Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн хяналт шалгалтын мэдээллийг танилцууллаа
- 2022-04-13
- Байгаль орчин
- 0
Мэргэжлийн хяналтын байгууллага нь түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын 62, 189 дүгээр тогтоол, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гарсан эрх зүйн актын хэрэгжилтийг хангуулахаар Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, Шахмал түлшний борлуулалтын цэг, нөөц, хангамжийн агуулах, Агаар бохирдуулагч эх үүсвэрүүд гэсэн чиглэлээр хяналт тавьж ажиллаж байна.
- Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хяналт:
Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд өдөр тутмын болон 24 цагийн хяналт тавьж ажилласан. Түүхий эдийн орц, нормыг технологийн картын дагуу хийж, бүтээгдэхүүний чийглэг, бутармагийн хэмжээг газар дээр нь хэмжиж холбогдох арга хэмжээг тухай бүрд нь авч ажилласан.
Шахмал түлшний чанар, стандартын түвшинг тодорхойлох зорилгоор түүхий эд болох мидлинг, барьцалдуулагч, шахмал түлшнээс сар бүр дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулж байна. Бүтээгдэхүүний дээжийг нөөцийн агуулах, үйлдвэрийн шугам, борлуулалтын цэгээс, мидлингийн дээжийг дундын агуулах, уурхайн талбай зэрэг цэгүүдээс 53 дээж авч Хими, химийн технологийн хүрээлэн, Геологийн төв лаборатори, SGS Монголиа ХХК, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул, уурхай, газрын тосны төв лабораториудад шинжилгээнд хамруулан улсын байцаагчийн дүгнэлт гарган хүргүүллээ. Шинжилгээний дүнгээр стандартын техникийн шаардлага хангаж байна. 1 дээжийг 2 хуваан 2 өөр лабораторит шинжлүүлж шинжилгээний дүнг бататгасан.
Барьцалдуулагчийн химийн найрлага, эрдэсийн шинжилгээний дүнгээр хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэх эрдэс, химийн элемент агуулаагүй байна.
- Агаар бохирдуулагч суурин эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгжид хийсэн хяналт шалгалт:
Агаар бохирдуулагч суурин эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгжийн 367 объектод хяналт шалгалт хийж агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам зөрчсөн, түүхий нүүрс хог хаягдал шатааж орчин бохирдуулсан 40 зөрчил илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу 32.0 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 16,2тн түүхий нүүрсийг Амгалан дулааны станцид буулгуулсан. Ашиглалтын шаардлага хангахгүй өгөршсөн 66тн нүүрсийг хог хаягдлын цэгт ачуулж, 106тн нүүрсийг Агаарын чанарыг сайжруулах бүсээс гаргасан. Амгалан Дулааны станцад буулгасан түүхий нүүрсийг комисст шилжүүлсэн улсын орлого болгосон. Өмнөх онтой харьцуулахад түүхий нүүрс түлсэн, хадгалсан зөрчил 88%-р буурсан үзүүлэлттэй байна.
- Авто тээврийн шалган шалган нэвтрүүлэх товчооны хяналт шалгалт:
Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдэд Цагдаагийн байгууллагатай хамтран 24 цагаар хяналт тавин ажиллаж байна.
Улаанбаатар хот руу зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан 27.2тн түүхий нүүрсийг Цагдаагийн байгууллагатай хамтран хураан Амгалан Дулааны станцид буулгуулж, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан.
Түүхий нүүрс Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан зөрчил 2019, 2020 онтой харьцуулахад 90 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам зөрчин 1899 шуудай шахмал түлшийг хөдөө орон нутаг руу авч гаргахыг завдсан зөрчлийг илрүүлэн хурааж Амгалан дулааны станцид буулгуулж, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулсан.
- Дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай шийдвэр:
Усан халаалтын болон уурын зуухыг дэвшилтэт технологид шилжүүлэх тухай Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 123 дугаар тушаалын дагуу эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 20 аж ахуйн нэгж, байгууллагын усан халаалтын зууханд 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс түлэхийг хориглосон шийдвэр гарсан. Тус тушаалын дагуу технологийн уур үйлдвэрлэх 68 аж ахуйн нэгжид мидлинг буюу угаасан нүүрс хэрэглэхийг хориглосон.
Иймд тус шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахаар дээрх аж ахуйн нэгж, байгууллагуудад албан бичиг хүргүүлж хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.
- Гэр хороололын айл өрхүүдийн зуухны хэрэглээ ба стандарт:
2021 онд гэр хорооллын айл өрхөд 174 мянган ахуйн хэрэглээний зуух тоологдсоноос 60 мянга буюу 30-40% нь стандартын шаардлага хангасан зуух байна.
Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар 2020, 2021 онд 390 энгийн уламжлалт зуух болон стандартын шаардлага хангасан ахуйн зууханд хаягдал утааны хэмжилтийг хийж гүйцэтгэсэн байна.
Хэмжилтийн дүнгээс харахад сайжруулсан зуух дараах үзүүлэлтүүдээр давуу байна.
- Шаталтын хугацаа буюу дулаан барих чадвар 1.8 дахин илүү,
- Азотын ислүүдийн агууламж 21.2%-р бага,
- Хүхрийн давхар ислийн агууламж 37.3%-р бага,
- Нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламж 48.9%-р бага,
- Нийт тоосонцор 62.3%-р бага ялгаруулж байна.
Энгийн зууханд 5 кг шахмал түлшийг шатаахад 2-3 цаг дулаанаа барих бөгөөд хоногт 6-7 удаа галлана.
Стандартын шаардлага хангасан зууханд 5 кг шахмал түлшийг шатаахад 3-5 цаг дулаанаа барих бөгөөд хоногт 4-5 удаа галлана.
Дээрх үзүүлэлтээс үзэхэд шахмал түлшний хэрэглээний зөрүү хоногт 5-10 кг сард 8-12 шуудай галлагааны улиралд 48-72 шуудай буюу 1 жилд /галлагааны улиралд/ 180.0-270.0 мянган төгрөгийн хэмнэлт гарч байна.
Стандартын шаардлага хангасан ахуйн зуухны зах зээлийн үнэлгээ 500.0 мянгаас 1.1 сая төгрөгийн хооронд зарагдаж байна. Дээрх хэмнэлтийн дүнгээс харахад таны худалдан авсан Стандартын шаардлага хангасан ахуйн зуухны үнэлгээг 2-4 жилийн дотор бүрэн нөхөх боломжтойгоос гадна цаашид эдийн засгийн хувьд нийлээдгүй хэмнэлтийг хийх боломжтой байна. Мөн агаарт ялгаруулах бохирдуулагч бодисын агууламжийг 20-40 хувь багасгах боломжтой гэж НМХГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)