Нүүр царай таних технологи ба гэмгүй хүнийг хэлмэгдүүлэх магадлал

Хүний нүүр царайг таних программ хангамжийн бизнес эрхэлдэг, сүүлийн үед нэр хүнд нь базаахгүй байгаа Clearview AI компани өөрийн бүтээсэн технологийг Украины засгийн газарт ашиглуулахаар өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрлөө. 

Clearview бол дэлхийд хамгийн түгээмэл хэрэглэгддэг боловч маш их эргэлзээ маргаан дагуулж буй нүүр царай таних систем юм. Энэ системийг ашиглан хүмүүсийн хувийн мэдээллийг цуглуулж байгаа нь ёсзүйн хувьд хэр зохимжтой вэ гэх ноцтой асуудал өмнө нь хэдэнтээ үүсэж байв. Зөвхөн Украинд гэхэд амьд болон нас барсан 1000 гаруй хүний нүүр царайг танихад уг технологийг ашигласан гэх мэдээлэл бий.   

Clearview AI компани Facebook, Twitter зэрэг нийгмийн сүлжээнүүдээс тэрбумаар тоологдох гэрэл зургуудыг цуглуулснаар асар том өгөгдлийн сан байгуулж, үүнийгээ ашиглан хүмүүсийг нүүр царайгаар нь хайх системийг бий болгожээ. 

Гэвч тус компани хууль эрхзүйн хэд хэдэн том асуудалтай тулгарлаа. Facebook, YouTube, Google, Twitter зэрэг сүлжээнүүдийн удирдлага Clearview-д захидал илгээж, өөрсдийнх нь цахим хуудсуудаас гэрэл зургууд татаж авахаа зогсоохыг шаардав. 

Өнгөрсөн онд Их Британийн Мэдээллийн асуудал эрхэлсэн комиссарын газраас “Британий нийгмийн сүлжээнүүдээс хувь хүмүүсийн гэрэл зургуудыг авахдаа тухайн хүмүүсээс зөвшөөрөл аваагүй” гэх үндэслэлээр тус компанийг торгож байжээ.

 

Харин өнөөдөр Clearview технологийг Украины засгийн газарт худалдсанаар дайны үед уг программыг ашигласнаас үүдэн гарах үр дагавар, хор уршгийн тухай асуудал босож ирлээ. Clearview технологийг АНУ-ын хууль сахиулах байгууллагууд идэвхтэй ашиглаж байгаа боловч олон нийт үүнийг шүүмжилсээр байгаа юм. Компанийг үүсгэн байгуулагч Хоан Тон-Дат-ын ярьснаар, засгийн газрын харьяа 3200 гаруй байгууллага уг системийг худалдан аваад туршиж байгаа ажээ.

 

Путин Украин руу довтлон орсны дараа Хоан Тон-Дат уг технологийг ашиглах дахин нэг боломж гарч ирснийг олж харсан байна. “Бид олзлогдсон хүмүүс ба дүрвэгсдийн гэрэл зургуудыг үзсэнийхээ дараа уг технологийг хүмүүсийг танихад ашиглаж болох юм байна гэсэн санаа төрсөн” гэж Хоан Тон-Дат ярьж байна.

сонин mn

Гэхдээ нас барсан хүмүүсийг таних ажиллагаанд уг технологийг ашиглах нь цоо шинэ зүйл огт биш, тэгээд ч Clearview бол Украинд ашиглагдаж буй цорын ганц систем биш ажээ. Жишээ нь, Bellingcat гэдэг нэртэй эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн бүлэг Сирид олзлогдсон цэргийг хэрхэн тамлан зовоож, амийг нь хөнөөж буйг харуулсан дүрс бичлэгт гарсан Оросын иргэнийг танихын тулд уг технологийг ашигласан байна. Тэгэхээр ийм төрлийн технологиудыг зөвхөн Украины дайны үеэр ашиглаж байна гэсэн үг биш ээ. Гэхдээ бусад зэвсэгт мөргөлдөөнтэй харьцуулахад Украинд илүү өргөн ашиглаж байна. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн бүлгийн шинжээч Арик Толер-ын ярьснаар, уг технологи нь амь үрэгдсэн Оросын цэргийн албан хаагчдыг танихад чухал хэрэг болох зүйл ажээ.

Clearview-ээс гадна FindClone гэдэг компани Оросын нийгмийн сүлжээнүүдийг ашигладаг хүмүүсийн гэрэл зургийг цуглуулж байна. Тэр ч бүү хэл, нийгмийн сүлжээнд хэзээ ч орж байгаагүй хүмүүсийг ч таних боломжтой бөгөөд учир нь, бусад хүмүүсийн нийтэлсэн гэрэл зургууд дээр тэдний дүрс буусан байх магадлалтай.

“Цэргийнхэн нийгмийн сүлжээнд аккаунт нээдэггүй байж болох юм, гэхдээ тэдний эхнэр, найз бүсгүйчүүд нь сүлжээнд нэвтэрдэг байж болно...магадгүй тэд ч гэсэн аккаунтгүй байж болно. Гэхдээ тэд цэргийн том бааз байрладаг жижиг хотуудад амьдардаг, тухайн цэргийн ангид тэдний олон найз нөхөд нь алба хаадаг байх магадалтай” гэж Толер эрэн сурвалжлах хөтөлбөрөө тайлбарлан ярилаа.  

Ер нь бол, тухайн хүн нийгмийн сүлжээнүүдэд хэзээ нэвтэрч байгаагүй эсвэл оруулсан бүх постоо устгасан байлаа ч гэсэн түүнийг ямар нэгэн байдлаар олж таних боломж бий. Түүний найз зургийг нь дарсан байж болох, эсвэл интернэтэд байрлуулсан кадр дээр дүрс нь гарсан байж болох. Өөрөөр хэлбэл, цэргийнхэн төдийгүй тусгай албаны ажилтнуудыг хүртэл яаж ийгээд олж таних боломжтой гэсэн үг.

 

Асуудлын зангилаа юунд оршино вэ?

"Ийм төрлийн технологид алдаа гарахгүй байна гэж хэзээ ч үгүй" хэмээн түүнийг ашиглахыг эсэргүүцэгчид үздэг бөгөөд тэр тусмаа дайны үед алдаа гарах нь маш ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй гэдгийг анхааруулсаар. Жишээ нь, Clearview технологийг нас барсан хүмүүсийг таних ажиллагаанд төдийгүй Украины хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд ашиглаж байгаа нь сэжигтэй этгээдүүд, дайсны туршуулуудыг илрүүлэх зорилготой ажээ.

сонин mn

Үүнтэй холбоотойгоор Украины засгийн газрын харьяа нэгэн байгууллагаас Clearview компанид нэгэн цахим захидал ирснийг ВВС агентлагт дамжуулан өгчээ.

“Уг системийг ашигласны ачаар саатуулагдсан сэжигтнүүдийн талаарх мэдээлэл үнэн зөв эсэхийг маш богино хугацаанд тодорхойлох боломжтой болсон бөгөөд 1000 гаруй удаа хяналт шалгалт хийсэн” гэж нэрээ нууцалсан нэгэн албан тушаалтнаас ирсэн дээрх захидалд дурдсан байна.  

Чухамдаа ийм баримт нь судлаачдын санааг хамгийн ихээр зовоож байгаа юм. Учир нь, хэдийгээр нүүр царай таних технологи хурдтай хөгжиж байгаа боловч төгс боловсронгуй болоогүй хэвээр байгаа тул зарим тохиолдолд алдаа гаргах нь бий. Дайны үед ийм алдаа гарах аваас гэмгүй иргэнийг дайсны талын туршуул гэж үзэхэд хүргэж болзошгүй.  

“Хүн амьд явах эсвэл үхэх эсэх нь ийм технологиос хамаардаг байх ёсгүй. Таныг шалгаж байцаасны дараа алахгүй юм аа гэхэд шоронд суулгах магадлалтай. Технологийг ийм байдлаар хэзээ ч ашиглаж болохгүй” гэж нүүр царай таних технологиор мэргэшсэн судлаач Конор Хили ярьсан бол “энэ нь хүний эрхэд заналхийлж буй асар том аюул” гэж Технологийг хянах төслийн шинжээч Альберт Фокс Кан тодорхойллоо.

“Энхийн цагт технологийн алдаа гарлаа гэхэд хүмүүсийг хэлмэгдүүлэн баривчилна, харин байлдааны ажиллагаа болж буй бүсэд алдаа гарах аваас гэмгүй хүмүүсийг шууд буудан хөнөөх магадлалтай”.

 

“Зөвшөөрөлгүй нарийвчлал”

Clearview компанийг үүсгэн байгуулагч Хоан Тон-Дат өөрийн боловсруулсан технологийн давуу талыг тодруулж хэлэхдээ, түүний нарийвчлал нь 99 хувиас дээш гэдгийг онцлон дурдав.  Гэхдээ нарийвчлал гэдэг бол гэрэл зургийн чанар, толгойн байрлал, нүүрээ ямар нэгэн зүйлээр, тухайлбал, маскаар халхалсан уу гэх мэт олон хүчин зүйлээс хамаардаг.

Хувийн мэдээллийг хамгаалах тал дээр Clearview-тэй холбоотой маргаан үл ойлголцол Европ, АНУ-д үүсээд байна. Тус компани “Фэйсбүүк”, “Инстаграм” төдийгүй Оросын "ВКонтакте" нийгмийн сүлжээнүүдэд байршуулсан гэрэл зургуудыг түүж цуглуулсаар байгаа бөгөөд тэдгээрийг ашиглах зөвшөөрлийг хэн нэгнээс авч байсан тохиолдол үгүй.

сонин mn

Энэ нийтлэлийг уншиж буй таны гэрэл зураг ч гэсэн Clearview-гийн өгөгдлийн санд аль хэдийнэ орчихсон байж магадгүй. Гэрэл зургаа ашиглуулах зөвшөөрлийг та өгөөгүй гэдэг нь ойлгомжтой.  

Нүүр царай таних технологи нь хууль ёсных мөн эсэх нь маргаантай асуудал гэдгийг Тон-Дат хүлээн зөвшөөрсний зэрэгцээ “гэхдээ манай компани хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа, бидний бүтээсэн технологи ердөө л үл ойлголцлын золиос болсон” гэжээ.

сонин mn

Гэсэн хэдий ч уг технологийг “өөр зорилгоор” ашиглаж магадгүй бөгөөд 11 дүгээр сард ВВС агентлагийн нэгэн мэдээнд “Хятадад сэтгүүлчдийг тагнан мөрдөхийн тулд ийм технологийг ашиглахаар зэхэж байгаа” тухай дурдаж байв.

Программ хангамжаа ийм зорилгоор ашиглуулахгүй, тэр тусмаа авторитар дэглэмүүдтэй манай компани хамтран ажилладаггүй, Оростой ч хамтрахгүй гэдгээТон-Дат батлан хэлж байна.   Үүний зэрэгцээ Clearview-гийн технологийг цэргийн зорилгоор хэдийнэ ашиглаад эхэлсэн бөгөөд тус компани өнгөрсөн онд Пентагонтой гэрээ байгуулж, виртуал бодит байдлын нүдний шилэнд уг технологийг ашиглах боломжийг судлахаар тохиролцжээ.  

Энэ бүх баримт нь “хүмүүсийн хувийн мэдээлэл халдашгүй байх ёстой” гэж үздэг хүмүүсийн санааг тун ихээр зовоож байна. Clearview технологи дайны үед Украины эрх баригчдад хэрэгтэй байж болох юм, гэхдээ цаашдаа яах вэ? Энх тайван цаг ирэх тэр үед Украины засгийн газар тухайн программ хангамжийг буцааж өгөх болов уу?

Дайны үед бүтээсэн технологиудыг энхийн цагт ч үргэлжлүүлэн ашиглаж байсан тохиолдолд олон бий шүү дээ.   

 

Б.Адъяахүү

Эх сурвалж: ВВС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)