Их ногоон хэрэм буюу Африк тивийн ирээдүй
- 2022-03-31
- Нийтлэл
- 0
Өнөө цагт уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн цөлжилтийн асуудлыг шийдэх боломжтой гэдгийг харуулж буй төсөл бол “Африкийн Их ногоон хэрэм” юм. Элэгдэлд орж доройтсон газрын хөрсийг сэргээх, дэлхийн хамгийн ядуу буурай бүс нутгуудын нэг болох Сахельд амьдардаг олон сая хүний амьдралын чанарыг сайжруулах нь энэхүү геоинженерийн аварга том төслийн гол зорилго болой.
Дэлхий дээрх хамгийн том элсэн далай гэгддэг, Хятад улсын нутгаас арай бага хэмжээтэй Сахарын цөл өнгөрсөн XX зуунд 10 гаруй хувиар тэлжээ. Цөлийн өмнөд хэсэг ба төв Африкийн үржил шимт газар нутгийг заагладаг Сахель хэмээх халуун орны саванна бүс нутаг нь Африкийн 300 сая гаруй хүн ам бүхий 12 улсыг бүрэн ба хэсэгчилсэн байдлаар хамардаг.
Гэтэл жил бүр тохиож буй ган гачигийн улмаас тус нутгийн хөрсний чанар муудаж, өвс ургамлын гарц буурсан нь хүнсний аюулгүй байдалд ноцтойгоор нөлөөлж эхэлжээ. Хэрвээ яаралтай арга хэмжээ авч цөлжилтийг зогсоохгүй бол дэлхийн дулаарлын улмаас 500 сая африк хүний амьдралын чанар муудаж, Сахар, Сахелийн цөлжилттэй холбоотой хүнс тэжээлийн ба ажлын байрны хомсдолын улмаас 60 сая хүн нутаг орноосоо дүрвэж, өлсгөлөнгөөс үүдэлтэй хүмүүнлэгийг ноцтой хямрал нүүрлэж болзошгүй гэсэн гунигтай дүр зургийг НҮБ гаргажээ. Бусад судалгааны дүнг харвал, Африкийн газар нутгийн 46 хувь нь газар тариалан эрхлэхэд нэгэнт тохиромжгүй болсон байна.
Түүх сөхвөл
Үүнийг ухаарсан африкчууд Сахарын цөлийн тэлэлтийг зогсоох зорилгоор уртаашаа 7775 км, өргөөшөө 15 км ойн зурвас байгуулахаар шийдвэрлэжээ.
Их ногоон хэрэм байгуулах тухай санааг анх 1970-аад оны үед Буркина-Фасо улсын ерөнхийлөгч Томас Санкара дэвшүүлсэн гэдэг. Төрийн тэргүүнээр ажиллах хугацаандаа тэрбээр өмнийг чиглэсэн Сахарын элсний нүүдлийг зогсоохын тулд 10 сая гаруй мод тарих ажлыг зохион байгуулжээ. Үүнтэй зэрэгцэн Кени улсад “Ногоон бүс” гэдэг ТББ байгуулагдаж, устаж үгүй болсон ойг сэргээх ажлыг хийж эхэлсэн байна.
1970-аад оны сүүлчээр Сахарын цөлийн өмнөд хязгаар дахь Сахелийн бүс нутгийн үржил шимтэй өргөн уудам нутаг цөлжилтөд өртөн маш хурдан хуурайшиж эхлэв. Нэгэн цагт ногоон цэцэрлэг мэт байсан энэ нутаг хэдхэн жилийн дотор хуурайшиж, үржил шимгүй болсон нь уур амьсгалын өөрчлөлт, хүн амын хэт өсөлт, газрыг зохисгүй байдлаар ашигласантай холбоотой. Үүний улмаас хүнсний хомсдол нүүрлэж, үржил шимтэй газрыг булаацалдсан зэвсэгт мөргөлдөөнүүд дэгдэж, улс төрийн тогтворгүй байдал, хүчирхийлэл газар авч, олон сая хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, өөр нутаг руу дүрвэх болов.
Нөхцөл байдал улам дордсоор байсан тул Африкийн улсуудын удирдагчид эвдрэлд орсон хөрсийг сэргээх явдлыг нухацтай авч хэлэлцсэнээр 2007 онд “Их ногоон хэрэм”-ийг байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурлаа. Дэлхий дээрх хүний гараар бүтэх хамгийн том энэ байгууламж Сенегалаас Жибути улс хүртэл, өөрөөр хэлбэл Атлантын далайн эргээс Улаан тэнгис хүртэл үргэлжилж, хиймэл дагуулын зургаар бол тивийг үндсэнд нь хоёр хэсэгт хуваасан мэт харагдах учиртай.
2007 оноос хойш санаачлагч 11 улс дээр дахин 10 улс нэгдсэнээр уг төсөл глобал шинжтэй болж, НҮБ, Европын Холбоо зэрэг олон улсын байгууллагуудаас тусламж дэмжлэг авах болов. Тухайлбал, 2021 оны 1 дүгээр сард болсон «Нэг гараг» онлайн дээд хэмжээний уулзалтын үеэр спонсор орнууд Африкийн төсөлд 14,2 тэрбум доллар хандивлахаа амлажээ.
Төслийн явц
Африкийн Холбоо, Их ногоон хэрмийн асуудал эрхэлсэн ПанАфрикийн агентлагийн хариуцаж буй төслийн хэрэгжилт одоогоор дөнгөж 15 хувьтай байгаа боловч мод тарьсан тухайн районд хуурай салхины нөлөө багасч, бичил уур амьсгал сэргэж, шинээр тарьсан модод хөрсийг тэтгэх болсноор эргэн тойронд нь хүнсний ногоо, жимс тариалах болжээ. Цөлөөс хамгаалагдсан газар орон төсөөлснөөс хамаагүй хурдан сэргэж байна. Тухайлбал, 2019 оны байдлаар Нигерид элэгдэлд орсон 5 сая га, Этиопт 15 сая га газрыг тус тус сэргээж чадсан байна. Ган гачигт хамгийн ихээр нэрвэгдэж буй Сенегал, Этиоп, Нигери, Нигер, Буркина-Фасо улсад нийтдээ 25 сая га газрын хөрсийг нөхөн сэргээжээ. Зөвхөн Сенегалд гэхэд 18 сая мод суулгасан бол Нигер улсад 330 мянга гаруй ажлын байр бий болов.
Цөлийн хатуу ширүүн уур амьсгалд нухлагдсан улс орнууд байгалийн унаган төрхийг дахин сэргээхийн тулд элсний нүүдлийг хазаарлах олон аргыг туршжээ. Анхандаа зүүнээс баруун эргийн чиглэлд моддыг эгнүүлэн тарьж, ногоон зурвас байгуулахаар төлөвлөж байсан бол цаг хугацааны явцад ногоон хэрэмд хамаарах тухайн газар орны уур амьсгал, байгаль газарзүйн онцлогуудыг тусгасан экологийн санаачилгууд дэлгэрч эрчээ авч байна. Агро парк байгуулан ойжуулахын зэрэгцээ элсэн манхныг засаж үелэн ногоон далан үүсгэх, цооног өрөмдөн усжуулалтын систем барих зэрэг ажлуудыг хийж байна. Энэ нь газрыг нөхөн сэргээхээс гадна орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, тогтмол орлоготой байх боломжийг олгоно.
Зөвхөн тухайн орон нутагт ургадаг, жилдээ дөнгөж 100-400 мл хур тунадас унадаг гандуу нутагт дасан зохицож чадвартай 37 нэр төрлийн модыг мэргэжилтнүүд сонгон авсны нэг нь одоо хамгийн ихээр тарьж буй акаци мод юм. Түүнчлэн Африкийн саванна бүс нутагт ургадаг, саяхныг хүртэл хэрэггүй гэж тооцогдож байсан баобаб гэдэг модыг өргөнөөр тарих болжээ. Учир нь, энэ модны үр жимс нь С аминдэм ихээр агуулдаг, эрүүл мэндэд тустай тул Европ, АНУ-ын хүнсний компаниуд шүүс ба бусад хүнсний бүтээгдэхүүнд нэмэлт орц найрлага болгон ашигладаг. Энэ модны ургалт удаан боловч олон зууны турш амьдардаг тул ирээдүйг харсан оновчтой хөрөнгө оруулалт болно.
Баобабаас гадна дэлхийн хүнсний үйлдвэрлэлийн ирээдүйг тодорхойлж магадгүй бусад мод ургамлууд ч бий. Жишээ нь, Афганистан, Энэтхэг, Пакистаны нутагт, Гималайн нурууны урд хэсгийн хуурайшилттай бүс нутгуудад ургадаг тослог моринга гэдэг модны навч нь хүний эрүүл мэндэд маш тустай бөгөөд түүнийг Сахельд ургуулах боломжтой. Түүнчлэн гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлагад багтдаг ши тосыг Сахельд ургадаг самраас гарган авдаг гэх мэт.
Бонны их сургуулийн эрдэмтдийн баг Сахелийн хөрсний эвдрэлээс үүдэлтэй эдийн засгийн хохирол ба уг газрыг Их ногоон хэрмээр хамгаалснаар эдийн засгийн ямар үр ашигтай вэ гэдгийг тооцоолжээ. Үүний тулд хэрмийг барихад зарцуулж буй зардлыг /жилд 3 тэрбум доллар/ тооцож, мөн шинээр тарьсан моддын экологид үзүүлж буй 22 шууд ба дам нөлөөллийг судалсан байна.
Ойжуулалтыг 9 өөр хувилбараар хэрэгжүүлнэ гэж үзвэл Африкийг ногооруулахад 18-70 тэрбум долларын зардал гарна, гэхдээ үүнээс 1,1-4,4 дахин их хэмжээний ашиг олох боломжтой, ногоон хэрэм 10 жилийн дотор өртгөө нөхнө гэсэн тооцооллыг Германы эрдэмтэд хийжээ.
Тогтвортой хөгжлийг хангах төсөл
Төлөвлөсөн ёсоор 2030 он гэхэд уг хэрмийг байгуулж дуусах ёстой бөгөөд ингэснээр 100 сая га газрын /1 сая хав.дөр.км буюу Египетийн нутаг дэвсгэр/ хөрс сэргэж, тарьсан модод жилд 250 сая тн нүүрсхүчлийн хийг шингээх ба хөдөө орон нутагт 10 сая ажлын байр бий болно.
Энэ бол тухайн онд хэрэгжсэн байх ёстой НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хангахад оруулах маш том хувь нэмэр юм. Тодруулбал, Африкийн Их Ногоон хэрэм бол /албан ёсны нэр нь Сахар ба Сахелийн Их ногоон хэрэм санаачилга - The Great Green Wall for the Sahara and Sahel Initiative, GGWSSI/ эдгээр 17 зорилтоос 15-ыг нь буюу ядуурал, өлсгөлөн, өвчин, хүйсийн ба нийгмийн тэгш бус байдалтай тэмцэх, боловсролыг хүртээмжтэй болгох, амьдралын түвшнийг тогтвортой дээшлүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах гэх мэт 15 том зорилтыг хангахуйц далайцтай глобал төсөл мөн.
Great Green Wall төсөлд үзүүлэх хамгийн бодитой дэмжлэг бол Сахель дахь нөхцөл байдал ба төслийн явцын талаарх мэдээллийг түгээх явдал юм. Мөн төслийн цахим хуудсанд нэвтэрч, уриалгыг дэмжин гарын үсэг зурснаар таны дуу хоолой төсөлд шаардлагатай нэмэлт хөрөнгө оруулалт ба хандив тусламжийг татан төвлөрүүлэхэд бага боловч нэмэр болно.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл (0)