О.Батнайрамдал: Дэлхийн зах зээл дээр өсч байгаа шатахууны үнийн өсөлт аажмаар орж ирэх нь тодорхой. Үүнээс зайлсхийх ямар ч боломжгүй
- 2022-03-07
- Эдийн засаг
- 1
Уул уурхайн дэд сайд О.Батнайрамдалтай ярилцлаа.
-Орос болон Украины хооронд үүссэн мөргөлдөөн манай улсын шатахууны хэрэглээ, нөөцөд хэрхэн нөлөөлөх вэ?
-Өмнөх оны дөрөвдүгээр улирлаас эхлээд манай улс шатахууны тогтвортой хангамжийн асуудалд анхаарч ажилласан. үүний үр дүнд өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнэ зах зээлийн үнэлгээ рүү аажмаар шилжүүлэх, автомат үнийн тооцоолол руу шилжүүлсэн. Уг шийдвэртэй холбоотойгоор Засгийн газрын шийдвэр гаргаж шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд 30 хоногийн шатахууны нөөц бүрдүүлэх үүрэгтэй байсныг 45 хоног болгож, хугацааг нь сунгасан. Тиймээс гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар Монгол улсын шатахууны нөөц улсын хэмжээнд 198.945 тонн байна. Өөрөөр хэлбэл, Монгол улсын хэмжээнд ердийн хэрэглээгээр АИ-92 шатахууны 42 хоног, АИ-95 шатахуун 45 хоног, дизель түлшний хувьд 44 хоногийн нөөц байна. Үүнээс юу харагдаж байна гэхээр шатахуун импортлогч ААН-үүд 45 хоногийн нөөц бүрдүүлэх Засгийн газрын үүргийг сайн биелүүлсэн хэмээн дүгнэж болохоор байна. Бид өнгөрөгч хоёрдугаар сард украинд гарч байсан мөргөлдөөнтэй холбоотойгоор нэмэлт захиалга өгч, нөөцөө базаахад анхаарч ажилласан.
-Нөөцийн төлөвлөсөн хэмжээнд байгаа хэдий ч дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр өсч байна. Энэ үнийн өсөлт манайд хэрхэн нөлөөлөх вэ?
-Шатахууны үнийн тухайд ОХу дэлхийн түүхий нефтийн нийт нийлүүлэлтийн 10-12 хувийг дангаараа нийлүүлдэг томоохон нийлүүлэгч орон. ОХу-ын эсрэг олон улсаас тавьж байгаа акцуудтай холбоотойгоор нийлүүлэлт тасалдах болов уу гэсэн болгоомжлол их байгаагаас дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом хэлбэлзэж байна.
Түүхий газрын тосны үнэ дэлхийн улс орнуудад өрнөж байгаа мөргөлдөөнөөс болж хэлбэлзэх тохиолдол байдаг. Өнөөдрийн байдлаар түүхий газрын тосны үнэ баррель нь 110 ам доллараас давчихаад байна. ОХУ болон Украин хоорондын асуудал хурцдахаас өмнө түүхий газрын тосны үнэ баррель нь 80 гаруй ам долларын үнэтэй байсан. Тухайлбал, өнгөрсөн жилийн өдийд Олон улсын эрчим хүчний агентлагаас дэвшүүлсэн таамаглалд дараа жилийн өдийд буюу 2022 онд баррель газрын тосны үнэ 70-80 ам доллартай байх болов уу гэсэн таамаг дэвшүүлж байсан. Гэтэл энэ таамаглал мөргөлдөөн гарснаас үүдэн эрс өсчихлөө. Газрын тосны үнэ түүхэндээ дэлхийн зах зээл дээр 100 ам.доллараас давсан тохиолдол ховорхон байдаг. Хэрэв та бүхэн санаж байгаа бол хоёр жилийн өмнө түүхий газрын тосны үнэ сарын дунджаар баррель нь 20 ам .доллар хүрч байсан. Гэтэл өнөөдөр 110 ам.долларт хүрнэ гэдэг бол асар их савлагаа үүссэнийг харуулж байна. Нөгөө талаас энэ байдал юуг илэрхийлж байна гэхээр манай улс шиг газрын тосыг 100 хувь эцсийн бүтээгдэхүүн байдлаар нь импортолдог улсад дэлхийн зах зээл дээр өсч байгаа шатахууны үнийн өсөлт аажмаар орж ирэх нь тодорхой. Үүнээс зайлсхийх ямар ч боломжгүй. Магадгүй гуравдугаар сард өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнэ 90-100 төгрөгөөр нэмэгдэх болов уу гэсэн тооцоолол байна. Гэхдээ энэ үнэлгээ бол зургаан сарын дундаж автомат үнийн тооцооллоор гарч байгаа тоо.
-Дэлхийн эдийн засаг хямралтай байгаа энэ үед уул уурхайн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах тал дээр хэрхэн анхаарч байна вэ?
-Уул уурхайн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах ажлын хүрээнд уул уурхайн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох журмыг шинэчилсэн. Хайгуулын тусай зөвшөөрөл олголт сүүлийн долоон жил маш чамлалттай явж ирлээ. Тухайлбал, 2017 оноос хойш Сонгон шалгаруулалтын журам хэрэгжиж эхэлснээс хойш хамгийн ихдээ 2019 онд 109 лиценз олгогдсон. Энэ бол маш чамлалттай үзүүлэлт. Энэ байдлыг идэвхжүүлэхийн тулд энэ жил 300-400 хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор зорьж байна. Мөн Тусгай зөвшөөрөл олгох үйл явц хамгийн их хардлага дагуулдаг учраас Тусгай зөвшөөрөл олгох процессыг цахимжуулсан. Тиймээс энэ жилээс эхлэн www.Tender.gov.mn-д Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг шилжүүлсэн. Тиймээс хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдлөө өгсөн иргэн, аж ахуйн нэгжүүд www.Tender.gov.mn сайтаар дамжуулж өргөдлөө өгч, сонгон шалгаруулалт цахимаар явагдана гэсэн үг.
-Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоог нэмэгдүүлснээр олон улсаас хөрөнгө оруулагчид орж ирнэ хэмээн найдаж байгаа юм байна. Тэгвэл иргэд уул уурхайн хайгуул хийгдэх сургаар гол, усаа хамгаалахаар тэмцээд эхэлдэг шүү дээ?
-Өмнө нь уул уурхайн хайгуул, ашиглалттай холбоотой өргөдлийг эмх замбарагүй өгдөг байхад манай улсын нийт нутаг дэвсгэрийн 25 хүртэлх хувьд лиценз олгогдчихсон байсан. Энэ бол 15 жилийн өмнөх явдал. Эдгээр лицензүүдийн хугацаа нь дуусах нь дуусаад, цуцлагдах нь цуцлагдсан. Өнөөдөр манай улсад 896 хайгуулын тусгай зөвшөөрөл, ашиглалтын тусгай зөвшөөрөл 1700 гаруй байна. Нэг ёсондоо хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо урвуу хамааралтай болчихоод байна л даа. Хайгуулын лиценз, ашиглалтын лицензээсээ хэд дахин өндөр байж гэмээнэ уул уурхайн салбар хөгждөг. Үүнийг дагаад уул уурхайн хөрөнгө оруулалтын хэмжээ тогтмол өсдөг. Гэтэл хайгуулын тусгай зөвшөөрөл олголтын тоо огцом буурсан нь уул уурхайн салбар уналтад орох эрсдэл бий болж байна. Манай улс дараа дараагийнхаа Оюу толгой, Таван толгой гэх мэт томоохон ордуудыг олж нээх, хөрөнгө оруулагчид орж ирэх тэр нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хайгуулын тусгай зөвшөөрлийг эрчимжүүлэх юм. Хэрэв бид энэ онд төлөвлөсөн ёсоороо 350-400 хайгуулын лиценз олгож чадвал энэ нь сүүлийн долоон жилд олгосон лицензийн тоотой дүйцэх юм. Өнөөдрийн байдлаар манай улсын нийт нутаг дэвсгэрийн 3.9 хувьд нь ашиглалтын болон хайгуулын лиценз олгогдсон байдаг. Хайгуулын лицензийг дангаар нь аваад үзвэл нийт нутаг дэвсгэрийн 2.8 хувьд ч хүрэхгүй. Энэ үзүүлэлтийг олон улсын түвшинтэй харьцуулахад асар бага үзүүлэлт. Нэмж хэлэхэд хайгуулын лиценз бүр ашиглалтын лиценз рүү хувирахгүй шүү дээ.
-Төр дангаараа хайгуулын лицензийг эзэмшвэл юу болох вэ?
-Энэ дэндүү эрсдэлтэй бизнес. Төр ийм бизнес рүү дангаараа дур мэдэн хэзээ ч орох боломжгүй. Нэг ёсондоо бид хууль, журманд нийцсэн иргэн, ААН-үүдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосноор төрөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр хайгуул хийж байна гэсэн үг. УУХҮЯ-ны сайдын багцад багтсан төсвийн мөнгөөр бид эрлийн ажил буюу үндсэн суурь судалгаа хийдэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улс уул уурхайн ямар потенциалтай байна вэ гэдэг масштабын томоохон ажлуудыг хийдэг.
Энэ ажлын үр дүн дээр үндэслээд хайгуулын хөрөнгө оруулалт орж ирэх сонирхол нэмэгддэг. Нэг ёсондоо гадаад дотоодын хөрөнгө оруулагчид өөрсдийн хөрөнгөө гаргаад хайгуул хийх суурь судалгааг төр хийнэ. Түүнээс биш төр өөрөөсөө мөнгө гаргаад нарийвчилсан судалгаа, хайгуул хийдэггүй. Тухайлбал, Айвенхоу Майнз компани хайгуулын лицензийн зөвшөөрөл авч хэдэн арван сая долларын хөрөнгөөр хайгуул хийсний үр дүнд Оюу толгойг нээж илрүүлсэн. Энэ бол уул уурхайг түшиглэсэн эдийн засаг. Өнөөдөр уул уурхайн салбар ДНБ-ий 25 хувь, төсвийн 30 хувь, экспортын 95 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70-75 хувийг дангаараа бүрдүүлж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт манай улсын эдийн засгийн тэлэлтэд шууд нөлөө үзүүлдэг. Тиймээс уул уурхайн салбар идэвхжиж байж гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж, эдийн засгаа тэлэх боломжоор хангана.
Уул уурхайн салбарын идэвхжилт нь хайгуулаас үүдэлтэй. Хайгуул хийснээр эргээд маш олон ажлын байрыг бий болгож, дотоодын эдийн засагт дэмжлэг үзүүлдэг. Тийм учраас хайгуулын лицензийн тоог нэмэгдүүлэх нь Монгол Улс руу орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарын идэвхжилтэй шууд холбоотой.
-Уул уухайн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явагдаж байгаа орон нутагт үлдэх үр өгөөжийг нэмэгдүүлэх дээр хэрхэн анхаарч ажиллаж байна?
-Уул уухайн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явагдаж байгаа орон нутагт уул уурхайгаас олж байгаа орлого нь хувь нэмэр үзүүлдэг байх ёстой. Өмнө нь АМНАТ-ын таван хувь нь тухайн орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрдөг байсан бол энэ оноос АМНАТ-ын хэмжээг 10 хувьд хүргэсэн. Энэ бол орон нутгийн төсөвт нэлээд хувь нэмэр оруулах байх. Өөрөөр хэлбэл, уул уурхай хөгжиж байгаа орон нутагт тус салбараас орж ирж байгаа орлого нь төвлөрч үлддэг болсон гэсэн үг. Мөн хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр орон нутагтаа мөн 100 хувь үлдэж байгаа. Мөн ашиглалтын тусгай зөвшөөрлийн хураамжийн 50 хувь нь орон нутагтаа үлддэг болсон.
Өмнө нь уул уурхайгаас орж ирж байгаа бүх төрлийн төлбөрүүдийн 30 хувь нь сум, орон нутагтаа хуваарилагдан үлддэг байсан бол одоо 50 хувьд хүрсэн. Энэ бол 2022 оны Төсвийн тухай хуулийн 59 дүгээр зүйлээр хийсэн өөрчлөлтүүд юм. Энэ бол Уул уурхай эрхэлж байгаа орон нутаг аймаг суманд олсон орлого, татвар харилцан ашигтай хуваарилагдаж байж урт хугацаандаа тогтвортой хөгжих үндэс суурь нь болно.
-Гадаадын хөрөнгө оруулагчдыг тогтвортой ажиллах хууль эрх зүйн орчныг хэр сайн бүрдүүлсэн бэ?
-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга оруулахаар Засгийн газраас ажлын хэсэг ажиллаж байгаа. Ковидын дараа дэлхийн эдийн засгийн сэргэхэд бид бүгдээрээ нэг ижил гараанаас гарч байна. Аль улс ковидын дараа гадаадын хөрөнгө оруулагчдад эдийн засаг, зах зээлээ нээж татаж чадсан нь улсын эдийн засаг богино хугацаанд сэргэх байх.
Манай улс дэлхийд вакцинжуулалтын хэмжээгээрээ тэргүүлэх орны тоонд багтаж байна. Тийм ч учраас гадаадын хөрөнгө оруулагчдад болоод жуулчдад хилээ нээснээ зарласан. Энэ утгаараа бид бусдаас түрүүлж алхах ёстой. Үүний үр дүнд Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх боломж, бололцоо нэмэгдэнэ. Эдийн засгаа тэлж, төрөөс хязгаарлагдаж байгаа хүчин зүйлсийг арилгах ёстой. Ковидын үед бид гадаадын улс орнуудаас хэт их эцсийн бүтээгдэхүүн авч хэрэглэдэг, хараат байгааг тодотгож өглөө. Тийм учраас бид цаашид нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэдэг болсноор нийлүүлэлтийн шок үүссэн үед эдийн засгаа хамгаалах юм.
Үүнд уул уурхайн салбар манлайлж ажиллах ёстой. Учир нь дэлхийд өрсөлдөх хамгийн давуу талтай, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах боломжтой салбар бол уул уурхайн салбар юм. Тиймээс цаашид олборлолтоос боловсруулалт руу нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл хөгжүүлэх ёстой.
П.Батзаяа
Сэтгэгдэл (1)
Иргэн (64.119.24.32)
Эхлээд АН-ын олигархуудыг буулгаж авах хэрэгтэй. Коммунист байсан улсад жинхэнэ бизнесмэн гэж байдаггүй юм.