Монголын төр олон улсын хууль дүрмийг барих уу, Орос ах нараасаа айгаад таг чиг орших уу?

Ацан шалаа

Дэлхийн газрын зураг дээр тусгаар 2 улс нэмэгдлээ. Нэмэгдэхдээ Украйн Улсын нутаг дэвсгэрийн зүүн өмнөд хэсгээс өмлөсөн байдлаар, энэ бүрэн эрхт улсын нутаг дэвсгэр хийгээд тусгаар тогтнолд том аюул дагуулан үүсч байна. Ерөнхийлөгч В.Путин БНДонецк Улс, БНЛуганск Улсыг хүлээн зөвшөөрөх тухай зарлигт уржигдар гарын үсэг зурж, ОХУ-ын төрийн Дум батламжлан, тэдгээр улстай дипломат харилцаа тогтоох, Найрамдал, хамтын ажиллагааны гэрээ байгуулах тухай тэр даруй шийдвэр гаргав. Яаж ч бодсон энэ 2 улс гэгч ОХУ-ын дагуул бусаар, өөрсдөө бие дааж оршин тогтнох үндэсгүй. Энэ утгаараа Орос ах нар газар нутгаа тэлэв. Тэр нь Оросын гадаад бодлогын шим шүүс билээ. Ийнхүү Крымыг ОХУ-д нэгтгэснээс хойш буй болсон, олон жил нэр төдий явсан 2 улс Украйны албан ёсны газар нутаг дээр бууриа засав.

Олон улсын хууль, гэрээ хэлэлцээрийг ноцтой зөрчсөн энэ асуудал Крымь ОХУ-д очсоноос хойш үүссэн Украйн, Оросын дайсганасан харилцааг улам хурцатгахын зэрэгцээ дэлхий дахины аюулгүй байдал, түүний дотор ОХУ АНУ өрнөд, НАТО-гийн харилцааг дайны байдалд бараг хүргээд байна.

Монгол Улс НҮБ, олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрх гишүүний хувьд энэ зарчимгүй байдлыг хүлээн зөвшөөрөөд дуугуй суух хэцүү, эсэргүүцээд "орилоод босоод ирэх" бас хэцүү боллоо. Эсэргүүцээд байвал Орос ах нар зөв харахгүй, дуугүй гөлийгөөд байвал олон улсын хамтын нийгэмлэг үзэхгүй, дэлхийн ардчилсан орнууд, манай гуравдагч хөршүүд гайхах тийм л нэг тун хэцүү үе, шатраар бол ацан шалаа Монголын өмнө тулгараад байна.

Шударга ёс, олон улсын хууль дүрмийг барих уу, мөнхийн хөрш, аугаа Орос ах нараасаа айгаад таг чиг орших уу? Дипломат албаны тархийг гашилгах, цаашилбал нэр төрд нь нөлөөлөх том асуудал тулж ирээд байна. 30 гаруйхан жилийн өмнө Зөвлөлтийн нэг эзэнт гүрэнд харъяалагдаж, ах дүү амраг садан явсан, гарал үүсэл нэг славян үндэсний энэ хоёр улс дайсагналцаж, бүр байлдаж байна. Газар нутгийн хувьд түүхэн маргаан маш их бий. Үүнд ОХУ-ыг ч Украйныг ч зөвтгөх эсвэл буруутгахад тун ярвигтай. Украйн цөмийн зэвсэгтэй болохын төлөө ажиллана гэж Зеленский зарлав. Энэ улс НАТО-д элсвэл дэлхийн гуравдугаар дайн гарч болзошгүйг ОХУ мэдэгдэв. Оросын эсрэг тууштай хориг арга хэмжээ авахаа Байденээс аваад Европын холбоо, НАТО, Өрнөд хатуу мэдэгдээд байна. Өнөөдрөөс ямар хоригт ОХУ орох нь тодорхой болно. Энэ хоригт бэлэн байгааг Мисуштин Оросын Аюулгүй байдлын хуралдаан дээр хэлээд авна билээ. Дэлхий ертөнцийн болон олон улсын байдал аль ч утгаараа туйлаас хурцдаж буй энэ цөвүүн цагт ацан шалаанд орсон Монголын дипломат алба хэрхэх болоо?

 

Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Т.Залаа-Уул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (124.158.68.58)

    2022-02-26

    Оросуудыг "ах" гэдгээ хэзээнээс болих юм бэ? Түүх гарал үүслээ ярих юм бол харин ч бид "ах" шүү...

  • Иргэн (192.82.72.55)

    2022-02-24

    Энэ орос ер нь хэний ах юм бэ?