Баабар: Үүлийн үгэнд үйл дагуулбал

Чоноор хонь мануулбал идэж орхино. Яагаад идчихэв гэж асуувал мань чоно бүр гайхаж орхино. Засгийн газар Монгол улсын хөрөнгийг захиран зарцуулж байгаа. Энэ манаж байгаа мөнгөө өөрснөө гударч орхидог. Яагаад ингэв гэхээр гайхаад, “хөгжилд саад боллоо, хорон санаа агуулж байна” гэж уурсахын ялдамд ер нь ингэж асууж байгаад маш их гайхана. Бат-Үүл саяхан хэвлүүлсэн Люмпэн төр өгүүлэлдээ ингэж бичжээ. Ийм манаач нараас бүрдсэн Төр ямар л олиг байв гэж. Гэтэл “хамаг асуудлаа төрөөр шийдүүлнэ”, “төрөөс л энэ бүхнийг зохицуулах ёстой”, төрийн бодлого үгүйлэгдэж байна”, “төр үүнд анхаарлаа хандуулмаар” гэж аахилагсад улам олширсоор.

Төрийн үүрэг ролийг бид өөрснөө буруу ойлгодог учир тэндээс байж боломгүй юм нэхдэг мөртөө үндсэн үүргээ биелүүлэхийг шаардаггүй. Төр бол юун түрүүн улс үндэстний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Батлан хамгаалах, гадаад бодлого авч явахаас эхлээд үйлдвэрлэл үйлчилгээнд аюулгүйн жишиг тогтоож мөрдүүлнэ. Мөн иргэд болон институци хоорондын маргааныг шүүн таслах үүрэгтэй. Чингэхийн тулд болох болохгүйн зааг тогтоож түүнээ бүх иргэдээр мөрдүүлэх ёстой юм. Үүнд хэрэгцээтэй мөнгийг ард түмнээс гаргуулж тэдний нэрийн өмнөөс зарцуулна. Энэ үүргийг гүйцэлдүүлэх эрх мэдлийн үүрэг функци нь бие даасан, харилцан шүтэлцээтэй, харилцан хяналцдаг инстүүцүүдэд хуваагдана. Ардчилсан төрийн системд энэ үүргийг гүйцэтгэгч этгээдүүдийг ард түмэн сонгоно. Эдгээр нөхдийн гаргаж байгаа шийдвэрийг бид Төрийн шийдвэр, хууль, журам, дүрэм хэмээгээд даган мөрдөнө. Ямар л ард түмэн байна, тийм л төр байна. Өөрөөр хэлбэл төрийн нэрээр шийдвэр гаргагчид нь бидний байж байгаа царайны илрэл юм.

Люмпэн гэсэн герман гаралтай нэршил байна. Энэ нь соёлгүй, жишээргүй, ичих нүүргүй, улаандаа гарсан, тогтсон ажил хийгээд сонирхол үгүй, нийгмийн байтугай гэр бүлийнхээ өмнө ч хариуцлага хүлээдэггүй, жудаггүй хүнийг хэлдэг. Архичин, янхан, тэнүүлчин нарыг бас ингэж нэрлэнэ. Люмпэн нь нийгмийн празит хэсэг юм. Тэд бол нийгмийн шаар шавхруу. Люмпэнгүүд ажилчин ангийн дунд шургалан орж ядуу зүдүү яваагаа дарлуулж мөлжүүлснээс болсон мэтээр тайлбарлан элдэв бослого хөдөлгөөнд бусдыг өдөөн хатгаж нийгмийн бужигнаанаас дээрэм тонуул луйвраар юм олж авах гэж улайран увайгүйтэж амьтан үймүүлнэ. Эднийг пролетари ажилчин ангиас ялгахын тулд люмпэн пролетари гэж нэрлэдэг. Октябрийн хувьсгалыг гардагсад нь Оросын ажилчин анги биш харин Петроградын усан цэрэг, дайны фронт орхин зугтаж ирсэн тэнүүлчид, гудамжны луйварчид гэсэн люмпэнгүүд билээ.

Люмпэн нь өөрийн хамаарах анги давхрага үгүй тул нийгмийн алив хөдөлгөөн донсолгооны үеэр элит давхрагад ч гараад ирнэ. Цөөрмийн ёроолын шаврыг оролдохоор баас хөвөөд гараад ирдэг лугаа адил. Булгаковын зохиолд гардаг Шариков хэмээх нохой бол чухам тэр люмпэний сонгодог төлөөлөгч юм. Бусдын бүтээсэн баялаг дээр тарвалзах төдийгүй ард түмний нэрийн өмнөөс шийдвэр гаргана. Сигар зууна, пижам өмсөнө, бортгон малгай духдуулна, “хүн сармагчингаас үүсээгүй” хэмээн өөртэйгээ таарсан нэгнийг эшлэн мудаaктана. Тогтоосон гол хэллэг нь –ард түмэн-эх орон-үндэсний эрх ашиг-хөгжил дэвшил- гэх мэт. Очиж очиж хагас бичиг үсэгтэй ийм ичгэвэргүй луйварчингийн амнаас байнга унах эдгээр үгс ой гутааж бөөлжис цутгуулна. Мал хулгайлсан чоно хүний бараанаар зугтаадаг бол өнчин хүүхдийн сүүлчийн зүсэм талх дээрэмдсэн элит люмпэн харин ч саймшран шудрага үнэнийг номлон хоолойгоо сөөтөл орлино. Тэдний ихэнх нь ийм юм ярихдаа уран сэцэн, гэхдээ ичинэ гэж мэддэггүйн дээр огтоос боловсрол үгүй тул утга холбоо, логикийг үл хэрэгсэн мэлзэнэ, гүрийнэ, бүлтрэнэ, хадуурна, худал зална, амлана, булзааруулна. Үзэл бодол, эрмэлзлэл, тэмүүлэл, итгэл үнэмшил гэх мэтийн хүнлэг ойлголтоос хол хөндий тул урваж шарвах, биенээ хөнөөх, хуйвалдах бүхий л увайгүй үйлдэл өдөр тутмынх нь норм. Монголын уран зохиолд урвагчийн жишээ болж явдаг Дүлзэн бол эдний дэргэд жижиг гарын халтуурчин. Ер нь Дүлзэн яасан юм, зүгээр л сайн хүн, үнэнч төрийн албан хаагч шүү дээ. Хойч үе нь л түүний нэрийг гутаагаад байгаа хэрэг. Люмпэн элитүүд газрын өндөрлөгт гараад зогсчихсоныгоо хурмастад хүрсэн мэт сэтгэн ярвалдах нь өрөвдөм. Язгууртан, сэхээтэн, оюунтан дүр эсгэх гэж хичээх нь бяцхан тархитай нь авцалдаж өгөхгүй инээд барна. Люмпэн элитүүд хуулийн бус аргаар хөрөнгөжсөн байдаг тул материаллаг тал дээрээ лут. Харин хүн төрлөхтний хэдэн мянган жил хуримтлуулсан оюуны их өвийг үл ойшооно, ойшоолоо гээд ч аль нь юунд хэрэгтэй талаар ойлголт үгүй.

Гэхдээ Монголын парламент дан люмпэнгүүдээс бүрдээгүй. Ийм байх бололцоо ч үгүй. Сонгуулиас сонгуульд люмпэн элитүүдийн эздэх хувь процент улам эрчимтэй нэмэгдсээр илт олонхи болж байгаад хамаг зовлон байгаа юм. Энэ нь эдний суурь дэвсгэр болсон манай нийгмийн сэтгэлгээ улам больхижин люмпэнжиж буйн илрэл болой. Амьдралдаа ганц сар болов ердийн хүн шиг хөдөлмөрлөж үзээгүй, улсад улаан мөнгөний татвар өгч байгаагүй мөртөө лухайтлаа баяжин цэлцийсэн тэд хоноц хоноцдоо дургүйн үлгэрээр “мөнгөтэй нэг нь төрийг гартаа авлаа” хэмээн нэгнээ гадуурхана. 35 үсэгнээс цөөн хэрэглэгддэг арваадыг нь хэдийнээ мартчихсан атлаа “дээд боловсролгүй хүмүүс сонгогдож байна”, “их хуралд боловсролгүй хүмүүс орж ирчихээд хийх юмаа олж ядаж байна” хэмээн биендээ дээрэлхэнэ. Яг үгчилээд ингэж хэлж байхыг нь зурагтаар чихээрээ сонссон шүү.

Үнэндээ манай нийгмийн сор нь биш гэхэд парламентэд суудлаа олж байршсан цөөнгүй хүн бий. Нийгэм улс төр эдийн засгийн талаархи Бат-Үүлийн мэдлэг лут талдаа. Тэр маш их уншдаг, иймээс өөрийн тогтсон зарчимтай, зарчмаа дэндүү гэмээр хатуу баримталдаг. Оюун, Лундаажанцан, Баярцогт нарын улс төрийн мэдлэг боловсрол тун өндөр. Баяртсайхан, Бадамдамдин, Одбаяр, Ерөнхий сайд биш нөгөө хоёр Энхболд нар ч ер дутахгүй. Гэвч улс төрийн зүтгэлтэнд дан ганц мэдлэг боловсрол хангалтгүй юм. Тухайн үндэстний өмнө ямархуу гүн ангал угтан байгааг философич шууд хэлж зүрхийг нь үхүүлдэг бол улс төрч мэдсэн ч үүнийг эс хэлэн нийгмийг зоригжуулан урагш дагуулж хагасыг нь ангал руу унаган үлдсэн нь түрүүчийнхээрээ гүүр хийн туучиж цаана нь гарах нөхцлийг бүрдүүлдэг. Энд л философичийн үнэнд дурлах, улс төрчийн зоригжуулан зохион байгуулах эрс тэс ялгаа харагддаг гэнэ.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Иргэн (139.5.218.156)

    2022-02-14

    Ардчилсан намынхны намтрууд тэр чигээрээ худал байдаг. Энэ амьтан Монголд л сурсан шүү.

  • Иргэн (139.5.218.156)

    2022-02-14

    Ардчилал гэж донгосдог монголчууд нь америк ах нараасаа бензинээ ба дизелээ авцгаа эсвэл явган алхцгаа.