Хүндийг өргөлтийн тамирчин, циркийн жүжигчид

Монголын цирк 1941 оны долоодугаар сарын 9-нд Яармагийн задгай талбайд анхны тоглолтоо хийж байжээ. Улсын цирк 1971-2008 онд Олон улсын стандартанд нийцсэн Азидаа ганц зориулалтын барилгатай цирк байлаа. Танхимийн өндөр нь 21 метр тул Агаарын болон олсон дээрхи тэнцвэр, бусад үзүүлбэр тоглолт хийхэд гойд нийцдэг байв.

50 гаруй уран бүтээлч цалинжиж, 80 гаруй уран бүтээлч гэрээгээр ажиллаж долоо хоногт 9, жилдээ 1400 удаа тоглолт хийж 890 мянган хүн тоглолтыг нь үздэг байжээ.

Тухайн үед Монголын циркчид чансаагаараа дэлхийд гуравт бичигдэж байсан бол өдгөө Үндэсний цирк маань мөхөж Монголын циркчид гадаадын циркээр овоглож байна. Циркийн Хүч тамирын жүжигчид туухайгаа шидээд хүзүүн дээр буулгах хүртэл үзэгчид амьсгаа даран дагуулан хардаг билээ.

Дарийн Дамдин

Гавъяат жүжигчин Дарийн Дамдин ахлагчтай “Хүч тамирын гайхамшиг”, “Тэмээтэй акробат” Монголдоо төдийгүй дэлхийн үзэгчдээс өндөр үнэлэлт авч байв.  Дамдин аваргын 200 кг жинтэй штанг дээр нь 6 циркчин бүсгүй зогсоосон хүч тамирын үзүүлбэр нь Монголыг төдийгүй дэлхийн үзэгчдийн талархалыг хүлээж байсан бөгөөд нийт жин нь 850 кг. Энэ амжилтын түүний шавь Я.Амаржаргал, Г.Доржнамжил нар түүчээлэн өвлөж үргэлжлүүлсэн юм. Дамдиан аварга Улсын наадамд анх удаа түрүүлдэг жил хүү төрж Баяраа хэмээн нэрлэсэн бөгөөд хүү нь хожим Үндэсний бөхийн Гарьд цол хүртсэн юм. Д.Дамдин Улсын наадамд 5 удаа түрүүлж, 5 удаа үзүүрлэж, 23 удаа шөвгөрсөн гайхамшигт бөх билээ.

Гомбын Бадарч

“Орос” хэмээх Гомбын Бадарчийг (1930-2002) нярай байхад нь Сэлэнгэ аймгийн Дархан сумаас олж Гомбо гэдэг хүн үрчилж авжээ. Г.Бадарч 1937 онд Сүхбаатарын нэрэмжит Офицерийн сургуульд суралцаж төгсөөд офицер болжээ. 1948 оноос Улсын циркэд дагалдан жүжигчин болж 1998 он хүртэл ажиллажээ. Г.Бадарч нь 1956-1968 он хүртэл Хүндийн өргөлтийн уралдаан тэмцээнд оролцож Хүндийн өргөлтийн олон удаагийн аварга, улсын рекордыг хоёр удаа тогтоож байжээ. Тэрбээр 1956 онд зохион байгуулагдсан БНМАУ-БНХАУ-ын нөхөрсөг уулзалт тэмцээнд оролцож хувийн амжилтаа эвдэж байжээ.

Гончигийн Хишигдаваа

Булган аймгийн уугуул, Хүндийн өргөлтийн тэмцээнд 1964 онд “Соёл” нийгэмлэгээс 75 кг-ийн ангилалд оролцож байжээ. МУ-ын гавъяат жүжигчин Гончигийн Хишигдаваа (1945) 47 жилийн турш циркийн дугуй манежнаа Циркийн урлагийн дээд амжилт “Хүч тамирын гайхамшиг”-ийг үзүүлж байжээ. Энэ үзүүлбэрийн үеэр “Циркийн урлагийн дээд амжилт. Бүх жин 850 кг” гэж зарладаг байв. Тэрбээр 1964 оноос эхлэн “Хүч тамирын акробат-4”-ийг Сэлэнгэ аймгийн уугуул Монгол Улсын гавьяат жүжигчин, “Циркийн” гэх тодотголтой Улсын начин (1951) Ё.Дорж, Дархан аварга Дамдин нартай хамтран үзүүлэх болжээ.

1962 онд Г.Хишигдавааг долдугаар ангид байхад нь Жанчивдорж ахлагчтай циркийн гуравдугаар ангийн оюутнууд тэдний суманд ирж тоглолт хийжээ. Циркийн тоглолтыг үнэгүй үзэх санаа өвөрлөн ачаа барааг нь зөөлцөж байхдаа Дамдинсүрэн багштайгаа танилцаж шавь нь болж циркийн урлагт хөл тавьжээ. Тэрбээр Хүндийн өргөлтийн Д.Дамдин, Байтавын Дамдинсүрэн, Замчин нийгэмлэгийн Нямдаш, Намхай, Ш.Шаравдорж, Гомбын Бадарч, Буянбадрахын Жигмиддорж гээд олон сайхан багш нарын шавь ажээ. Г.Хишигдаваагийн бөөрөнцөгтэй үзүүлбэр үэзгчидын дуртай номер байсан бөгөөд шавь Баяраа Америкт Хүч тамирын үзүүлбэрийг хориод жил үзүүлж байна.

Гомбын Доржнамжил

Төв аймгийн Угтаал сумын уугуул Гомбын Доржнамжил (1944) 1965-1968 онд цэргийн алба хаах хугацаандаа Хүндийн өргөлтөөр хичээллэж Мөнгө, хүрэл медаль хүртэж нэг хэсэг шигшээ багийн тамирчин байжээ. Цэргээс халагдаад Улсын циркийн Хүч тамирын жүжигчин болж “Циркийн Намжил” хэмээн алдаршижээ. Тэрбээр Д.Дамдин, Г.Хишигдаваа нарын шавь бөгөөд Б.Балжинням найруулагчийн “Хань” киноны гол дүрийг бүтээжээ. 2008 онд нийтийг цочоосон ханиад дэгдэхэд Г.Доржнамжил Зуун айлд байдаг Хүүхдийн эмнэлэгт 40 ор хандивлаж байсан буянтан билээ.

Ядамсүрэнгийн Амаржаргал 

Архангай аймгийн уугуул Ядамсүрэнгийн Амаржаргал 1974 онд цэрэгт татагдаж Алдар нийгэмлэгийн Хүндийн өргөлтийн тамирчин болсон бөгөөд Цэргээс халагдаад Улсын циркд Дархан аварга Д.Дамдины “Хүч тамирын гайхамшиг” багийн бүрэлдэхүүнд багтаж 1977 онд дагалдан жүжигчин, 1979 онд орон тооны жүжигчин болж Америк, Франц, Орос, Итали, Хятад, Япон орнуудаар явж тоглолт хийж 2016 онд Монгол улсын Гавъяат жүжигчин цол хүртжээ. Я.Амаржаргал Монголын уран сайхны “Мандухай” киноны Алчу баатрын дүрийг бүтээжээ. Тэрбээр Энхбаяр, Нямсүрэн зэрэг хамтрагч нартайгаа бараг 30 шахам жил хамт Хүч тамирын үзүүлбэрийг тогложээ.

Адилбишийн Сүлдбаатар

Хүндийн өргөлтийн нэрт тамирчин Я.Дөрвөнжингийн шавь Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул, Циркийн хүч тамирын жүжигчин МУСТА Адилбишийн Сүлдбаатар нь црикийн хүч тамирын болон Акробатын жүжигчин хүн юм. Тэрбээр АНУ, Франц, Голланд, Герман, Тайван, Энэтхэг зэрэг дэлхийн 20 гаруй улсад аялан тоглож Олон улсын циркийн Монте-Карлогийн наадмаас “Хүрэл алиалагч”, Москвагийн Ю.Никулиний нэрэмжит тэмцээний “Хүрэл заан”, Германы “Шилдэгийн шилдэг” тэмцээны “Алтан цом”, Казахстаны олон услын Циркчидийн тэмцээний “Алтан цом”-ыг тус тус хүртжээ.

Ё.Дамдин, Ж.Төмөрхуяг "Хүндийн өргөлтийн түүх" номноос

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)