Оросуудын сөрсөн базаа
- 2022-03-28
- Нийтлэл
- 0
Улс гүрнүүд бие биенээ эдийн засгийн хувьд хамааралтай, хараат болгох бодлого явуулдаг нь нууц биш. Энэ нь орчин үед хүчирхэг улсуудын хувьд бусдаасаа давамгай байдлыг олох хамгийн үр дүнтэй арга технологи болсон. Аливаа улсын эдийн засгийг нь атгавал улс төр, нийгэм нь шууд дагаад ороод ирнэ. Чухам энэ л сонгодог аргаар барууны хүчирхэг улсууд бусад улсуудыг өөрсдөөсөө хараат болгон, шууд болон шууд бус байдлаар төр засгийг нь залж эд баялаг, эдийн засгийг нь өөрсдийн эрх ашигт нийцүүлэн удирдсаар ирсэн. Тодорхой үзэл баримтлалыг тухайлбал неолиберал, “чөлөөт” зах зээл гэх бодлогыг сурталчилах, тархинд нь суулгах замаар эдийн засгийг нь хараат болгох явдал хамгийн түгээмэл. Энэхүү үзэл суртал, бодлогоо онилсон улсынхаа боловсролын ситемээр нь дамжуулан оюун санаанд нь суулгах ба мөн янз бүрийн төрийн бус байгууллагуудыг зэмсэг болгон ашигладаг шалгарсан технологитой. Бид барууны болон өндөр хөгжилтэй бусад улсуудын төрийн бус байгууллагууд, тусгай сангуудыг Конрад Аденаурын сан, Бүгд Найрамдахчуудын Хүрээлэн, Ардчилалын сан, (National Endowment for Democracy), Соросын сан, Жайка гэх зэрэг жишээгээр мэднэ.
Хачирхалтай нь барууныхан өнөөдөр өөрсдөө ч мэдэлгүй явсаар Оросоос газ, энергийн хувьд хараат болсон талаараа ярьж бичих боллоо. Ингэхдээ тэд Оросуудыг Европын улсууд дахь төрийн бус байгууллагуудыг санхүүжүүлэх замаар Европыг Оросын газ, эрчим хүчнээс хараат, хамааралтай болгосон хэмээн буруутгаж буй юм. Өөрөөр хэлбэл Европынхон өөрсдийнх нь хэдэн арван жилийн турш амжилттай хэрэгжүүлж бусад улсуудыг өөрсдөөсөө хараат болгосоор ирсэн тэр сонгодог аргыг Оросууд Европын улсуудад өөрсөдөд нь хэрэглэсэнийг ухаарч ихэд бухимдаж буй аж.
Тухайлбал, “Байгаль экологийн тэнцвэр” гэх үзэл баримтлал Европод хүчтэй яригддаг, үүний төлөө тэнд олон төрийн бус байгууллагууд (ТББ) ажилладаг бөгөөд эдгээр ТББ-уудыг Оросууд санхүүжүүлэх замаар барууны улсуудад зөвхөн Оросын гаргадаг байгальд хамгийн ээлтэй цэвэр газ хийг хэрэглэх бодлогыг хүчтэй сурталчилж, төрийн бодлогод нөлөөлж Европын олон орныг Оросын үнэнч хэрэглэгч болгосон хэмээн судлаачид үзэж буй аж. Тэдний үзэж буйгаар Оросууд 90 орчим сая долларыг Европын холбооны байгаль орчны төлөө ТББ-ууд, тэмцэгчдэд өгч Европын холбооны эрчим хүчний бодлогод нөлөөлж чадсан аж.
Оросууд үүн дундаа Газпром, Лукойл зэрэг томоохон төрийн өмчит компаниуд оффшор данс болон олон улсын санхүүгийн системийн бусад төвөгтэй нүүдлийг ашиглан санхүүжилтийн эх үүсвэрээ нууж чадсан нь энэ асуудлыг мөрдөж гаргахад ихээхэн хүндрэлтэй байгаа гэнэ. Европын улсууд дахь Байгаль экологийн төлөө тэмцэгчид, группууд, ТББ-ууд нь Оросоос санхүүжилт авсан, тэдэнтэй холбоотой байсан гэдгийг шууд үгүйсгэж байгаа. Ямартай ч Европын улсууд мөн АНУ ч гэсэн Оросын газ, нефть гээд эрчим хүчнээс хамааралтай болсон уу гэвэл болсон. Европынхны хувьд Оросын газнаас бүр хараат байдалд орсон гэхэд үнэнээс хол зөрөхгүй. Гэхдээ энд хамгийн гол нь олон улсын нийгэм эдийн засгийн интегралчлал хөгжил, зах зээлийн зарчим үйлчилсэн гэдгийг орхигдуулж болохгүй. Өнөөдөр байгаль экологийн тэнцэл олон улсын тулгамдсан асуудал мөн үү гэвэл мөн. Оросууд хамгийн цэвэр, экологийн бүтээгдэхүүнийг хамгийн хямд үнээр Европод нийлүүлдэг үү гэвэл нийлүүлдэг. Үүний үр дүнд Америк, Европт байгаль экологит сөрөг нөлөөтэй, өндөр өртөгтэй шеил кракинг аргаар газан хий (shale gas) гаргаж авах явдал багассан уу гэвэл багассан.
Гэвч байгаль экологийн тэнцэлд гарсан эерэг үр нөлөөнөөс үл хамаараад барууныхан Оросын газ, эрчим хүчний хэрэглээнээс татгалзах, хамааралтай байдлаасаа гарах тал дээр ихэд хичээнгүйлэн ажиллаж байна. Тэд ямарваа нэгэн үзэл баримтлалыг хүмүүсийн тархинд суулгаж өгөх, янз бүрийн ТББ-уудыг санхүүжүүлэх замаар улс орны бодлогод нөлөөлөх ямар байдгийг зах зухаас нь өөрсдийн бие дээр мэдэрч буй аж. Оросууд эхлээд барууны ТББ-уудыг хөөгөөд гаргасан, дараа нь энэ сөрсөн базааг тун амжилттай хийж буй бололтой.
Эдийн засагч Х.БАТСУУРЬ
Сэтгэгдэл (0)