Хийн хоолойн 25 жилийн түүх
- 2022-03-17
- Топ сэдэв
- 0
ОХУ-аас Монголоор дайруулан БНХАУ руу хийн хоолой тавих асуудал яригдаад 25 жилийн нүүр үзлээ. Байгалийн хий дамжуулах хоолой барих энэхүү төсөл нь ОХУ, Монгол Улс, БНХАУ-ыг холбосон төмөр замыг 1956 онд барьж дуусган ашиглалтад оруулснаас хойшх гурван улсыг хамарсан хоёр дахь мега бүтээн байгуулалт гэж үздэг. Тиймээс анх яригдаж эхэлснээс хойш яриа хэлэлцээ идэвхижиж эхэлсэн зэргээр хийн хоолойн асуудал багагүй хугацаа, бартаа саад басхүү олон өнгийн эрх ашгийг даван туулж байж өнөөдрийг хүрчээ. Мэдээж тухайн цаг үе болгонд хийн хоолойг урагшлуулах эсэх нь төр, засгийн өндөр түвшинд хэлэлцэж, үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын үүрэг оролцоо онцгой байж ирсэн нь лав. Өнөөдрийн байдлаар ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий хоолой татах төслийн зураг төсөл, инженерийн хайгуул, судалгааны ажлуудыг эхлүүлэх гэрээ зурагдаад буй эл төсөл хэдэн онд аль Засгийн газрын үед хэрхэн яригдсан, ямар идэвхтэй хэлэлцээр хийгдсэн зэргийг цаг хугацааны дарааллаар тоймлон хүргэе.
1990-ээд он
ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутгаар дайруулан барих төсөл 1990-ээд оны II хагасаас яригдаж эхэлсэн. .
2000-2015 он
Дээрх хугацаанд Монгол Улсын үе үеийн Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын ОХУ-д хийсэн айлчлал болон ОХУ-ын төрийн өндөр албан тушаалтнууд манай улсад хийсэн айлчлалын үеэр байгалийн хийн хоолойн асуудлаар удаа дараа хүсэлт тавьж байжээ. Тухайн үед ОХУ-аас татгалзсан хариу өгөөгүй ч ажил хэрэг болоогүй.
2016 он
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо 2016 онд болсон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т гарын үсэг зурсан. Энэхүү хөтөлбөрт байгалийн хий дамжуулах хоолой барих техник-эдийн засгийн үндэслэлийг судлах тухай санаа туссан хэдий ч идэвхтэй яриа хэлэлцээ явагдалгүй бас л хэдэн жил өнгөрсөн юм.
2018 он
Ерөнхий сайд У.Хүрэлсүх
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2018 оны дөрөвдүгээр сард БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян “ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах асуудалд нааштай хандана” гэж хэлсэн нь зогсонги байдалд ороод байсан энэ асуудлыг хөдөлгөөнд оруулах эхний бодит нөхцөлийг бүрдүүлж өгсөн гэж үздэг.
2019 он
Есдүгээр сард Ерөнхийлөгч В.Путин БНХАУ руу Алтайн чиглэлээр тавихаар яригдаж байсан хийн хоолойн оронд Монголын нутгаар дайруулан хоолой тавих асуудлыг судлахыг А.Миллерт үүрэг болгосон. Монголоор дайруулах маршрутыг “Хятадын түншүүд” сонирхож байгаа гэдгийг В.Путин Ерөнхийлөгч тэмдэглэн хэлсэн гэж бичжээ.
Арванхоёрдугаар сар
Арванхоёрдугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр ОХУ-аас БНХАУ руу нийлүүлэх байгалийн хийн хоолойг манай улсын нутгаар дамжуулах асуудлаар Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын “Газпром” компанийн хооронд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар 30 орчим жил яригдсан энэхүү төсөл хэрэгжих эрх зүйн эхний суурь ийнхүү тавигдсан юм. Өөрөөр хэлбэл хийн хоолой барих төслийг цаасан дээр анх удаа буулган баталгаажуулсан нь энэ юм.
2020 он
2019 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын дараа Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн захирамжаар БНХАУ, ОХУ-ыг холбох байгалийн хийн дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн бэлтгэл ажлыг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан байгуулсан бол “Газпром” компани Удирдах зөвлөлийнхөө орлогч дарга В.А.Маркеловоор ахлуулсан Оросын талын Ажлын хэсгээ байгуулав.
Дөрөвдүгээр сар
Хийн хоолойн төслийг “Эрдэнэс Монгол” компанид хариуцуулах тухай шийдвэрийг Засгийн газар 2020 оны дөрөвдүгэээр сарын 15-нд гаргасан бөгөөд тус компанид төслийн ажил хариуцсан тусгай нэгж байгуулагдаад байгаа.
Наймдугаар сар
Хийх ажлын төлөвлөгөөгөө баталснаас гадна ОХУ-аас БНХАУ руу барих хийн хоолойг Монголоор дамжуулах төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулах тусгай зориулалтын компани (Special Purpose Vehicle, SPV) байгуулах тухай баримт бичгийг Монгол, Орос хоёр тал 2020 оны наймдугаар сарын 25-ны өдөр байгуулсан.
Есдүгээр сар
Есдүгээр сарын 16-нд Оросын “Газпром” компаний ТУЗ-ын дарга А.Миллер ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзаж тус компаний ойрын үед хийх ажил болон “Сибирийн хүч-2” төслийн явцын талаар танилцуулсан тухай Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлэв.
2021 он
“Сибирийн хүч-2” төслийн хайгуул-судалгааны ажил, түүний дотор Монголоор дайрах хэсгийн ажлыг давхар эхлүүлсэн. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй цахим хурал хийх үеэр Монголын нутгаар өнгөрөх хийн хоолойн трассыг сонгох, ТЭЗҮ боловсруулах үүрэг бүхий тусгай компани байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурсан. Хийсэн ажлынхаа дүнг 2021 оны I улиралд танилцуулна гэжээ.
Нэгдүгээр сар
Төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулах тусгай зориулалтын компани болох “Газопровод союз восток” ХХК Монгол Улсын Бүртгэлийн газарт 2021 оны нэгдүгээр сард бүртгэгдэж, хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болоод байна.
2021 он
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
Гуравдугаар сарын 10-11-ний өдрүүдэд ОХУ-ын “Газпром” компанийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркеловын ахлуулсан төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж, ТЭЗҮ-ээ боловсруулах ажлыг хэрэгжүүлэх 2021-2022 оны төлөвлөгөөгөө Монголын талтайгаа хамтран батлав.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг зургадугаар сарын 2-нд Санкт-Петербург хотноо болж буй олон улсын эдийн засгийн чуулгын үеэр ОХУ-ын “Газпром” компаний тэргүүн А.Б.Миллертэй уулзаж ОХУ-БНХАУ-ыг холбосон байгалийн хий дамжуулах хоолойг манай нутаг дээгүүр барих төслийн явцын талаар санал солилцож, Монгол-Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулж эхлэхээр тохиролцов.
2022 он
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар цахим уулзалт хийж, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн Техник, эдийн засгийн үндэслэлийг эцэслэн баталсан тухай Протоколд гарын үсэг зурлаа.
Хоёрдугаар сарын 10-нд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн хүрээнд өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажлын тайланг төслийн удирдагч Л.Амарсанаа болон Тусгай зориулалтын компанийн гүйцэтгэх захирал Асеев Евгений Николаевич нар Шадар сайд С.Амарсайханд танилцуулж, энэ онд хийх ажлын талаар хэлэлцлээ. Тодруулбал, байгалийн хийн хоолойн зурвас газрыг тодруулах, ТЭЗҮ-ийг боловсруулж дуусгах, Тусгай зориулалтын компанид шаардлагатай зөвшөөрлүүдийг олгох байсан нь бүрэн дуусаж, дараагийн шатны ажил руу ороход бэлэн болоод байна.
Хоёрдугаар сарын 5-нд БНХАУ-д айлчилсан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу тавих хийн хоолойн төслийн ТЭЗҮ батлагдсан тул тус төслийн ажлыг эрчимжүүлэхээр харилцан тохиролцлоо.
Хоёрдугаар сарын 28-нд ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий хоолой татах төслийн зураг төсөл, инженерийн хайгуул, судалгааны ажлуудыг эхлүүлэх тухай гэрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар гарын үсэг зурав.
Өнөөдрийн түвшинд инженерийн хайгуул судалгааны ажилд оролцох ОХУ-ын туслан гүйцэтгэгч байгууллагуудад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох, Ажлын байрны төлбөр хураамжаас чөлөөлөх зэрэг ажлыг дөрөвдүгээр сард багтаан хийх бол төслийн хэрэгжилтийг төрөөс дэмжих цогц арга хэмжээний тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулж, батлуулах ажлыг 2023 оны эхэнд дуусгахаар төлөвлөөд байна. Мөн "Газопровод Союз Восток”, “Эрдэнэс Монгол” компани хамтран Инженер-геодези, инженер-экологи болон археологийн хайгуул судалгааг хийх бөгөөд энэ ажлыг ирэх арваннэгдүгээр сарын 30-ны дотор багтаан дуусгах юм. Харин Байгалийн хий дамжуулах хоолойн барилга байгууламжийг барихад зориулан газар олгох асуудлыг Монгол Улсын Засгийн газар арванхоёрдугаар сард багтаан шийдэхээр тусгажээ.
С.УЯНГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (0)