Хүмүүнлэгийн асуудлыг хэлэлцэх уулзалт зохион байгуулахыг НҮБ-аас Орос, Украинд санал болгожээ
- 2022-04-19
- Дэлхий
- 0
НҮБ. /TASS/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч бөгөөд яаралтай тусламжийн зохицуулагч Мартин Гриффитс хүмүүнлэгийн асуудлыг хэлэлцэх уулзалт зохион байгуулахыг Орос, Украинд санал болгожээ.
"Ялангуяа хүмүүнлэгийн асуудалтай холбоотой сэдвүүдийг хэлэлцэх уулзалтын талаар зөвшилцөхийг би хоёр талаас хүссэн" гэж тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Стефан Дюжжарикийн зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. Уулзалтын үеэр гал зогсоох, хүмүүнлэгийн зурвас /коридор/, хүмүүнлэгийн тэргүүлэх чиглэлүүд зэрэг асуудлыг хэлэлцэх боломжтой гэдгийг мөн хэлсэн байна.
Түүний тэмдэглэснээр, уулзалтыг НҮБ-ын ивээл дор цахим хэлбэрээр эсвэл биечлэн зохион байгуулах боломжтой.
Гриффитс ОХУ-ын эрх баригчидтай Украины байдлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр Москвад дахин айлчлахаар төлөвлөж байгаагаа мэдээлсэн байна.
Тэрбээр мөн энэ долоо хоногт Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзаж, Украины нөхцөл байдлын талаар ярилцана гэж мэдэгджээ. Эрдоган НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриштэй ням гарагт утсаар ярихдаа, Украинд явуулж буй Оросын тусгай ажиллагаатай холбоотой асуудлуудыг хэлэлцсэн байна.
Гриффитс энэ сарын эхээр Украин, ОХУ-д айлчилсан юм. Москвад айлчлах үеэрээ тэрбээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, түүний орлогч Сергей Вершинин, мөн Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин нартай уулзжээ. Уулзалтын үеэр Гриффитс Украины хүмүүнлэгийн асуудлыг цаашид шийдвэрлэх саналыг боловсруулжээ гэж МОНЦАМЭ агентлаг мэдээллээ.
Сэтгэгдэл (0)