Ж. Цолмон: "Гавал, нүүрний телерентген оношилгоо, шинжилгээ" номоо бүтээлээ

2022 оны 2-р сарын 22-ны Хүчирхэг толин тусгалт өлзийт сайн өдөр “Гавал, нүүрний телерентген зургийн шинжилгээ, оношилгоо” хэмээх номоо “Гавал нүүрний анатоми, радиографийн атлас”-даа ханьсуулан бичиж дуусгаж чадсандаа миний охин О. Маралгуа доктор бид хоёр маш их баяртай байна. Ийнхүү хос ном маань анагаахын их дээд сургуулиудын оюутан, нүүр амны согог, гажиг, мэс заслын нарийн мэргэжлийн эмч нарт гавал нүүрний анатоми, бүтэц, хатуу, зөөлөн эдийн өсөлт хөгжилтийг хажуугийн болон эгц урдаас авсан телеренген зургийн аргаар оношилох шинжилгээний аргуудад суралцаж, ур чадвар эзэмшихэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна. Хос гэдгийн утга нь толгой, гавал нүүрний төрөлжсөн анатомийн атлас тусдаа байдаггүй байсан. Гавал нүүрний радиографийн атлас маань зөвхөн хүний толгойн анатоми, бүтцийн талаар мэдлэг өгөхөөс гадна тухайн анатомийн бүтэц нь телерентген зураг дээр яаж харагдах, хэрхэн хил хязгаар, хэлбэр, хэмжээг тодорхойлж ялгаж сурахад системтэй мэдлэг олгоход чиглэгдсэн. Энэ олж авсан мэдлэг дээрээ тулгуурлан нүүр, гавал, хүзүүн анатомийн үндсэн болон лавлагаа 150 гаруй цэгүүдийн байршил, босоо болон хөндлөн 50 гаруй хавтгайг рентген зураг дээр олж зөв байрлуулж сурах, логик ялгааг таних, мэдээллийг бүрэн, хурдан, зөв хүлээж авах, харааны санамжийг гурван тэнхлэгийн түвшинд хөгжүүлж ой тогтоолтыг бий болгох аргыг хэрэглэсэн болно. “Гавал, нүүрний елерентген зургийн шинжилгээ, оношилгоо” ном нь байршлыг нь тогтоосон цэгүүдийн хооронд үүсэх шугаман хэмжээсүүд, хэрчим хооронд үүсэх өнцгөн хэмжээсүүдийг зөв хийдэг болох, хийсэн хэмжилтэн дээрээ үндэслээд телерентген хажуугийн болон эгц урдаас зурган дээр хатуу, зөөлөн эдийн шинжилгээ, оношилгооны аргуудыг сурч, онош тавих дадалд сургахад чиглэгдсэн анхны сурах бичиг юм. Монгол хүний нүүр, гавлын ясны морфологи, хатуу, зөөлөн эдийн хөгжлийн чиг хандлага, онцлог, стандарт нормыг бид өөрсдөө судлан тогтоож, европ болон бусад улс үндэстэнд зориулагдсан эмчилгээний тактик, арга барилыг хэрэглэх биш монгол хүнд зориулагдсан өөрийн эмчилгээний тактик, арга барил, стандарттай болох зайлшгүй шаардлага гарч байгаа өнөө үед эзэмшвэл зохих мэдлэг, ур чадварыг агуулж байгаагаарай онцлог бүтээл юм гэж хэлэхийг хүсч байна.

Бидний бүтээсэн атлас нь нь 9 бүлэг, индекс, ном зүй гэсэн хэсгүүдээс бүрдсэн 234 хуудас бүтээл юм. Бид бүтээлдээ монгол хүн дээр авсан 158 хажуугийн телерентген зургийг ашиглан 74 анатомийн бүтцийн трэйс, 148 анатомийн, радиографик болон бүтээсэн цэгийг тэмдэглэж, 50 зурмал зураг, хүний нүүрний болон амны 3 фото зураг, нүүр, гавлын анатомийн бүтцийн өнгөт болон хар 80 фото зураг нийт 290 өнгөт болон хар зураг ашигласан байна. Мөн хавтсан дээр байгаа гавлын зураг бол бидний өөрсдийн бүтээл буюу 47 настай монгол шаамий зуулттай эрэгтэй хүний гавлын яс юм. Харин сурах бичиг маань 8 бүлэг, 220 хуудас, мөн англи, монгол индекс, ном зүй, нэн шаардлагатай өнцөг, хавтгай шугамуудын нэрс, 180 өнгөт зураг, 25 хүснэгтээс бүрдсэн болно. Энэхүү сурах бичиг маань анатоми, дүрс оношилгоо, гажиг заслын нарийн мэдлэг, ур чадвраас гадна сурган хүмүүжүүлэх арга ухаанд суурилан хийгдсэн тул олон хүний мэдлэг оюун ухаан, зүрх сэтгэл шингэсэн бүтээл юм. Иймд ном маань 4 редактортой юм. Анатом талаас Монгол Улсын гавьяат багш, АШУ-ны доктор, профессор нэрт анатомич Д.Амгаланбаатар багш, нүүр ам судлал талаас Монгол Улсын гавьяат багш, АУ-ны доктор профессор Н.Пүрэвжав багш, дүрс оношилгоо талаас Монгол Улсын гавьяат эмч, АУ-ны доктор, профессор Д.Гончигдорж багш маань, сурах бичигийн стандарт, онол, арга барил талаас Монгол Улсын Ардын баш, ЭХ-ын гавьяат ажилтан, академич, АШУ-ны доктор профессор Ц.Лхагвасүрэн багш нар маань редакторлож, шүүн тунгаасан билээ.

Ном бичнэ гэдэг бол маш том хариуцлага, том зориг. Мэдлэг өөрөө хариуцлагыг авчирдаг. Хариуцлагаа жинхэнэ утгаар нь ойлгож чадвал зориг сууна. Тэр зоригийг миний багш нар өгсөн. Багш нар маань байгаа учир би зоригтой байдаг. Атласаа хийчихээд КОВИД-ийн улмаас хөл хорио тогтоогдоод Д.Амгаланбаатар багштайгаа номынхаа баярыг хийж байхдаа сурах бичгээ гаргачихаад сууж байх юмсан гэж бодож байж билээ.

Энэ атласыг, энэ сурах бичгийг хамтран бүтээлцсэн, туурьвилцсан АУ-ны магистр, Эдийн засгийн ухааны доктор, АШУҮИС-ийг улаан дипломтой төгссөн миний охины хувь нэмэр гавьяа зүтгэл их юм. Энэ номны бүх зураг, О.Маралгуа бид хоёрын гараар бүтсэн, бүх рентген зураг бид хоёрын авсан зураг. Энэ номны дизайныг миний бага охин олон улсын бизнесийн ухааны магистр О.Амгалангуа хийсэн. Номыг минь бүтээхэд сэтгэл, хүч хөдөлмөрөө зорилусан бүхийл хүнд талархаж байна.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Ж.ЦОЛМОН, АУ-ны доктор, профессор

Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)