Баабар: Монголоор дайрахаар төсөөлөгдөж буй хийн хоолой

Газпромын зүгээс нэг тэрбум долларын тухай аман яриа 2019 онд гарсан нь Монголын удирдлага дунд ихэд олзуурхан хэдэн жил хүүрнэлдэж байгаа боловч ийм мөнгөн дүн гэрээний хаана ч тусгагдаагүй байна. Харин гэрээнд хоолойг дагуулан км өргөн хамгаалалтын зурвас татна гэснийг олон нийт нэлээд сэжиглэнгүй харж байна.

Зурвасаар Монгол улс байтугай засаг захиргааны нэгжүүд хүртэл дундуураа хуваагдана, энэ бол хамгаалах нэрийдлээр орос цэрэг чөлөөтэй нэвтрэх зурвас болно гэх мэтчилэн шүүмж хэлж байна. Оросын Монгол дахь Элчин сайд Монголын телевизээр ярихдаа Хийн хоолойг хамгаалах ажлыг оросын цэрэг дангаар хариуцана гэсэн нь олон түмний дунд бас нэг шүүмж үүсгэлээ.

 

СИЛА СИБИРИ

Якутын Чаянда хэмээх газарт 1983 онд асар том хийн орд олж нээжээ. 1997 онд Орос, Хятад хоёр мөн Эрхүү орчмын Ковыкта хэмээх хийн ордыг хамтарч ашиглах ойлголцолд гарын үсэг зурсан байна. Энэ ордыг Хятадтай хамтрах эрхийг Оросын Юкос компани авсан юм. Ковыкта ордоос хийн хоолойг Манжуур руу татах нь өртөг асар өндөр байсан тул үүнийг Монголоор дайруулж татвал өртөг хоёр дахин хямд гэх үндэслэлээр Юкос компаний эзэн Ходорковский Монголд ирж мөн ойлголцлолын санамж бичиг байгуулахаар болов. Гэвч тэрээр Оросын шинэ Ерөнхийлөгч Путинтай муудалцсан учир олон жилээр шоронд одсон ба Ковыкта ордыг ашиглах төлөвлөгөө тасалдсан юм.

2002 онд Ковыкта ордыг ашиглах зөвшөөрлийг Газпром компанид өгөв. Хийн хоолой татан Хятадад хүргэх олон янзын хувилбарыг Газпром гаргаж ирсний дотор Хойд Солонгосоор дамжуулан Өмнөд Солонгост хүргэх хувилбар ч яригдаж байлаа. 2012 онд Ерөнхийлөгч Путинээс Якут-Хабаровск-Владивосток гэсэн маршрутыг баталж хий дамжуулах энэ хоолойд Сила Сибири (Сибирийн хүч) гэсэн нэр өгчээ. 2016 онд Хятадтай 400 тэрбум долларын багтаамжтай 30 жилийн контракт байгуулав. Шанхай хүртэд туулах төлөвлгөөтэй хий дамжуулах хоолойн оросын нутаг дахь 4000 км хоолойг Хятад санхүүжүүлэхээс татгалзсан учир энэ ажил 2019 онд хил хүртэл баригдаж дуусчээ. Хятадын тал угтлагын хоолойг хилийн Хэхэ хүртэл татлаа. 

2021 онд Сила Сибири хоолойгоор 4 тэрбум шоо метр хий Хятад руу гаргажээ. Энэ хоолой руу Эрхүүгийн Ковыкта ордын хийг нэмж өргөтгөхөөр төлөвлөж буй.

СИЛА СИБИРИ-2

Анх энэ төслийг “Алтай төсөл” гэж нэрлэж байсан. Баруун Сибириэс эх аваад Алтайн нурууг давуулан Шиньжаанаар дамжин Шанхай хүргэхээр төлөвлөгдөж байсан энэ төслийн урт нь 6 мянга 700 км, үүнээс Оросын нутгаар 2700 км туулах ёстой байж. Энэ төсөл Хятад-Оросын хооронд 15 жил яригдаад бүтэлгүй болж дууссан. Өртөг өндөртэй, Шиньжаанд хэрэглэгч байхгүй, байгаль орчинд хортой гэх мэт олон шалтаг шалтгаан үүссэн. Төслийн өртөг 5-14 тэрбум долларын хэмжээнд яригдаж байлаа.

2020 оны хоёрдугаар сард Орос-Казахстаны хамтарсан хурлаар нэгэнт түгжигдсэн Алтай төслийг цааш хэрхэн аврах талаар ярилцжээ. Оросын хийг Хятад руу гаргахдаа Монголоор дайруулж татъя гэсэн саналыг Оросын эрчим хүчний сайд Александр Новак гэнэт тавилаа. Энэ төслийн нэрийг Сила Сибирь-2 гэж нэрлэхээр шийдэв. Уг хоолойг Казахстаны Павлодар мужаар дайруулан татаж болох тухай ч ярилцсан. Ингээд 2021 оны арванхоёр дугаар сард Хятад, Оросын удирдагчид ярилцахдаа Сила Сибири-2 төслөөр оросууд Хятадад 50 тэрбум шоо метр хий нийлүүлэх тохиролцоонд хүрчээ. Хятад ийм их хэмжээний хий худалдан авахад бэлэн, гэхдээ хоолойг гурав дахь орноор дайруулах саналыг таашаасангүй. Үүнийг Европ руу чиглэсэн Оросын хийн хоолой Украин, Беларусиар дайрснаар өнөөдөр олон бэрхшээл учруулж байгаагаар тайлбарласан аж.

Баруун Сибириэс Монголоор дайрч Хятадын хил хүрэхээр төлөвлөгдсөн төсөл нь нийт 960 км байх ба жилдээ 50 тэрбум шоо метр хий тээвэрлэх хүчин чадалтай гэнэ. 2021 оны дөрөвдүгээр сард Техник эдийн засгийн үндэслэлийг гаргасныг мөн оны есдүгээр сарын 9-нд Ерөнхийлөгч Путин Газпромын дарга Миллерт зөвшөөрөл өгчээ. Тэрээр бүтэлгүйтсэн Алтай төслийг Монголоор дайрах Сила Сибирь-2 төслөөр орлуулахыг сайшаагаад “Хятад түнш нар маань шинэ хувилбарт татагдах байх” гэжээ. Үүнээс ч өмнө 2018 оны зургадугаар сард Путин Циндаод ШХАБ-ын хурлын үеэр Хятадын удирдлагатай уулзахдаа “Газрын тос болон байгалийн хийг Хятад руу татах хоолойг монгол түншүүд маань өөрийнхөө нутгаар дайруулах санал тавьжээ. Энэ сайхан санааг бид баяртайгаар дэмжиж байна. Ийм тохиолдолд юун түрүүн Техник эдийн засгийн үндэслэлийг яаралтай боловсруулах хэрэгтэй”. Энэ гэнэтийн санаачилгад Хятадын тал ямар хариу өгсөн нь тодорхойгүй. Магадгүй чимээгүй өнгөрсөн байх.

2022 оны хоёрдугаар сард Газпромын захирал Алексей Миллер, Монголын шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан нар “Союз Восток” нэртэй хийн хоолойн ТЭЗҮ дуусгах протоколд гарын үсэг зурав. Монгол нутгаар дайрах хийн хоолойг 2024 онд дуусгахаар төлөвлөжээ.

Баруун Сибирийн хийг Монголоор дайруулан Хятад хүргэх төсөл нь урьд 15 жил яригдаад бүтээгүй Алтай төслөөс доорх байдлаар давуу гэж Оросын мэргэжилтнүүд тодорхойлон өөрийн төрдөө танилцуулсан байна.

Нэгдүгээрт, Энэ маршрут Алтай төслөөс мянган км-ээр богино. Хоёрдугаарт хоолой нь Алтай төсөл шиг өндөр уул давахгүй, Монголын тал хээрээр туулах учир хямд. Гуравдугаарт Ямалагаас Томск хүрсэн хоолой цааш үргэлжилж Красноярск, Эрхүү, Улаан-Үдээр дайрснаар Дорнод Сибирийг хийжүүлнэ. Ингэснээр Баруун Сибирь болон Ямалагийн хийг Европ руу ч, Хятад руу ч зэрэг экспортлох бололцоо гарч байна. Дөрөвдүгээрт Энэ төслийн хэрэгжилтийн ихэнх нь Оросын нутгаар дайрах учир асар их ажлын байр гарна. Энэ үндэслэл Оросын төр засгийн удирдлагад таалагдсан тул ажлаа хурдан эхлүүлэх үүрэг өгсөн хэрэг.

ХЯТАДЫН БАЙГАЛИЙН ХИЙН ХЭРЭГЦЭЭ БА ИМПОРТ 

Хятадад байгалийн хий олзворлодог гол газрууд нь Сычуань, Тарим, Ордос, Жунгаарт бий. Эдгээр нь нийлээд дэлхийн нийт нөөцийн дөнгөж 1 хувьтай тэнцэнэ. Хятадын хийн хэрэглээ 2021 оны байдлаар 370 тэрбум шоо метр үүнээс 200 тэрбум шоо метрийг өөрөөсөө хангадаг, 170 тэрбум шоо метрийг гаднаас худалдан авдаг юм байна. Иймээс Хятад нь байгалийн хийгээр гаднаас хамааралтай орон ба хэдэн жилийн өмнө Японыг гүйцэж дэлхийн хамгийн том хий импортлогч болсон юм. Хийгээ хоолойгоор Орос, Түркмэн, Узбекистан, Мянмар, Казахстанаас авдаг ба шингэрүүлсэн хий Австрали, Индонез, АНУ, Катар, Малайзаас худалдан авдаг. Орос улс Хятадад хий нийлүүлэгч гурав дахь орон юм. Тэдний өмнө Астрали (шингэрүүлсэн хий), Туркмен (Хийн хоолой) ордог. Хятадын хэрэгцээ жилд бараг 20 хувиар нэмэгдэж байгаа тул Орос нь өөрийн экспортод их найдлага тавьж байгаа. 

ХИЙН ХООЛОЙГ ГУРАВ ДАХЬ ОРНООР ДАМЖУУЛАХ ДУРГҮЙЦЭЛ

Хийн болон нефть дамжуулах хоолойг гурав дахь орноор дамжуулах нь эрсдэлтэйгийн том жишээ нь Украин, Беларусийн тохиолдол юм. Итали ч Африк руу хоолойгоор ус дамжуулждагаас үүссэн олон бэрхшээлтэй учирсан. Транскаспи хийн хоолой ч дамжих болон зэргэлдээх орнуудын хэл амнаас болоод бүтэхгүй байна. Энэ нь голдуу улс төрийн болон үнэ хөлсний асуудал үүсгэдэг. Оросын хийн хоолой Монголоор дамжин Хятад хүрэх төслийг дээрх шалтгаанаар хятадууд таашаахгүй байгаа аж. Гэхдээ гурав дахь орноор дамжуулах нь эрсдэлтэй байдаг олон орны гашуун туршлага гэсэн нь Хятадын ерөнхий тайлбар. Үүний цаана түүхийн болон өнөөгийн нөхцөл байдлын олон шалтаг шалтгаан нуугдаж байгаа.

  1. 1999 онд Юкос компани Ковыкта ордын хийг Монголоор дайруулан Хятад руу аваачих санал тавьсан. Энэ асуудлыг Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл маш нууцаар авч хэлэлцжээ. Хоолойг америкчуудаар бариулна гэсэн санал гарч. Тэр байтугай энэ хоолойгоор дамжуулан Хятадыг тагнах ажиллагаа зохион байгуулах нь АНУ-д ашигтай учир тэд хөрөнгийг нь гаргах бололцоотой тухай ч хүүрнэлдсэн байна. Энэ мэдээ хэдхэн хоногийн дараа Монголын төв хэвлэлүүдээр нийтлэгдсэн.
  2. Монгол нь Хятадын хувьд худалдаа бизнисийн найдвартай түнш биш. Хувийн болон төрийн байгууллагын хөрөнгө оруулалтыг булаах, дээрэмдэх, сүрдүүлэн дарамт учруулах, залилах явдал өнгөрсөн 30 гаруй жилд маш олон давтагдсан. Төрийн болон хувийн банкууд зээлдсэн мөнгөө өгөхгүй унжих нь ердийн явдал. Монголын шүүх дээрх тохиолдолд асуудлыг үргэлж хятадын талд ашиггүйгээр шийддэг.
  3. Монголчуудын дунд хятад хүмүүс, Хятадын төрд таагүйцэх хандлага маш нийтлэг. Энэ нь ялангуяа хүйтэн дайны үед Зөвлөлтийг хэт дагаж Хятадыг Монголын хамгийн том дайсан орон хэмээсэн хүний хоёр үе дамжсан суртал нэвтрүүлэг хүн амын олонхийн ой тойнд гүн шингэсэнтэй холбоотой бололтой. Энэ байдал одоо ч үргэлжилсээр. Мөн Монгол-Хятадын түүхэн харилцааг гуйвуулан сурталчилсан пропаганд нь хятадууд монгол үндэстний мөнхийн дайсан байсан гэсэн ойлголт өгчээ. Хоёр орны харилцаа хэвийн болоод гуч гаруй жил өнгөрсөн авч энэ сөрөг ойлголт үе дамжсаар одоо ч амь бөхтэй. Орос л хамгаалахгүй бол Монголыг хятадууд эзлэн түрэмгийлэх болно гэсэн сэтгэлгээ маш нийтлэг. Үүнийг нь эдүгээ ч Оросын тал хагас албан болон албан бус байдлаар бэхжүүлсээр байгаа. Нөгөөтэйгүүр монголчуудын дайсагнасан үзэлд хятадын тал маш тэвчээртэй ханддаг нь хятад хүнийг яаж ч гүтгэж хэлж дарамталж ялгаварлан гадуурахсан ч ямар ч зэмлэл үгүй гэсэн ойлголт нийгмийн боловсрол доогуур давхаргад байдаг.

МОНГОЛЫН АСУУДЛЫГ ОНЦГОЙЛОН ҮЗЭХ ХЯТАДЫН ТҮҮХЭН ШАЛТГААН

Дэлхийн II дайны дараа Хятад – Орос хоёр завсраа жийргэвч бүс болгохоор харилцан тохиролцсоны дагуу тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрсөн орон бол Монгол юм. Энэ жийргэвч бүс нь тус хоёр орноос хэзээ нэг цагт биенийхээ эсрэг ямар нэг санаархал буй болохоос хамгаалсан нутаг. Гэвч 1915 оноос хүйтэн дайн дуусан дуустал Монгол нь Орос ба Зөвлөлтийн бүрэн мэдэлд байлаа. Ялангуяа 1960-аад оноос жийргэвч бүс гэгдэх БНМАУ нь Зөвлөлтийн зүгээс Хятадын эсрэг цэрэг-зэвсгийн маш том стратегийн плацдарм, хэрэв шууд мөргөлдөөнд тулбал тулалдааны ашигтай полигон болохоор ашиглагдаж байсан. Ер нь Зөвлөлтийн үед тэдний цэрэг Монголд гурван удаа орж байрласан (1921-1924), (1936-1945), (1967-1992) нь Хятадын эсрэг хандлагатай байлаа. Энэ явдал дахин давтагдахыг хүчирхэг болсон өнөөгийн Хятад яав ч зөвшөөрөхгүй, үүнээс үргэлж сэргийлж байдаг. 

Орос улс түүхийн туршид Европын орнууд, тэр дундаа Герман, Франц, Австритай олон удаа муудалцан дайн тулалдаан өдөөж байсан ч эргээд амархан сайддаг, цэрэг улс төрийн холбоотон, үнэнч андын найз нөхөр болсоор иржээ. Гэтэл Орос, Хятад хоёр олон удаа муудалцаж сайдаж байсан боловч хятадууд Оросыг хэзээ ч сайн анд нөхөр гэж үзэж байгаагүй нь түүхийн учир шалтгаантай. Харилцааны бүхий л түүхэнд Хятад үргэлж хохирогч тал болон дуусч байсныг хятадууд мартдаггүй. Тиймээс Хятад, Орос хоёр хичнээн анд нөхөр болж найрсаг дотно харилцаатай болсон ч Монголын асуудлаар хоорондоо тохирохгүй. Монгол улсын тусгаар тогтнол, тэр байтугай бие даасан байдлыг Гоминданы ч, коммунист ч Хятад албан ёсоор хүлээн зөвшөөрсөн, үүндээ ч үнэнч байдаг. Гэхдээ Монголын жийргэвч бүсийг Орос дахин өөрийн мэдэлд авах гэж оролдохыг үргэлж тууштай эсэргүүцнэ. Монгол улсыг (бас Казахстаныг) тохиромжтой цаг үед Хятадын мэдэлд хүлээлгэн өгч наймаалцах санаархлыг Оросын геополитикчид сүүлийн үед нэг бус удаа цухалзуулж байна. Үүнийг ч хятадууд хүлээн авахгүй. Шиньжаан, Төвдөд бөөн асуудалтай байгаа тэд нэмээд номхон даруу Өвөр Монголыг бас нэг төвөг болгон босгож ирэхийг хүсэхгүй нь лавтай. Тэгээд ч тэд Оросыг бодвол нэр төрөө ихэд хичээдэг. Тусгаар тогтносон бие даасан Монгол улс хөршлөн орших нь Хятадын хувьд хамгийн ашигтай хувилбар. Тэгээд ч энэ нь хожим яаж хөрвөж, задарч, нэгдэж магадгүй Оросоос тусгаарласан жийргэвч бүс шүү дээ.

Өдгөө Хятад-АНУ-ын харилцаа урьд өмнө байгаагүйгээр хүйтэрсэн. Иймээс монголчууд АНУ-тай хэт ойртож үүнээ Хятадын эсрэг ашиглахад бэлэн байгаа мэтээр Оросын зүгээс өдөөн хатгалга, цуурхал, хов, гүтгэлэг удаа дараа дэгдээх боллоо. Санаа нь Монголын даварсан алхамыг Орос Хятад хамтарсан хүчээр дарж авах сэдэл өгөөд буй бололтой. Монголчууд АНУ, Германтай нийлж нутаг дээрээ биологийн зэвсэг үйлдвэрлэж байгаа ч юм шиг, зарим мэдээгээр Украинд байсан биологийн лаброторийг Монголд зөөн авчирсан ч юм шиг хүн итгэхэд бэрх мэдээг Оросийн мэдээллийн хэрэгслэлээр улиглах болов. Оросын төрийн Думын удирдлагын зүгээс ч энэ гүтгэлэгийг албажуулан мэдэгдэл болгож, анхааруулгыг Хятадад руу хандуулах болж. Үнэндээ хэргийн мөрөөр хөөвөл ДЭМБ-аас Монголд өгсөн вакцин хадгалах том оврын хөргөгчийг хэлээд байгаа бололтой. Ийм ичгэвэргүй гүтгэлэгт хятадууд итгэх эсэх нь тодорхойгүй байна.

Нүүдэлчний хувирамтгай тогтворгүй араншинтай барьцгүй монголчууд нутаг дээгүүр нь дамжин өнгөрөх нефтийн болон хийн хоолойг хэзээ нэг цагт юуны ч юм эсрэг, хэнтэй ч юм хамтарч, ямраар ч юм ашиглаж магадгүй гэдгийг хэдэн зуун жил, магадгүй нүүдэлчидтэй хэдэн мянган жил хөршилсөн хятадууд сайтар ойлгон тооцоолж буй болов уу. Тэд хэзээнээсээ богино хугацааны ашигаас илүүтэй алс ирээдүйн геополитикийг тооцоолж сурсан хүмүүс билээ. 

ХИЙН ХООЛОЙГОО МОНГОЛЫН НУТГААР ДАЙРУУЛАХ ОРОСЫН СОНИРХОЛ

Олон жил ярилцаад бүтэлгүйтсэн Алтай төслийг Монголоор дайруулах шинэ төслөөр орлуулахаар шийдсэн нь Оросын хувьд цэвэр арилжааны сонирхол юм. Оросууд 2014 оноос Европ руу байгалийн хий худалдах наймаанд нь янз бүрийн саад тогтгор учирч эхэлсэн тул энэ түүхий эдээр нэн дутагдалтай Хятадын зах зээл рүү хандах нь аминд тулсан асуудал юм. Оросын үндэсний үйлдвэрлэлийн 80 гаруй хувийг байгалийн түүхий эдийн экспорт хангадаг, өөрөөр хэлбэл тэд дэлхийн хамгийн том түүхий эдийн экспортлогч, чухам үүн дээр амьдарлаа залгуулдаг, түүхий эдийн маш баялагтай орон. Европ руу гаргадаг түүхий эдээ Хятадын зах зээлээр орлуулах, Хятадууд зөвшөөрөхгүй байгаа Алтай төслийг Монголоор дайруулах Сила Сибири-2 төслөөр орлуулах нь тэдэнд хоолойд тулсан маш яаралтай бүтээх ёстой санаачилга юм. 

Мэдээж энэ саналд монголчууд, Монголын төр маш баяртай байгаа. Сила Сибирь анх яригдаж байх үед Ковыкта ордын хийн хоолойг Монголоор дайруулах саналаа оросууд тавьсан боловч хятадууд шууд нэгэн утгаар эсэргүүцсэн. Оросын хувьд Монгол бол зах зээл биш учир тэгэсхийгээд энэ санаагаа орхисон. Харин Сила Сибирь-2 төсөл дөнгөж санаачлагдаж эхэлж байхад монголчууд маш баяртайгаар 2019 онд Газпромтой харилцан ойлголцлолын бичигт гарын үсэг зурсан билээ. Украинд Оросын цэргийн түрэмгийлэл дөнгөж эхэлж байх үед Газпромын төлөөлөгчид Монголд ирж тус компанийн Союз Восток төслийн хүрээнд хоёр орон хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Тун удалгүй Европын холбооны зүгээс анхааруулга ирж гэрээнд гарын үсэг зурсан шадар сайдыг Европын орнууудад албаны болон ажлын айлчлал хийхийг зөвшөөрөхгүйгээ мэдэгдэв.

Нийтдээ Монголын нутгаар 962.9 километр үргэлжлэх хоолойгоор дамжуулах хийн хэмжээ жилд 50 тэрбум шоо метр. Ажлын даралт 120 атмосфер, хийн дамжуулах хоолойн тойргийн урт 1,420 мм. Барилгын ажилд ОХУ-д үйлдвэрлэсэн ган хоолойг ашиглахаар төлөвлөсөн. Мөн 5 компрессорын станц, ашиглалтын дэд бүтцийн объектууд баригдана. Уг төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын төсөв газрын түрээсийн төлбөр, татвар төлөх гэх мэтчилэн эдийн засгийн үр өгөөжтэй гэж гэрээнд тусгажээ. Газпромын зүгээс нэг тэрбум долларын тухай аман яриа 2019 онд гарсан нь Монголын удирдлага дунд ихэд олзуурхан хэдэн жил хүүрнэлдэж байгаа боловч ийм мөнгөн дүн гэрээний хаана ч тусгагдаагүй байна. Харин гэрээнд хоолойг дагуулан км өргөн хамгаалалтын зурвас татна гэснийг олон нийт нэлээд сэжиглэнгүй харж байна. Зурвасаар Монгол улс байтугай засаг захиргааны нэгжүүд хүртэл дундуураа хуваагдана, энэ бол хамгаалах нэрийдлээр орос цэрэг чөлөөтэй нэвтрэх зурвас болно гэх мэтчилэн шүүмж хэлж байна. Оросын Монгол дахь Элчин сайд Монголын телевизээр ярихдаа Хийн хоолойг хамгаалах ажлыг оросын цэрэг дангаар хариуцана гэсэн нь олон түмний дунд бас нэг шүүмж үүсгэлээ.

Уг хоолой Монголын хилээс гарч Бээжин хүрэх төлөвлөгөөтэй юм. Төслийн багууламжийн ажил 2024 оноос эхлэх ба 4-5 жил үргэлжилж 2028-2030 онд ашиглалтад орохоор төсөөлөгдөж байгаа. Владивостокоор дайрч нийлүүлж байгаа Сила Сибирийн хийн хэмжээ 38 тэрбум шоо метр, харин Монголоор дайрах Сила Сибири- 2-ын нийлүүлэх хий тэрнээс 1,3 дахин их гэж тооцоолж буй. Сила Сибири-2 төслөөр Орос улс Хятадад асар их хий нийлүүлэхийг Путин Ерөнхийлөгч, Си Жиньпин дарга нар ерөнхий зарчмын хувьд зөвшөөрөлцөж буйгаа 2021 оны эцсээр илэрхийлсэн. 

Харин Монголоор дайрах маршрутын хувьд өдий болтол хятадууд үг хэлээгүй байгаа. Үүнд тохиролцоонд хүрэхийн тулд юун түрүүнд үнийн асуудал байна. Ковидын цар тахлаас болж хийн үнэ нэг хэсэг унаснаа 2022 оноос гэнэт өсч эхэлсэн. Маршрутын талаар хятадууд эцсийн үгээ хэлээгүй байгаа. Харин оросууд юутай ч Монголоор дайрах байгууламжид яарч, ямар ч байсан геодиз, геологи, цаг уур, усны судалгаагаа юун түрүүн хийчихье гэж шийдсэн бололтой. Энэ нь Хятадыг шахамдуулан ятгахад хэрэгтэй гэж бодсон бололтой. Мөн Хятадыг ятгахад Монголын хувь нэмэр хэрэгтэй ч гэж бодож байгаа байх. Энэ талаар ч хэлэлцээний үед санал оруулсан гэх. 

Байгал нуурт цутгадаг Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барих Монголын санаачилга оролдлогоос болж Орос Монголын хооронд нэлээд маргаан болж тэр нь 20 гаруй жил үргэлжлэн тохиролцоонд хүрэхгүй байгаа. Гэрт амьдардаг монголчууд усан цахилгаан станцаар юугаа хийхнэв гэж Оросын албан төлөөлөгчид нэг бус удаа доромж маягаар анхааруулж байсан. Газпромын төлөөлөгчдийн үгээр Монголоор хийн хоолой дамжих тул цаашид усан цахилгаан станцын хэрэг байхгүй болно гэж сануулж буй. Орос Монголын хооронд ямар ч хэлцэл тохироо яваад Монголын нутгаар хийн хоолой дамжих эсэх нь Монголын талаас огт хамаарахгүй. Худалдан авагч тал л эцсийн үг хэлнэ.

Юутай ч монголчууд өнөөдөртөө нутаг дээгүүр нь аварга хоолой дайран өнгөрөх сургаар туйлын баяртай байгаа. Оросын мэдээллийн хэрэгслэлээр ч “Нутаг дээгүүрээ хийн хоолой дайруулах монголчуудын үндэсний мөрөөдөл нь удахгүй биелэх болсонд тэд туйлын баяртай байна” гэж бичих болжээ. Дархан хотын захиргаа хуралдан тус хотоор хийн хоолой дайран өнгөрөх тул хотоо “Эко хот” болгон өөрчлөхөөр шийдчихээд байгаа шүү.

 

Баабар

2022.04.15 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (8)

  • Иргэн (64.119.27.244)

    2022-04-18

    Энэ амьтан дотооддоо сурсан. Гадаадад сурсан сэхээтний дүргүй. Ардчилсан намынхан оюуны хомсдолтой ба галзуу өвчтэй болохоороо худал намтруудтай байдаг юм.

  • (202.126.90.87)

    2022-04-18

    энэ нөхөрт нэг л гоморхол үргэлж явдаг нь нууц биш монгол өдлөх гэвэл дарж унагаад элгээр нь хэвтүүлэх тэгсэн мөртлөө монгол амрьдраад л байдаг

  • Энхээ (202.126.88.195)

    2022-04-18

    Баабар мянганы замыг Мянгуужингийн зам гэж эсэргүүцэж байв. Одоо мянгуужингийн замаар өөрөө мянгуужин болоод явж байгаа. Мянгуужингийн хийн хоолойгоор газ ирвэл бас мянгуужингийн хий ашиглана даа. Гэхдээ хийн хоолойг хятадууд ШИНЖААНААР оруулах сонирхолтой байгаа. Бүтэхгүй бол Баабарын нар гарах нээ.

  • Энхээ (202.126.88.195)

    2022-04-18

    Баабар мянганы замыг Мянгуужингийн зам гэж эсэргүүцэж байв. Одоо мянгуужингийн замаар өөрөө мянгуужин болоод явж байгаа. Мянгуужингийн хийн хоолойгоор газ ирвэл бас мянгуужингийн хий ашиглана даа. Гэхдээ хийн хоолойг хятадууд ШИНЖААНААР оруулах сонирхолтой байгаа. Бүтэхгүй бол Баабарын нар гарах нээ.

  • Энхээ (202.126.88.195)

    2022-04-18

    Баабар мянганы замыг Мянгуужингийн зам гэж эсэргүүцэж байв. Одоо мянгуужингийн замаар өөрөө мянгуужин болоод явж байгаа. Мянгуужингийн хийн хоолойгоор газ ирвэл бас мянгуужингийн хий ашиглана даа. Гэхдээ хийн хоолойг хятадууд ШИНЖААНААР оруулах сонирхолтой байгаа. Бүтэхгүй бол Баабарын нар гарах нээ.

  • Энхээ (202.126.88.195)

    2022-04-18

    Баабар мянганы замыг Мянгуужингийн зам гэж эсэргүүцэж байв. Одоо мянгуужингийн замаар өөрөө мянгуужин болоод явж байгаа. Мянгуужингийн хийн хоолойгоор газ ирвэл бас мянгуужингийн хий ашиглана даа. Гэхдээ хийн хоолойг хятадууд ШИНЖААНААР оруулах сонирхолтой байгаа. Бүтэхгүй бол Баабарын нар гарах нээ.

  • Энхээ (202.126.88.195)

    2022-04-18

    Баабар мянганы замыг Мянгуужингийн зам гэж эсэргүүцэж байв. Одоо мянгуужингийн замаар өөрөө мянгуужин болоод явж байгаа. Мянгуужингийн хийн хоолойгоор газ ирвэл бас мянгуужингийн хий ашиглана даа. Гэхдээ хийн хоолойг хятадууд ШИНЖААНААР оруулах сонирхолтой байгаа. Бүтэхгүй бол Баабарын нар гарах нээ.

  • Энхээ (202.126.88.195)

    2022-04-18

    Баабар мянганы замыг Мянгуужингийн зам гэж эсэргүүцэж байв. Одоо мянгуужингийн замаар өөрөө мянгуужин болоод явж байгаа. Мянгуужингийн хийн хоолойгоор газ ирвэл бас мянгуужингийн хий ашиглана даа. Гэхдээ хийн хоолойг хятадууд ШИНЖААНААР оруулах сонирхолтой байгаа. Бүтэхгүй бол Баабарын нар гарах нээ.