10 тэрбум модны цунами - ажилгүйдлийг арилгах арга зам
- 2022-03-29
- Нийтлэл
- 0
Сүүлийн хоёр жилийн хугацаанд коронавирусний цар тахал нийгэм-эдийн засгийн олон салбарыг хүндрэлд оруулсан хэдий ч байгаль орчноо сэргээхийн тулд мод тарих шинэ санаачилгууд эрчээ алдсангүй, дэлхий даяар 1 их наяд ширхэг мод тарих хөдөлгөөнд олон орны хүмүүс идэвхтэй оролцож байна. Уур амьсгалын өөрчлөлтийг зогсоохын тулд мод тарих нь зүйтэй гэсэн энгийн үнэнийг дэлхий даяараа хүлээн зөвшөөрчээ. Дээрх санаачилга хөдөлгөөнүүдийн нэг бол Пакистанд хэрэгжүүлж буй 10 тэрбум модны цунами /10 Billion Tree Tsunami/ гэдэг өвөрмөц содон нэртэй хөтөлбөр юм.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн индекст бичигдсэнээр, Пакистан улс сүүлийн 20 жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хамгийн их хохирол амссан 5 улсын нэг болж байна. Хүн амын тоогоор дэлхийд эхний 5-д ордог, иргэдийнх нь 24 хувь нь ядууралд өртсөн энэ улс уур амьсгалын өөрчлөлтөд тун эмзэг өртөж байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд Пакистанд 150 гаруй удаа үер, ган гачиг, хэт халалт гэх мэт байгалийн гамшигт үзэгдлүүд тохиосон бөгөөд хэрвээ ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол нөхцөл байдал улам дордоно гэдгийг шинжээчид анхааруулсаар. Үүний зэрэгцээ Пакистан бол ойн сан хамгийн багатай улсуудын нэг бөгөөд нутаг дэвсгэрийнх нь дөнгөж 5 хувь нь ойгоор бүрхэгджээ. Гэтэл аливаа улсын нутаг дэвсгэрийн ойн сан бүхий газрын хэмжээ нутаг дэвсгэрийнх нь 12 хувьд хүрч байвал зохистой түвшин гэж НҮБ үздэг.
Иймээс нүүрлэж буй олон аюулыг сөрөн зогсохын тулд Пакистаны Ерөнхий сайд Имран Хан 2018 оноос эхлэн “10 тэрбум модны цунами” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. Тэрбээр өмнө нь “1 тэрбум модны цунами” кампанит ажлыг санаачилж 2014-2018 онд 350 мянган га газарт 872,3 сая ширхэг мод тарих ажлыг зохион байгуулсан туршлагатай улстөрч.
Ойн талбайг нэмэгдүүлэх, доройтолд орсон ойг нөхөн сэргээх, ногоон бүс ба түүний орчимд амьдардаг зэрлэг амьтдыг хамгаалахад чиглэсэн цунами хөтөлбөрийн хүрээнд 5 жилийн дотор 10 тэрбум ширхэг мод тарих зорилт дэвшүүлсэн бөгөөд өөрөөр хэлбэл, 2023 оны эцэс гэхэд уг зорилтыг хангасан байх учиртай. Гэтэл 2021 оны дунд үе гэхэд 1 тэрбум орчим мод суулгасан ба үлдсэн богинохон хугацаанд 9 тэрбумыг суулгах ёстой, үүнд нийт 2,5 тэрбум доллар зарцуулах тооцоо бий.
Хэдийгээр Пакистаны гадаад өр асар их хэмжээнд хүрсэн /122 тэрбум доллар/ боловч тус улс nature performance bond буюу ногоон бонд гаргах замаар хөтөлбөрийг санхүүжүүлэх арга замыг хайж байна. Цунами хөтөлбөрийг Дэлхийн эдийн засгийн форум, Дэлхийн байгаль хамгаалах сан, Олон улсын байгаль хамгаалах холбоо зэрэг байгууллагууд идэвхтэй дэмждэг. Мөн Пакистанд мод тарих хөтөлбөрийг санхүүжүүлэхэд Герман улс оролцож, цунами төслийг хэрэгжүүлэхэд 13,5 сая еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ.
Мод тарих газрууд нь орлого багатай иргэд голдуу амьдардаг ядуу тосгод. Гэтэл цар тахлын улмаас 2021 оны 3 дугаар сард орон даяар тогтоосон хөл хорионы улмаас мод тарих ажил зогсжээ. Үүний улмаас хөдөө орон нутгийн иргэд ажилгүй болсны зэрэгцээ цар тахлын улмаас том хотуудад барилгын ажил үндсэндээ зогсож, олон мянган мэргэжилтэй ажилчид ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэнээр хөдөө тосгон руугаа буцахаас аргагүйд хүрэв. Иймээс кампанит ажлыг 4 дүгээр сараас сэргээлээ. Мод суулгаж буй иргэд маск зүүж, хүн хоорондын 2 м-ийн зай барьж ажиллах ёстой. Мод тарих хөтөлбөрт хамрагдаж буй ажилчид хотод барилга дээр ажиллаж байснаасаа даруй 2 дахин бага цалин хөлс авч байгаа хэдий ч гэр бүлээ тэжээх мөнгөтэй болсондоо сэтгэл хангалуун байна.
Ойрын үед цунами төслийн хүрээнд нийт 85 мянган ажлын байр шинээр бий болгох бөгөөд мод суулгагч иргэд өдөрт 3-5 долларын цалин авч /500-800 рупи/ суулгацуудыг арчлах, хулгайгаар мод огтлохоос сэргийлэх ажлыг гүйцэтгэнэ. Цаашдаа хөтөлбөр өргөжихийн хэрээр дахин 200 мянган хүнийг ажлын байртай болгох зорилт дэвшүүлжээ. Тухайлбал, Ерөнхий сайд Имран Хан 7,3 мянган хав.дөр.км талбайг хамарсан 15 үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэр гаргаснаар 5 мянган хүн ажилтай болно. Түүнээс гадна, мод тарихад тааламжтай үе 5 дугаар сард дуусдаг боловч хүмүүсийг ажилтай байлгах үүднээс уг хугацааг 6 дугаар сарын эцэс хүртэл сунгахаар шийдвэрлэжээ.
Нөр их ажлын эхний үр дүн гарч, Пенжабын районд гэхэд 30 сая мод суулгасан бол энэ онд дахин 50 саяыг тарихаар төлөвлөжээ. Цунами төслийн ачаар экологид төдийгүй эдийн засагт ч нааштай өөрчлөлтүүд гарч эхэллээ. Өнгөрсөн 20 дугаар зууны 30-аад оны үед АНУ-д ажилгүйдэлтэй тэмцэхийн тулд бүх нийтийг хамарсан ажилд ажилгүйчүүдийг дайчлан оролцуулдаг байсны өнөө цагийн жишээ бол Пакистаны 10 тэрбум мод тарих төсөл юм. Мод тарих нь дэлхийн дулаарлаас хамгаалах төдийгүй цар тахлын хүнд үед хүмүүсийг ажилтай байлгаж байна.
Цунами хөтөлбөрийн зорилго бол мод тарихаас гадна хүмүүсийн сэтгэлгээ хандлагыг өөрчилж, байгаль орчноо хайрлан хамгаалах ухамсрыг төлөвшүүлэх явдал юм.
Гэтэл сайн юманд садаа мундахгүй гэгчээр мод тарих ариун үйлсийг эсэргүүцдэг хүмүүс бас байдаг ажээ. Шашны нөлөөнд хэт автагдсан Хайбер-Пахтунва мужийн Бара хотын хэсэг оршин суугчид мод тарих нь өөрсдийнх нь шүтдэг шашны үзэл санаанд харшилна гэж үзээд “экологийн террорист ажиллагаа” явуулж, 6 мянга гаруй ширхэг суулгацыг суга татаж аваад хугалж устгасан хэрэг гарчээ. Мөн цөлийг ногооруулахын эсрэг янз бүрийн жагсаал цуглаан болдог гэнэ. Дээрх хэрэг гарсны шалтгааныг өөрөөр тайлбарлах нь бий. Учир нь, мод тарьсан тухайн газар нэгэн улстөрчийн мэдлийнх байсныг засгийн газар хураан авсан тул газраа алдсан этгээд орон нутгийн иргэдийг өдөөн турхирч дээрх үйлдлийг хийлгэсэн байж магадгүй. Ер нь бол, олны танил нөлөө бүхий хүмүүс газрыг үлэмж хэмжээгээр эзэмшдэг шударга бус байдлыг халахын тулд маш хатуу арга хэмжээ авсан гэдгийг дурдах нь зүйтэй. Эрх баригчид нийтийн эрх ашгийг дээдэлж, улс төрийн эр зориг гаргаж байгаа нь 10 тэрбум модны цунами хөтөлбөр амжилттай хэрэгжих нэг үндэс ажгуу.
Хөтөлбөр хэрэгжүүлэх явцад тарьсан моддын тоог худал мэдээлэх, мод тарих ажлыг ор нэрийн төдий гүйцэтгэх, хийгээгүй ажлын төлбөрийг шилжүүлэх гэх мэт авлигын шинжтэй үйлдлүүд ч цөөнгүй удаа гарсан байна.
Өмнө нь ойн аж ахуй хамгийн ихээр авлигад идэгдэн дампуурч, хяналт шалгалтаас ангид, тайлангаа тавьдаггүй салбар байв. Харин одоо эл байдал эрс өөрчлөгдөж, хамгийн ил тод шилэн данстай байгууллага болжээ.
Пакистаны туршлага бол цар тахлын үед олон улс орны хувьд үлгэр жишээ болж байна. Мэдээж хэрэг, ажилгүй бүх хүнийг мод тарихад дайчлан ажиллуулах боломжгүй, гэхдээ ийм хурдаар явбал 2023 оны эцэст биш юм аа гэхэд ойрын хэдхэн жилийн дотор цунами хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой гэдэг нь харагдаж байна. Харьцуулсан жишээг дурдахад, 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Этиоп улсын иргэд ганцхан өдрийн дотор 353 сая ширхэг суулгац тарьснаар дэлхийн дээд амжилт тогтоож байсан билээ. Тэгэхээр 230 сая гаруй хүн амтай Пакистан улсын хувьд үлдсэн хугацаанд цунами хөтөлбөрөө хэрэгжүүлэх бүрэн боломжтой.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл (0)