Путины бөмбөгний хэлтэрхий
- 2022-04-06
- Нийтлэл
- 0
Жолоочгүй машин, 600 км/цагийн хурдтай галт тэрэг, Али Баба, Элон Маскийн эринд Путин дайн хийлээ. Арьс өнгөөр байтугай, үзэл бодлоор ялгаварлах үзлийг санал нэгтэй таягдан хаяж, цагаан баавгайн тоо толгойд санаа зовниж буй дэлхий дээр нэг улс нөгөөгөө эзлэн түрэмгийлж газар нутгаа тэлэх гэж оролдож байна.Энэ том галзуурал дэлхий нийтийг тэр чигт нь өөрчилж хямраалаа даа. Бид ч бас бөмбөгний хэлтэрхийд оногдож л байна. Бид ямар дэлхийд сонин биш, өөрснөө л жоохон бодоё.
Монголчуудын толгой дотор
Юуны түрүүнд уламжлалт ёсоор хоёр талцсан хэрүүл авчирлаа. Хэрэлдэгчдийг харахад нэг нь өөрийгөө жинхэнэ Путин, нөгөө нь өөрийгөө жинхэнэ Зеленьский болцон гэж бодож байгаа бололтой. Гараад бас цусаа урсгахаас буцахгүй юм бишүү. Хэрэлдэхдээ итгэл үнэмшилтэй гэж манайхан. Тэрэн шигээ урдах ажлаа хийдэг болоосой.
Тэр НАТО бол..., ОХУ чинь ер нь... гэж мэгж цэцэрхэхээсээ өмнө өнөөдөр 1. Дайн болж байгааг 2. Энэ бол жинхэнэ дайн гэдгийг (бөмбөг гранат, цус нөж, орилоон, тасарсан гар хөл, өнчрөл хагацал...) 3. Манай аварга том хөрш гүрэн өөр нэгэн дунд зэргийн хөрш рүүгээ дайраад өчигдрийн байдлаар гэхэд энгийн номхон 400 гаад иргэнийг нэг амиар нэг бүрчлэн хөөгөөд алчихсаныг 4. Дэлхий нийт Путины эсрэг (орос орны эсрэг биш) нэгдэж, жигшиж, дайнаа зогсоохыг шаардаж байгаа гэдгийг санаарай. Таны дуртай ундаа, амттан, хоолны жорыг зохиогч, кино, дуу, соёл, амьдралын хэв маягийг үйлдвэрлэгч, иргэд нь баян, жаргалтай амьдардаг, таны дурладаг, тийшээ очихыг хүсдэг газрууд шүү дээ кк. Путиныг барааг нэг удаа ч болов харж, тэнд ясаа тавихыг мөрөөддөг улсуудад бол хамаагүй л дээ.
Гэхдээ ямартай ч монголчуудын толгой дотор том гүрний хараат байхын уршиг бодогдож, эрх чөлөөгөө нэг цэгнэж үзэх шалтгаан гарлаа. Бас эцэг өвгөдөө аймшигтайгаар хядуулсан оросууддаа өнөөдөр ч дахин сайн дураараа яалгахад ч бэлэн хүмүүс цөөн бишийг харцгаалаа. Дайн гарчлаа гэдгээс ч илүү итгэмээхгүй зүйл энэ л байлаа. Бидний дунд Монгол орон хүчирхэг баян болох итгэлээр жигүүрлэж, Монголынхаа алдрыг дуурсгахаас татгалзах хүн өдий олон байж.
Монголчуудын хармаан дотор
Библи дээр гардаг шиг, эхлээд ковидод зүүн хацраа алгадуулсан бол одоо баруун хацраа алгадуулж байна. Эхнийх нь өвчлүүлж, хиаруулж, үхүүлж байсан бол одоо инфляцад цохиулж, ядуурна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй агаар нэг. Доллар хүссэн хүсээгүй өслөө. Юань ч цойлж өгч байна. Бараа таваарын хомсдол ч дүүрч. Мах гурилтайгаа байхад болоод л байна. Ухаан самбаа олигтойхон зарахыг эрх баригчдаас шаардах, эрх баригчид ч байдлыг илэн далангүй ярих хэрэгтэй.
Дайны хажуугаар дажин гэдэг үг байв. Гэтэл өнөөдөр ковидын дажнаа яая гэж байтал ийнхүү дайн гарчихлаа. Өмнөд хил хаалттай байсан ч зохицоод өрнө талаас бараа туруу авчраад байсан нь хяхагдав. Оросоор дамждаг тээвэрлэлт эвгүйтсэн. Турк бараа таваар Хар тэнгисээр орж ирдэг. Тэнд Путин бөмбөгдөж байна. Украинаас ч чамгүй төрлийн бараа бүтээгдэхүүн авчирдаг. Ирдэг юмаа гэхэд үнэ хамжааргагүй өсөх нь дамжиггүй. Дээр хэлсэн, мах гурил байхад амьд гарна. Гэхдээ “амьдрахгүй”. Нийгмийн сэтгэлзүй олон хэрэгцээний дутмагшлаас шалтгаалан оргилдог. “Улаан үсний боолт гээ биз дээ!!!” гэж уурлах бяцхан охинтой л ижил.
Монголын төр засгийнхан
Одоо тэгээд яая гэхэв дээ, Оюун-Эрдэнэ гарч ирээд “хараал идсэн новшийн Путин, чи наадахаа болихгүй юу” гэж хэлж чадахгүйгээс хойш. Хүчтэйхэн гүрэн байсан бол өнөөдөр Шадар сайд гарч ирээд “Ши Жинпин чи хилээ нээхгүй бол биднээс юм авна гэж санахын ч хэрэггүй шүү” гэж мэх байсан байх л даа. Гэтэл өөрснөө Оросоос цахилгаан, түлш, транзит тээврийн хамааралтай. Мөн годон гутлын ч хамааралтай кк. Хятадаас экспортын хамааралтай. Хилээ хаагаа л концерт дуусч байна. Ямар худлаа гэлтэй биш дээ. Кимчи тасарчаад байгаа биз дээ?
Ямартай ч яаж ч болохгүй тэлээнд хадуулсан нь бол үнэн. Таашаал авдаггүй юм гэхэд бие суллая даа ядаж, шөрмөс татчихвал бүр хэцүү.
Эрхбиш төвийг сахина, дайн ер нь хэрэггүйшдээ гэж хэд гурав хэлсэн нь болоо.Хүчирхэг хөрштэй гээд зүгээр байхад нь өөрийгөө алгадаж үзүүлэх бол гөлөг зан. Гэлээ гээд зүгээр байхад нь бас зүүгээр хатгаад байх зохимжгүй. Засгийн газраас Украинд 200 мянган ам.доллар хандивлахаар болж. Баярлалаа. Харин энэ мэдээний доор нутаг нэгтнүүдээсээ 200 мянган салаавч авч байх шив дээ. Илжиг модон хударгандаа гэж.
Иргэдийн хувьд Украины далбаа барьж хэд гурав жагсаад авлаа. Бүр ОХУ-ын Элчин сайдын яамны өмнө жагсав. Ардчилсан улс ийм сайхан даа. Жагссан залууст гүнээ талархая. Хожим дэлхий нийтийн өмнө монголчууд дайныг эсэргүүцэж, Украины ард түмний талд байсан гэж хэлэх нүүртэй л боллоо.
Сэтгэгдэл (0)