Төвийг сахисан Украин ба Швед, Австрийн загвар

Гал зогсоох асуудлаарх Орос-Украины хэлэлцээний явцад Украин улсыг Австри, Шведийн загвараар цэрэггүйжүүлсэн, төвийг сахисан статустай улс болгох тухай асуудлыг хэлэлцсэн гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков баталлаа. Тэрбээр “ийм хувилбарыг зөвшилцөлд хүрэх арга зам хэмээн үзэж болно” гэж хэлсэн боловч нарийн  зүйлүүдийн талаар ярьсангүй. 

Хэлэлцээнд оролцож буй Оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский-гийн ярьснаар, Австри, Швед загвартай холбоотой саналыг Украины тал тавьсан бөгөөд асуудлыг Орос, Украины Батлан хамгаалах яамдын түвшинд хэлэлцэж байна.

Ийм загвар ёсоор тухайн улс цэргийн эвсэл холбоонд нэгдэх, нутаг дэвсгэртээ гадаадын цэргийн баазуудыг байрлуулахаас татгалзах ба гэхдээ өөрийн гэсэн арми, тэнгисийн цэргийн хүчинтэй байна гэж Мединский хэллээ. Ташрамд дурдахад, 2010 онд Украин улс эвсэлд нэгдэхгүй, төвийг сахина гэдгээ зарлан тунхагласан билээ.

Украины төлөөлөгчдийн багийн гишүүн Михаил Подоляк-ийн хэлснээр бол, Украин улс Оростой байлдаж байгаа учраас хэлэлцээний явцад Австри, Шведийн загварын тухай биш харин Украин загварын талаар ярилцсан ажээ. “Юуны түрүүнд, энэ бол аюулгүй байдлын үнэмлэхүй баталгаа гэсэн үг, протоколын бус, Будапештын бус жинхэнэ баталгаа байх ёстой” хэмээн Подоляк хэллээ.

Хэрвээ уг статусыг хүлээн зөвшөөрч, байлдааны ажиллагаа зогсох аваас төвийг сахих Украин хувилбарыг юу гэж нэрлэх нь төдийлөн чухал биш. Мединский-гийн ярьж буй төвийг сахих загвар гэдэг нь чухам юу вэ гэдгийг ВВС агентлагийн тоймч тодорхой хоёр жишээн дээр тодруулжээ.

 

Австри загвар

 

Австри улс ОХУ-тай хиллэдэггүй ба найрсаг харилцаат Итали, Герман, Словен, Чех, Словак, Унгар гэсэн НАТО-гийн гишүүн улсуудаар хүрээлэгдэж, тус эвсэлд нэгдээгүй Швейцарь, Лихтенштейн гэсэн хоёр улстай хил залган оршдог.

 

Австрийн төвийг сахисан статус бол зарим талаар аргагүйн эрхэнд хийсэн алхам юм. Дэлхийн II дайны дараа холбоотон гүрнүүд Австрийг эзэлсэн ба ялагч улс бүр түүнийг өөрийн нөлөөний хүрээнд оруулж авах эрмэлзэлтэй байлаа.

 

Гитлерийн эсрэг эвслийн холбоотнууд Австрийн ирээдүйн хувь заяаг шийдэж чадалгүй бүхэл бүтэн 10 жилийг үдсэн билээ. Тус улс социалист лагерьт нэгдэх үү эсвэл барууны орнуудын замаар замнах уу? гэдэг нь тодорхойгүй байв. Ингээд 1955 онд гарын үсэг зурсан Австрийн тусгаар тогтнолын тунхаглал ба төвийг сахих статусыг хүлээн зөвшөөрснөөр уг асуудал шийдэгдсэн билээ.

сонин mn

1955 он.

Австричуудын зарлан тунхагласан төвийг сахисан статус нь бусдад эзлэгдсэн байдлаас ангижрах төдийгүй аюулгүй байдлын баталгааг АНУ-аас авах боломжийг олгожээ. Тухайн үед Австри улс Варшавын гэрээний байгууллагын гишүүн Чехословак, Унгар ба коммунист Югославтай хиллэж байв.

 

Социалист орнуудын эвсэл задран унасны дараа төвийг сахигч Австри улс үнэн хэрэгтээ НАТО-гийн “шүхэр дор” орсноор эвслийн гишүүн бусад улсын хилийг зөрчихгүйгээр Австри руу довтлох магадлалтай Швейцарь, Лихтенштейн гэсэн хоёр улс үлдэв. Гэхдээ үүнийг хэн ч төсөөлөх аргагүй.

Хэдийгээр цэргийн эвсэл холбоонд нэгдэх, нутаг дэвсгэртээ гадаадын цэргийн баазуудыг байрлуулахаас татгалзсан боловч Австри улс НАТО-гийн янз бүрийн цэргийн хөтөлбөрүүдэд оролцож, байлдааны ажиллагаа явуулахад нь тус эвсэлд дэмжлэг үзүүлж, Европын Холбооны аюулгүй байдлыг бүтцэд багтаж байна.

Өнгөрсөн онд Вена хотод НАТО-той холбоо барих товчооны тухай гэрээ байгуулагдсанаар Австри ба Умард Атлантын эвслийн хоорондын түншлэл улам бэхжих нь тодорхой. Үе үехэн, ялангуяа сонгуулийн өмнө НАТО-д элсэх эсэх  асуудлаарх мэтгэлцээн Австрид өрнөдөг боловч иргэдийн ихэнх нь ийм санаачилгыг дэмждэггүй.

 

Швед загвар

 

Харин төвийг сахих Швед загвар нь Австрийнхтай харьцуулахад илүү олон жилийн түүхтэй. Наполеоны өдөөсөн дайнууд дууссанаас хойших 200 гаруй жилийн хугацаанд Швед улс ямар нэгэн улстай цэргийн холбоо байгуулахаас зайлсхийж, хөрш орнуудаа өдөөн хатгахгүй байхыг эрмэлзсээр ирсэн юм. Энэ нь ч амьдрал дээр хэрэгжсэн.

Олон тооны судалгааны өгүүллүүдэд дурдахдаа “Шведийн байр суурь бол цэргийн мөргөлдөөнд хөндлөнгөөс татагдан орохгүй байхад чиглэсэн бодлогын төгс хувилбар” гэж тодорхойлсон байдаг. Шведийн хувьд, тусгаар тогтнолоо хадгалж үлдэхийн тулд их гүрнүүд болон янз бүрийн үл бүтэх дэглэмүүд бүхий улсуудтай тогтоосон харилцаагаа байнга тэнцвэржүүлэх шаардлагатай болж байв. Жишээ нь, дэлхийн II дайны он жилүүдэд III Рейх болон “тэнхлэгийн” орнуудтай худалдаа хийж, найрсаг харилцаагаа хадгалсан хэвээр байлаа.

Дэлхийн II дайн төгсгөл болж, залгуулаад Хүйтэн дайн дэгдэх үед шведүүд төвийг сахих бодлогодоо үнэнч байж, НАТО болон Дорнод Европын цэргийн эвслийн алинд нь ч элсээгүй юм. Тухайн үед Шведийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан талийгаач Улоф Пальме  “бид идэвхтэй төвийг сахих бодлогыг баримталдаг” гэж байлаа. Гэсэн хэдий ч Швед улс бүрэн хэмжээнд, жинхэнэ утгаар нь төвийг сахиж байсан гэж хэлэхэд хэцүү. Дайны дараах жилүүдэд тус улс барууны орнууд болон Америкийн тагнуулын албатай идэвхтэй хамтран ажиллаж байсан ба социалист лагерь, ЗХУ задран унаснаас хойш уг хэлхээ холбоо улам бүр идэвхжсэн юм.

сонин mn

НАТО-гийн сүүлийн үеийн баримт бичгүүдэд Швед улсыг “төвийг сахисан холбоотон” гэж нэрлэсэн нь бий. Шведүүд 1994 онд санаачилсан НАТО-гийн “Энхийн төлөөх түншлэл” гэдэг хөтөлбөрийн анхны оролцогчдын нэг бөгөөд Шведийн арми, Умард Атлантын эвслийн хамтарсан цэргийн хээрийн сургуулилтууд байнга явагддаг.

Шведийн цэргийнхэн болон энгийн мэргэжилтнүүд НҮБ-ын мандат, НАТО-гийн удирдлага дор Босни, Косово, Малид явагдсан бүх ажиллагаанд, Афганистан дахь Олон үндэстний хүчний бүрэлдэхүүнд, Энэтхэгийн далайд явуулсан далайн дээрэмчдийн эсрэг ЕХ, НАТО-гийн эргүүл хамгаалалтын ажиллагаанд оролцож байв.

Каддафийн дэглэмийн эсрэг НАТО-гийн ажиллагааг дэмжих зорилгоор Швед улс байлдааны ажиллагаа болж байсан бүс нутаг руу Сааб "Грипен"  сөнөөгч онгоцууд, "Гольфстрим IV" тагнуулын онгоц, C-130 "Геркулес" цэнэглэгч онгоц болон цэргийн мэргэжилтнүүдийн багаа илгээсэн байна.

2021 оны 9 дүгээр сард Швед, Дани, Норвегийн батлан хамгаалахын сайд нар цэргийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурав. Шведийн Батлан хамгаалахын сайд Петер Хультквист тухайн үед мэдэгдэхдээ, Хойд Европ, Балтийн тэнгисийн хоолой дахь нөхцөл байдал муудсаны буруутан нь Орос улс мөн, оросууд улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд цэргийн хүчээ ашиглахад бэлэн байна” гэж байв. 

 

Б.Адъяахүү 

Эх сурвалж: ВВС 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)