаа) *40 (машин) *135 (тонн) *850 (өнөөдрийн нэг тонн нүүрс зөөх ханш) *445 (юан/төгрөгийн ханш) = 4 000 085 100 (дөрвөн тэрбум наян таван мянга нэг зуу) болж байна. Тухайн компанийг захиалгат дэлбэлэлт хийснээр нийтдээ 179 200 000 + 9 876 000 + 4 085 100 000 = 4 274 176 000 төгрөгний хохирол учруулж байна. 40 жолоочийн ажил амьдрал ар гэрийг бүрэн сүйрүүлж, компанид нь 4 274 176 000 төгрөгийн хохирол учруулан байж авдаг авлигын чинь хэмжээг мэдмээр байна шүү. Бид хохирлоо нэхэж байна. Хэрэв хохирол төлж чадахгүй бол тийм ажил руу төрийн албаныхан нэртэй хархнуудыг бүү дөхүүл. Битгий монголчууд, Монголын хөгжилд чөдөр тушаа, гай барцад болоод бай. Нөгөө “Цагаан хад’’-нд батгана шиг олноор байгуулагдсан төрийн байгууллагууд яагаад ХӨСҮТ-ийн эрүүгийн элементүүд гэмт хэрэг удаа дараа үйлдэж байхад хуулийн дагуу арга хэмжээ авч, таслан зогсоохгүй байна. Эд нар хамгийн чухал ажлаа хийхгүй, кэмпүүдийг шалгаж байна гээд хэнд ч хэрэггүй зүйл хийгээд байна. Хөдөөний малчин өрхүүдийн гэр орныг өдөр шөнөгүй шалгаад, “Энэ айл ор байхгүй, газраар унтдаг юм байна мал хахиулж болохгүй” гэж дүгнэлт гаргаад хятад хүмүүст мал хариулах эрх олгоод явж байгаатай утга нэг зүйл шүү.

 

4. "Цагаан хад’’-нд тоолж барамгүй олноор байгуулагдсан төрийн байгууллагуудын тэгш шударга ажиллах зарчим алдагдсан.

 

Төр засаг гэрээ хэлцэл л хийдэг болохоос гадаад, дотоодын хувийн бизнесийн үйл ажиллагаа дотор орж хутгалддаггүй. Манай төр засаг дотор нь орж хутгалдаад учир утгыг нь алдагдуулсан.

Зарим баг (бөмбөлөг)-үүдийг маш олон рейс хийлгэж зарим багуудыг шоовдорлон хэт бага рейс хийлгэж байна. Хээл хахууль үнэртүүлж, өөрийн хамаарал бүхий машинууд явдаг багуудыг олон явуулж байна. Гаалиар гарсан машин тус бүрийн статистикийг гаргаж тавь л даа. Төрийн байгууллагууд үүнийг өдөр бүр хийх шаардлагатай байхад юу ч хийхгүй байна. Хэт олон явж завшсан багуудыг амрааж, бүх багийг жигд явуулах шаардлагатай байна. Хэрэв тэгж чадахгүй бол төрийн нэр барьж чөдөр тушаа бололгүй зайгаа тавьж өгч, тээвэрлэлт хийх хуваарийг цэвэр монгол компани, эсвэл цэвэр монгол компаниудын зөвлөл “Алтан шар зам” ТББ- аар хийлгэхийг шаардаж байгаа юм.

 

“Бөмбөлөг" (баг) гэдэг тэнэглэл үүссэнээс хойш хэддүгээр бөмбөлөг хэдэн удаа явсныг гаргуулж харах шаардлагатай. Хамгийн олон рейс хийсэн бөмбөлгүүдийг шууд амраах хэрэгтэй. Тэр хамгийн олон явсан рейсийн тоонд нь хүртэл бусад бөмбөлгүүдийг явуулсны дараа зогсооно. Тэгээд бүх бөмбөлгүүд шударгаар адилхан тооны рейс хийх шаардлагатай. Түүний дараа дахин хуваарь хийж жигд явуулах шаардлагатай байна. Одоогоор хамгийн олон явсан бөмбөлгүүд хамгийн бузар үйлдэл хийж байгаа гэсэн үг. Төрийн албан хаагчдад авлига өгч боолоо болгодог, эсвэл төрийн албан хаагчдын хамаарал бүхий этгээдүүдийн машинууд явж байгаа бөмбөлгүүд юм. ХӨСҮТ-ийн хүмүүст мөнгө үнэртүүлээд тангараг өргөсөн эмч хүнээр худлаа дүгнэлт гаргуулж бусад бөмбөлгүүдийг дэлбэлүүлж өөрсдөө олон удаа явдаг. “Боомтын зөвлөлийн албан ёсны вэб хуудас”-аас бөмбөлгүүдийн өдөр бүрийн тээвэр хийсэн хуваарь, хэддүгээр бөмбөлөг хэдэн удаа явсныг тоолж үзэхэд “Цагаан хад“-нд утга учиргүй олноор байгуулсан төрийн байгууллагуудын албан хаагчид дэндүү шударга бус, “Хөгжлийн банкны бүлэг хулгай” гэж ярьдаг шиг хятад компаниудаас авлига авч эх орноосоо урвасан бүлэг хулгайчууд болжээ.

 

“ЦАГААН ХАД”-НД АСАР ОЛНООР БАЙГУУЛАГДСАН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХИЙСЭН АЖЛУУД:

 

Нам дагаж цүнх барин гүйж байгаад юу ч мэдэхгүй хүн сүргүүд төрийн албанд орчихсон учраас хятадуудын тоглоом болдог. Хятадууд хүссэнээ хэлж, хийх ба манай хүн сүргүүд тэдний амыг даган, тушаалыг нь биелүүлээд сууж байдаг болсон. Хятадууд эхэлж “контейнерээр нүүрс тээвэр хийе” гэсэн. Манайхан юу ч ярьж чадахгүй тэдний амыг хараад ангайн сууж байх хооронд трэйлэр машинууд оруулж ирэн үнэ хүргэж шахчихаад, ямар ч хязгаарлалтгүй машинууд оруулж номер дугаар олгож байгаа тул хятад компаниуд асар олон трэйлэрүүд оруулж ирэн “Цагаан хад”, "Ганц мод” боомтыг дүүргэсэн. Машины тоо хэт олон болж зохицуулж чадахгүй болсон тул “Шалгалт” нэртэй тэнэглэлээр аргацааж монгол компаниас авлига нэхвэл баригдах эрсдэл өндөр учир хятад компаниудаас авлига авч шалгалтад тэнцүүлэн, нүүрс тээврийн ажилд явуулчихаад, монгол компаниудыг хясан боож ажилгүй зогсоочихоод байж байна. Хятадууд трэйлэр дээр тавьж нүүрс зөөх зориулалттай контэйнэрүүдийг асар их хэмжээгээр оруулж ирэн монгол компаниудад түрээсэлчихээд рейс хийсэн машин бүрээс мөнгө аваад сууж байна. Манай төрийн албан хаагчид энэ бизнест монголын талын оролцоо, тохироо, яриа хэлэлцээ байхгүй тэдний амыг даган бараг л өөрсдөө санаачлаад хийгээд байгаа мэтээр төр засагтаа тайлагнан, биднийг баруун солгойгүй, өдөр шөнөгүй шалгасаар сууна.

 

Эхэлж 126 бөмбөлөг үүсгэсэн. Нэмэх шаардлагатай байна гэж ярингуутаа 24 ширхэг хятад компанийн бөмбөлөг нэмж 150 бөмбөлег болгосон. Дараа нь монгол компаниудыг зогсоож, авлига авсан хятад компаниудаа тээвэрт явуулахын тулд алдарт “шалгалт”-аа хийсэн. Шалгалтад бүх компани 50%-иас дээш оноо авсан тул бүгд тэнцсэн. Гэтэл санаатайгаар, эсвэл дүн тавих анхны мэдэгдэхүүнгүй Өмнөговь аймгийн МХГ-ын Х.Батцэцэг гэдэг байцаагч 40 сая төгрөгийн хөрөнгө оруулан дүш хийсэн байхад ус байхгүй байна гэж шалтаглах, кемпийн хашаатай байхад хашаагүй байна, камертай байхад камергүй байна гэх маягаар монгол компаниудад бага оноо тавьсан. Яг шалгаад үзвэл шалгалтад унах цэвэр монгол компани байхгүй, харин ямар ч кемпгүй хятад компаниудыг тэнцүүлчихсэн. Ийм маягаар цэвэр монгол компаниудыг шалгалтад бага оноо авсан “тэнцээгүй" гэж хасчихаад хятад компанийн бөмбөлгүүдийг нүүрс тээвэрт явуулаад сууж байна. “Цагаан хад”-нд хэт олноор байгуулагдсан төрийн байгууллагууд юу хийхээ ч мэдэхгүй, хийх ажил ч байхгүй учир “Шалгаж байна" гэж байн байн кемпүүд хэсч явсаар олон сар тусгаарлалтад байсан компаниуд, жолооч нарт “ковид”-ыг тараасан. “Цагаан хад" хамгийн их ковид тархсан газар боллоо. Тэгээд өнөөдрөөс эхэлж “Цагаан хад” руу орох, гарах хөдөлгөөнийг хаасан байна. Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар Төрийн албаныхан ААН-үүдийг шалгаж дарамталж, ажил хийлгэхгүй байгааг мэдэрч шалгалт хийхийг гурван жил хориглосон. Нүүрс тээврийн компаниудыг шалгаж дарамтлахыг 10 жилийн хугацаагаар хориглох шаардлагатай байна.

 

АТҮТ-ийн нэг мэргэжилтэн ганцхан өдрийн дотор “С" зөвшөөрлийн бичгийг компаниудад хуваарилж өгөөд дуусгачих тиймхялбархан ажлыг мушгин хээл хахууль горьдож АТҮТ бүх байгууллагаараа ажиллаад дийлэхгүй, ЗТХЯ дийлэхгүй УОК дийлэхгүй, Сангийн яам дийлэхгүй байна. Мэргэжлийн байгууллагын хүмүүсээс “Яагаад ганц хүн нэг өдрийн дотор хийгээд дуусгачих тийм хялбархан ажлыг Монголын төрийн байгууллагууд хийж дийлэхгүй бүрхэгдүүлээд байна вэ?” гэж асуухаар бүгд хүлээн, зөвшөөрч толгой дохидог ба “Харин тийм ээ” гэдэг, Гэхдээ “Намайг байгууллагаа шүүмжиллээ гэнэ, даргад нүүргүй болно, ажлаас хална” гэж айгаад дуугай байдаг. Нэг мэргэжилтэн нэг өдрийн дотор “С" зөвшөөрлийн бичгийг компаниудад хялбархан хуваарилаад өгч чадах авч нэг өрөөнд хамт ажилладаг найз нь энэ компанид тэдэн “С” зөвшөөрөл хуваарилж өгөөч гэж гуйна. Ахлах мэргэжилтэн “Өө тийм тийм, компаниудад тэдийг хуваарил” гэнэ. “Жа ахлах аа” гэнэ. Хэлтсийн дарга “Тийм тийм компаниудад тэд тэдийг хуваарил” гэнэ. Төрийн байгууллага босоо тогтолцоотой учраас “Жа дарга аа” гэнэ. АТҮТ-д хэдэн дарга байдаг билээ. Тэд тушаал буулгана. Гэтэл ЗТХЯ-нд сайд, дэд сайд, төрийн нарийн, маш олон газар, хэлтсийн дарга нар байна. Өөр сайд, дарга, гишүүд АТҮТ болон ЗТХЯ-ны дарга нараас гуйна. Ингэж явсаар эцэстээ “Таван Толгойд нүүрс тээвэрлэдэг 18 мянган машинаас 600 орчим нь цэвэр монголчуудын машин. 2022 оны 1 дүгээр улиралд нийт 3011 ширхэг С зөвшөөрөл олгож Зайгаагаас 134 ширхэгийг цэвэр монгол компаниудад олгожээ” гэсэн үр дүнд хүрдэг аж.

 

Уг нь төр засаг маань:

 

• Хилийн нүүрс тээвэртэй холбоотой ажил (өдөрт хэдэн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, хэдэн тонн нүүрс экспортлох, ажил, амралтын цаг гэх мэт)-ыг Хятадын талтай гэрээ хэлэлцээ хийж зохицуулах,

•Монголчууд шинээр машин аваад орж ирэхээр Хятадын тал бүрдүүлэлт хийхгүй болчихдог. Хэзээ эхлэхийг хэн ч мэдэхгүй болчихдог. Үүнийг тохирч гэрээ хэлэлцээрээр зохицуулах,

•Нүүрс ачаад хил рүү орох гэхээр танай жолоочийн мэдээлэл компьютерээс устчихсан байна гэж хэлнэ. Ачсан нүүрсээ буулгавал асар их өрөнд орно, хил рүү оруулахгүй, зүгээр л ачаатайгаа хэдэн сар жил болж мэдэх тул үүнийг зохицуулах,

 

•Бөмбөлөг хэмээх тэнэглэл үүссэнээс хойш хилээр гарсан бөмбөлөг бүр, машин бүрийн статистикийг гаргаж нийтэд ил болгох, цаашилбал монгол жолооч паспортоо хаяж үрэгдүүлэх, хужаа нарт зодуулах, машин дотроо амь насаа алдах, хятад компани цалинг нь өгөхгүй хохироох, осол аваар гаргах, ХӨСҮТ худал дүгнэлт гаргаж компани, жолооч нарыг хохироож байгаа эрүүгийн хэргийг таслан зогсоож хуулийн дагуу арга хэмжээ авах...гэх мэтийн ажлуудыг хийх шаардлагатай байдаг.

 

ЦААШИД ЯАХ ЁСТОЙ ВЭ?

 

Төр засаг гэрээ хэлцэл л хийдэг болохоос гадаад, дотоодын хувийн бизнесийн үйл ажиллагаа дотор орж хутгалддаггүй. Энэ учир утгатай. Түүнийг тайлбарлаж нуршаад яахав.

Нэгдүгээрт. “Цагаан хад”-нд асар олноор байгуулсан төрийн байгууллагууд бидэнд нэмэр болохоосоо илүүтэйгээр нэрмээс болж байгаа тул хийх ажилгүй, хэнд ч хэрэггүй төрийн байгууллагуудыг нэн даруй татан буулгах шаардлагатай байна. Зөвхөн “Цагаан хад”, эсвэл “Ганц мод" боомтод “Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч” нь монгол жолооч паспортоо хаяж үрэгдүүлэх, хужаа нарт зодуулах, машин дотроо амь насаа алдах, хятад компани цалинг нь өгөхгүй хохироох, осол аваар гаргах, ХӨСҮТ худал дүгнэлт гаргаж компани, жолооч нарыг хохироох ... гэх мэтийн асуудлыг шийдвэрлэх консул маягийн ажил үүрэг гүйцэтгээд байж байвал бидэнд их тус болно. Мөн хоёр гурван замын цагдаа ажиллаж байвал бид баярлана. Бусад байгууллагууд хэрэг болохоосоо илүүтэйгээр чөдөр тушаа болж арагш нь чангаагаад байна.

 

Хоёрдугаарт. Нүүрс тээврийн том шалаанз машинуудыг импортоор оруулж ирэх, нүүрс тээвэрлэх зөвшөөрөл өгөх, номер дугаар олгохыг зогсоох.

 

Гуравдугаарт. Цэвэр монгол компани болох “Аз транс” ХХК, эсвэл цэвэр монгол компаниудын зөвлөл “Алтан шар зам” ТББ-д “С” зөвшөөрлийг бусад компаниудад хуваарилах ,эрх олгох. Хятадын талд монгол компаниуд гаалийн бүрдүүлэлт, авто тээвэр, замын цагдаа, мэргэжлийн хяналтын зөвшөөрөл зэргийг заавал хятад компаниар дамжуулж татвар мөнгө төлөн, гуйж гувшин байж хийлгэдэг. Хятадын төрийн байгууллагууд бизнес дотор орж хутгалддаггүй. Бизнес бол бизнесийнхээ зарчмаар явах шаардлагатай байна. Хятадын талд бизнесийн зарчмаар яваад байхад манай талд төрийн өлсгөлөн албан хаагчид бидний боломжийг хятад компаниудад булааж өгөөд авлига авч байгаа учраас бид дандаа ялагдаж, уруудаад байна. Монголын компанид хятад компаниуд мөнгө төлж бүрдүүлэлт хийлгэж, зөвшөөрөл авч байх шаардлагатай байна.

 

“Монгол нутагт хамгийн түрүүнд цэвэр монгол компаниуд элдэв шалгалт дарамтгүйгээр 100% “С” зөвшөөрлийн бичгээ авах ёстой. Заавал олон га газар худалдаад авчихсан, кемп бариад иж бүрэн тохижуулчихсан байх албагүй, дөнгөж эхэлж байгаа цэвэр монгол компани байсан ч төр засаг дэмжиж туслаад хөл дээр нь босгох үүрэгтэй. Үлдсэнийг нь хязгаартайгаар хятад компаниудад хуваан өгч болно. Монгол нутагтаа цэвэр монгол компаниуд эхэлж тээвэр хийдэг, шаардлагатай бол хятад компаниудыг оролцуулах ёстой” гэсэн бичигдээгүй хууль төр, төрийн албан хаагчийн яс мах, эд эс, толгойд хатуу суугаагүй бол төр бизнест оролцож биднийг дампууруулахгүй байх шаардлагатай байна. Монголоос мах, ноос ноолуур, нефть, түүхий эд... гэх мэтийг экспортлох эрхийг монгол компаниудад өгөхгүй, авлига авч хятад компаниудад өгч байгаатай яг адилхан. Үүнийг ойлгохгүй, ойшоохгүй, эсвэл манайх ингэх болоогүй гэж ярьж байгаа төрийн албан хаагч байвал, уучлаарай, ямар улсад амьдардгаа мартжээ, “шар мөрөн”-дөө очиж ногоогоо тарьж амьдар. Тийм хүнийг үтэр түргэн төрийн албанаас зайлуулахгүй бол бизнесийн хууль хатуу бегөөд өршөөлгүй тул монгол компаниуд хэзээ ч хөл дээрээ босч чадахгүй.

 

Энэ тэнэглэл л монгол компаниудыг чөдөрлөн тушчихаад байгаа тул төр засаг эрс арга хэмжээ авч хариуцлага тооцно уу. Одоогоор Монголын төрөөс хулгай хийгээд, эсвэл авлига авч мөнгөтэй болчихоод түүнийгээ бизнес гэж ойлгоод байна. Энэ бол бизнес биш, эрүүгийн гэмт хэрэг хийж, өөрийнхөө замыг бүрмөсөн хаасан хэрэг. Бизнес хийгээд явахаар тусгаар тогтносон улс доторх давуу талуудаа ашиглаж босч ирдэг. Монгол компаниуд монгол нутагтаа хөл дээрээ босч, дараа нь дэлхийд гарч өрсөлдөх учиртай Хэрэв тийм биш бол тусгаар тогтносон улс байх утгагүй болно. Дэлхийн бүхулс ийм байдлаар хандана. Энэ бол үндэсний үйлдвэр, ЭЗ-аа дэмжиж байгаа хэрэг юм.

 

Эсвэл төр бидний өмнөөс бүх бизнесийг хийгээд өг.

 

Бид зүгээр сууж байя. Эсвэл зах зээлийн системээсээ татгалзаад буцаад коммунизмаа байгуулъя. Эргэлт буцалтгүй шийдвэр хэрэгтэй байна. Төрийн байгууллагын хүмүүс ямар ч бизнесийн сэтгэлгээгүй учраас нэг шийдвэр нь монгол компаниудыг дампууруулж байна. Жишээлбэл, шалгалтын дүн тавих анхны мэдэгдэхүүнгүй Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын Н.Батцэцэг гэдэг хүнээр шалгуулснаас болж тухайн компанийн бүх жолооч нар хятад компани руу явж тэр компани дампуурч байна.

 

Дөрөвдүгээрт, Терминал тээвэр хийхэд бүх компани эрх тэгш жигд оролцох боломжоор хангаж өгөх. Тэр тусмаа хоёр улсын гэрээ хэлэлцээ ёсоор хилийн “0” цэг хүртэл монголчууд хүргэж өгөхөөр тохирсон тул цэвэр монгол компаниудыг 100% оролцуулах шаардлагатай байна.

Энэ өвөл туршилтаар терминал тээвэр 20 орчим хоног явуулсан. Тэгэхэд “Цагаан хад” дахь бүх төрийн байгууллагаас асуухад, манайх мэдэхгүй гээд ямар ч мэдээлэл өгөхгүй байж байгаад авлига авч өөрийнхөө болон хятад компаниудыг явуулсан. Үүнийг шалгаж ямар компаниуд хэн хэнд авлига ч өгч явсныг тогтоож нүүрс тээвэр хийх эрхийг нь цуцлах шаардлагатай. Терминал тээвэр өнөө маргаашгүй эхлэх сураг сонсогдоод байгаа. Гэвч өөрсдийн болон хятад компаниудыг явуулахаар санаархаж мэдээллийг С.Зоригийн хэргийг захиалагчийн мэдээллээс илүүтэйгээр нууцалж байна. Терминал тээвэрт бүх цэвэр монгол компаниудыг тэгш шударгаар жигд оролцох боломжоор хангаж өгөх шаардлагатай.

 

Зөвхөн ийм дөрвөн алхам хийснээр бүх асуудал шийдвэрлэгдэнэ. Манай төрийн байгууллагууд хятад компаниудыг ажилд явуулж, цэвэр монгол компаниудыг ажилгүй зогсоогоод байна. Монгол Улсын эрх ашгийн эсрэг ажиллаад байгаа төрийн албан хаагч нарт хариуцлага тооцож төрөөс зайлуулах шаардлагатай байна. Харин хятад компанийн, эсвэл хятад хувь хүний машин барьдаг монгол жолооч нар “тээвэрт явуулахгүй олон сар ажил орлогогүй байлгаж байна” гэж хэл ам хийн, төр засгийнхаа эсрэг элдэв юм ярьж, тэрсэлдэх явдал бол байж болшгүй, “Хятад компанид ажил өг” гэж шаардан тэрсэлж байгаатай утга нэг учир журамлах шаардлагатай.

 

Төр засаг минь ажилд явуулахгүй зогсоосон цэвэр монгол компаниудаа нэн даруй тээвэрт нь явуулж яаралтай арга хэмжээ авна уу. Эс тэгвээс бид нарт хоёрхон сонголт үлдэж байна. Нэгдүгээрт, Төр засаг буруу харалган үйл ажиллагаа явуулж хятадуудын машиныг хэмжээ хязгааргүй оруулж номер дугаар, тээвэр хийх эрх олгон, бидний боломжийг булааж тэд нарт өгсөн. Мөн хятад компаниудыг ажилд явуулж, цэвэр монгол компаниудыг журамлан ажилгүй зогсоогоод байна. “Монгол нутагт хамгийн түрүүнд цэвэр монгол компаниуд элдэв шалгалт дарамтгүйгээр 100% “С” зөвшөөрлийн бичгээ авч, үлдсэнийг нь хязгаартайгаар хятад компаниудад хувааж өг. Эх орондоо цэвэр монгол компаниуд эхэлж тээвэр хийнэ, шаардлагатай бол хятад компаниудыг татан оролцуул” хэмээн төр засгийнхаа эсрэг тэрслэн босч тэмцэх,

Хоёрдугаарт, Нэгэнт нутагтаа бизнес хийж гэр бүлээ тэжээх, аж амьдралаа залгуулах боломжгүй, Монгол Улсын хувь заяа тодорхой болж байгаа бол цагаачлах аргаа хайх гэсэн хоёр сонголтын нэг л үлдлээ.

 

"Алтан шар зам" ТББ-ын ТУЗ-ийн дарга Д.Туяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Иргэн (202.126.90.79)

    2022-02-11

    Төрийн албанд 100 гаруй мянгахан ажилтнууд ажиллаж байхад хувийн хэвшлийнхэн тэтгэвэр нэмэгдсэн гээд барааны үнэ өсгөөд байх юм. Хүн амын дийлэнх хувийг хувийн хэвшилд ажилладаг хүмүүс эзэлдэг шүү дээ.

  • 1000 (202.72.247.58)

    2022-02-11

    ИЙМ СҮРХИЙ ЮМ БОЛООД БАЙГААГ САЯ УНШИЖ МЭДЛЭЭ. ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР НИЙТЭД МЭДЭЭЛЭХ ХЭРЭГТЭЙ. ТӨР, ЗАСАГ, ЯАМ НЬ МЭДЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ.