АН-ын аль аль тал нь Их хурал, намын даргын сунгаа гэж алиатаж байхаар нийлж нэгдээд Эвлэрлийн чуулганаа хийж болдоггүй юм уу?
- 2022-03-23
- Нийтлэл
- 1
АН галзуурч байж навс ялагдаад 10-аад жил болж байна. Удаа дараалан УИХ-ын сонгуульд хэт ялагдлаа. 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН 65, АН найм, МАХН нэг, бие даагч нэг суудал авч байлаа. Ялагдсан АН-ын дарга З.Энхболд огцрохоо мэдэгдэж, удсан ч үгүй АН-ын Их хурлаар С.Эрдэнийг намын даргаар сонгосон юм. Энэ хүн намын дарга болоод арав шахуу жил болж байгаа. Түүнээс хойш л АН дотроо бужигнаж эхэлсэн. Төдийгөөс өдийг хүртэл хичнээн ч удаа намын даргын сунгаа хийв. Хэдэн ч Их хурал болов. АН-ын Их хуралд хөдөө гадаанаас хичнээн хүн ирж оролцлоо гэж хэдэн ч удаа мэдээлэв.
Үүнтэй зэрэгцээд АН-ын Их хурал цахимаар болж, төчнөөн гишүүд оролцлоо гээд л сүржин мэдээлэл гараад ирдэг. Зэрэгцээ ертөнц гэдэг шиг АН дотроо хоёр хуваагдчихаад үзэлцээд байдаг. Зэрэгцэж Их хурлаа хийгээд, зэрэгцэж намын даргаа сонгоод байхаар сүүлдээ ийм мэдээлэл сонсохоос дотор муухай оргиж байна. Ичихгүй тэд, биднийг бүртгэж өгөөч гээд хурлын материал сэлтээ бариад Дээд шүүх рүү зэрэгцээд гүйнэ. Мэдээж, аль алийг нь бүртгэхгүй байсаар өдий хүрлээ. Нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байна. Ер нь ч цаашид алийг нь ч бүртгэхгүйгээ Дээд шүүх мэдэж байгаа. АН-ын нэг тал нь “Бид л албан ёсных шүү” гээд ирэхээр “Өө танай тамга чинь хүчингүй юм байна” гээд буцаачихна. Нөгөө тамгатай талынхан үүнийг хараад учиргүй хурдан чавхдаад ирэхээр бас нэг юмыг нь хүчингүй гээд л бүртгэхгүй. Ийм л үйл явдлыг бид залхталаа харж байна.
Эрх баригч МАН бол АН-ын тэнэгүүдээр яаж тоглохоо маш сайн мэдэж байгаа. Өөрсдөө өөрсдийгөө багалзуурдаад байгаа тэднийг ингэхээс ч өөр яахав. Гэхдээ нэг нам олон жил төр бариад эхлэхээр Монголын хувь заяанд муугаар нөлөөлдгийг бид мартаагүй баймаар. Нэг намын дарангуйлал хэрээс хэтрэхээр үүнийг эсэргүүцэж жагсаал цуглаан идэвхжиж, үймээн самуун дэгдэнэ. Эрх баригчид тэднийг дийлэхээ байвал хоёр хөршийнхөө аль нэгээс тусламж хүснэ. Гаднаас цэрэг орж ирээд эсэргүүцсэн бүхнийг барьж хорин шийтгэж, бослого хөдөлгөөнийг дардаг гэдгийг бид сүүлийн үеийн дэлхий нийтийн үйл явдлаас харж байна. Тэр цагт юун Азийн ардчилсан Монгол, хүний эрх, эрх чөлөөтэй манатай, эх орны тусгаар тогтнол ч асуудалд орно. МАН одоохондоо хэт олонх гэж бардамнаж байвч АН-ыг алга болговол эрт орой хэзээ нэгэн цагт ийм л гашуун зовлон хүлээж байгаа. Хүсээд байх юм биш билээ.
АН анх байгуулагдсан цагаас хойш дотоодын хэрүүл тэмцлээс нэг удаа салсангүй. Байнга л дарга даамлын төлөөх хэрүүл тэмцэл ил, далд тасралтгүй өрнөж байдаг нам. Дотоодын ийм дажинаасаа салъя гэж төдийгөөс өдий хүртэл яагаад боддоггүй юм бэ. Аль юм болгон ингэж хэрүүл тэмцэлтэй явах билээ, Эвлэрлийн Их хурлаа даруйхан хийх цаг болжээ. Хоёр талаас хэлэлцэж ярилцаад эвлэрч, нам шиг нам, сөрөг хүчин шиг сөрөг хүчин болохгүй бол та нараас гишүүд чинь хүртэл залхаж байна. АН-ын гишүүд ч гэж гишүүд, инээгээд ирсэн болгоныг дагаж намираад байлгүй хэрсүү байж, АН-ыг хэрүүлийн тойргоос гаргах санал санаачилга ч өрнүүлмээр юм. Энэ намд гишүүдийнх нь эр зориг, итгэл үнэмшил ч дутаж байгаа. Одоогийн байгаа хоёр толгойтой АН-ын алийг нь ч Дээд шүүх бүртгэхгүй гэдгийг хэн хэн нь мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч хувь улс төрчийн ашиг хонжоо хайсан улс төр хийсээр л байна. Уг нь АН ингэж хоорондоо эх толгойгүй хэрэлдэж суухаар эрх баригчдыг улалзтал шүүмжилдэг хүчтэй, гялалзсан сөрөг хүчин байх ёстойсон. Гишүүд дэмжигчид чинь үүнийг л хүсч байна.
АН-ын хуучин лидерүүд, төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан эрхмүүд энэ намд зайгаа тавьж өгөх цаг хэдийнэ болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Х.Баттулга.
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, дэд дарга асан С.Баярцогт, Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, хотын дарга, сайдын алба хашиж байсан бусад хүмүүс бүгд АН-аас явах хэрэгтэй болжээ. “Би чадна” гээд л бүгд ханцуй шамлан орж ирж суучихаад залуустаа боломж олгохгүй хэрэлдсээр байгаад АН-ыг алга хийх нь. АН-ыг арынхаа фон болгож тэмцэлдсэний үр дүнд ардчиллаа алга болгох өнгөндөө орчихлоо. (Барилгын материалын 100 айлын зах дээр “би чадна” гээд зогсож байдаг хүмүүс бий. Барилгын бүхий л засвар үйлчилгээг “би чадна” гээд авдаг хэрнээ гүйцэтгэл нь улаан нойл. АН-ын хуучин лидерүүд тэдэн шиг болчихлоо)
Ардчилсан хувьсгалаас хойших 30 жилийн хугацаанд АН-д ард түмэн бас боломж олгон төрд залж үзсэн он жилүүд цөөнгүй бий. Энэ үед АН-ын хуучин лидерүүдийн зарим нь түүхэн үүргээ нэгэнт гүйцэтгэсэн. Зарим нь зүгээр л чадваргүйгээ харуулсан. Одоо тиймээс хууччуул нь энэ намаас зайлаад өгөөч гэж хэлмээр байна. Та нартай үе тэнгийн МАН-ын ханагар буурлууд залуустаа аль хэдийнэ зайгаа тавиад өгчихсөн, тэдний 30 гарсан залуу нь Ерөнхий сайд болчихоод ажиллаж байна.
Энэ цаг үед АН-ын дотоод тэмцэл дээд цэгтээ тулж байна. “Адуу хүртэл мөргөж биднийг угтаж байна” гээд л дэмийрцгээх юм. Ядаж мухар сүсэггүй, боловсрол мэдлэг, мэдрэмжтэй залуус АН-д байдаггүй юм уу гэмээр. Хууччуулаа дагаж залуус нь ч сэрж сэтгэхээ болио юу гэмээр аяглаж аашлах юм.
Энэ намын нэрээр төрд гарч, төрийн бүхий л албан тушаал хашиж, эрх ямбыг нь эдэлж байсан хүмүүс эргэж ирээд намаа самарч гүйцэж байгааг харахад дэндүү харамсалтай юм. Оройтоогүй дээрээ тэд АН-аас савраа татаж, залуустаа зай гаргаж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол “Ардчиллыг бий болгосон түүхэн гавьяа ч, ардчиллыг булшилсан түүхэн гай ч” та нарын нэрийн өмнө шошго болон үүрд дагалдах нь байна.
Г.ГЭНДЭНДАРАМ
Сэтгэгдэл (1)
Иргэн (192.82.76.203)
Эхлээд АН-ын олигархуудыг буулгаж авах хэрэгтэй. Коммунист байсан улсад жинхэнэ бизнесмэн гэж байдаггүй юм.