Т.Болд: Монгол Улсыг хөгжүүлэхгүй байх сонирхол хоёр хөршид бий
- 2022-03-31
- Өөр өнцөг
- 2
Олон улс судлаач, тоймч Т.Болдтой ярилцлаа.
-Манай улс чөлөөт зах зээлийн нийгэмд шилжээд 30 жил боллоо. Дэлхийн эдийн засгийг хөдөлгөдөг хоёр том хөршийн дунд оршдог хэрнээ хөгжихгүй байгаагийн шалтгааныг та хэрхэн хардаг вэ?
-Ер нь манай хоёр хөрш Монгол Улсыг хөгжүүлэхгүй гэсэн бодлоготой. Яагаад гэвэл, аль алинд нь монгол үндэстэн байна. Орост буриад, тува нар бий. Урд талд өмнөд монголчууд маань байна. Хэрвээ Монгол Улс хөгжөөд, дэлхийн хүмүүсийг татах хэмжээнд хүрэх юм бол монгол үндэстнүүд маань хоёр хөршөөс салан тусгаарлаж мэднэ. Улмаар Монгол руу нэгдэх хөдөлгөөн өрнөхөөс хоёр хөрш маань айж байгаа.
Тиймээс манай улсыг хөгжүүлэхгүй байх зорилго аль, алинд нь бий гэж боддог. Монгол Улсын хөгжилд нэмэр болохуйц Орос, Хятадын хөрөнгө оруулалт манайд үнэндээ алга.
Орос бол бүр тэг гэж хэлж болно. Хятадаас жижигхэн үйлчилгээний газрууд ч юмуу, хамгийн ихдээ ноос угаах үйлдвэр л байдаг Тэрнээс яг Монголын хөгжилд түлхэц болохоор хөрөнгө оруулалтууд байхгүй. Харин энэ хоёр их гүрний дунд Оюу толгойд гурав дахь хөршийнхөө хөрөнгө оруулалтыг татаж чадсан нь бидний хувьд маш том зол завшаан. Мэдээж, энэ том төсөл эхэндээ хоёр хөршийн эсэргүүцэлтэй их тулсан. Тэр зовлонг туулж давж гарч, хөдөлгөж чадсан С.Баярын Засгийн газарт талархах ёстой. Өнөөдөр Оюу толгой төсөл Монголын эдийн засгийг тэтгэж байгаа гол суваг боллоо шүү дээ.
-Өнгөрсөн 30 жилд манай улс стратегийн томоохон бүтээн байгуулалт босгож чадсангүй. Цахилгаан, шатахуунаараа Оросоос хараат байсаар ирлээ. Үүнд хэн буруутай вэ?
-Монгол Улсыг олигтой хөгжүүлж болохгүй гэсэн хойд хөршийн гол явуулга. Эгийн голын усан цахилгаан станцын төсөл 20-иод жилийн өмнө М.Энхсайханы Засгийн газрын үеэс яригдаж эхэлсэн. Анхандаа монголчууд өөрсдөө учраа ололгүй, төслийг эсэргүүцэж байсан байх. Сүүлийн үед оросууд хаалт тавьж байгаа. ЮНЕСКО-гоор дамжуулаад Байгал нуурын экологи сүйдэх гэж байна гэсэн шалтгаанаар хориг тавиад байна. Зөвхөн Эгийн голын усан цахилгаан станцад төдийгүй өөр газарт барих эрчим хүчний эх үүсвэрүүдийн төслийг Монголд байгаа өөрсдийн гар хөлөөрөө дамжуулж гацаадаг. Жишээлбэл, Багануурын, Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслүүд олон жил яригдлаа. Хөдөлж өгдөггүй. Оросууд шууд өөрсдөө оролцож гацаахгүй ч гэсэн эндэх иргэдийн хөдөлгөөн, төрийн бус байгууллагуудаараа дамжуулаад бойкотолж чадаад байгаа юм. Бид өнөөдөр Оросоос эрчим хүчээр 25 хувь, нефтийн бүтээгдэхүүнээр 98 хувь хараат байж ирсэн, үнэхээр харамсалтай. Харин У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа нефть боловсруулах үйлдвэрийг эхлүүлж чадсан нь том амжилт. Энэтхэгийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа уг үйлдвэрийн бүтээн байгуулалт бас л их зовлон туулж байж хойд хөршийн явуулгыг давж гарч чадсан төсөл. Тэр нь сүүлийн үед явц нь нэг л удаан байна уу даа гэж харагдаад байгаа.
-Ер нь хойно сургууль төгссөн, орос школтой нөхдүүд төрд гарчихаад улсаа хорлоод байгаа юм биш үү?
-Бүгд биш гэж бодож байна. Манай улстөрчдийг урвуулах замаар бодлогоо хэрэгжүүлээд байгаа юм. Тэрэн дотор нь орос школтой нөхдүүд бас харагддаг. Төмөр замын талаар ярихаар бүгд л мэднэ. 2008 оноос MCS компани төмөр зам бариад Гашуунсухайт руу нүүрсээ зөөх төслийг Германы банкнаас зээл аваад эхлүүлж байхад нь Х.Батуулга гэж тэр үеийн Зам тээврийн сайд Их хурлаар нэг тогтоол гаргуулаад зогсоочихсон. Заавал улс барих ёстой гээд төмөр замаа эхлүүлсэн боловч одоо хүртэл гацаатай. Таван толгойн нүүрсээ зарж олсон орлогынхоо цэвэр ашгаар нь барьж байгаа асуудал шүү дээ. Тэр төмөр замаа дуусгаагүй байж хажуугаас нь Зүүнбаян руу өргөн царигтай төмөр зам тавиад л хөрөнгө мөнгийг тарамдуулаад байна л даа. Энэ бол улсаа санаатайгаар хохироож байгаа үйлдэл. Зүүнбаян руу 400 гаруй км зам тавих ямар ч хэрэггүй. Үүний оронд Гашуунсухайтаар явж байгаа замаа барихдаа хоёр салаа болгох ёстой байсан юм. Нарийн царигаар барих ёстой замыг хорлож байгаа юм шиг өргөнөөр барьсан. Тэрийгээ дуусгаагүй байж, Зүүнбаян руу дэмий төмөр зам татсан. Гэтэл энэ төмөр замыг чанаргүй барьсан нь сая харагдлаа шүү дээ. Хоёр хоногийн өмнө вагон уначихсан байна гээд баахан шуугилаа. Албаар чанаргүй барьсан нь эндээс тодорхой харагдаж байна. Цэргүүдээр бариулсан гэж байгаа. Мэргэжлийн улсууд “Төмөр замыг цэргүүд барьдаггүй юм аа” гээд зөндөө хэлж байсныг санаж байна. Энэ бол улсын хөрөнгө мөнгийг тарамдуулж хаясан хорлон сүйтгэх ажиллагааны зүгээр л нэг жишээ.
-Ер нь төрийн хийсэн ажил чанаргүй болдгийн тод жишээ боллоо. Сая Хөтөлийн цементийн үйлдвэрийг төр худалдаж авсныг нэлээд шүүмжилж байгаа харагдах юм. Та ямар байр суурьтай байна?
-Төрийн хийсэн ажлууд чанаргүй, гүйцэтгэл муутай байна. Шат, шатандаа хоноцын сэтгэлээр ханддагтай холбоотой. Хөтөлийн үйлдвэрийн тухайд нэг зүйл дээр эргэлзээтэй байна. Менежмэнтийн хувьчлал гээд төр үнэгүй хувьчилсан гэж яриад байгаа юм. Нөгөө талд нь болохоор 41 тэрбум төгрөгөөр худалдаж авсан гээд яваад байх юм. Үнэхээр төр хувьчилсан юм бол хувийн өмчийг ямар нэг шүүхийн шийдвэргүй булааж авч болдог юм уу. Би үүн дээр гайхаж л байна. Хууль зүйн яам гээд том аппарат байна. Бодвол тэр яам нь болно гээд булааж авч байгаа юм байлгүй. Нөгөө тал нь шүүхээр заргалдаад явах биз ээ.
-Ер нь Монголоо хорлосон хүмүүсийг яаж шийтгэвэл зохистой вэ. Зарим нь үе удмаараа төрд шургаж, шимэгчилж амьдрах сонирхолтой байдаг бололтой...
-Манай улс хүний буруутай үйлдлийг шүүхээр тогтоодог ардчилсан зарчимтай. Үнэхээр Монгол Улсдаа хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан нь тогтоогдвол зохих ялыг нь өгдөг. Тэр дунд нийтийн албанд ажиллах эрхийг нь тодорхой хугацаагаар хаслаа гэсэн шийтгэл байдаг. Харин тэдний ялыг удам дамжуулан эдлүүлнэ гэвэл бидний ардчилсан зарчим биш.
-Орос ах нарын байгуулж өгсөн хот, тэд байшин савтай болгож өгсөн гэж ярих хүмүүс их байх юм?
-Харин тийм. Тэмбүүнээс салгаж өглөө гэж сайрхацгаах нь ч бий. Орос бидний тусгаар тогтнолын баталгаа гэж ярьж байна. Украинтай хийж байгаа дайнд Орос хэрэв ялахгүй бол Хятад биднийг эзэлнэ гэж ярьдаг юм. Тийм зүйл байхгүй гэж зуун хувь хэлмээр байна.
-Хөгжлийг зарим хүмүүс нүдэнд харагдах шилэн барилгаар жиших юм. Сүүлийн 30 жилд эдийн засагт хувь нэмрээ оруулсан томоохон бүтээн байгуулалтуудыг нэрлэвэл та юуг онцлох вэ?
-Оюу толгой, Эрдэнэс Таван толгой л байна даа. Энэ хоёр л Монголыг тэтгэж байх шив. Өнгөрсөн 30 жилд бидний эхлүүлсэн өөр том бүтээн байгуулалт үнэндээ алга. Уг нь Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой Хөгжлийн банкны зээлээ төрд гарсан улсууд өөрсдөө хуваагаад идчихлээ. Ер нь бол төрд аливаа банк, сангууд, үйлдвэрийн газар, бизнес байх ямар ч шаардлагагүй. Байх л юм бол бүгд хулгайн замаар орно. Тиймээс төрд байгаа аж ахуйн нэгжүүдээ бүгдийг нь хувьчлаад төр өөрөөсөө салгах хэрэгтэй. Нэг ширхэг банк ч байх хэрэггүй.
-Засгийн газраас зарласан шинэ сэргэлтийн бодлогыг та хэр гэгээлгээр харж байна?
-Санаа нь бол зөв. Хэрэгждэг бол үнэхээр сайхан. Хэрэгжүүлэх хүсэл зорилго, чин сэтгэл нь байна уу, зүгээр шоу юм уу. Том том бүтээн байгуулалтууд ярьж байна. Тэрийг хийх мөнгө нь байгаа юм уу. Хувь хүнийхээ хувьд эргэлзэж л байна.
-Орос Украины дайнтай холбоотой манай ард түмэн их талцах юм. Дайны талаар янз бүрээр л тайлбарлах юм. Харин таны хувьд Украинд очоод нэвтрүүлэг бэлдэж байсан хүний хувьд юуг онцлох вэ?
-Тэр дайн яагаад эхэлсэн тухай Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийг л энд дурдмаар байна. Мань эр “Диктатуртай том улс өөрийнхөө хажууд эрх чөлөөтэй, ардчилсан, хөгжингүй улс байлгахгүйн тулд эхлүүлсэн дайн” гэж хэлсэн. Яг л Монгол хөгжөөд ирвэл хойноос буриад, тува нар нутгаа аваад таслаад ороод ирж мэдэх улс Оросын бөөрөнд байгаа учраас энэ үндэстэнг дарж авъя гэсэн В.Путины хорон санаа гэж Ц.Элбэгдорж ярилцлаганд орохдоо хэлж байсан л даа. Миний хувьд зуун хувь санал нэг байгаа. Монгол Улс бол дайныг дэмжихгүй, эсэргүүцэхгүй, түдгэлзэж байна гээд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр манайх байр сууриа илэрхийлсэн шүү дээ. Монголын дотоодод иргэд тэрийг эсэргүүцэнэ үү, дэмжинэ үү гэдэг нь цэвэр хувь хүний эрх чөлөөний асуудал. Монгол Улсын иргэд чөлөөтэй сэтгэн бодох, тэрийгээ чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөгөө Үндсэн хуульдаа баталгаажуулсан орон шүү дээ. Тийм учраас дайны тухай монгол хүн чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх ёстой. Тэрийг хэн ч хааж боож чадахгүй. Хэрэв оросын төр манай ард иргэдийг дотроо эсэргүүцлээ гээд шатахуунаараа хааж боох юм бол маш харалган бодлого. Боовол боохоос биш. Бид ямар тэрнээс нь айгаад ардчиллаасаа ухралтай биш. Ард түмнийхээ амыг барилтай ч биш.
-Сүүлийн үед ардчиллыг бүдгэрүүлэхийг оролдох хандлага их ажиглагдах боллоо. Орос шиг, Хятад шиг байвал амар гээд л адилсгах гэж оролдох болсон. Энэ үзлийн талаар та юу хэлэх вэ?
-Манай нийгэмд болохгүй бүтэхгүй юм зөндөө л байна, тэр бүгдийг ардчилалтай холбож тайлбарлах гэж оролддог нь бусармаг явдал шүү. Ардчилсан парламентын засаглалтай аливаа улсын улс төр, эдийн засгийн шийдвэрүүд гарах гэж уддаг, хэрэгжүүлэх шатандаа хариуцлага алддаг, эзэнгүйрдэг муу гэмээр талууд бий гэвэл бий. Иймээс зарим иргэд “хатуу” гарыг хүсэмжилдэг байх.
Гэхдээ бидний засаглалын хэлбэр нь бидний Тусгаар тогтнолын баталгаа гэдгийг иргэд маань хатуу ойлгоосой гэж хүснэ. Нэг хүний засаглалыг хоёр том хөрш маань тэр дор нь урвуулж Монгол Улс Тусгаар тогтнолгүй болохыг хэн ч хүсэхгүй биз ээ.
М.Мөнхцэцэг
Сэтгэгдэл (2)
Иргэн (192.82.76.203)
Энэ сэтгүүлч юугаа мэддэг юм.
(202.126.89.121)
битгий балайр өөрсдийн хулгай чнар хөгжүүлэхгүй байх сонирхол их байгаа юм гуйлагчин болгож байгаад атга боорцог өгөөд дарга болж аваад гаднаас зээл авч идэж уух хүсэл тэдэнд байгаа