Ш.Сайнбаяр: Ард түмэн ядуу байх нь улстөрчдөд, ам.доллар өсөлттэй байх нь Засгийн газарт ашигтай, ийм л нийгэмд бид амьдарч байна

Гавьяат эдийн засагч, улс төр судлаач Шархүүгийн Сайнбарятай үнийн өсөлт болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Өдөр ирэх тусам л юм бүхний үнэ өсч байна. Энэ юунаас болж байна вэ. Цар тахал, олон улс дахь нөхцөл байдал гээд нөлөөлөх хүчин зүйлүүд байх ч энэ талын төр засгийн бодлого идэвхтэй явахгүй байгаа талаар иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Та үүнийг хэрхэн анзаарч байна вэ?

-Нэгдүгээрт, манай улс бол импортлогч орон. Хоёрдугаарт, хоёр том гүрний дунд эдийн засаг, зах зээл, улс төрийн хувьд далд хараат байдалтай оршиж байгаа нь бидний нэг сул тал юм. Угтаа хоёр том гүрний зах зээл рүү идэвхтэй орсон төр засгийн бодлого явуулах учиртай. Бидэнд боломж их бий. Гэхдээ тэр бүхнээ ашиглаж чадахгүй байна. Ашиглах сонирхол ч төр засагт төдийлөн харагдахгүй байна уу даа гэж харахаар. Нөгөөтэйгүүр дотоодынхоо үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн бодлого юу ч алга. Татвараар дарамтлах, үйл ажиллагаанд нь түмэн зүйлийн хяналт тавих, зах зээлийг нь булаах, хувийн хэвшил рүү халдах зэрэг төрийн буруу бодлого үйл хэргээс болж Монгол Улсын дотоод зах зээл хөгжиж чадахгүй байна. Үүнд нөлөөлж байгаа олон хүчин зүйл бий. Тухайлбал, улстөрчид нь иргэдийнхээ боломжийг хулгайлдаг, хэтийдсэн эрх мэдэлтэй, авлига, албан тушаалаа урвуулан ашигладаг, хариуцлагын тогтолцоо сул зэрэг юм. Ийм оронд, ийм о р ч и н д б и з н е с ц э ц э г л э н хөгжих, хувь хүн болон хувийн хэвшлийн үйл ажиллагаа зах зээлийнхээ жамаар явах боломжгүй. Тиймээс л бид хөгжихгүй байгаа хэрэг. Эрх баригчид, Засгийн газар юмны өсөлтийг гадаад хүчин зүйлээс шалтгаалж байна гэж өөрсдийгөө хаацайлдаг. Эн э б о л м а к р о э д и й н засгийн түвшинд нөлөөлж болох ч жирийн иргэдийн бизнес эрхлэлтэд нөлөөлөх учиргүй юм. Нөлөөлөхөөс нь өмнө төрийн бодлогоор зөв зохицуулах ёстой гэсэн үг. Харамсалтай нь манайд иргэдийнхээ амь амьжиргааг дээшлүүлье, бизнес эрхлэх, худалдаа үйлдвэрлэл явуулах таатай орчинг бүрдүүлчихье гэсэн төрийн бодлого дэмжлэг огт алга. Тийм болохоор бид өөрсдөө дотооддоо нэг ширхэг хадаас, тэр бүү хэл шүдний чигчлүүрээ ч үйлдвэрлэж чадахгүй гаднаас импортоор авч байна. Энэ нь цаад утгаараа гадаа болж байгаа хямрал шууд орж ирэх нөхцөлийг бүрдүүлдэг. Тийм учраас Хятад, Орос хилээ хаалаа гэхэд манайд шууд л бараа бүтээгдэхүүний хомсдол бий болчихож байгаа юм. Үүнээсээ болоод үнийн өсөлт зах зээлийнхээ жамаар нэмэгдэх нь гарцаагүй шүү дээ. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл гэж манайд огт алга. Энэ чигийн үйлдвэрлэл үйл ажиллагааг дэмжих Төрийн бодлого нь нөгөө шуугиан тарьсан Худалдаа хөгжлийн банк л байна. Өнөөдөр энэ банкны үйл ажиллагаа, бодлого ямар байгааг та бид мэднэ.

Хэдэн улстөрчид нь өөрсдийнхөө эрх ашгийг бодоод хамаг хөрөнгийг нь зээлчихсэн, амин хувьдаа шамшигдуулчихаж байгаа юм. Энэ бол ард иргэдийнхээ амьдралаар даажигнасан л үйлдэл.

-Та үнийн өсөлтийн талаарх суурь шалтгаануудыг нь хэллээ. Гол буруутан нь улстөрчид гэж ойлгож болох уу?

-Улстөрчид болон манай улсын эрх мэдлийн хуваарилалтын тогтолцоо. Хүмүүс яагаад УИХ-ын гишүүн болох гээд тэгтлээ их шунаад, дурлаад байна. Ямар эрх ашгийн төлөө вэ. Сонгуулийн үеэр эд бүр улаан цагаандаа гарсан мөрийн хөтөлбөр боловсруулчихаад танилцуулаад явдаг шүү дээ. Энэ тойргоос сонгогдчихвол би тийм сургууль, цэцэрлэг барина, тэр төслийг оруулж, хэрэгжүүлнэ, иргэдийн цалин, орлогыг нэмэгдүүлнэ, хүн бүрд эх орны хишиг хүртээнэ гэх эдийн засгийн шинжтэй зүйлийг хэлж, амладаг. Ийм байж болохгүй ээ. УИХ-ын гишүүн гэдэг бол зөвхөн хууль санаачлах л эрхтэй. Тэдэнд ямар ч хөрөнгө мөнгө захиран зарцуулах эрх байх ёсгүй юм. Цалингаасаа өөр мөнгө төрөөс авч болохгүй. Төсвийг шууд зарцуулах эрх мэдэл зөвхөн Засгийн газарт л бий. Гэтэл УИХ-д нэр дэвшиж байгаа хүн иймэрхүү амлалт өгөөд байгаа нь өөрөө би гишүүн болчихвол ингэж мөнгө иднэ гэсэн хүслээ ил цагаан зарлаж байгаа хэрэг юм шүү дээ. Үүнийг нь иргэд бид хэрсүү ойлгох цаг одоо болсон. Нөгөөтэйгүүр тойрог бүрдээ бүтээн байгуулалт хийх гэж төсөвт саналаа оруулах байдал нь УИХ-ын гишүүн төсвийн хөрөнгө рүү орох нэг хаалга болчихож. Энэ хаалгыг хуулиараа хааж өгөх хэрэгтэй. Тухайн тойрогт тулгамдаж байгаа асуудал, хэрэгтэй бүтээн байгуулалтын саналыг төсөвт суулгуулах гэж байгаа бол зөвхөн харьяа сум, дүүрэг, аймаг, нийслэлийн ИТХ-ын гишүүд оруулж ирэх ёстой. Үүнийг нь Засгийн газар хянан хэлэлцээд төсөвт оруулах зарчим угтаа явж байгаа ч хажуугаар нь УИХ-ын гишүүд давхцан орж ирж байгаа нь тогтолцооны гажиг үүсгэж буй юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн хууль санаачлах эрх мэдэл дээрээ гарсан тойрогтоо юу хийх эсэхийг шийддэг, хэчнээн төгрөгийн төсөв батлуулах уу гэдгийг хэмждэг ийм олдмол эрх мэдэлтэй болчихсон гэсэн үг. Тиймээс л төрийн хулгай, төрөөс төрсөн тэрбумтан, тендерийн хулгай гэдэг зүйл алга болохгүй улам л төрд цэцэглэн хөгжсөөр байна шүү дээ. Тиймээс энэ асуудлыг сууриар нь бодлого, тогтолцоогоор нь дахин нэг ярилцах, цаашлаад өөрчлөх хэрэгтэй.

-Улс төрийн хувьд ийм байж. Ам.долларын ханш өдөр ирэх тусам өссөөр. Ийм байхад цалин яагаад нэмэгдэхгүй байна вэ. Нэмэх боломж үнэхээр байхгүй байна уу. Цалин нэмэгдүүллээ гээд болчих асуудал биш ч гэлээ өссөн үнэ буцаад буурахгүй шүү дээ. Ийм нөхцөлд ер нь яах ёстой юм бэ. Инфляци гэж айхавтар юм байна...

-Эхлээд ханш яагаад сулраад байгааг тайлбарлая. Урт хугацаанд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулраад буйг энгийнээр тайлбарлавал монголчууд бидний гадаад валютаар олж байгаа орлого, гадаад валютын зарлагаасаа өндөр байгаа нь ийнхүү төгрөгийн ханш сулрах үндсэн шалтгаан болж байна. Өнгөрсөн хугацаанд үүссэн орлого, зарлагын зөрүүгээ бид гадаад зах зээлээс зээлэх замаар санхүүжүүлсэн байдаг. Үүнээс шалтгаалан Монгол Улсын гадаад өр 40 гаруй тэрбум ам.долларт хүрээд байна. Иймд Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх, аялал жуулчлал, мэдээлэл технологи гэх мэт үйлчилгээг гадны зах зээлд худалдан гадаад валютын орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлж байж энэ асуудлыг бага ч гэсэн шийдвэрлэх боломжтой. Дотоод эдийн засаг талаас эдийн засгийн идэвхжил нэмэгдэж буйтай холбоотой зээл олголт болон импортын хэмжээ өссөн. Гэвч өнгөрсөн онуудад хилийн боомтуудын үйл ажиллагаа доголдож, нүүрсний экспорт саатсан, Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсноос валютын зах зээлд сөрөг хүлээлт үүссэн зэрэг нь төгрөгийн ханш сулрахад голлон нөлөөлж байна. Нөгөөтэйгүүр инфляци өсөх нь Засгийн газарт ашигтай байдлыг бий болгодог. Үнийн өсөлтөөс шалтгаалж татварын орлогоо нэмэгдүүлдэг. Мөн төгрөгийн ханш сулрах нь ч Засгийн газарт ашигтай. Өөрөөр хэлбэл, Засгийн газар төсвийн орлогынхоо багагүй хувийг доллараар зардаг экспортоос бүрдүүлж буй учраас ашигтай байгаа юм. Дэлхийн зах зээл дээр нүүрс, зэсийн үнэ өмнө байгаагүйгээр нэмэгдсэн. Бид уул, уурхайн баялгаа гадагшаа экспортлохдоо ам.доллараар арилжаалдаг. Тиймээс ам.доллар өсөхийн хэрээр орж ирж байгаа орлого нэмэгдэнэ. Нэг талаасаа төсвийн орлого нэмэгдэж байгаа нь Засгийн газарт ашигтай боловч эргээд дотоодынхоо зах зээл дээр гараад ирэхээр олсон орлого нь зарлагынхаа хаана ч хүрэхгүй байгаа нь бодит үнэн. Тиймээс Засгийн газар хэт орлогодоо төөрөлдөхгүйхэн шиг бодит байдлаа дүгнэж орлого зарлагынхаа тэнцвэртэй байдлыг хангасан бодлого явуулах шаардлагатай. Цалин нэмэх боломж бий. Цалин нэмэгдлээ гэхээр хүн бүрийн хэрэглээ нэмэгдэнэ. Хэрэглээ нэмэгдэхийн хэрээр бараа бүтээгдэхүүний хомсдол улам л бий болно. Хомсдол бий болохын хэрээр үнэ нэмэгдсээр л байна. Тиймээс нэн түрүүнд хийх ёстой ажил бол бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх юм. Тэгэхийн тулд хилийн боомтуудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжих, үйл ажиллагааг нь нэмэгдүүлэх шаардлагатай. Гэвч манай төр засгийн барьж байгаа бодлого улстөрчдийн амин хувиа бодсон үйлдлүүдээс болоод зөв бодлого огт явахгүй байна. Өөрөөр хэлбэл, ард түмэн ядуу байх нь улстөрчдөд, ам.доллар өсөлттэй байх нь Засгийн газарт ашигтай, ийм л нийгэмд бид амьдарч байна.

-Монголчууд хэрэглээнийхээ бүтээгдэхүүний дийлэнхийг гаднаас авдаг. Үндэсний үйлдвэрлэлийг яаж дэмжих вэ. Их л сайндаа мах, гурил, төмсөө дотоодоосоо хангаж байна. Эсгий шаахай үйлдвэрлэж байна. Үүнээс өөрөөр Монголын үндэсний үйлдвэрлэл гэж бараг алга.

-Өнөөдрийн тулгамдаж байгаа гол асуудлуудын нэг яах аргагүй энэ. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний ерөнхий бүтэц нь худалдаа үйлчилгээ, уул уурхай, хөдөө аж ахуй. Сүүлийн 30 жил эдийн засгийг хөгжүүлэх, төрөлжүүлэх, тогтвортой бодлого баримталж ирээгүйн үр дагавар, илрэл нь өнөөдрийн энэ байдал. Хятад арав гаруй хоног хилээ хаахад л Монголд өргөн хэрэглээний бараа хомсдож, үнэ нь өсч байх жишээний. Энэ бүхэн импортоос хэт хараат байдлын буруу. Үүнийг цааш нь засч залруулахын тулд дунд, урт хугацаанд томоохон төслүүдээ хөдөлгөж, түүний орлогыг эдийн засгийг “солонгоруулахад” ашиглах шаардлагатай. Эдийн засгийг “солонгоруулна” гэж бид арав гаруй жил ярьж байна. 1990 оноос өмнөх эдийн засгийн бүтэц харьцангуй хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж ирсэн байдаг. Одоо бид эдийн засгийн бүтцийн хувьд 1990 оны өмнөхөөсөө ч дордчихоод байна. Өнөөдөр бидэнд хамгийн ойрхон байгаа салбар нь уул уурхай болон хөдөө аж ахуйд түшиглэсэн боловсруулах, эцсийн шатны бүтээгдэхүүн үйлдвэрлэл юм. Монгол Улсын экспорт уул уурхайн салбарын түүхий бүтээгдэхүүн. Иймд бид нүүрсээ угааж, цэвэршүүлэх, зэсийн баяжмалаа ашиглан зэс хайлуулах үйлдвэр байгуулах, төмөрлөгийн үйлдвэрийг барих чиглэл рүү явах хэрэгтэй. Дараа нь бид хөдөө аж ахуйн түүхий эдэд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх салбар руу өндөр технологи, боловсон хүчин рүү хөрөнгө оруулалт хийх нь чухал. Энэ бол төрийн бодлогоор дэмжигдэх асуудал. Ер нь богино хугацаандаа бид эдгээр салбартаа л тулгуурлах байх. Цаашлаад банк санхүү, мэдээллийн салбар, аялал жуулчлалын салбар гээд хөгжүүлэх боломжтой салбараа шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлж хөгжүүлэх нь зүйтэй. Энэ нь бидний хүч сорьж амжилттай байж чадах, өөрсдийн давуу талд бүхий салбаруудаа тодорхойлж, эдийн засгийг төрөлжүүлэх хэрэгтэй гэсэн үг юм. Түүнээс бид бүхнийг дотооддоо үйлдвэрлэнэ гэвэл өрөөсгөл болно.

-Ингэхэд Засгийн газрын 10 их наядын хөтөлбөр эдийн засагт сэргээш болж чадсан уу?

-Монгол Улсын хувьд өнгөрсөн онд төсөв дээр том дарамт авсан. Өнгөрсөн онд хүн амын эрүүл мэнд, орлогыг хамгаалах асуудал дээр төвлөрч бизнесийг орхигдуулсан тал бий. Засгийн газар энэ төлөвлөгөөг УИХ-ын дэмжлэг, Монголбанкны оролцоотой хэрэгжүүлж байна. Энэ төлөвлөгөө нь эдийн засгийн чиглэлд ажлын байр, том төслүүд, хөдөлмөр эрхлэлт, орон сууцжуулалт гэсэн үндсэн чиглэлүүдээр хэрэгжинэ гэж гарч ирсэн. Гэвч үндсэн чиглэлээ барьж хэрэгжихгүй байна уу гэж харж байгаа. Угтаа энэ төлөвлөгөө цагаа олсон, бодлогын сонголтын хувьд ч сайн төлөвлөгөө байсан. Харамсалтай нь амьдрал дээр хэрэгжиж байгаа нь цөөн байна. "10 их наядын төлөвлөгөө" үр дүнтэй зорилтот бүлэгтээ хурдан очих зэрэг хэрэгжүүлэлтийн механизм дээр илүү анхаарсан бол өдийд байдал өөр байх байсан. Уг нь “10 их наядын төлөвлөгөөн”-д тусгагдсан Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй зээл, Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмсэн, ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэн зэрэг нь маш чухал шийдвэр юм. Харамсалтай өнгөрсөн онуудад Улсын Онцгой комиссын хийж хэрэгжүүлж байгаа цар тахалтай тэмцэх бодлогын хэрэгжилт, тактикийн шийдвэр гаргалтын алдаанаас болж мөн Цар тахалтай тэмцэх нэг удаагийн хуулиас болж дээрх төслийн эерэг нөлөөллийг саармагжуулчих шиг боллоо.

-Цар тахлын улмаас халамж ихэссэн. Халамжийн бодлого том зургаараа эдийн засагт яаж нөлөөлж байна вэ?

-Халамжийг бид цар тахлын өмнөх болон цар тахлын онцгой нөхцөл дэх гэж ангилж харахыг хичээх нь зөв. "Ковид-19"-ийн өмнөх буюу Монгол Улс уул уурхайгаас ихээхэн орлого олж эхэлсэн үетэй зэрэгцэж бий болсон халамж нь улстөржсөн, улс төрийн амлалтыг биелүүлэхэд чиглэсэн Монгол Улсын эдийн засагт сөрөг нөлөөтэй хэт хавтгайрсан халамжийн бодлого байсан. Улстөржсөн шийдвэрийн улмаас шууд болон шууд бусаар нийгэмд мөнгө тарааж ирсэн нь нөөцийн буруу хуваарилалтаас гадна нийгэмд бэлэнчлэх сэтгэлгээ суулгах, хөдөлмөрлөх идэвхийг сулруулах нөлөөтэй. Ийм үйл ажиллагааг арав гаруй жил хүчтэй явуулсан. Эндээс Монгол юу ч хожоогүй. Харин ч эсрэгээрээ Монгол Улсын хүний хөгжлийн сангийн алдагдалд орж, түүний үлдэгдэл болох нэг их наяд орчим төгрөгийг Ирээдүйн өв сангаас саяхан хааж, энэ сангийн үйл ажиллагаа түүх болж байх жишээтэй байна. Халамжийн буруу бодлого Монголд хэт хавтгайрсан нь үнэн. Одоо иргэдийн амьжиргааны сэргэлттэй уялдаатай холбоотойгоор халамжийг аажим зогсоох шаардлагатай.

Цаашдаа Монгол Улс халамжийн бодлогоос хүн амын хөгжил ажил эрхлэлтийг дэмжсэн бодлого руу шилжих алхмыг хурдан наашлуулах хэрэгтэй гэж хувьдаа бодож байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)