“Хонь нь бүтэн, чоно нь цатгалан”

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн өргөтгөсөн хурал зарлан хуралдуулж, дэлхий нийтээр цацаж, улс төр гэж бодит байдал дээрээ ямар гээч хошин шог жүжиг болохыг бүх нийтэд ил тод дэлгэн харуулав. Тэрээр улсынхаа бүх томчуудаа цуглуулсан энэхүү хуралдаан дээр “Би та нартай урьдчилан тохиролцолгүй шууд саналыг чинь сонсох гэсэн юм” гэсэн нь харин үнэний ортой байв. Учир нь Оросын Гадаад тагнуулын албаны даргын санал хэлэх ээлж ирэхэд “нөхөр” Сергей Нарышкин “Украины Донецк, Луганск мужийг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэхийг дэмжиж байна” гэх нь тэр. В. Путин “Хүүе, юугаа яриад байна аа. Бид энд Украины Донецк, Луганск мужийн тусгаар тогтнолыг зөвшөөрөх асуудлыг хэлэлцэж байна. Дэмжинэ, дэмжихгүй хоёрын нэгийг хэл” гэв. Нарийн мэргэжлийн албанд улстөрч гэх “цүнх баригч” тавихын гай нь энэ. Мөн ерөнхий сайд Михаил Мишустин “Аль эрт шийдчихсэн Украины Донецк, Луганск мужийн тусгаар тогтнолыг зөвшөөрөх асуудлыг хэлэлцэж байгаа учраас би дэмжиж байна” хэмээн бусдыгаа пал хийтэл нь хэлж орхив. Энэ нь тэд дэлхий нийтийг санаатай хуурч байсан гэсэн үг. Ийнхүү Оросын бүх томчууд эм, эргүй яг л хүний хэл сурсан тоть шиг “дэмжиж байна” гэсний дараа Владимир Путин “За, би та нарын саналыг сонслоо. Би шийдвэрээ гаргах болно” хэмээн гарч одов. В.Путин энэ хурал дээр сайд, дарга нараасаа шинэ заншлаараа хоёр биш, 20м зайтай сууж хуралдсан юм.

В.Путины энэхүү шинэ араншинг нийтийн сүлжээнд сэтгэцийн юмтай болсны шинж гэж шуугьж байгаа нь огт худал болохыг түүний Москвагийн цагаар 21:00 цагт ард иргэддээ зориулан хийсэн цаг орчим явагдсан түүхт лекцээр батлагдсан юм. Тэрээр энэхүү түүхэн лекцээр Украин улс бас төр засаг, ард иргэдийг нь ёстой “будаа” болгов. Харамсалтай нь В.Путин ингэж муулж байгаа бол Украины төр засаг, ард иргэд маш зөв замаар явж байгаа гэсэн үг гэдгийг захын дурак гадарладаг болчихсон цаг. Харин түүнд энэ огт хамаагүй, гол нь өөрийн иргэдийнхээ тархийг угааж байвал барав. Үүнийгээ харин гарамгай биелүүлсэн. Ингээд тэрээр “Украины Донецк, Луганск мужийн тусгаар тогтнолыг зөвшөөрөх тухай тогтоол”-д гарын үсэг зурж баталгаажуулав. Үүний дараа В.Путин ДБНУ, ЛБНУ-ын тэргүүн Денис Пушилин, Леонид Пасечник нартай уулзаж, найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцааны тухай гэрээнд бас гарын үсэг зурсан.

Тогтоол бас гэрээ батлагдсаны дараа Донецк, Луганск мужийн иргэд үнэн сэтгэлээсээ бөөн баяр хөөр болж буй нь ганц гэгээтэй зүйл болов. Үнэндээ бол улстөрчид гэх жинхэнэ хорт могойнууд зүгээр амьдарч байсан иргэдийг хооронд нь найман жил буудалцуулсны дараа ингэж “харж үзэж” байгаа хэрэг шүү дээ. Гол нь энэхүү үйл явдал Франц, Германы удирдагч нар Москвад В. Путинтэй уулзсаны дараа жирийн иргэд бидэнд “Оросын цэргүүд хээрийн сургууль дууссаны дараа Украины хилээс цэргээ татна” гэж худал бурж, цаагуураа огт өөр зүйл тохиролцсоныг нь ил болгов. Бүр энэ хуйвалдаанд Владимир Зеленский, Жо.Байдан нар оролцсон болох нь тодорхой аж. Үүний баталгаа нь энэ “эрхэмүүд”-ийн яаж худал “цам харайж” цаана нь юу болж байгаагаас тодорхой харагдана. ОХУ Украины Донецк, Луганск мужийг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байден Донецк, Луганскт хөрөнгө оруулах, худалдаа хийхийг хориглосон зарлигт гарын үсэг зуржээ. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Сангийн яам ДБНУ, ЛБНУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зургаан тусгай лиценз гаргахаар болжээ. Эдгээр баримт бичиг нь ДБНУ, ЛБНУ-ын энгийн иргэдийг дэмжих зорилготой гэж тус яам тодруулсан байна.

Ерөнхийлөгч Владимир Зеленский “Украин улс газар нутгаа хэнд ч өгөхгүй. Гэхдээ асуудлыг дипломат болон энхийн замаар шийдвэрлэх байр сууриндаа үнэнч хэвээр байх болно” гэж ОХУ Донецк, Луганскийг бүгд найрамдах улс хэмээн хүлээн зөвшөөрөх тухай шийдвэр гаргасны дараа Украины ард түмэнд мэдэгджээ. Оросууд Украины зүүн хэсэгт салан тусгаарласан хоёр бүс нутгийг хүлээн зөвшөөрч, энх тайвныг сахин хамгаалах зорилгоор цэрэг байршуулна гэсэн мэдэгдэл гаргасны дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдаан зохион байгууллаа. Хуралдлаа гээд яах вэ дээ. Татвар төлөгчдийн мөнгө л үрэгдэнэ.Өөр яах ч үгүй. Наад Байнгын зөвлөл гээд байгаа таван улсаа хар даа.

Германы канцлер Олаф Шольц “Северный поток-2” хийн хоолойд зөвшөөрөл олгох үйл явцыг зогсоов. Мөн гийгүүлэв ээ. Эдийн засгийн хувьд ямар ч утга учиргүй зүйл болох зэрэгцээ хоолой бариулсан чинь та нар хийгээ тайван авч В. Путиныг Украин руу довтлохыг шууд дэмжиж байсан гэсэн үг шүү дээ. Одоо Украинд дайн гарахгүй болсон юм чинь илүү зардал болох наад илүүдэл хоолойгоор чинь яах вэ дээ. Улс төр, улстөрчид гэж энэ. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон “Путины шийдвэрийг олон улсын эрх зүйг зөрчсөн үйлдэл гээд Европын улс орнууд үүний хариуд хориг арга хэмжээ авах болно” гэж мэдэгджээ. Сайхаан сайхан. Хөөе “эрхэмүүд” ээ. Бидэнд амлаад байсан нөгөө Орос бас Путиныг “нам цохих” эдийн засгийн хориг чинь яасан бэ, айн.

Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен “Украины салан тусгаарлах зорилготой хоёр мужийг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрснөөр ОХУ олон улсын эрх зүй, Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал, Минскийн хэлэлцээрийг бүдүүлгээр зөрчиж байна” гэжээ. Хөөе, хүүхэн гуай. Огт байхгүй болчихсон хэлэлцээрийг ОХУ яаж зөрчдөг байна аа. Та нар В.Путинтэй хуйвалдаж энэ гэрээ, хэлэлцээрийг хэргээр байхгүй болгосон. Учир нь чухамхүү Минскийн хэлэлцээр л та нарын бүгдийнх нь “шүдний өвчин” болчихоод байсан юм. Бүгд энэ гэрээг биелүүлэх ёстой гэдэг ч хэн нь ч биелүүлж чаддаггүй байв. Учир нь Минскийн хэлэлцээрийн заалтуудыг ОХУ, АНУ, Украин, Европын холбоо энэ холбооны Франц, Герман гэх мэт улсууд бүгд өөр өөрөөр тайлбарладаг учир дуусашгүй маргаан болчихоод байсан хэрэг. Яг л шүүхийн шийдвэрийг манай хоёр АН хоёр өөр янзаар тайлбарладаг шиг. Улстөрчид хаана ч адилхан байгаа биз. Иймээс яг үнэндээ бол Минскийн хэлэлцээрийг шууд устгасан Украины Донецк, Луганск мужийн тусгаар тогтнолд бүх тал үнэн голоосоо баярлаж байгаа. Ялангуяа Владимир Зеленский зөв харан уйлж, буруу харж баярлан бүр дороо дэвхцэж байгаа. Үүний учир нь энэхүү нийтлэлийн эхэнд байгаа Украины газрын зураг юм. Тод нь өнөөдөр Донецк, Луганскийн мэдэлд байгаа нутаг. Харин арай бүдэг нь энэ хоёр мужийн НҮБ-д бүртгэлтэй хууль ёсны нутаг. Тэгвэл Владимир Зеленскийн “атаат дайсан” Владимир Путины итгэлт хүмүүсийн нэг болох ОХУ-ын Холбооны зөвлөлийн Олон улсын асуудал хариуцсан хорооны дэд тэргүүн Андрей Климов “Ерөнхийлөгч Владимир Путины зарлиг нь Бүгд найрамдах Донецк ард улс болон Бүгд найрамдах Луганск ард улсыг өнөөдрийн оршин тогтнож байгаа хилээр нь хүлээн зөвшөөрч буй явдал” гэж шууд бас шулуухан мэдэгдсэн. Энэ нь Донецк, Луганск мужийн НҮБ-д бүртгэлтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль ёсны газар нутгийн 3/2-оос ч илүү нь Украины мэдэлд үлдэж байна гэсэн үг. Ёстой ”Хонь бүтэн, чоно цатгалан үлдэнэ” гэж үүнийг л хэлнэ. Үнэндээ В.Путины ард иргэддээ зориулсан түүхэн лекц нь 1939 онд Германы арми Польшид халдан довтлохоосоо өмнө өөрсдийнхөө үйлдлийг зөвтгөж А.Хийтлэрийн түүхийг өөрөөр тайлбарлаж хэлсэн үгний “орос орчуулга” бөгөөд В.Путин фашистуудыг дуурайж хэлсэн үгнээсээ буцан цааш ахивал ёстой жинхэнэ “зодоон” эхлэх төдийгүй түүх бүрэн давтагдана. Ер нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн өргөтгөсөн хурал хуралдуулж гишүүдээ эм, эргүй хүний хэл сурсан тоть шиг болгон харуулж байгаа нь барууны үгсэн хуйвалддаг төрийн тэргүүнүүддээ “Та нар намайг байхгүй болговол ийм л хүмүүстэй бас манай Думын гишүүдтэй улаан нүүрээрээ тулна шүү” гэж анхааруулж байгаа хэрэг. Мөн асуудал буруугаар эргэвэл гол хариуцлагыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгөсөн хурлын гишүүд үүрнэ шүү гэсэн үг. Улс төр хийнэ гэж ийм л юмыг хэлээд байгаа юм.

Яг үнэндээ Украины Донецк, Луганск мужийн тусгаар тогтнолыг Оросууд хүлээн зөвшөөрлөө гээд иргэдийн хувьд огт юу ч өөрчлөгдөөгүй. Энэ хоёр мужийг орос иргэдийн мөнгөөр тэжээж, Оросын арми хамгаалан байлдаж байсан. Байсан юм байснаараа л үлдэж байна. Иймээс эдгээр улстөрчид В.Путин нь хэлсэн үгнээсээ буцчихгүй бол ичих ч үгүй жирийн иргэдийн татварын мөнгийг үрэн, бүх талуудыг оролцуулсан чуулган удахгүй хуралдуулж, Украины асуудлыг хэлэлцэн бидэнд энх тайван “бэлэглэнэ”. Өнөөдөр бидэнд эвлэршгүй мэт харагдаж жүжиглэдэг улстөрчдийн байж байгаа цаад үнэн нүүр царай гэвэл ийм л байна. Танил дүр зураг байгаа биз.

Энэ нь жирийн иргэдийг худал хуурмаг мэдээллээр булж буй эдгээр улстөрч гэх “гай гамшиг”-уудын үе дуусч оронд нь ард иргэдээ гэсэн, бодит үнэнийг айхгүй мэдээлдэг жинхэнэ төрийн зүтгэлтнүүд гарч ирэх цаг удахгүй болсон гэсэн үг. Сайн цаг айсуй. Харин энэхүү сайн, сайхан цаг хэзээ ирэх нь сэтгүүлчид бид ард иргэдээ улстөрчдийн худал хуурмаг мэдээллээс яаж, хэрхэн хамгаалж чадахаас шууд хамаарна.

 

 

Г.АМАРСАНАА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • (103.50.206.95)

    2022-03-02

    Andaa ingej niitlel bichher erthen ajlaa soli soli

  • (213.55.225.174)

    2022-02-25

    Doodohi n ajillahaa bolihoor deeguuree sindromtoi bolson zunug

  • Иргэн (64.119.24.32)

    2022-02-24

    Горбачёв урвагчийн үед алдсан газар нутгаа эргүүлж авах хэрэгтэй. Ленин украин хэмээх республик байгуулснаас биш украин гэж улс түүхэндээ байгаагүй юм.

  • Ойлгомжгүй (126.122.211.186)

    2022-02-24

    Ойлгомжгүй байна. Аль нь өөрийн бодол, аль нь хүний ярьсан үг юм бэ?

  • Зочин (103.57.93.172)

    2022-02-24

    Тийм шүү. Манай зарим гажигууд "Муу эр дайнд хөөрнө" гэдэг шиг АНУ уу, Орос уу, аль талд зогсохов гээд шаагилдах янзтай. Бид энэ асуудлыг нээх нүүрэн дээрээ барьж гүйх, хоосон цэцэрхэх хэрэг огт байхгүй. Ардын маань мэргэн сургааль байж байна. "Айл хүний амь нэг, Саахалт айлын санаа нэг" гэж. Бас "Ядрах цагт нөхрийн чанар танигдана" гээд үг ч бий. Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэхийн төлөө хамтран тэмцэж, эхнээсээ тууштай дэмжиж, сэтгэл харамгүй туслалцаа үзүүлж ирсэн ОХУ, удирдагаруу юу юугүй нулимж давхиад байх нь муухай биш үү. Том хөршөө дэмжсэн шээг байх нь зөв байх аа.

  • Иргэн (103.57.93.172)

    2022-02-24

    Г.Амарсанаа гуай сайхан мушгиж, гуйвуулжээ. Барууныхны суртал ухуулгын материалаас ч овоо сайн будаа иджээ. Ер нь бол энэ асуудлыг дэхийгээс нуугаагүй, ил тод байсан нь чухал. Үгийн орчуулгын өө сэвийг орхиод асуудлыг шийдсэн байдлыг харахад үндэс, цус нэгтэй эх орон нэгтэн байсан оросуудынхаа амь, амьдралыг л Украйны бандер засаглалын 8 жилийн түрмэгийллээс хамгаалах асуудлыг зоригтой шийдлээ. Англи, Америкийн улс төрчдийн нэлээд нь Путины шийдвэийг ухаалаг, зайлшгүй гэж үнэллээ. Амарсанаа мэтийн бөөс илүү л байна.

  • oops (202.126.90.159)

    2022-02-24

    zambaaragui oilgomjgui niitlel be