А.Пүрэвдулам: Монголд цагдаа нар иргэнээ дээрэлхэж байхад Гүржийн цагдаа нар хүний эрхийн шалгалт өгч ажилд томилогдож байна
- 2022-03-25
- Өөр өнцөг
- 2
Хуульч, өмгөөлөгч А.Пүрэвдуламтай цагдаагийн шинэчлэлийн талаар ярилцлаа.
-Цагдаагийн шинэчлэлийн тухай та хамгийн их ярьдаг хуульчдын нэг. Цагдаа яагаад шинэчлэгдэх ёстой гэж та үздэг юм бэ?
-Өнөөдөр цагдаагийн шинэчлэлийн талаар ярих цаг болсон шүү дээ. Тийм ч учраас нэлээд дээрээс энэ талаар дуугарч эхэлсэн. Уг нь үүн дээр хуульч, өмгөөлөгчид, олон нийт дуугарвал хэрэгтэй байгаа юм. Учир нь цагдаа бол төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэдэг хууль сахиулагч. Цагдаагийн байгууллагаар дамжиж хуулийг үлгэрлэж, тэднээс иргэд төрийн үйлчилгээг авах ёстой. Гэтэл манай цагдаагийн байгууллага өөрсдийгөө хүчний байгууллага гэдэг ойлголт ерөөс засрахгүй явж ирсэн. Үйлчилгээний биш, хүчнийх гээд ойлгочихсон. Угтаа бол Цагдаагийн байгууллагын тухай хууль болон бусад эрх зүйн хэм хэмжээний акт, цагдаагийн үйл ажиллагааны стандартад энэ байгууллага бол үйлчилгээнийх гээд заачихсан. Тэр бүү хэл, харилцааны маш өндөр соёлтой, иргэдтэй чанга, өндөр дуугаар харьцаж болохгүй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, эелдэг харьцах тухай ч заасан. Харамсалтай нь өнөөдөр манай цагдаагийн ажилтнуудын ёс зүйн хэм хэмжээний тал дээр анхаарах цаг хэдийнэ болчихоод байна.
-Олон нийт ч ийм зүйлийг ихээр ярьдаг. Цагдаа нар хэрцгий догшин болсоор байна, өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдсөн асуудал дээр иргэнийхээ эрхийг дэвслэх энүүхэнд гэх юм?
-Цагдаагийн ажилтан хүний эрх, эрх чөлөөг хамгаална гэж тангараг өргөдөг. Гэвч тэд тангаргаа умартаж, хэрэгжүүлдэггүй нь нууц биш. Иргэдийн хандлага ч буруу байдаг. Цагдаагаас айж, сүрдсээр хууль сахиулах үүргийг нь улам бүдгэрүүлж байна. Төрийн цагдаа гэж хэлдэг болчихсон. Үгүй. Цагдаа бол үйлчилгээний байгууллага байтал бүр цэрэгжчихсэн. Дээд шатны дарга, байгууллагынхаа үүрэг даалгаврыг биелүүлдэг. Тэр даалгаврынхаа төлөө хүний эрхийг зөрчсөн ч хамаагүй. Цагдаад байгаа цэрэгжсэн, цол эрэмбэний дарааллыг алга болгох хэрэгтэй. Ингэж байж үйлчилгээний байгууллага болно.
-Хүн нь байхад хэрэг нь олддог гэх зөвлөлтийн школ манай цагдаад байсаар байна гэдэг. Та юу хэлэх вэ?
-Оросын школ яваад байгааг бүгд л мэдэж байгаа шүү дээ. Хуучин социалист школтой орнуудад цагдаа нар боловсрол эзэмшиж байгаа. Төгсөж ирчихээд иргэдтэй харьцдаг. Гэтэл Монгол Улс ардчилал, хүний эрх, эрх чөлөөний тухай хуульчилчихсан. Ийм үзэл баримтлалтай иргэд, хуучны школтой оронд боловсрол эзэмшсэн цагдаа хоёр мөргөлдөөд байгаа юм. Тийм учраас цагдаагийн байгууллагыг тогтолцоогоор нь өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Тэр цагт эрх зүйт нийгэм бүрэн утгаараа Монголд төлөвшинө.
Өмгөөлөгч, хуульчийн хувьд гэх ч шаардлагагүй, нийтээрээ анзаарч байгаа зүйл бол таны хэлж байгаа энэ асуудал. Цагдаагийн ажилтны хууль бус, шударга бус зүйлийн талаарх пактууд, маш олон баримт олон нийтэд ил болдог. Цагдаа иргэдтэй зүй бусаар харьцаж байгаа, эрхийг нь хязгаарлаж байгаа, эрүүл мэнд, амь насанд нь халдаж байгаа, өөрт байгаа эрх мэдлээ ашиглаж давуу байдлыг бий болгож байдаг. Жишээ нь, цагдаагийн байгууллагатай өдөр бүр харьцах шаардлага бидэнд гардаг. Үйчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах ажлын нэг хэсэг бол цагдаагийн байгууллагатай харилцах явдал байдаг. Ингээд үйлчлүүлэхээр цагдаа нар өмгөөлөгчтэй илт ялгаварлаж харьцдаг.
-Өмгөөлөгч, прокрор, шүүгч гурав хуулийн тулгын гурван чулуу гэгддэг биз дээ?
-Тэгэлгүй яахав. Гэтэл прокурор, шүүгч нартай бол өөр харьцдаг. Илт хүндэтгэлтэй, үгээр нь харьцана. Уг нь энэ гурван субьектийг ижил тэнцүү авч үзэх ёстой. Үнэндээ өмгөөлөгчид дабль стандартын нэг хохирогчид болдог. Германы эрх зүйт нийгэмд прокурор, өмгөөлөгч хоёр адилхан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ижил статустай оролцдог. Бусдын гэм буруугийн асуудлыг яллах болон цагаатгах талыг ижил тэнцүү хэлэлцэх ёстой шүү дээ. Манай өнөөгийн нөхцөл байдалд ийм боломжийг цагдаа олгодоггүй. Хавтаст хэрэг шүүх хурал болтол нууц байдалтай байсаар хурлын өмнө л хам хум өмгөөлөгчид танилцуулна. Хагас дутуу танилцсан байдалтай л шүүх хуралд орж мэтгэлцдэг. Ийм тохиолдолд иргэний гэм буруугийн асуудал үнэн зөвөөр, шударгаар дэнслэгдэж чадах уу.
-Цагдаагийн байгууллага хүний эрхийн мэдрэмжтэй байх шаардлагыг хүний эрхийн байгууллагууд анхааруулсаар байдаг. Нөхцөл байдал сайжирч байна уу?
-Үнэндээ тийм гэж хэлж чадахгүй. Харин ч эсрэгээрээ. Хүний эрхийн мэдрэмжтэй улс орны цагдаа ямар байгаа жишээ хэлье л дээ. АНУ-д жил гаруйн өмнө өнгөт арьстай залуугийн аминд цагдаагийн ажилтан хүрсэн хэрэг гарсныг санаж байгаа байх. Энэ хэргээс үүдэж америкчууд нийтээрээ эсэргүүцсэн. Хүний эрхийн мэдрэмжтэй иргэдийн төлөвшил ямар байдаг том жишээ бол тэр. Цагдаагийн байгууллага нь ч адилхан. АНУ-ын бүх мужид цагдааг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөсөн, хариуд нь цагдаагийн байгууллага нь нийтээрээ өвдөг сөгдөж уучлалт гуйсан. Нэг цагдаагийн албан хаагчийн хэргийн төлөө нийтээрээ хөдөлсөн. Энэ чинь хүний эрхийн мэдрэмж шүү дээ.
Өөр нэг жишээ гэвэл Гүрж улс байна. Яг манайхтай адилхан цагдаагийн байгууллага нь ялзарч, хүний эрхийг маш ихээр зөрчих болсон. Тиймээс тус улсын эрх баригчид маш мэдрэмжтэй өөрчлөлт хийсэн. Цагдаагийн анхан шатны нэгж дээр ажилтан сонгон шалгаруулж авахдаа мэргэжлийн шалгалт авахаас гадна хүний эрхийн мэдрэмж, мэдлэгийн шалгалтыг авдаг болсон. Үүнийгээ бүр гол шалгуур болгосон байдаг. Мэдээж цагдаагийн ахуй хангамж, нийгмийн асуудлыг маш сайн шийдвэрлэж өгсөн.
Цагдаагийн байгууллагын байр савыг орвонгоор нь өөрчилж, үйлчилгээний стандартыг нэвтрүүлсэн. Манайд бол цагдаагийн газар, хэлтсээр ороход нэг л айдас, дарамттай байдаг шүү дээ. Гүржид үүнийг шийдэж өгсөн байгаа юм. Ингэснээр ахуй хангамж нь сайжирсан, ажлын стрессгүй, хүний мэдрэмжтэй цагдаа нарын үйл ажиллагааны үр дүнд хүний эрхийг зөрчих явдал ч багассан.
-Цагдаагийн албан хаагчийг бэлддэг тогтолцоо цаг үетэйгээ нийцэхгүй байгаа юм биш үү. Хүний эрхийн мэдрэмжтэй цагдаагийн ажилтан бэлтгэе гэвэл боловсролын тогтолцоог өөрчлөх ёстой гэдэг санал яригддаг?
-Манай улс ардчилал, хүний эрхийг дээдлэх тухай суурь Үндсэн хуультай улс. Хууль эрх зүйн хувьд Ром Германы эрх зүйн тогтолцоотой. Гэтэл манай цагдаагийн ажилтнуудаа ОХУ-д бэлддэг. ОХУ-ын эрх зүйн тогтолцоо манайхаас өөр. Тиймээс Монголтой адилхан эрх зүйн тогтолцоотой, хүний эрхийг дээдэлдэг улс оронд хууль сахиулагчдыг бэлтгэх шаардлагатай. Дотоодод бэлтгэж байгаа боловсролын тогтолцоо ч хангалтгүй. Хэдэн курс судлаад л цагдаа болж байна. Ийм тогтолцоонд хүний эрхийн мэдлэг мэдээлэл олгодог гэдэг эргэлзээтэй. Өнөөдрийн цагдаа нарт өмгөөлөгч, иргэд өөрсдөө хүний эрхийн хичээл зааж байна шүү дээ.
Хүний эрхийг дээдэлье, хуулиа сахиулъя гэвэл цагдаагийн ажилтан бэлтгэж байгаа боловсролын тогтолцооноос эхлэх ёстой. Энэ нь хамгийн чухал. Хүний эрхийг дээдэлдэг АНУ болон ойролцоо эрх зүйн тогтолцоотой улсад цагдаа нараа бэлтгэхээс гадна дотоодын сургалтын чанарыг сайжруулах нь зүйтэй.
Сэтгэгдэл (2)
Гаанжууржав (202.126.93.243)
Гуц гичий минь тэгээд Оросын алуурчидаас жишээ татах уу?
Иргэн (192.82.76.203)
Гүржүүд гэх америкийн нохдоос битгий жишээ татаад бай