Украины дайн: АНУ болон барууны орнууд Оросын газрын тос, байгалийн хийн бүх импортод хориг тавилаа
- 2022-03-09
- Дэлхий
- 1
BBC. АНУ, Их Британи улсууд дотооддоо Оросын нефтийн хэрэглээг хориглож, Европын холбоотнууд Оросын байгалийн хийн экспортыг зогсоож Украины түрэмгийллийн эсрэг эдийн засгийн хариу арга хэмжээг эрчимжүүлж буйгаа мэдэгдлээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-аас авах эрчим хүчний бүх бүтээгдэхүүнд хориг тавьж буйгаа зарлалаа. Мягмар гарагт Украины эргэн тойрон дахь нөхцөл байдлын талаар Цагаан ордонд үг хэлэхдээ тэрээр ийнхүү мэдэгдсэн юм.
Тэрээр "Өнөөдөр би АНУ Оросын эдийн засгийн гол судсыг онилоод байгааг зарлаж байна. Бид Оросын газрын тос, байгалийн хий, эрчим хүчний бүх импортод хориг тавьж байна. Ингэснээр Оросын газрын тос АНУ-ын боомтууд руу нэвтрэх боломжгүй болно гэсэн үг. Бид дэлхий даяар, ялангуяа Европ дахь холбоотнууд болон түншүүдтэйгээ нягт зөвлөлдсөний эцэст ийм шийдвэр гаргалаа. Европ дахь зарим түншүүд одоогоор ийм шийдвэр гаргахад бэлэн бус байгааг бид ойлгож байна. Цаашид эдгээр улс орнуудыг эрчим хүчний эх үүсвэрийн хувьд ОХУ-аас хараат бус болгох чиглэлээр бид хамтран стратеги боловсруулна" гэлээ.
Байден түүнчлэн эрх баригчдын хүчин чармайлтыг үл харгалзан АНУ-д шатахууны үнэ нэмэгдэнэ гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний үр дагавраас болж үнээ хөөрөгдөхгүй байхыг хувийн хэвшлийнхэнд уриалаад "Газрын тос, байгалийн хийн болон санхүүгийн компаниудын хувьд Украины дайн үнэ өсөх шалтгаан болж байгааг бид ойлгож байна. Гэхдээ хэт өсөлт, инфляц хөөрөгдөх шалтгаан биш" гэж Ерөнхийлөгч анхаарууллаа.
Үүнтэй адилаар Их Британи 2022 оны эцэс гэхэд Оросын нефтийн импортоо зогсоохоор болжээ.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны үзсэнээр дээрх алхам нь Орост шууд цохилт өгөхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч "Энэ нь Орост үзүүлж буй дарамтыг нэмж, хориг арга хэмжээ нь эдийн засагт үзүүлэх нөлөө гэдгийг мартаж болохгүй" гэж нэмж хэлэв.
Энэ хооронд дэлхийн томоохон брэндүүд болох McDonalds компани ОХУ дахь салбаруудаа хааж, Coca Cola борлуулалтаа зогсоолоо гэж BCC агентлаг мэдээллээ.
Сэтгэгдэл (1)
зочин (202.9.46.156)
АНУ ОХУ хоёр дайтвал хүн төрөлхтөн мөхөх болно. Энэ хоёр улс хүн төрөлхтний мэдэхгүй нууцлагдмал аймшигт цөмийн бөмбөгүүдээрээ хорвоо ертөнцийг мөхөөх болно.