Их Британийн тусгай албад Путиний Лондон дахь хөрөнгийг хайна

ЛОНДОН. /The Daily Telegraph/. Их Британийн Гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний агентлаг хатан хааны тагнуулын албаны дэмжлэгтэйгээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний эзэмшлийн байж болзошгүй хөрөнгийг Лондонд хайна гэж “The Daily Telegraph” сонин эх сурвалжаас эш татан мэдээлжээ.

 

"Үүн дээр ажиллаж байгаа хүмүүс бий. Клептократ үйлдэлтэй тэмцэх тусгай бүлэг ийм ажлуудад анхаарлаа хандуулна. Тус бүлгийн мэргэжилтнүүд нь Путин болон түүний ойрын хүмүүсийн мөнгийг хайна" гэж эх сурвалж хэлсэн байна.

 

Их Британийн хориг арга хэмжээнд өртсөн оросуудын хөрөнгийг олохоор ажиллах шинжээчдийн тусгай бүлэг байгуулна гэж тус улсын Засгийн газар урьд нь мэдэгдсэн юм. Оффшор компаниудын сүлжээгээр дамжуулан хуурамч нэр дээр бүртгэгдсэн байх магадлалтай тул энэ нь хүнд ажил байх болно гэж мэдэгдэж байв. Их Британийн Гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний агентлаг зөвхөн оросуудын төдийгүй хоригийн жагсаалтад багтсан Беларусийн иргэдийн хөрөнгийг хайх энэхүү тусгай бүлэгт ажилтнууд нь орно гэдгийг тус хэвлэлд нотолжээ.

Гуравдугаар сарын 10-нд Их Британийн эрх баригчид тэрбумтан, хөл бөмбөгийн "Челси" клубийн эзэн Роман Абрамович, "Роснефть" компанийн ерөнхий захирал Игорь Сечин, "Россия" банкны дарга Дмитрий Лебедев, ВТБ банкны тэргүүн Андрей Костин, "Газпром" компанийн захирлуудын зөвлөлийн дарга Алексей Миллер, "Транснефть" компанийн тэргүүн Николай Токарев нарыг хоригийн жагсаалтад оруулсан юм. В.Путин барууны орнуудын хориг арга хэмжээнд өртсөний дараа түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Оросын Ерөнхийлөгчид гадаадад хөрөнгө байхгүй гэж мэдэгдсэн билээ гэж "Монцамэ" агентлаг мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Иргэг (192.82.73.46)

    2022-03-16

    Тэгээд яллаа юу