Сенсацилан хийрхэх бус тулгарсан асуудлаа шийддэг больё
- 2022-04-07
- Нийтлэл
- 0
Нийгэмд ойр ойрхон дэгдэх төрөл бүрийн сенсацид улс даяараа сэргэн идэвхжиж, хүн бүр оролцож, асуудалд унасан хэн нэгнээс өө сэв хайж, өөлж гоочилж, үзэн ядаж, эсвэл үхтлээ өмөөрч, үгүй бол маазран марзагнаж, элгээ хөштөл шоолж, тоглоом тохуу хийж, шаагилдан шуугилдана. Энэ байдал нэг эсвэл хоёр дээд тал нь гурав хоног үргэлжилнэ. Ингээд дараагийн сенсаци залгана. Дахиад л шаагиан шуугиан. Өмнөх сенсаци хэдийн мартагдав. Сенсацилна гэдэг нийгмийнхээ үйл явдал, үзэгдэлд сэтгэлийн хөөрлөөр хандаж, хий хоосон хийрхэж буй хэрэг билээ.
Дийлэнх тохиолдолд сенсацийн цаана асуудал, улс орон, нийгэм, салбар тогтолцоонд тулгарсан асуудал, ганц хоёр удаагийнх ч биш нийтлэг тохиолддог, гарц шийдлээ хүлээсэн, зайлшгүй шийдэж шийдвэрлэх учиртай амин чухал асуудлууд оршиж байх юм. Харин бид сенсацилаж шуугилдсаар тэдгээр асуудлуудыг эс анзаарч, шийдэж шийдвэрлэхгүй, асуудал хэвээр нь орхисоор байна.
Бэрхшээл дарамт, зөрчил үүсгэгч учир асуудал гэдэг заавал шийдэж байх зүй тогтолтой зүйл билээ. Шийдэхгүй удаагаад, ужигруулаад байх аваас тухайн асуудал хуримтлагдан хүндэрч, гай гамшгийн хэмжээнд томорч, араасаа хямрал, дампуурал, гажуудал дагуулдаг. Удаж ужгираад улс нийгэм, үндэстэнг мөхөлд хүргэгч дотоод хүчин зүйлийн хэмжээнд хүрсэн асуудлууд үй олон оршиж байна, манай нийгэмд.
Сенсацилан хий хөөрөх хийгээд асуудлыг шийдэх гэдэг хоорондоо эрс ялгаатай. Хий хөөрсөн сенсацилах нь арга зам заахгүй, гарц шийдэлд хүргэхгүй, ахуй амьдралд тус нэмэр болохгүйн учир хий хоосон, дэмий балай үйлдэл. Нас биед хүрсэн хүмүүс атлаа улс нийгэмдээ тулгарсан асуудал, үйл явдлыг зөвхөн гайхах, гутамшиглах, гутаах, үзэн ядах, шоолж тохуурхаж хандана гэдэг буруу хандлага. Энэ хандлага нийгмийн амьдрал, харилцаанд таарахгүй, зохицохгүй байна, бидний хандлага нийгэмдээ гологдоод, балчирдаад байна.
Зүй нь бол улс нийгэмдээ хэрэгтэй байх ёстой, бидний хандлага. Сенсацилан хий хөөрдөг дэмий хандлагаа гээж, улс нийгэмд тулгарсан асуудлуудаа шийддэг зөв хандлага төлөвшүүлье. Тухайн асуудлаа ярилцаж, хадуурч, халилгүй сэдэв, асуудал дээрээ төвлөрч, булт бүгдээр оролцож, хүн бүр санаа бодлоо хэлдэг, арга зам хайдаг, гарц гаргалгааг гаргаж ирдэг, нэгдмэл нэг шийдэлд хүрдэг зөв хандлага тогтьё. Энэ тал дээр санал нэгдэж байя.
Ерөнхий ойлголт өгвөл, ганцхан зүйлээс шалтгаантай асуудал гэж ертөнцөд үгүй, ямарваа асуудлыг шийдэхийн тулд олон талаас нь харах хэрэгтэй болдог. Асуудал үүсэхэд хүргэсэн гадаад нөхцөл байдал гэж байхаас гадна дотоод хүчин зүйлс гэж бий. Тэдгээрийг олж тогтооно. Нөхцлүүд хийгээд хүчин зүйлсийг тогтоосон нөхцөлд энэ байдлаас уялдаж учир шалтгаан тодорхой болж ирнэ. Учир шалтгаан тодорвол дараагийн үйл явцууд, тухайн асуудлаас гарах гарц гаргалгаа, авах арга хэмжээ, гарц шийдэл аяндаа гарч ирнэ.
Асуудалтай холбоотой энэ мэт ойлголт ухагдахуун оюун санаанд бүрэлдсэн цагт бидэнд асуудлаа шийдэх чадамж сая нэг бүрдэнэ. Одоогийн байдлаар бидэнд асуудал гэх зөв цэгцтэй, цогц ойлголт ухагдахуун, мэдээлэл, мэдлэг дутагдаад байна, асуудлаа шийдэх чадамж хэвшин тогтоогүй байна. Асуудлыг асуудал гэж харахгүй, танихгүй, ойлгохгүй нь дийлэнх. Эдгээр шалтгааны улмаас бид улс нийгэмдээ тулгарсан асуудлыг сенсаци болгон хувиргаж, хөөрөн хийрч, дэмий баахан сүржигнээд байгаа болно. Оюун санаа, сэтгэлгээний бодит байдал, бидний үнэн төрх сенсациар дамжин гадагш тусдаг юмсанж.
Оюун санаагаа шинэчилье
Сэтгэлгээ, хандлагаа өөрчилье.
Сэтгэгдэл (0)