Социал демократ үзэл баримтлал

Тун энгийнээр хэлбэл, социал демократ үзэл баримтлал бол улсаа хөгжүүлэх зам, луужин, газрын зураг хэмээн хэлж болох юм. Учир нь түгэн дэлгэрсэн улс төрийн үзэл баримтлалын дагуу тухайн улсын үнэт зүйл, түүнд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж байдаг.

Улс төрийн үзэл баримтлалыг зүүний болон барууны хэмээн хоёр жигүүрт хуваан үздэг. Социал демократ нь зүүн жигүүрт хамаарах бөгөөд үүнд социализм, либерализм зэрэг багтана. Харин баруун жигүүрт консерватив, национализм, фашизм зэрэг багтана. Эрс барууны үзэл баримтлалын жишээ бол Дэлхийн II дайны үеийн Фашист Германы үе байсан бол эрс зүүний үзэл баримтлалын жишээгээр XX зууны Зөвлөлт Холбоот Улсыг дурдаж болно.

Харин өдгөө дэлхийн улс орнууд зүүн төвийн эсвэл барууны төвийн болж өөрчлөгдсөөр байна. Социал демократ үзэл баримтлал нь зүүний төвийн буюу капиталист нийгмийн зарим шинжийг (хувийн хэвшил зэрэг) хүлээн зөвшөөрөхийн сацуу социализмын зарим шинжийг (төрийн оролцоо зэрэг) өөртөө агуулдаг онцлогтой.

Швед, Герман, Норвеги, Япон, Шинэ Зеланд зэрэг орнууд социал демократ үзэл баримтлалаар замнаж байгаа бөгөөд эдгээр орны нийтлэг шинж нь хөгжингүй орнууд байна. Социал демократчууд нийгмийн байгаа байдлыг хадгалах гэхээсээ илүүтэй нийгмийг өөрчлөх, ахиж дэвших гэсэн үзэл санаан дээр тогтдог.

Хүн төрөлхтөн байгаль орчны олон даваа, нугачаа, бэрхшээлийг хамтран амьдрах замаар даван туулсаар ирсэн нь социал демократ үзэл баримтлалтай адил. Хүн өөрийнхөө л амьдралыг авч явах нь хангалттай биш, харин бусдын сайн сайхан нь миний сайн сайхан байдлыг ч бий болгоно гэдэгт социал демократчууд итгэдэг. Бидний цогцлоон бий болгохыг хүсдэг нийгэм, тухайлбал, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоос үл хамааран бүх хүн нэг бүр хөгжиж дэвшиж, мөр мөрөө түшилцэж, урагшилж ахиж байх нь Монгол Улсын Үндсэн Хуульд ч, социал демократ үнэт зүйл болох эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдэлтэй ч нийцдэг.

Социал демократ үзэл баримтлалтай орнуудад анзаарагдах нийтлэг тал нь чинээлэг дундаж давхаргыг өргөн байх явдал. Энэ нь хүн амьдралаа бүтээхдээ төрөөс, хэн нэгнээс хараат бус амьдрах боломж бүрдсэн байгааг илэрхийлнэ. Социал демократ үзэл баримтлал нь нийгэмд байгаа асуудлыг шийдэж, хөгжих бодлогыг тодорхойлдог бүх нийтэд ээлтэй үзэл баримтлал юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.188)

    2023-12-07

    Ойлгомжтой доторхой бичжээ