Ш.Пүрэвсүрэн: “Бээжингийн өвлийн олимпыг бойкотлох” талаар ч АНУ тэргүүтнүүд уриалаад авлаа

1924 онд Альпын нурууны  Монблан оргилын бэлд зохион байгуулагдсанаас хойш 98 жилийн дараа Бээжин хотод амжилттай болж өнгөрлөө. 

 Анхны наадамд 16 орны 256 тамирчид оролцож байсан бол Бээжингийн энэ удаагийн өвлийн олимпын наадамд дэлхийн 100 гаруй орны 3000 шахам  тамирчид уран гулгалт, биаталон, бобслей, кёрлинг, мөсөн хоккей,  чарга, тэшүүр, цана гэсэн спортын  төрлүүдийн 100 гаруй тэмцээн уралдаанд хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо. 

Тавхан сая хүнтэй Норвеги улс өвлийн олимпийн түүхэн дэх хамгийн олон медальтай улс. Тус улс нийт 368 медальтайгаас 132 нь алтан медаль аж. Саяын наадмаар меалийнхаа тоог 37-гоор ахиулж 405 болголоо. Өвлийн олимпоос хүртсэн медалийнх нь тоо зуны олимпоос авсан медалиас нь илүү гардаг гуравхан улс байдаг нь Норвеги, Австри, Лихтенштейн юм. 

Бээжингийн наадмыг анхнаас нь улс төржүүлэхгүй байх,  өвлийн олимпын талаар хариуцлагагүй мэдэгдэл хийхээ болихыг наадмыг зохион байгуулагчид улаа лараа холбогдох улс орнуудад уриалж байсан боловч бас л зөндөө улс төр орлоо.  “Бээжингийн өвлийн олимпыг бойкотлох” талаар ч АНУ тэргүүтнүүд уриалаад авлаа. Гэвч болдог юм болдгоороо болж, ковидын энэ их халдварын үед наадам маш сайхан зохион байгуулагдлаа. 

 

Өвлийн олимпын XXIV наадам  Бээжин, Яньцин болон Жанчхүү хотод болж, Бээжин хот олимпын түүхэнд зуны болон өвлийн олимпын аль алиныг зохион байгуулсан дэлхийн анхны хот болж үлдлээ.

 

Олимпын тэмцээн уралдаанууд болсон бүх байгууламжуудад сэргээгдэх эрчим хүч ашигласан нь байгаль орчны талаасаа тэмдэглүүштэй үйл явдал болсон. Бээжингийн өвлийн Олимпын наадамд оролцсон тамирчдын бараг 50 хувь нь эмэгтэйчүүд байсан нь  өвлийн Олимпын наадмын түүхэнд хамгийн олон эмэгтэй тамирчин оролцсон олимп боллоо гэж зохион байгуулагчид мэдэгдлээ.

 Бээжингийн олимпын үеэр баярлууштай бас гунигт үйл явдал болсон талаар өөрийн ажигласнаасаа хуваалцъя. 

• Финляндын хоккейн баг анх удаагаа олимпын алтан медаль хүртэж нутаг нэгтнүүдийнхээ магнайг тэнийлгэсэн бол үндэснийхээ спортыг хоккей хэмээн үздэг Словак улсын баг анх удаагаа олимпын медаль хүртэж, 5 сая хүнээ тэсэртлээ баярлууллаа.

• Словакийн багийн 17 настай Юрай хүү 7 гоол өрсөлдөгчдийнхөө хаалганд оруулан олимпын шилдэг “мэргэн буучаар” тодорч, олимпын түүхэнд байгаагүй үйл явдал боллоо.

• Олимпын үеэр олныг цочроосон нэгэн үйл явдал болсон нь   ОХУ-ын тамирчин 15 настай Валиевагийн асуудал байлаа. Түүний допингийн шинжилгээний хариу эерэг гарсан хэмээн зарлаж, түүнд нь цочирдсон Валиева чөлөөт үзүүлбэрийн үеэр гурван удаа унаж, ганцаарчилсан төрөлд дөрөвдүгээр байр эзэлсэн нь олны дургүйцлийг хүргэлээ. Энэ талаар Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах хэвлэлийн бага хурал дээр “ОХУ-ын уран гулгагч Камила Валиеваг тойрсон сэргээшийн асуудал Бээжингийн өвлийн олимпийн наадмын хамгийн гунигт түүх боллоо” гэж мэдэгдсэн. Томас Бах хэлэхдээ “Камила Валиевагийн хувьд маш гунигтай түүх болж үлдлээ. Тэмцээнийг зурагтаар үзээд, сэтгэл маш их тавгүйтлээ. Түүний ярихыг харлаа. Ямар их дарамттай байсан бол. Би тамирчны карьерын дарамт шахалт гэдгийг мэднэ. Валиевагийнх бол миний төсөөлж ч чадахгүй дарамт байсан" гэж хэлсэн. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин үүнд нь маш их сэтгэл эмзэглэж, К.Валиевад “Олимпын аваргад олгодог шагналуудаа өгнө” хэмээн мэдэгдсэн.  

                                           

Ш.Пүрэвсүрэн   

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)